Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Хулан: Зөгий хүний биед 40 төрлийн эрдэс бодис шахдаг


Манай улсад анхны зөгийн эмчилгээ нэвтрүүлээд байгаа “Шидэт зөгий” сувиллын газрын захирал, анагаах ухааны докторант Ц.Хулантай ярилцлаа.

-Зөгийн эмчилгээний талаар монголчууд тэр бүр ойлголтгүй байгаа. Энэ эмчилгээг танай сувилал хэзээнээс хийж эхлэв. Хэр үр дүнтэй байна вэ?
-2008 оны тавдугаар сарын 15-наас нэвтрүүлсэн. Би Анагаах ухааны их сургуулийг хүний их эмчээр төгсөөд 2008 онд  ОХУ-д зөгийн эмчилгээний курс төгсөөд 2011 онд “АПИ” олон улсын төвд зөгийн эмчилгээний мэргэжил дээшлүүлэх курс төгссөн. Энэ хугацаанд арав гаруй мянган хүнийг эмчилж, сувилсан байгаа юм.

-Энэ аргаар ихэвчлэн ямар өвчин анагааж байна вэ?
-Манайд голдуу хөдөлгөөний хомсдолтой хөл гаранд нь яс ургасан, нурууны мэдрэл дарагдсан гээд ихэвчлэн мэдрэлийн өвчин эмчилдэг. Эдгээр өвчнөөс шалтгаалан иргэд хөдөлгөөний бэрхшээлтэй болдог. Анх зуслангийн байрандаа хоёр, гурван ор тавиад эмчилгээ хийж эхэлсэн. Манайх хэдийгээр жижиг эмнэлэг ч улсын хэмжээнд цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгаас иргэд олноор ирж эмчлүүлдэг. Сүхбаатар, Баянхонгор аймгаас хамгийн их өвчтөн ирсэн байгаа юм. Манайхаар эмчлүүлсэн хүмүүс ойр дотны хүнээ дагуулж ирээд үзүүлдэг. Ер нь, Зөгийн хатгуур эмчилгээ маш олон төрлийн үйлчилгээтэй. Хэсэгхэн газар биш биеийг бүхэлд нь эрүүлжүүлдэг. Хүний бие өөрөө эсийн вант улс. Зөгийн эмчилгээ нь эсийг нөхөн төлжүүлж сэргээж байдаг. Үүгээрээ онцлогтой.

-Танайд хандаж байгаа иргэдийн дунд ямар өвчлөл зонхилж байна. Үүнд зөгийн эмчилгээний гол үзүүлэх нөлөө нь юу вэ?
-Зөгийнөөс арван төрлийн ашигтай бодис гаргаж, эмчилгээнд ашигладаг. Ургамлын гаралтай зөгийн ханд байдаг. Иргэдийн дунд ихэвчлэн нуруу дагасан мэдрэл, дотоод шүүрэл, үе мөч, мэдрэлийн гаралтай сонсгол, судасны хатуурал их байна. Мөн сүүлийн үед агаарын бохирдол, хоол хүнс, амьдарлын өдөр тутмын хэв маягаас нь хамаарсан уу нуруу суусан гэсэн залуучууд олон ирэх болсон.  

-Эмчилгээнийхээ зөгийг тусгайлан тэжээдэг үү. Зө­гийнөөс сонголт хийдэг үү?
-Зөгийчдөөс 19 мянган төрлийн зөгийнөөс сонголт хийж авдаг. Азийн балт зөгийг ихэвчлэн эмчилгээндээ ашигладаг. Төв аймгийн Батсүмбэрт зөгий үржүүлдэг Сэлэнгэ гээд бүсгүй бий. Түүнээс зөгий авдаг. Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Пүрэвсүрэн зөгийчнөөс авдаг.

-Нурууны мэдрэл дага­сан өвчтэй хүмүүс их ирдэг гэлээ. Хамгийн гол нь үр дүн шүү дээ. Хэд хоногийн дараагаас эмчилгээний үр дүн мэдрэгддэг юм бэ?
-Хүмүүс голдуу нуруундаа зүү тавиулдаг. Үүний мөн адил манайх ч зүүн эмчилгээ хийдэг. Гэхдээ усан зүү тавьдаг. Мөн  зүүний сүвүүдээр зөгий хатгуулдаг. Ингээд ирэхээр эмчилгээний үр дүн 40-50 хувь сайжирдаг. Би ОХУ-ын Челябинск хотод зөгийн эмчилгээ хийж байгаатай өөрөө очиж танилцсан. Үр дүн нь манай эмчилгээний үр дүнгээс тийм ч их ялгарахгүй, харин ч манайх илүү байсан. Үе мөчний хамгийн хүнд хэлбэрийн радикулит өвчнийг дэлхий нийтээрээ эмчлэхэд хүчин мөхөсддөг. Манайд яг энэ төрлийн өвчтэй арван хүн ирээд эмчилгээ хийлгээд хөл дээрээ босоод гарсан шүү. Мөн чихний сонсголын бууралттай 40 гаруй хүн эмчилгээ хийлгэсэн.  Үүнээс гадна нуруу нь татсан хүмүүс ирээд дөрвөөс тав хоног эмчилгээ хийлгээд сайхан болоод явдаг. Ахмадуудад өвдөгний яс ургалт их тохиолддог. Зөгийн эмчилгээний ачаар яс нь төлждөг гээд яриад байвал үр дүн нь арвин.

-Дэлхийн бусад улс оронд зөгийн эмчилгээг хэр ашигладаг юм бэ. Манай эрүүл мэндийн салбарт энэ эмчилгээг хөгжүүлэх бо­ломж хэр харагдаж байна?
-Манайд нэг үеэ бодвол хөгжих эхлэл нь тавигдаад байгаа. Надаас хойш хоёр хүн энэ төрлийн эмчилгээ хийж эхэлсэн. Үр дүн нь сайн учраас иргэд эергээр хүлээн авч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас ирсэн нэг бүсгүй хоёр жил хэвтэрт байж байгаад манайд эмчилгээ хийлгэсэн. Нүд нь л хөдөлдөг хүн ирсэн юм. Харин өнөөдөр ажил хийгээд явж байгаа шүү. Нүдэнд үр дүн нь ил байхаар хүмүүс ирэх сонирхолтой болдог юм билээ. Энэ эмчилгээ дэлхийн 150 гаруй оронд хөгжсөн. Зөгийн эмчилгээ хүн төрөлхтөн үүссэн цагаас л байсан. 20 дугаар зууны үед сайн судлагдаж судалгааны өндөр түвшинд хүрсэн гэдэг юм. Анх хаад ноёдод л урт наслуулах гэж хийдэг эмчилгээ байж. Зөгийн эмчилгээ хийлгэсэн хүний бие эрүүлжихээс гадна гоо сайханд нь эергээр нөлөөлдөг. Царай зүс нь шингэрч нас залуу харагддаг.

-Нэг курс эмчилгээ нь хэдий хэр хугацаатай байдаг юм бол?
-Нэгдүгээрт насны зааг, хоёрдугаарт зөгийн балны хэмжээ, гуравдугаарт гурван удаа явахад нэг бүтэн курс болдог. Нэг курс буюу 10-15 хоногийн дараа үр дүн мэдэгдэхүйц харагдана.

-Зөгийг өөр ямар төрлийн өвчний эмчилгээнд ашиглах боломжтой вэ?
-Үргүйдлийг эмчлэхэд ашиг­ладаг. Манайхаар 20 гаруй хүн эмчлүүлээд жирэмс­элсэн. ОХУ-ын нэг эрдэмтэн дан үргүйдлийг судалдаг. Түү­ний судалгааг харахад богино хугацаанд буюу дөрвөөс долоон сарын дараа жирэмслэх боломжтой гэж байсан. Ер нь анагаах ухааны бүх салбарт зөгийн эмчилгээг нэвтрүүлэх боломжтой.

-Энэ эмчилгээг хийх явцад эм, тариа зэргийг хавсарч хэрэглэж болох уу. Мөн гам барьдаг уу. Ямар нэг ардын эмчилгээ хийхэд эм, тариа хэрэглэхгүй гэдэг?
-Эмийг хавсарч хэрэглэж болдог. Ингэсэн тохиолдолд үр дүн сайн гарна. Эмийн эмчилгээгээ нөхөн сэргээхтэйгээ хавсарна гэсэн үг. Ингэхдээ нарийн мэргэжлийн эмчийн хяналтын дагуу хэрэглэхийг зөвшөөрдөг. Мэдрэлийн эмч нь энэ эмийг уугаарай гэсэн байхад манайд ирсэн тохиолдолд тухайн эмчийн бичсэн эмийг уулгахгүй гэж хорихгүй. Харин B-гийн төрлийн витаминууд, цус шингэлэх бэлдмэл хэрэглэхгүй. Түүнчлэн сүрьеэ, элэгний хатуурал, бөөр нь өвдөөд цусаар шээж байгаа үед энэ эмчилгээг хориглодог. Дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа эмчилгээ бол энэ.

-Эмчилгээний яв­цад сөрөг үр дагавар ажиг­лагдаж байсан уу?
-Тухайн хүнд эмчилгээ хийхийн тулд эхлээд сорил тавьж энэ эмчилгээ зохих эсэхийг шалгадаг. Тохирохгүй хүнд хийхгүй. Гэхдээ миний эмчилсэн хүмүүст одоогоор тохирохгүй гэсэн онош гараагүй. Би харшлыг ч гэсэн эмчилж болдгийг баталж чадсан. Хамгийн гол нь тун юм. Мөн хэдэн хатгалтыг хаана нь хийх вэ гэдгээс эхлэн эмчилгээний ур чадвар их шаарддаг. Түүнчлэн өвчтөнөө сайн ажиглах хэрэгтэй.

-Амьд зөгийгөөр хат­гуулж байгаа болохоор зө­гийндөө яаж нөлөөлдөг вэ?
-Зөгий нэг хатгаад 6-12 цаг болоод үхдэг. 40 төрлийн байгалийн гаралтай эрдэс бодисыг хүний биед хатгуураараа шахаж өгдөг. Өөрөөр хэлбэл, ямар ч бодисоор орлогдохгүй амин хүчил, уураг өгдөг. Зөгий өөрөө богино настай, 45 хоног л амьдардаг. 

-Шинжлэх ухаанд хүчин мөхөсдөөд эмчлэх боломж­гүй гэх өвчнийг анагаасан тохиодол бий юу?
-Манайд дүлий хүүхэд ирсэн. Хоёр ч газар шинжил­гээгээ явуулаад сонсгол орох­гүй гэсэн оноштой байсан. Зөгийн эмчилгээ хийлгээд сонсдог болсон. Одоо сургуульд явж байгаа.

0 Сэтгэгдэл
Ядаж хаана байдгыг утасны номер ч бичээд өгчихгүй
хөдөлгөөний болон хэл ярианы саажилтанд үр дүн бна уу 1курс эмчилгэ ямар үнэтэй вэ сэтгэгдэлд хариу өгдөггүй юм уу
ЯМАР ҮНЭТЭЙ ЭМЧИЛГЭЭ ГЭДГИЙ НЬ ТОДОРХОЙ БИЧМЭЭР ЮМ ДАА.
ЯМАР ҮНЭТЭЙ ЭМЧИЛГЭЭ ГЭДГИЙ НЬ ТОДОРХОЙ БИЧМЭЭР ЮМ ДАА.
Хамгийн их уншсан