Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амар амгалангийн оронг холоос хайх хэрэггүй

-Монгол тахийн сүрэг дунд өнгөрүүлсэн нэг өдөр-

Хаврын урь аль хэдийнэ орж, цас ханзраад эхэлжээ. Уулын хяраар цас нимгэрч өөрийнх нь цаг хугацаа улиран одож байгааг чимээгүй хэлэх нь уйтай ч, хүн малын зоо тэнийсэн урин цаг айсуй гэж бодоход сэтгэлд таатай. Саяхан л цагаан нөмрөгөө хучин дүнхийж асан уулын энгэр бэл борлох нь сэрүүцэх гээд дээлээ сугалдаргалан алсыг хараачилж суугаа өвгөн аятай. Хадлангийн хөлөөс үлдсэн шар өвснүүд хэзээ нэгэн цагт өнгө зүсээ гайхуулан уул талыг чимж байснаа сануулах гэсэн мэт хөлийн дор тэргүүнээ тэнгэр өөд чиглүүлэн ихэмсэг орших нь амьд бодгалийн тасралтгүй үргэлжлэх залгамжийг сануулна. Ирж яваа цаг гэж энэ дээ хэмээн нүдээрээ дарсан дүрслэлээ бодон бодон явсаар зорьсон газраа ирлээ. Бодол тэнэх ч завдал олголгүй цаг гаруйхан давхиад зорьсон газраа ирэх нь тэр. Анх Хустайн нуруу орж тахийн амьдрал сурвалжлах  даалгавар авахдаа хаа хол аялах мэт төсөөлж байсан ч нийслэлээс баруун тийш 100 км хүрэхгүй газарт орших газар өдөртөө яваад ирнэ гэж бодоогүй билээ.

Монгол оронд тусгай хамгаалалттай 60 гаруй газар байдгийн 24 нь байгалийн цогцолборт газар. Харин тэр 20 гаруй газраас цорын ганц төрийн бус байгууллага нь Хустайн байгалийн цогцолборт газар. Улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй ч хамгийн амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй аялал жуулчлалын бүс төдийгүй байгаль орчны онцлогоосоо шалтгаалаад томоохон судалгааны бүс нутаг болсон талаар өмнө сонсож байснаас нүдээр үзээгүй газраа хөл тавилаа.

Нийслэлээс гарахдаа л Хустайн байгалийн цогцолборт газрын дэд захирал Ц.Дашпүрэвтэй холбоо тогтоосон юм. Тэрээр ярьсан ёсоороо биднийг угтлаа. Гадаадын жуулчдын цуваа тасардаггүй болохоор зочидтой байв. Үйл ажиллагаагаа танилцуулаад Г.Ууганбаяр гэх биологич залууд биднийг дагуулж тахь харуулах үүрэг өгөөд өөрөө нийслэлийн зүг хөдлөв. Бид ч зорилгоо биелүүлэхээр хөдөллөө.

Болорын сүрэг биднийг угтав

УИХ-ын 1993 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгожээ. 50.6 км хавтгай дөрвөлжин энэ нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго гээд 44 зүйл хөхтөн амьтан, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу, 16 зүйл загас, хоёр зүйлийн  хоёр нутагтан, 385 зүйл шавж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, арван зүйл голио, 29  зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавж Хустайгаас шинээр олдож, “Epidamaeus khustaiensis” хэмээн нэрлэгджээ.

Бидэнд газарчлах үүрэг авсан биологич залуу Хустайн байгалийн цогцолборт газрыг ийн бахархан танилцуулна. Гэхдээ юу юунаас илүү зорьж ирсэн тахийн сүргийг  л харах хүсэл сэтгэл гижигдэж, ийш тийш хараачлан явлаа. Эрт цагт ганц монгол оронд л амьдардаг байсан тахийн сүрэг байгальдаа устаж үгүй болохоос өмнө цөөн тооны унага барьж өндөр хөгжилтэй орнуудад гаргажээ. Тэр цагаачлагч тахийн үр удам амьтны хүрээлэнгийн үзмэр төдийхнөөр өдий хүртэл явж ирснийг буцаан татах төсөл хэрэгжүүлж 1992 онд Голландаас 16 тахь Монгол руу тээвэрлэсэн ч замдаа саатаж, нэг тахь нь эндчихэж. Түүнээс хойш тэгш тоотой жилүүдэд таван удаа тээвэрлэж, 84 тахь энд нутагшуулжээ.

Аливаа амьтныг зэрлэгшүүлэхдээ зөөлөн суллах, хатуу суллах гэсэн хоёр аргаас сонголт хийдэг аж. Тал нутагт зэрлэгшиж амьдрах жамтай ч харь оронд хүнээс хамааралтай өссөн тахийг байгальд нь буцаан тавихдаа манайхан зөөлөн суллах аргыг сонгожээ. Энэ нь голын тохойд том хашаа бариад тэндээ хашиж, байгальд нь дасгасаар өдгөө сул чөлөөтэй тавьсан үйл явцыг нэрлэж буй. Тахь сүрэглэж амьдрах байгалийн зохицолдолгоотой учир өөрийн гэсэн газар нутагтай байхыг эрмэлздэг амьтан аж. Тийм ч учраас анх нутагласан газраасаа хол явдаггүй гэнэ.
Ийн ярилцаж явтал биологч залуу “Зогс доо” гэв. Хаана юу харсныг нь харчих санаатай ийш тийш дэмий л бүлтэлзэн хараачилсан ч нүдэнд торох зүйл алга. “Тэр уулын орой дээгүүр бугын эвэр х арагдаж байна. Харж байна уу. Цаана нь сүрэг буга хэвтэж байна” гэх нь тэр. Харааны бядаа дурангаар сэлбэж байж сая нэг тэртээ уулын орой дээгүүр сэрийх модны мөчир шиг зүйлийг олж харлаа. Өөртөө бол бугын эвэр гэж итгүүлж чадаагүй ч хөтчийнхөө амыг дагалаа. Цааш хөдөлж удалгүй бугатай уулын нөгөө тал руу өнгийсөн өндөрлөг дээр гарав. Үнэхээр сүрэг буга уулын урд оройгоор нарлан хэвтэх аж. Хөтөч залуугийн харааны чадварыг гайхан биширсээр цааш зам хороов. Харсан зүгтээ зааж тэр юу вэ хэмээн биологич залуугаар “нүд хийж” сониучирхан явсаар нэгэн уулын ар хяраар идээшлэх тахийн сүрэгтэй таарлаа. Биологич залуу жаахан харснаа “Болорын сүрэг явж байна” гэв. 1992 оноос хойш Хустайн нуруунд нутагшсан 84 тахь өсч үржээд өдгөө 318 болжээ. Тэд бүгд нэртэй. Биднийг угтсан хамгийн эхний сүргийн азарга нь Болор байв.

Холоос ч гэсэн тахийн сүрэг харсандаа баярлаж, дурангаар жаахан хараалав. Монгол гэрийн адуунаас ялгагдах гойд зүйлгүй аж. Унаган дэл нь 20 см-ээс урт ургадаггүй, шингэн сүүлтэй, нийтлэг хул хонгор зүстэй байдаг ч бидэр, бараан хул, цайвар хул гээд гадна үзэмжээрээ заавал өөр өөр гэдгийг хөтчөөсөө сонсов. Тайван идээшлэх ч алсаас тэднийг ажих биднийг аль хэдийнэ анзаарчээ. Үе үе бидний зүг харна. Тахийн сүргийг бөөнд нь харчих ухааны юм бодож явсан надад нэг азаргатай найман тооны сүрэг харсан нь жаахан чамлалттай байв.

Сайханаагийн сүрэгтэй таарах нь аз завшаан

Тахь сүрэглэж амьдардаг. Хустайн нуруунд 318 тахь байгаагийн 31 азарга өөрийнхөө сүргийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, 240 тахь сүрэг болж амьдардаг. Үлдсэн 78 азарга нь сүрэггүй амьдарч байгаа гэнэ.
Хустайн нуруунд байгаа сүргүүдийн толгойлогч болох азаргуудаас хамгийн сайн нь Сайханаа. Тэрээр хамгийн олон гүүг сүрэгтээ авч, сүрэгтэйгээ хамгийн олон жил хамт яваа.

Сайханаа арван гүү болон унага, даага нийлсэн 16 тахийг өөрийн сүрэгтээ нэгтгэж, хамгаалдаг. Түүнийг сүргийг жирийн хүн байтугай биологичид жилдээ таван удаа харвал аз хэмээн бэлгэшээдэг байна. Учир нь тэрээр хүний хөлөөс зайдуу газраар нутаглаж, үргэлж нүүдэллэдэг аж. Тиймдээ ч сүргийнхээ бат бөх байдлыг хадгалж байгаа гэсэн.

Тахийн гүү урт насалдаг. Алтан гэдэг нэртэй 24 настай гүү үр төл гаргаж, сүрэгтээ мэнд байгаа бол азарга 15 наслах нь цөөн гэнэ. Сүрэгтэй болох тэмцлээс шалтгаалж азарга урт насалж чадалгүй хорвоог орхидог байна. Тахь зэрлэг адуу хэдий ч гинетик янз байдлаа гайхалтай хадгалдаг амьтан гэдэг нь амьдралынх нь явцаас харагддаг аж. Учир нь цус ойртох үзэгдэлээс байгалийн зөнгөөрөө л холуур явж чаддаг байна. Тахийн азарга хэзээ ч үр төлөө гишгэхгүй, нэг азарганы удам ч хоорондоо бүл болж сүрэглэхгүй. Тахь шүдлэн нас хүртлээ үндсэн сүрэгтээ өсч хөрөвжөөд, гурав хүрмэгцээ “аав” азаргандаа  хөөгдөж өөрийн бүлийг үүсгэхээр “амьдралд” хөл тавьдаг хуультай. Байдсан гүүнүүдэд зовлон байхгүй. Өөр сoргийн азарга уухайн тас сүрэгтээ авчихна. Эсвэл сул яваа азарга өөртөө нэгтгээд хоёул сүрэг болно. Харин үрээнүүдийн хувь тавилан өөр. Бэлэн хураагаад сүрэг болгох “эзэнгүй” гүү тэр бүр олдохгүй тул ганцаараа таван нас хүртлээ зоргоороо хэсүүчилнэ. Долоо хүртлээ “гоонь” явдаг “сайн эрс” ч бий гэх. Чадал муутай нь нэгэн насаараа гүү хурааж чадалгүй явсаар гунигтайгаар насыг барах нь ч байх. Гэхдээ сүрэггүй үрээнүүд дотроо “зохион байгуулалт” сайтай. Аз болж хөгшин азарга таарч буулгаж авч гэмээнэ гүүнүүдийг нь үрээн сүрэг дотроо насаар хамгийн ахмад нь өөрийн болгодог журамтай. Бас тийм амар мөчөөгөө тавихгүй шөрмөстэй өвгөн азаргатай учирвал гүүгээ ижил тоогоор хувааж аваад тэмцлээ дуусгах ёс ч тахийн ертөнцөд байна. Тахийн азарга нэг “дурласан” гүүгээ заавал салгаж авч байж санаа амардаг аж. Нэг азарга өөр сүргийн дөрвөн гүүг хэдэн жил анасаар байгаад салгаж авч эзэн сууж байсан тухай ч хөтөч маань хуучиллаа.

Гэхдээ тахийн азарга бол хамгийн харгис “хойд эцэг”. Булааж авсан гүү нь хээлтэй ирвэл нялх унагыг төрсөн даруйд нь хорооно, эхийгээ дагаж ирсэн унага ч “хойд аав”-ын зуулт дор нүд аньдаг жамтай. Хэрэв эм унага төрвөл амьд үлдэх магадлалтай. Хойд эцэг эм унагыг сүрэгтээ өсгөөд хожим үржлийн нас нь гүйцэхээр гишгиж гүүгээ болгодог байна. Зарим хөгшин гүү хээлтэй байхдаа өөр азарганд ирвэл төрөх цагаа дөхүүлээд шилэрч, сүргээсээ тасарч холдоод унагалдаг байна. Учир нь тахийн азарга дөнгөж төрсөн нойтон унагыг ганцхан үнэрлээд өөрийнх нь үр төл мөн бишийг ялгаж чаддаг бол хуурай унагыг үнэртээд зөн совин нь төөрөлддөг аж. Гэхдээ сүргээсээ тасарч явсан гүү унагаллаа ч мэнд үлдэх нь ховор байдаг гэнэ. Үгүй ядахдаа л хээрийн нохойтой нүүр тулвал нялх биетэй гүү унагаа хамгаалж чадалгүй хүчин мөхөсдөх.
Хүч чадал маруухан ч мэх залиар сүрэгтэй болдог нарийн  арга азаргануудад бас байна. Нэгэн удаагийн тулаанаар Мангир хэмээх азарга хаандаа хүнд шарх авчээ. Гүү хураах найдвар ч тасарч хүч тэвээрэг нь муудсан байна. Түүнийг явж байтал Нарстай, Маргад хоёрын хооронд бөөн тулаан үүсэв гэнэ.  Хоёр азарга ноцолдож улайраад сүргээ ч умартаж, хөөцөлдсөөр арилж өгчээ. Энэ завсар Мангир нэгийнх нь сүргийг хурааж аваад бартаа дагуулан хөөсөөр холдуулж өөрийн болгож гэр бүл үүсгэсэн нь тахь сүрэгтэй болох тэмцлээ зөвхөн хүч чадлаараа хийдэггүйг харуулж байгаа талаар хөтөч маань сонирхуулан ярьсан юм.

Сүргээ алдаад шархдаж хоцорсон азарга тэнхрэхээрээ сүргээ буцааж авах тулааныг ганцхан л удаа хийдэг аж. Ингэхдээ амиа алдах эсвэл сүргээ булаалгасан азаргын амийг авах тулаан л хийдэг байна. Энэ мэтээр тахийн сүргийн өөрийн үр удмыг үлдээх байгалийн хатуу жам үргэлжлэх авай.

“Босс” гүү Тайванаагийн сүрэг дунд

Хустайн замаар өмнө бол том машин ч хэцүүхэн урагшилдаг байсан бол өдгөө харин ч шулуун болжээ. Шороон замын хажуугаар хэсэг яваад л замаас гарахыг хориглосон тэмдэг байх. Энэ газар нутагт мөрдөх ёстой хамгийн чухал дүрэм. Учир нь машины нэг л явсан зам салхи, цас, бороонд идэгдсээр хэдхэн жилийн дотор л хагарч, гуу жалга болон хувирдаг гэнэ.

Ийн цааш явсаар ойрхон идээшлэх хоёр ч сүрэгтэй таарлаа. Машинаа тэдний нүднээс далдхан газар орхиод сүрэг рүү дөхөв. Тахийн сүрэг биднийг ажсаар. Чигээ буруулан бага багаар дөхөх тусам сүргийн азарга нь чихээ хулмагнуулан сүргээ захална. 50 орчим метр дөхсөндөө баярлаж, дороо сууж сүргийг ажингаа элдвийг ярилцлаа. Энэ хоёр сүрэг бол Ника болон Такагийнх. Ойр бэлчдэг эвтэй цөөн сүргийн нэг аж.

Такагийн сүргийн “босс” гүү нь Тайванаа. Тэрээр хээлтэй, удахгүй унагалах нь харваас илт. Тахийн азарга өөрийн сүргээ бусдаас хамгаалах тэмцэлтэй үргэлж нүүр тулдаг бол гүү нь ч “хайртай” азаргаа өрөөлд алдах тун дургүй. Нас ахисан хойноо ч азарга нь өөр гүү хурааж ирээд гишгэх гэвэл “их хатан” азаргаа шинэхэн “амраг” дээрээс нь өшиглөөд л унагаж орхидгийг биологичид анзаарчээ. Сүрэг дотор манлайлж явдаг гүү бас бий. Тахийн бүл үүгээрээ “жендерийн тэгш байдал” сайтай бололтой. Эрх дархтай “босс” маягийн, эсвэл нас хөгширсөн гүү дахин төллөж чадахгүй бол бусад гүүний нялх унагыг булаан ивээлдээ авч хоосон дэлэнгээ үлгүүлсээр харангадуулан үхүүлж орхидог явдал нэг бус гарчээ.

Ийн сонирхолтой яриа дэлгэж суутал нэг мэдэхнээ хоёр сүрэг бидэнд дасч, тайвширсан бололтой илүү ойртон ирж, идээшлэх аж. Ника азарга уур савссан хомоолоо үнэртэнэ. Энэ нь өөрийн газар нутгаа тунхаглан зарлаж байгаагийн нэг хэлбэр аж. Ер нь устай болон хужир тавьж өгдөг газруудын ойролцоо хүн бөөгнүүлсэн мэт бөөн хомоол байх. Хөтөч маань түүнийг заагаад “Энд ямар ч эм тахины хомоол байхгүй” хэмээн баталлаа. Учир нь ус руугаа ирсэн сүргийн азарганууд давхарлан хомоолоо гаргаж,  өөрийн газар нутгаа тунхаглаад буцдаг гэнэ.

Нэг сүргийнхэн хоорондоо их эвтэй аж. Нэгнийгээ шүдээрээ хазалж, маажиж өгнө. Ингэхдээ зулгарсан үсийг нь хормын дотор л залгиж орхино. Биологич маань энэ талаар яриад ямар нэг эрдэс бодис байх гэсэн таамаг дэв­шүүлж, одоо хэр нь судлагдаагүй хэмээн ярив. Удалгүй Така сүргээ дагуулан явж одлоо. Харин Никагийн сүрэг биднийг ажингаа тайван идээшлэх аж. Цас хялмаалж, бидний ч хөдлөх цаг болов.

Тахиар дамжуулан нэрээ дэлхийд данслах боломж

Гадаад нэртэй тахь олон байхын учир нь  жуулчид тахийг хамгаалах санд 110 ам.доллар хандивлаад нялх унаганд өөрийн бодсон нэрээ хайрлаж болдог аж. Дэлхий дээр хоёр мянга гаруй тахь нэгдсэн бүртгэлтэй. Хэрэв та шинэхэн төрсөн унаганд нэр өгвөл таны өгсөн нэрээр тэр унага дэлхийд данслагддаг гэнэ.
Холливудын нэрт жүжигчин Жулиа Робертс Монголд ирээд буцахдаа дөнгөж төрөөд цасан дээр унаад зүүн чих нь хөлдөж хулайсан өхөөрдөм унаганд Мөнхсанаа хэмээх нэр хайрлаад буцжээ. Мөнхсанаа хожим мундаг азарга болсон ч сүргийн төлөөх тэмцлээс болж өнгөрсөн жил амиа алджээ.

Хустай тахьтай болсон нь

Өдгөө өсч үржүүлэхээр гадаадаас эргүүлэн татсан зэрлэг адуу болох тахь Монголд нэг үе элбэг байсныг Тахийн шар нуруу, Тахийн тал гэх нутаг усны нэрс гэрчилнэ. Гэвч XIX зууны сүүлч, өнгөрсөн зууны эхээр гадаадын жуулчдын нүдэнд зэрлэг адуу өртөж, Европын амьтдын хүрээлэнд барьж өгөх нэрээр олноор алж устган 1930-40-өөд оны үеэс тахийн сүрэг бараа сураггүй болж улаан номын баатар болжээ. Тахь анх Европт өөрсдийнх нь тухай зарласан Оросын жуулчин Пре­ж­евальскийн нэрээр овоглуулан ол­ны танил болж. Буурал тивийн амьтны хүрээлэнгийн баян эзэд ангийн хорхойтнуудад буу агсуулан Монголын говь руу илгээж, тахийн унага барьж ирэхийг уралдан даалгадаг болсон ажгуу.
Зэрлэг адууны унага барих нь амар ажил биш тул сүрэг, сүргээр нь хядан говийн хөрсийг тахийн цусаар будаж байсан цаг хүмүүсийн ярианд одоо ч амилсаар. Сүргийг задлах гэж азаргыг нь буудна, унагаа харамласан гүүгээр дараа нь бууны амаа мялаана. Тэгээд өнчирч хоцорсон нялх унагыг тэр цагийн хурдан гэх унаагаар хөөн бахардуулж унагаад өөрийн болгодог байсан гэх. Европт хүргэх гэж машин, галт тэрэг юүлэн олон хоног явахад мөнөөх унагануудын дийлэнх нь зуурч үхдэг ч байжээ. Ингээд Тахийн тал, Тахийн шар нуруу зэрлэг адууны нэр зүүсэн зэлүүд нутаг болон хоцорчээ. Хулан, тахь гээд хоёр ч төрлийн зэрлэг адуу байх ч зэрлэг илжиг болох хуланг бус, монгол адууны өвөг болсон тахийг л тэгж эх нутагт нь туурайн мөргүй болгосон гунигт түүхээс хойш олон жил өнгөрч, билгийн тооллын бүтэн жаран, аргын тооллын нэгэн зуун, нэгэн мянган солигдов.
Тахийн туурайн мөргүй он жилийг тал нутаг үдсээр. Хустайн нуруу бүү хэл Монголыг тахьтай болгосон ачтан нь Голландын тэрбумтан Ян Боуман. Тэрээр авааль гэргийгээ бие барснаас хэдэн жилийн дараа 50 гаруй насандаа 27 настай Инга бүсгүйтэй гэрлэжээ. Өнгөрсөн зууны 70-аад оны эхээр юм байх. Шинэхэн хос бал сараа тэмдэглэхээр Францыг зорьж Парис хотын нүд булаам газруудаар аялж яваад амьтны хүрээлэнгээр ороход тахь гэж хэлэхэд хэцүү болсон өрөвдмөөр адгуус умгархан жүчээний цементэн шалан дээр ноолорч, өлссөндөө модон баганын холтос мэрж байхыг харжээ. Хаанаас угшилтай амьтан болохыг нь ноён Боуман асууж сурсаар Монголын говиос барьж аваачсан тахийн удам болохыг мэджээ. Эндээс л тахийг эх нутагт нь аваачиж хээрийн салхинд дур зоргоор нь давхиулах хүсэл төрсөн гэдэг. Тэгээд болоогүй ээ, 1975-1990 онд тахь шилжүүлэх бэлтгэлээ хийж “Тахь хамгаалах сан”-г байгуулжээ.
Ноён Боуман хувийнхаа хөрөнгө зүтгэлээр тахийг эх нутагт нь суурьшуулах буянтай ажлыг эхлүүлж, өдгөө ч гэргий Инга Боуман нь нөхрийнхөө үйлсийг залгамжилж, жил бүр байгаль, экологийн чиглэлээр сурдаг нэг оюутанд тэтгэлэг олгож,  20 мянган ам.долларыг Хустайн цогцолборт газарт илгээдэг ажээ. Ноён Ян Боуман 1990-ээд оны дундуур насан өөд болохдоо “Сүүлийн хүсэл минь биелсэн газарт намайг нутаглуулаарай” хэмээн захижээ. Тэр ёсоор түүний чандрыг Хустайн орчимд өргөсөн нь одоо Боуман толгой хэмээн нэрлэгджээ. Ийн тал нутгийн зэрлэг адуу болох тахь нутагтаа ирсэн түүхтэй.

Амар амгалангийн диваажин

Нар хэвийж сэрүү орох нь тэр. Буцах замд согооны сүрэгтэй таарлаа. Өдийд буга, согоонууд тус тусдаа сүрэглэж байгаа аж. Тахийн сүрэгтэй найрсагхан холилдож бэлчих согооны сүрэг амгалан идээшилнэ. Хэсэг харж мэлмийгээ баясгаад цааш хөдөлвөл бугын сүрэгтэй таарав. Хөтөч маань харсан даруйдаа тоолоод 34 буга байгааг илтгэлээ. Түүний харааны чадалд бүрэн итгэсэн би давтаж тоолох ч гэсэнгүй. Ясан эвэр нь гүйцэт боловсорсон бугын сүрэг холоос ч сүрдмээр харагдана. Үүнийгээ ч мэдсэн мэт дүүхэлзэнхэн тайвнаар идээшлэх аж.

Хустай нуруунд тахиас гадна ан амьтан, араатан жигүүртэн, өвс ургамал элбэг гэдгийг дээр дурдсан билээ. Буга, согоо модтой ууланд нутагладаг. Харин цагаан зээр тал хээрээр гэр хийнэ. Гэтэл модтой уул ч хомс, тал хээр ч үгүй газар энэ амьтад зөнгөөрөө ирж нутагшжээ. Хулгайн ан газар авсан энэ үед ан амьтад хүртэл амиа хамгаалан өөрсдийн амьдрах орчноо сольсон нь гайхмаар. Хустайн уулын хээрийн бүсэд өндөр уул, тал хээр, говь цөл, ойн амьтан, шувуу гэсэн таван зүйлийн амьтныг нэг дор харж болох гайхалтай тохиол бүрдээд байгаа аж. Ингээд харахаар Хустайн байгалийн цогцолборт газар амьтдынх хувьд амар амгалангийн диваажин болой.
Б.ЦЭДЭВСҮРЭН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан