Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануурын уурхайн олборлосон нүүрс 100 сая тоннд хүрлээ


Монгол Улсын гал голомтыг түлшээр таслахгүй, гэрэл, дулаанаар хангах гол үүрэг хүлээн ажиллаж буй уурхай бол Багануур. Тэртээ 37 жилийн өмнө буюу 1978 оны дөрөвдүгээр сарын 01-нд анхны тэсэлгээг хийснээр Багануурын уурхайг нээсэн. Тухайн үед өнөөгийн Багануур дүүрэг байгаа газарт дөрөв таван гэр, орос мэргэжилтнүүдийн “БАМ”-ын барилга хэмээх хэдэн бор байшингаас өөр зүйл байсангүй. Тэгвэл өнөөдөр хотын статус авах хэмжээнд хүрсэн томоохон суурин газар болж хөгжсөн. Эл хөгжлийн гол тулгуур нь Багануурын уурхай. Нийслэлийн Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг уурхай 100 сая дахь тонн нүүрсээ  энэ сарын 9-ний өдрийн 12 цагийн үед олборлосон түүхэн  үйл явдал болов. Манай улсад ийм хэмжээний нүүрс олборлосон уурхай Багануураас өөр байхгүй. Энэ нь Монгол Улсын уул уурхайн тэр дундаа нүүрсний салбарын түүхэнд тэмдэглэх нэгэн  үйл явдал юм. 100 сая дахь тонн нүүрсийг хуучнаар Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн 40 тоннын даацтай 134 дугаартай “Белаз” машинаар оператор жолооч Ж.Мөнхбат тээвэрлэн ирж вагонд ачих байгууламжид буулгалаа. Үүнээс гадна уурхай нээгдсэн цагаас эхлэн өнөөг хүртэл ажиллаж буй “ЭКГ-5А” эксоваторын оператор А.Анхбаатар, У.Энхтайван нар  олборлосон 100 сая тонн нүүрсний дээжийг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаярт гардуулан өгөв.

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр 100 сая тонн нүүрс олборлож вагонд ачсан баярт үйл явдлын үеэр “Манай уурхай 37 жилийн хугацаанд 100 сая тонн нүүрс олборлолоо. Энэ бол “Багануур” ХК улс эх орны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж буйн илрэл. Эрчим хүчний нүүрсний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Иймд 10 гаруй жилийн дараа 200 сая тонн нүүрс олборлох цаг үе ойрхон байна” хэмээн онцолсон билээ.

Багануурын уурхай Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг.  Тус уурхайн нөөц 700 орчим сая тонн гэдэг. Одоогоор Уулын 1,2 дугаар хэсэг, шинэ хэсэг, уулын 5 дугаар хэсэг гэсэн үндсэн гурван талбайгаас нүүрс олборлож буй юм.  Уурхайн хамгийн гүн хэсэг нь эдүгээ 120 метрт хүрээд байна.  Уул уурхайн мэргэжилтнүүдийн тооцож буйгаар энэ  уурхайг 160 метр хүртэл ашиглах боломжтой аж.  Багануурын уурхай өнөөдөр Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 40, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж буй юм.

Тус уурхайн нүүрсийг физик, химийн шинж чанараар нь эрчим хүчний зориулалтаар ашиглахаас гадна  метан, шатдаг хий, шатахуун, шингэн ба шахмал түлш болон хими технологийн үнэт  түүхий эд болох бүрэн боломжтой гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Ингээд уг үйл явдлын үер албаны хүмүүстэй ярилцсанаа хүргэе.


Н.Базарсүрэн: 2017 онд жилд 10 сая тонн нүүрс олборлодог болно  

“Багануур” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн.

-Танай уурхайн нөөц хэр байгаа бол. 100 сая тонн нүүрс олборлохын тулд хэдий хэмжээний хөрс хуулсан бэ?
-Багануурын уурхай 100 сая тонн нүүрс олборлосон баярт өдрийн мэндийг монголчууддаа дэвшүүлье.  Энэ бол манай үе үеийн уурхайчдын хөдөлмөрийн үр шим юм. Манай уурхай 37 жил ажиллахдаа  370 сая тонн хөрс хуулж 650 сая шоо метр уулын цулын ажил хийлээ. Түүх сөхвөл Багануурын уурхай 1982 онд нэг, 1987 онд хоёр, 1989 онд дөрвөн сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон.  Тэгэхээр Монгол, Оросын ард түмний хөдөлмөр, сэтгэл шингэсэн уурхай юм. Цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Одоогоор 700 сая тонн нүүрсний нөөцтэй. Нөөц байгаа учраас үйлдвэр технологийн парк Багануурт барих төсөл хөтөлбөр гарсан. Тэгэхээр манай уурхайн ирээдүй гэрэлтэй байна.

-Тухайлбал?
-Өнөөдөр бид нүүрсийг түүхийгээр нь шатаан ашиглаж байгаа. Цаашид үүнийг баяжуулах, гүн боловсруулах талаар анхааран ажилладаг. Төвийн бүсийн нүүрсний уурхайнуудад судалгаа шинжилгээ хийхэд Багануурын уурхайн нүүрсийг боловсруулахад хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан. Бид ч нүүрснээс хий, шатахуун гаргах төсөл боловсруулан судалгаа хийж байна. Хамгийн гол нь хөрөнгө мөнгө, санхүүгийн асуудал тулгамдаж байна. Ингээд бид гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар судалгаа хийж ирсэн.

-Тэгэхээр таны ярианд дурдсан дээрх үйлдвэрүүдэд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах бол. Мөнгө оллоо гэхэд хэдий хугацааны дараа ашиглалтад орох боломжтой вэ?
-Хөрөнгө оруулалт босгох нь нэн тэргүүний ажил. Засгийн газар баталгаа гарган өгвөл урт хугацааны зээлээр хөрөнгө оруулах газар бий. Иймд төр засгаас биднийг ойлгож дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буй юм. Ингэвэл Багануурын уурхай технологийн шинэчлэлт хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах нь нэн тэргүүний ажил. Энэ үйлдвэрийн судалгаа хийж зураг төслийг гаргаж байгаа. Урьдчилсан байдлаар үйлдвэрийг байгуулахад 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

-Энэ үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ?
-Эхний ээлжинд хоёр сая орчим тонн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах судалгаа хийж байна. Мөн  “МСS” компани манай уурхайг түшиглэж  нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах зураг төслөө хийсэн. Өнөөдөр манай уурхай жилд дөрвөн сая тонн нүүрс олборлож байна. Цаашид олборлолт нэмэгдэх нь тодорхой. 2017 оноос бид жилд 10 сая тонн нүүрс олборлох хүчин чадалд хүрэх төсөөлөл бий. Бас нүүрсний нөөцөө 160 метр хүртлэх гүнд ашиглахаар тооцсон. Үүнийг дагаад одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэлт хийх судалгаа хийж буй. Тухайлбал, хөрс хуулалтад конверийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.  Иймд Засгийн газрын туслалцаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй.

-Нөөц нэмэгдэх боломж байна вэ?
-Өнгөрсөн онд манай уурхай Дэлхийн банкны тусламжтайгаар нэмэлт хайгуул хийсэн. Мөн нүүрсний нөөцөө өсгөх, хүчин чадлаа нэмэгдүүлэх техник  эдийн засгийн үндэслэл хийж байна. Энэ ажил дуусахаар уурхай цаашид ямар байдлаар хөгжих нь тодорхой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан