Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үггүй хэлээр хүүрнэсэн “Талын мэлмий, дасал зүрх”


Хэл соёл, үндэс угсаа, нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүй хэн бүхэн хэл нэвтрэлцэн ойлголцож болох тэр л хэлийг урлаг гэх нь бий. Тэр дундаа мэдээллийн асар өргөн сүлжээ бүхий технологийн эрин зуунд гэрэл зураг дэлхий нийтийн хэл болтлоо хөгжжээ. Гэрэл зураг нь улс орон, үндэстэн хоорондын танин мэдэхүй, мэдлэг мэдээлэл, соёлын солилцооны сонгодог хэрэглүүр болсоор удаж.

Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй олон арга хэмжээний нэг нь Хятадын соёлын өдрүүд. Соёлын өдрүүдийн хүрээнд Хятад, ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын хамтран гаргаж буй “Талын мэлмий, Дасал зүрх” гэрэл зургийн үзэсгэлэн олны мэлмийг мялаан өчигдөр нээгдлээ.
Үндэсний уран зургийн галарейд дэлгэсэн тус үзэсгэлэнг Монгол, Хятадын соёлын харилцааны нийгэмлэг, ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Хятадын “Phoenix” телевизийн Умард Азийн салбар, Монгол Улсын БОНХАЖЯ, “Чингис хаан” групп хамтран зохион байгуулсан юм.

“Phoenix” телевизийн Умард Азийн салбарын дарга, ӨМӨЗО-ны гэрэл зурагчин Хүчит тэргүүтэй Өвөрмонголын хоёр, Хятадын гурван гэрэл зурагчны бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнгийн нээлтэд хоёр орны гэрэл зурагчид болоод соёл, урлагийн салбарын нэр бүхий төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Таван гэрэл зурагчин ӨМӨЗО-ныг хөндлөн гулд туулж, малчин ардын ахуй амьдрал, соёл уламжлал, байгалийн сайхныг гэрэл зургийн хальснаа буулгасан 210 нэгж бүтээлээс бүрдэх үзэсгэлэнгийн үеэр хоёр орны гэрэл зурагчдын чөлөөт уулзалт болсон юм.

Уулзалтаар, гэрэл зурагчдын бүх талын хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан үзэсгэлэн гаргах, туршлага солилцох, фото аялал зохион байгуулах гэхчлэн цөөнгүй асуудлаар санал солилцсон юм. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ӨМӨЗО-ны гэрэл зурагчин Хүчитийг БОНХАЖ-ын дэд сайд Б.Тулга Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.


Хүчит: Гэрэл зурагчдын гүүр болох цаг нь ирсэн

Энэ үеэр “Талын мэлмий, Дасал зүрх” үзэсгэлэнг гаргаж буй зурагчдын багийн ахлагч, гэрэл зурагчин Хүчиттэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа, бидний үзэсгэлэнг ийн хүлээн авч, намайг хүндтэй цол тэмдгээр шагнасанд баяртай байна.

-Үзэсгэлэнгийн үеэр монголын гэрэл зурагчидтай танилцаж яриа өрнүүлж байгаа харагдлаа?
-Тийм ээ, би ер нь өдөр тутам монголын гэрэл зурагчдын бүтээлийг ажиж, сонирхон судалж байдаг. Монгол зурагчдын чадвар, түвшин их өндөр санагддаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцлох нь зүйтэй байх. Тиймдээ ч энэ завшааныг ашиглан танилцаж, холбоо тогтоохыг хичээж байна.

-Үзэсгэлэнг хараад байхад ихэвчлэн ахуй, байгалийн зураг зонхилжээ. Таван зурагчин маань энэ сэдвийн зураг түлхүү авдаг уу эсвэл өөр төрөл, чиглэлээр дагнадаг болов уу?
-Өнөөдрийн үзэсгэлэнг миний бие Хүчит, ӨМӨЗО-ны гэрэл зурагчин Хан-Оргил, Хятадын гэрэл зурагчин Ли Вэншэн, Жан Минюу, Пэн Гуан нар хамтран гаргалаа. Бид бүгдийг нэгтгэдэг зүйл нь гэрэл зураг. Хэдий үзэсгэлэнд дэлгэсэн зургууд нь байгаль, ахуй зонхилсон ч бид аль ч сэдвээр  авдаг. Хэвлэлийн гэрэл зурагчин байхад хувиараа ажилладаг нь ч байна. Гагцхүү бид байгаль, малчин түмний эгэл ахуй тэр дундаа моринд их дуртай. Бүгд морь унадаг болоод ч тэр үү голдуу морьтой холбоотой зургаа үзэсгэлэнд тавьсан.

-Энэ жил Монголд гэрэл зургийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд гадны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, туршлага солилцон холбоо харилцаагаа сайжруулах тал дээр ихэд анхаарч байна?
-Энэ тухайд бид мэдээж найрсгаар хүлээн авна. Бүхий л түвшинд хамтран ажиллаж харилцаа холбоогоо сайжруулах сонирхолтой байна. Анзаараад байхад хоёр орны гэрэл зурагчдын үзэсгэлэн тэр бүр гараад байдаггүй. Энэ тал дээр хоёр орны соёлын салбарынхан анхаарал хандуулж, гэрэл зурагчдыг холбох гүүр болох цаг нь ирсэн гэж бодож байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан