Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД АА ХАРЦГАА. ЖАСТИН КАПЛА ХЭРГЭЭ ХҮЛЭЭЧИХЛЭЭ

-Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хүнд л Ерөнхийлөгч уучлал үзүүлдэг-

“Саусгоби Ресурс Лимитед” (SouthGobi Resourсes Ltd) компанийн Монгол дахь “Саусгоби сэндс” (SouthGobi Sands LLC) компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон тус компанийн Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт оноосон ялыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучиллаа. Ингэснээр Ж.Капла нарын чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ёстой байсан 5.6-5.10 жилийн хорих ял өршөөгдөж, манай улсын хилээр нэвтрэн гарах эрх нь сэргэж байгаа юм. Тэд Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс ял сонсоод нэг сарын хугацаа өнгөрөөгүй байсан билээ.
“Саусгоби сэндс” компани нь Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь “Овоот толгой” нүүрсний ил уурхайд олборлолт хийж, Сүмбэрийн, Заг сүүж, Цагаан толгойн гэсэн хэрэгжүүлэх шатанд байгаа гурван ордыг эзэмшдэг. Харин “Овоот толгой” ордод олборлолт явуулж байхдаа 2011 онд хоёр удаагийн үйлдлээр зуу гаруй тэрбум төгрөгийн орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан юм.  Ингээд прокуророос Жастин Капла 90.02 тэрбум төгрөгт ногдох 17.4 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний, Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн мөн 17 орчим тэрбум төгрөгийг тус, тус татварт төлөхөөс зайлсхийсэн. Нийтдээ 35 тэрбум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан хэрэгт Эрүүгийн гурван зүйл ангиар буруутгагдан ял сонсоод байсан юм.

“Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу”

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн шийдвэрээ өөрийн баталгаажсан твиттер хуудсандаа “УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” гэж бичлээ. Энэ нь монголчуудыг гадныхан хараах, гадаад иргэнийг уучилсны төлөө Монголчууд өөрийг нь хараах хоёрхон сонголт байснаас нэгийг нь сонгосон явдал боллоо гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Жастин Каплаг Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь шүүхээр тогтоосон ч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдад энэ нь огтхон ч таалагдаагүй хэрэг бололтой. Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулалт багассан үед хөрөнгө оруулагчдыг татах байтугай хөрөнгө оруулсан нэгнийг нь шоронд аваачаад хийчихсэн нь тэднийг үргээх нөхцөлд хүргэсэн, бизнесийн таатай орчин бүрдээгүй гэх болгоомжлол төрүүлсэн байх нь.
Ерөнхийлөгч ч өр төлбөрөө барагдуулчихсан, анх удаа ял шийтгэгдсэн бол заавал хорьж цагдаад, гадаадынханд муухай харагдах албагүй гэдэг байр сууриа эртнээс цухалзуулж эхэлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн сүүлд оролцсон нэвтрүүлгийн үеэр “Аж ахуй эрхлээд ажил хийгээд татварын тодорхой зөрчилд орлоо гэж бодъё л доо. Татвар төлөөгүй ч байдаг юм уу, ямар нэг шалтгаанаар. Тэгэхэд заавал шоронд бариад хийдэг биш, гадна дотно хамаагүй. Татварын газар нь, төлөх ёстой улсууд нь суугаад шүүхийн хажууд ирээд баталгаажуулж өгдөг. Танайх гурван тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой юм байна. Одоо төлөх гэхээр төлж чадахгүй юм байна. Таныг бид шоронд барьж хийхгүй, хоёр жилийн хугацаанд багтаж төл гэдэг. Үнэхээр төлөхгүй зугтаад яваад байгаа бол дараагийн арга хэмжээ, хариуцлагыг авах л ёстой байхгүй юу. Энэ асуудал дээр Монголын нэрийг л бодож хандана” гэж “Саусгоби Сэндс” компанитай холбоотой хэргийг дүгнэсэн юм. Харин энэ үе нь Жастин Капла нар ял сонсчихсон, гадаадын томоохон хэвлэлүүд “Монгол Улсын Ерөнхийлөгч Жастин Капла нарт уучлал үзүүлнэ” гэсэн утгатай “өдөөн хатгалга” хийгээд эхэлчихсэн байсан. Дээрээс нь АНУ болоод Филлипин улсын зүгээс өөрийн улсын иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд багагүй хүчин чармайлт гаргаж, Филиппин улсын Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хандан “Манай улсын хоёр иргэнийг уучилж өгөөч” гэсэн утгатай захидал хүртэл илгээсэн.
Гэхдээ энэ бүхэн нь ердөө л нийгмийн сэтгэлзүйг уучлал үзүүлэх өдөрт бэлтгэж байсан хэрэг гэж олон иргэд хардаж эхэллээ. Учир нь, гурван жил нэг хэрэгт шалгагдаж, Монгол Улсаас гадагш гарах эрхээ хүртэл хасуулсан ч эцсээ хүртэл бууж өгөөгүй АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын Хиларион В.Кажуком, Кристобэл Ж.Дэвид нар шүүхийн шийдвэрийг нүд ирмэхийн зуур хүлээн авсанд байгаа юм. Үгүй бол хуулийн хугацаанд давж заалдаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг түдгэлзүүлэх эрхээ эдлэх байсансан. Иргэдийн харж байгаа энэ өнцгөөс дээрх үйл явдлыг харвал, үнэхээр тэд Ерөнхийлөгчийг уучлал үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан нь харагдана. Учир нь Ерөнхийлөгч уучлалыг шүүхийн шийтгэх тогтоол бүрэн хэрэгжиж эхэлсэн цагаас хойш гаргах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Жастин Капла нар шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн хугацаанд давж заалдалгүй байсаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болох үед Ерөнхийлөгчид хандан уучлал хүсэх тухай захидал илгээсэн. Ингэснээр Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тэднийг уучлах эрхтэй болсон юм.

Давж заалдах нүүр үлдээгүй байлгүй дээ

Дээрх гурван иргэнд татвараас санаатай зайлсхийсэн үндэслэлээр ял оноосон бол “Саусгоби сэндс” компани улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөх ялд унасан. Компани шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн талаас оролцсон учраас энэ мөнгийг төлөхгүй гээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус компани гомдол гаргах эрхийнхээ хүрээнд Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан гэж байна. Гэвч тэд заргаа авч чадахгүй, манай улсын шүүхийг дийлмээр ялмаар санагдсан ч бай тийм зүйл болохгүй гэдгийг баталгаатай хэлэх боломж энэ удаагийн уучлалаар илэрхий боллоо. Учир нь, “Уучлал бол гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өөрөө хүсэлтээ гаргасан хүнд үйлчилдэг шийдвэр. Харин төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцна” гээд Ерөнхийлөгч бичиж. Энэ нь тэд нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас уучлалд хамрагдах боломжтой болжээ гэсэн үг. Тиймээс тэд гэмт хэрэг үйлдээгүй гэж гүрийж, улсад төлөх мөнгөө багасгаж яагаад ч чадахгүй нь. Энэ бүхний эцэст улс татвараа авч, нэр цэвэр үлдсэн гэдгийг эрхэм Ерөнхийлөгчийн өөрийгөө хараалгах сонголтоос нь харагдах юм болов уу даа. Юутай ч, тэр Монголоо бодож бусдыг уучилсан гэнэ.
Харин гаднын хөрөнгө оруулагчдын хардаад байгаа шиг татварын дарамт, шахалт, хүсээд байгаа шиг нь бизнес эрхлэх хөрс шороо Монголд бүрдээгүйдээ бус Жастин Капла нар гэмт хэрэг үйлдсэнээр энэ бүх сэрэмжлэл, болгоомжлолыг бий болгосон гэдгийг энэ удаагийн уучлалаар гэрчилсэн нь сайн хэрэг. Тэд үнэхээр бидний баялгаас хумсалж байж.  
Б.Ширнэн                

0 Сэтгэгдэл
muu nowhs mongoliig hohirooson yum buhend sn handah yum ,yamar uchirtai yum boloo
MAH avligachid odoo eh ornoo bodoj huulia oorchloh tsag ni bolson shuu? yronhiilogch shig shudraga baitsgaaya.
Umhii elbegdorj
Ач холбогдолтой уучлал болжээ.
Хамгийн их уншсан