Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРГЭД НОМЫН ДУУ СОНСЧ СЭТГЭЛИЙНХЭЭ ЧИЛЭЭГ ГАРГАЛАА

Шинийн 8 бол тамын хаалга хаалттай  байдаг ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурхан буудаг өдөр. Бурхад зөвхөн энэ л  өдөр замбуутивд заларч байдаг гэнэ. Тиймээс энэ өдөр хийсэн буян, нүгэл асар их арвижин үрждэг. Хүн тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ. Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйл бодохыг л хэлнэ хэмээн бурхны номонд заасан байдаг аж. Тиймээс энэ өдөр гандан хийд, сүм дуган олны хөлд дарагджээ. Монгол дээлээрээ гангарсан ахмад буурлууд, алдрай бяцхан үрс буян номын хуралд суухаар Гандан хийдийн зүг хөвөрнө. Хүн сэтгэлийн амьтан юм хойно шинийн 15-нд багтаж тэр дундаа шинийн 8-ндаа тухайн жилийнхээ засал номыг хийлгэвэл сайн хэмээдэг. Энэ үүднээс иргэд буян номын мөр хөөж байгаа нь Төв ганданд цугласан олноос илт харагдана.
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал, уул уурхай, газар шорооны төлөөх тэмцэл гээд нийгмийн бухимдал, стресс дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед ганц өдөр ч болов сэтгэл санаагаа ариун байлгаж, буян номын үйлд оролцох нь иргэдийн сэтгэлийг жаахан ч болов уярааж байгаа харагдсан. Шашин гэдэг ард иргэдийг удирдан залахад улс төрөөс дутахааргүй нөлөөлдөг гэдгийг ч  мэдрэх шиг. Хүн юу төсөөлнө түүндээ хүрдэг учраас бие сэтгэлдээ сайхан бүхнийг бодож аз жаргалтай, баяр баясгалантай бусдын тусын тулд бурхны шашин шүтэх учиртай гэнэ лээ. Ямар нэг зүйлийг муухайгаар харж, муугаар бодвол тэр нь эргээд бие сэтгэлээр хийсэн нүгэл гэх бичгийг зурхайн дацангууд гаднаа өлгөсөн харагдлаа.
Гандан зүгийн замын ачаалал ч  эрс ихэсчээ. Уулзварууд дээр цагдаа гарч хөдөлгөөн зохицуулан зогсох. Засал номоо уншуулахаар яваа зарим иргэнтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Л.Бадрал гуай “ Өвөө нь хонь жилийнхээ засал номыг хийлгээд явж байна. Ганданд ирээд номын дуу сонсохоор сэтгэл нэг сайхан болчихдог юм. Дээхэн үед чинь ламаар ном уншуулах хориотой байлаа. Өөд болсон хүний хойтохыг хүртэл нууцаар уншуулдаг байлаа. Одоо цаг төр ч сайхан болж. Сүүлийн үед гандан хийдүүд ч олноор байгуулагдах болсон. Гол нь чин сэтгэлээсээ эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэх хэрэгтэй” гэлээ.
Тоон мэдээллээс харахад таван монгол хүн тутмын гурав нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь уламжлалт буддын шашин шүтэж байгаа гэжээ. Нөгөөтэйгүүр уламжлалт бус шашин шүтэгчдийн тоо тогтвортой, тэр ч байтугай буурсан үзүүлэлттэй байгаа  боловч тэдгээр шашны сүм, байгууллагуудын тоо улам бүр нэмэгдэж буй гэсэн мэдээлэл байдаг. Үнэхээр ч шашин шүтэх эс шүтэх нь нээлттэй болсон өнөө үед монголчууд христийн шашныг буддагаас ч дутахааргүй мэдэх болжээ гэдэг нь  хүн амын 2,1 хувь нь эл шашныг шүтдэг гэх мэдээнээс харагдах биз ээ.  

