Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сар шинийн өмнө сүүний үнэ хямдарлаа

Чингис бондын санхүү­жилтээр хэрэгжсэн сүүний үйлдвэр өнгөрсөн амралтын буюу энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ. Ингэснээр сард дунджаар 0.2-0.4 хувиар өсч байгаа сүүний үнийн өсөлт хязгаарлагдаж, “Чингис” бондын зарцуулалт ашгаа өгсөн бараг анхны тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Гэхдээ үүнээс илүүтэй, сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд хамгийн их эрэлттэй байдаг сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өсөх биш бууралт ажиглагдаж байгаа нь иргэдийн хувьд олзуурхууштай мэдээлэл боллоо. Тиймээс ямар сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ хэрхэн хямдарсан талаар сийрүүлэн хүргэе.


200-250 төгрөгөөр хямдарчээ

Энэ удаад зөвхөн “Сүү” компанийн “Миний монголын сүү” болоод “Элекстер” сүү, хорхой ааруул, цөцгийн тос зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ буурлаа. Энэ нь “Чингис” бондын санхүүжилтээр хэрэгжсэн тус компанийн Сэлэнгэ аймаг дахь Мал аж ахуйн цогцолбор ферм ашиглалтад орсон буюу үйлдвэрлэлийн дамжлага багасаж, зардал буурсантай шууд холбоотой юм байна. Тухайлбал, өдөрт долоон тонн сүүг сүүний үйлдвэрт нийлүүлж байгаа энэ ферм нь 250 малчнаас сүү цуглуулах, үүнийг даган гарах ажилчдын цалин, техникийн түлш, урсгал зардал зэргийг хэмнэж байгаа аж. Ингээд “Ферм ажиллаж эхэлснээр долоон тонн сүүг нэг цэгээс татан авах боломж бүрдүүлж, үйлдвэрээс гаргах сүүний литр тутмын өртөг буурахад нөлөөлсөн” гэж “Сүү” компани болон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэж байна. Түүнчлэн ганцхан үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүн менежменттэй холбоотойгоор хямдарч байгаа ч “Сүү” компани нь өдөрт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай улсын сүүний хэрэгцээний хамгийн том ханган нийлүүлэгч учраас бүтээгдэхүүний хямдрал нь сүүний зах зээлд өрсөлдөж байгаа бусад компаниудад том дарамт учруулж эхэллээ.

Тухайлбал, тус компанийн “Миний монголын сүү”-ний үйлдвэрээс гарах үнэ 2200 төгрөг байсан нь 200 төгрөгөөр хямдарч, зах зээлд 2300 төгрөгөөр, 0.5 литрийн савлагаатай “Элекстер” сүү үйлдвэрээс 1000 төгрөгөөр гардаг байсныг 750 төгрөг болгож хямдруулснаар жижиглэнгийн үнэ 250-300 төгрөгөөр буурахад нөлөөлжээ. Харин адил хэмжээний савлагаатай бусад сүүний үнэ 200-300 төгрөгөөр өндөрт тооцогдох боллоо. Үндэсний статистикийн газрын өнгөрсөн сард гаргасан мэдээлэлд “Элекстер” 0.5 литрийн савласан сүүний үнэ 0.4 хувь, савласан (нэг литрийн) сүүний үнэ 0.2 хувиар өсөөд байсан талаар дурдагдсан бол ирэх сард дээрх үзүүлэлт буурч гарах нь тодорхой болов.

“Чингис бондоос” 239 тэрбумыг төсөвлөсөн

Эргэн төлөгдөх нөхцөл­тэй “Чингис” бондын мөн­гийг үр ашиггүй буюу эр­гэн төлөгдөхгүй зам ба­рил­га, дэд бүтэц зэрэг ажилд зарцуулж байгаа нь  шүүмжлэл дагуулсан. Харин үйлдвэржилтийг дэмжих 888 төсөл нь дунджаар 4.5 жилийн дараа үр дүнгээ өгч, эргэн төлөгдөж эхэлнэ гэж Засгийн газар үзсэн. Тэгвэл дээрх сүүний үйлдвэрийн ферм нь  “Үйлдвэрлэлийг дэмжих, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөлд багтсан бөгөөд зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг багасгаснаар төслийн үр дүнг гаргасан эхний жишээ болж байна. Харьяа яамны зүгээс “Чингис” бондоос 269 тэрбум төгрөгийн “Үйлдвэрлэлийг дэмжих, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөлд зарцуулахаар тооцоолж байсныг Засгийн газар 30 тэрбумаар танаж, 239 тэрбум төгрөгийг төсөлд олгохоор шийдвэрлэсэн юм. Одоогоор төсөл 58.1 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд ноолууран, ноосон, оёмол, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хүлэмжийн аж ахуйн салбарынхан зээл авч, төслөө хэрэгжүүлж байгаа юм. Харьяа яам 2017 оны сүүлээр 239 тэрбум төгрөгийн зарцуулалтын тайланг тавих бөгөөд одоогоор ажлын байр, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх гол нөхцөлийг бүрдүүлнэ гэж таамаглаж байна.

Нийт хэрэгцээний 14 хувийг дотоодын сүүгээр хангадаг

Манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь төв суурин газар амьдарч байгаагийн улмаас цэвэр сүүний олдоц бага болдог байна. Харин зуны улиралд сүүний үнэ бага зэрэг буурдаг учраас малчид сүү борлуулах сонирхолгүй болж, өөрсдийн сүүний хэрэгцээгээ хангахыг илүүд үздэг аж. Тиймээс Засгийн газар тус бүр нь 300 үнээ бүхий 15 эрчимжсэн ферм Улаанбаатар хотын эргэн тойронд байгуулж, фермер болон банк, бондын хөрөнгөөс тус бүр 33.3 хувиар санхүүжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ дээрх ажил үр дүнгээ өгвөл нийслэлийн иргэдийн сүүний хэрэгцээний 86 хувийг хангаж байгаа хуурай болон импортын сүүг хямд үнэтэй дотоодын сүүгээр орлуулах бүрэн боломжтой гэж үзсэн.

Манай улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403 сая литр, нийслэл хотод 163.1 сая литр хэрэгтэй байдаг. Өнөөдрийн байдлаар нийт малын 42 хувь нь эх мал, үүнээс саалийн 7,4 сая толгой мал тоологдсон бөгөөд 600 орчим сая литр сүүний нөөц байгаа нь улсын сүүний хэрэглээг 100 хувь дотооддоо хангах боломжтойг илтгэдэг. Гэсэн ч хоногт дунджаар 430 грамм сүү хэрэглэх ёстой нийслэлийн иргэдэд 110 грамм сүү ногдож байгаа нь малын гаралтай цэвэр сүүний хомсдолд орсон гэдгийг нотлож байгаа баримт аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан