Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Төмөрхүү: Хүндрэлийг давах эгзэгтэй мөч ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүтэй ярилцлаа.

-Та сайхан өвөлжиж байна уу, улиран одож буй морин жил таны хувьд тун од хийморьтой, амжилт бүтээлээр арвин жил байсан болов уу гэж бодож байна. Ингэхэд УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш тухтай хөөрөлдсөнгүй?
-Морин жилд монголчууд даяараа, тэр тусмаа манай өвөрхангайчуудын хувьд хийморь лундаатай, амжилт бүтээлээр арвин жил байлаа. Ардчилсан хувьсгалын гараанаас хойш тоолбол 25-ны жил орлоо гэдэгтэй ижил хугацаа өнгөрсөн байна. Улстөржих гэхээсээ илүү хөгжил дэвшилдээ анхаарах зөв гольдролдоо иргэн нь, төр нь ч ороод байгаа энэ цаг үед нутгаа улсаа хөгжүүлэх их ажилд нэлээд том зорилго, хариуцлага үүрэлцэх болсноо мэдэрч байгаа. Өмнөх сонгуулиас хойш хөөрөлдсөнгүй гэж та хэллээ. Бид ярихаасаа илүү хийх цаг болсон. Сонгуулийн үр дүн хэрхэн эргэж, үнэн худлын аль нь дийлж, дийлдэж байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа байх. Чухам үнэндээ амбицаа дарж, төрийн шүүх ямар шийдвэр гаргахыг харъя гэж бодсон. Үүнээс илүүг өнгөрсөн хойно яриад яахав. МАН өмнөх Засгийн газрын үед сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, бурууд нүд хурц, зөвийг дэмжилцэж явлаа. Эцэст нь үнэнд гүйцэгдэж улс төрийн хоёр том хүчин хамтдаа улс орноо хямралаас гаргах хүнд бэрх үеийг даван туулах нь чухал гэдэгт санал нэгдсэн. Ингээд миний бие 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдаар томилогдлоо. Их бүтээн байгуулалтын ажил, миний хувьд огт мэдэхгүй салбар биш. Тиймээс “Зам дагаж хөгжил ирнэ” гэдэгчлэн улс орны хөгжлийн түүчээг хөтлөх энэ салбарыг удирдах итгэл хүлээлгэж, өндөр хариуцлага хүлээлгэх болсныг ухамсарлан хичээн зүтгэж ажиллаж эхлээд байна.

-Таны хариуцсан салбар агаарын тээвэр, төмөр зам, авто зам, далайн тээвэр гээд өргөн хүрээг хамардаг. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд ямар ажил амжуулснаа товч дурдаж болох уу. Мөн ирж буй “согтууруулагч” хэмээх хөхөгчин хонин жилд ямар ажлыг төлөвлөөд байна вэ?
-Улс орны эдийн засаг хүнд, иргэдийн аж амьдралд төрөөс халамж үзүүлэх чиглэлээр ажиллахад амаргүй байгаа энэ цаг үед аль ч салбарт төсвийн зардлыг хэмнэж, хэсэгхэн хугацаанд үрэлгэн байдал, тансаглалыг тэвчих байдлаар даван туулах ёстойг аль ч салбарт анхааруулж байна. Ялангуяа хуримтлагдсан өр ихтэй, санхүүгийн чамлахааргүй дарамттайгаар үйл ажиллагаа явуулахад хүрээд байгаа агаарын тээвэр, төмөр замын салбарт хэмнэлтийн горимд шилжих, онцгой дэглэм тогтоохыг зөвлөсөн. Ингэхгүйгээр хүндрэлээсээ гарах арга зам төдийлөн харагдахгүй байна. Төмөр замын салбар улс орны төдийгүй гадны хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа. Өөрөөр хэлбэл, стратегийн энэ чухал салбартаа төрөөс ямар бодлого баримтлахыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа учраас жишиг болохуйц, өнөөдрийн хүндрэлийг давах, хойч үедээ өгөөжтэй хувилбарыг сонгож шийдвэр гаргах чухал алхам хийхийг нөхцөл байдал шаардаж байна. Далайн тээврийн тухайд монголчуудад шинэ боломж олгох зарим гарцыг өмнөх Засгийн газрын үед нээснийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, мөн их хэмжээний төсвийн болон бондын хөрөнгө оруулалтаар нэгэнт ажлаа эхэлсэн авто замын салбарын ажлыг зөв гольдролоор хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

-Тухайлбал, авто замын салбарт?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гол ажлын хүрээнд 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоод байгаа юм. Тухайлбал, 2013 онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон. Харин энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоод дуусч байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил олон байна.

-Өвөрхангайчууд “Өөрийн хүн”-тэй болсных нутаг оронд нь ямар зам шинээр тавих бол гэдгийг эрхгүй сонирхож байгаа байх. Нутгархаж байгаа хэрэг биш ч уламжлалаа бодож “Нутгийн зам”-ынхаа төлөвлөгөөнөөс дурдаж болох уу?
-Таны асуултаас юуг тодотгон хэлүүлэх гээд байгааг ойлгож байна. Монгол Улсын хэмжээнд 2015 онд хийх ажлын зэрэгцээ өөриймсч хэлбэл нутагтаа, Өвөр хангай аймагт Арвайхээр- Баянхонгорын чиглэлийн 114.3 км автозамыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна. Лүн-Эрдэнэсант- Арвайхээр чиглэлийн 6.9 км авто зам, Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км авто замын шинэчлэлтийн барилга угсралтын ажил, Арвайхээр- Элсэн тасархай чиглэлийн 40 км автозамын шинэчлэлтийн барилга угсралтын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон ч хөрөнгийн эх үүсвэрийн шалтгаанаар ажил зогсоод байгаа талаар яаралтай арга хэмжээ авахаар холбогдох газруудтай хэлэлцэж эхлээд байгаа. Энэ мэтчилэн орон нутгийн буюу улсын чанартай зам, түүний засвар арчилгааны ажилд онцгой анхаарал тавьж ажиллаж байна даа.

-Та саяхан Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллаад ирсэн. Орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн ярианаас ямар сэтгэгдэлтэй байгаа талаар нь улстөрчийн хувьд ямар прогнозтой ирэв?
 -Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл Өмнөговь аймагт ажиллаад ирлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний орон нутагт ажилласан анхны томилолтын сонголтоос харсан ч бид юунаас хамааралтай, хаана гол анхаарлаа хандуулах, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал аль зүгт байгааг тодорхой харж болохоор байна. Үнэхээр эдийн засгийн өсөлт чухлаас чухал байгаа нь үнэн бол дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчны хөрсийг бэлтгэх, тэр нь төрийн бодлогоор тогтвортой байхаар баталгаажсан байхыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байгаа. Орон нутгийн иргэд амьжиргаагаа өөрсдөө өөд татах боломжийг төрөөс нэхэж байна. Мөн төрийн байгууллагууд ажилдаа хариуцлагатай ханддаг байх, алдаа гаргасан хүн бүрт хариуцлага тооцдог тогтолцоог үг биш үйлдэл болгохыг хүсч байна. Улстөржихөө больж, бодлогоор мэтгэлцээч гэж иргэд “гуйж” байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу.

-Иргэдийн энэ үгийг эдийн засгийн хямралтай холбож ойлгож болох уу?
-Энэ бол аль ч аймаг,сумын иргэдтэй уулзсан ярьдаг, бухимддаг гол сэдэв нь болжээ. Эдийн засаг хямарчихлаа гэдгийг хүлээн зөвшөөрөх бус хямрах гэж байхад нь засч залруулахгүй яав даа гэж зэмлэх иргэн ч олон байна. Тэдний зөв. Харин гарцаа зөв олсон бол алдаагаа засч залруулах тийм ч хэцүү биш. Үүний төлөө бид ажиллаж байна. Цаашид миний нөхөр, манай нам гэлтгүй харилцан хатуу хяналт тавьж, өндөр шаардлага тавьж, хэрэгжүүлэн алдсан бүхнээ олж авах, өгсөн боломжийг зөв бодлогоор ашиглан ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө чадах бүхнээ хийх ёстойг хаа хаанаа мэдэж байгаа гэж ойлгож байгаа шүү.

-Мэдээж олон гарц байгаа байх. Хамгийн гол гарц нь таны бодлоор юу байх бол?
 -Хамгийн гол нь төр өнөөдөр баялаг бүтээгчидтэй хамтарч хямралаас гарахаас өөр гарцгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Хамтрах” гэдэг нь харилцан ашигтай байх нөхцөлийн дагуу дэмжлэг ч үзүүлдэг туслалцааг нь ч авдаг байх тэр нөхцөлийг хэлж байгаа юм. Ингэж жинхэнэ утгаараа хамтран ажиллаж байж хямралыг давахаас өөр хэчнээн “том” хөрөнгө оруулагч байвч Монголыг аврах гэж ирдэггүй. Ашиг хонжоо хайдаггүй хөрөнгө оруулагч гэж байхгүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд Сар шинийн отгон дугаарын зочин болж байгаа танд ерөөл өргөх боломж олгоё. Шинэ оны босгон дээр таны зүгээс онцгойлон хэлмээр зүйл байгаа болов уу?
-Баярлалаа. Ирээдүйд хөгжлийн жолоог атгах хүүхэд залуус нь сайн боловсрол эзэмшихэд тэмүүлж, шинийг эрэлхийлж мөрөөдөж, нутгийн удирдлагууд нь тэднийгээ дэмжиж ажиллах нь хамгаас чухал. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй зарцуулж зүдэрсэндээ түшиг болж, өөр хоорондоо эв нэгдэлтэй байхад нутаг орон минь ч, улс орон ч хөгжинө. Эх нутгийнхаа баялгийг чамлах бус нандигнан дээдэлж, эзэн нь байж хайрлан хамгаалах, харин өөрсдөө байгаа боломжоо ашиглан хөгжих, хөдөлмөрлөх хэрэгтэй. Эв нэгдлийг эрхэмлэж, хором бүрийг зөв ашиглаж чадвал бид ядуу амьдрах учиргүй. Ирж буй хөхөгчин хонин жилдээ монгол түмэн та бүхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, айл бүр инээд хөөрөөр цалгиж, ирээдүйгээ гэрэлтүүлэн сайн сайхан үг хэлэлцэн байхыг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

М.ӨНӨРЖАРГАЛ
Монголын үнэн сонин

0 Сэтгэгдэл
chi ulaanbaatar ih delguur hajuu taliin 11 bairnii luivaraa yah gej bainaa malaa hudalaa shaaahaa boli
Хамгийн их уншсан