Хамгийн эрэлттэй бараа шар тос байлаа

 
Төв Гандангийн ойролцоох зурхайн дацан, үзмэрч нар ч олны хөлд  дарагджээ. Тэднийг сайн, муугаар нь хэлдэг ч дараалал дугаар ихтэй л байгаа харагдав. Төв Гандангийн зүүн хаалга болон баруун хаалганы гадна жижиг зурхайн дацан, үзмэрч нар нэлээд олон байдгийг нийслэлийнхэн андахгүй. Иргэд өөрсдөө сонголтоо хийж зарим мэргэ төлөгчтэй уулзаж байлаа. Тэдний зарим нь гэгээрсэн мастер цол хүртсэн, увдистан зэрэг цол гуншинтай байх аж. Үүнийг нь гэрчлэх гэсэн мэт өргөмжлөл, баярын бичиг зэргийг ч ханаараа өлгөж. Үнийн хувьд 5000 төгрөгөөс ханш эхэлдэг аж. Гандангийн зүүн талд байрлах нэгэн жижиг дацангаар орж зурхайч Лувсантай уулзаж цөөн хором ярилцахад тэрээр “Модон хонь жил нь үр тариа элбэг, хур бороо арвинтай жил гарах бөгөөд ард олон амгалан, түшмэдийн эрч хүч сайжрах, тарнич, засалч нарын буян дэлгэрч, эд агуурс элбэг дэлбэг сайхан жил ирнэ.  Засал номын тухайд 13-ны жил орж байгаа хүн  “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”, 25-ны жил орж байгаа хүн “Доржнамжом”,“Цэнд”уншуулбал зохилтой хэмээсэн.  Мөн тэрээр “Хүмүүс  сүсэг бишрэлээрээ л ирж үйлчлүүлдэг юм. Нэг ирсэн хүн ер нь эргэж ирээд л ажил үйлс, амьдралаа асуудаг. Нэг үзэхдээ 5000 төгрөг гэдэг боломжийн үнэ байх. Гэхдээ олон түмэндээ буян хийж эх орныхоо сайн сайхны төлөө залбирч явдаг хүний хувьд заавал мөнгөөр үзнэ гэхгүй ээ. Энэ хавиар яваа ядруухан нэгний аж амьдралыг харж үзээд тэгшилсэн тохиолдол надад бий. Ганданг чинь буяны байгууллага гэдэг утгаар нь хоногийн хоол хайж яваа хүмүүс тойроод л байх шүү дээ. Хүч минь хүрдэг бол энэ хүмүүсийг нэг ч өдөр болов дулаан гэрт халуун хоолтой хонуулах юмсан гэсэн бодол байдаг” хэмээн ярьсан юм. Лувсан зурхайчтай уулзсаны дараа цааш явж мөн л үүдэндээ үзмэрч зурхайч гэсэн хаяг өлгөсөн жижиг байшинд  орлоо. Хаалганы цаанаас номын дуу сонстох аж. Архи барьж гарч ирсэн иргэд өөр өөрийн зүг рүү сэржим өргөж харагдана. Үүдэнд нь дараалан суух иргэд шар тос барьж ирцгээжээ. Зул бадраах нь гэгээн буяныг арвижуулж, гэм нүглийг нимгэрүүлэхийн сацуу бурхан шүтээн бүгдийг баясгаж, улмаар хүний сэтгэл зүрхийг ариусгадаг байна. Иймээс ч энэ өдөр шар тос хамгийн эрэлттэй бараагаар тодроод байлаа. Хэдийгээр бурхан номын газарт үнэ өртөг тогтоодоггүй, сүсэг бишрэлээр нь ном уншиж, засал хийдэг гэдэг ч манай томоохон хийдүүд бүгд номынхоо нэрийг бичээд үнийн тариф өлгөсөн байдаг. Харин жижиг зурхайн дацангууд үнийн тарифгүй сүсэг бишрэлээр нь өргөл барьц авч, номоо уншдаг хэвээр байгаа нь сайшаалтай.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Aimaar vnetei nom unshdag daa.zarim nastanguud zoos dutaad bvh nomoo vichvvleegvi gsn.
Хамгийн их уншсан