Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАЦУУРТЫН ОРД БОЛ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЭХЛЭЛ

Улс даяар ярианы онцлох сэдэв болоод буй Гацууртын ордын асуудлаар Төрийн ордонд нэлээд үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны удирдан зохион байгуулсан үйл ажиллагаанд 13 өлсгөлөн зарласан “Ноён уулаа хамгаалъя” гэж уриалсан иргэд, тэдний эсэргүүцэж буй “Сентерра гоулд Монголиа” компанийн захирлууд нүүр тулж уулзсан нь чухал байв. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, оршин суугч, ИТХ-ын хурлын дарга, Татварын ерөнхий газрын мэргэжилтэн, Уул уурхайн сайд Р.Жигжид болон соёлын өв, Хүннүгийн үеэс эхлэлтэй булш, бунханг судалж, хамгаалах үүрэгтэй археологичдын төлөөлөл ч ирлээ. Өөрөөр хэлбэл, Ноён уулын Гацууртын амтай холбогдох бүх тал нүүр нүүрээ харж суугаад, зөв буруугаа ярьж, ойлголцлын зөрүүгээ арилгахад, ядаж л хэвлэлийнхэн дундаас нь дүгнэлт хийхэд чухал нөлөөтэй байв. Хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн төлөөлөгчдийн үгийг товчлон хүргэе.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЭРДЭНЭХҮҮ:
-Би энд Мандал сумын 27 мянган иргэнийг төлөөлж байна. Монгол Улсдаа хамгийн олон хүн амтай сум нэртэй хот. Гурван тосгон дэргэдээ авч явдаг юм. Уул уурхайн талаарх УИХ-ын тогтоол олон удаа шинэчлэгдэж ирсэн. Харамсалтай нь, тэр болгонд орон нутгийн байр суурь, санал бодлыг дандаа орхигдуулдаг. Сүүлийнхэд нь бас л хаячихсан шүү дээ.
Энэ байдал нь монгол­чуудыг, нутгийн иргэдийг бу­хим­дуулж байгаа юм. Өлс­гөлөнд манай сумаас амь нас, эр зориг, нэр хүнд гээд олон зүйлээ дэнчин тавьж, зо­лиос­лон гурван иргэн оролц­сон.
Орон нутгийн зүгээс уул уурхайн компанид нөхцөл байдал ийм шүү гэдгийг дандаа хэлж байсан. Уг компани орон нутагт ямар хувь нэмэр оруулах тухай уулзаагүй, ярилцаагүй. Бидэнд ямар ч ойлголт байхгүй тул ийм асуудал ургаад байгаа юм. Гэтэл бидэнд хуулийн хүрээнд боломжгүй байна, эхлээд УИХ шийдвэр гаргачих хэрэгтэй, түүний дараа ярилцах хуультай гэж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийг өдөр, шөнөгүй эргүүлээд явахаар эхлээд орон нутагт нь хандана гэх заалт харамсалтай нь алга. Тийм болохоор шийдвэр гаргах түвшний хүмүүс үүнийг анхааралдаа аваад, орон нутгийн оролцоог тодорхой болгож өгөх хэрэгтэй байна.
“Бороо гоулд” компанийн боловсруулах үйлдвэр эрхэлсэн захирал Т.Оргодол:
-Гацуурт төслийн талаар товч танилцуулъя. Уурхайн хилээс Ноён уулын оргил нь 4.6 км зайтай. Хүннүгийн эртний булш нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт уурхайн хилээс 7.5 км зайтай. Археологийн судалгааг хоёр удаа хийсэн. Ингэхдээ ашиглалтын талбай болон орон нутгийн замын трассыг хамруулахад эртний булш, бунхан илэрч, тогтоогдоогүй. Энэ төслийг эхлүүлэхэд нийтдээ 535 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орох ёстой. Баяжуулах үйлдвэр есөн жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Уурхай өдөр шөнөгүй, бүтэн жилээр ажиллах юм. Жилдээ 1.75 сая тонн хүдэр боловсруулна. Гацууртын төсөл маань ил уурхай, хүдрийн овоолго, засварын цех, хаягдал чулуулгийн овоолго, Бороо дээр байгаа боловсруулах үйлдвэр болон бусад байгууламжаас бүрдэж байгаа. Ордод зөвхөн хүдэр олборлоод боловсруулалтыг Бороогийн үйлдвэрт хийх юм.
Хүдэр хоёр төрлийнх. 20 орчим хувийг нь ил аргаар буюу уусгаж боловсруулна. Ихэнх нь сульфитын буюу анхдагч хүдэр учраас боловсруулахад хүндрэлтэй. Тиймээс биологийн исэлдүүлэлтийн аргаар алтаа ялгаж авахаар төлөвлөсөн. Нийтдээ мянга гаруй ажлын байр бий болно. Гацуурт төсөлд дотоодын 20 гаруй компанитай гэрээ байгуулж бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой. Байгаль орчны суурь судалгаа, нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүд хийж БОНХАЖЯ-аар батлуулсан. 2014 оны шинэчлэгдсэн ТЭЗҮ-ээр дээрх үнэлгээндээ тодотгол хийгээд явж байна. Нөхөн сэргээлтийн хувьд олборлолтын үйл явцын үед л эхэлнэ. Одоо ордод маань хөрсний давхарга байхгүй болчихсон тул тусгай технологиор нөхөн сэргээлт зохион байгуулна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтээ хийнэ. Төслийн бэлтгэл ажил хийнэ, 130 гаруй зөвшөөрөл авах ёстой. Энэ бүгдийг тоймлоод үзвэл жил гаруйн дараа бүрэн ашиглалтад орох болов уу.
Нийт борлуулалтын 70 шахам хувийг Монгол Улсад зарцуулна. Харин зарлагын 81 хувь нь мөн л Монгол Улсын нутаг дэвсгэрт зориулагдана. Орон нутгийн хөгжилд зориулж тусгай компани байгуулаад түүгээр дамжуулан 17 орчим хувийг хандивладаг.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилтан Н.Эрдэнэ-Очир:


-Манай Түүх, археологийн хүрээлэн, ялангуяа Археологийн судалгааны төв бол Монгол Улсын нутаг дэвсгэрт археологийн үйл ажиллагааг дагнан явуулдаг үндсэн байгууллага юм. ШУА-д харьяалалтайн хувьд өөрт байгаа үнэн зөв, бодит баримт мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Иймээс Ноён уултай холбоотой судалгааны ажлын талаар товч мэдээлэл хүргэе. Ноён уул маань Хэнтийн нурууны үргэлжлэл, олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийг дамнасан том нуруу. Бидний маш сайн мэдэх Хүннүгийн булштай дурсгалт газар маань Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд оршдог. Сүжигтийн ам Борнуур суманд, Хужирт, Зурамтын ам нь Батсүмбэр сумын нутагт харьяалагдана.

Булшийг малтан судлахын тулд бүрэн хэмжээгээр ухдаг юм. Ноён уулын хувьд хатуу хөрстэй, хүннүчүүд анх яаж ухсан тэр нүх нь малтлагын явцад гарч ирдэг. Археологичид байгалийн хөрс болон булж хийсэн шороо хоёрын заагаар нарийн арга зүйгээр малтаж хамгийн доод түвшинд хүртэл ухдаг. Одоогоор 18 метр гүн ухсан булш бий. Иймээс огт хөндөхгүйгээр Ноён уулын булшийг судлах боломжгүй. Бүрэн хэмжээгээр малтаж судлаад, тухайн орчинд нь таних тэмдэг байрлуулан хамгаалдаг. Гацууртын ордын хувьд хамгийн ойр дурсгалт газар нь Сүжигтийн аманд бий. Ашиглалтын талбайн хилээс зүүн урд зүгт 5.8 км зайд эхний дурсгалт газар байгаа. Яг олборлолтын цэг хүртэлх зай нь 11 км юм.
Уул уурхайн компани ашиглалт, хайгуул хийхээсээ өмнө тухайн талбайд соёлын өв, дурсгал бий эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргадаг үүргийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу хүлээдэг. 1999 онд эзэмшигч байсан “Каскадиа Майнинг” компани манай хүрээлэнд хандаж хайгуул, судалгааны ажил хийлгэсэн байдаг. Энэ үед гурван удаа баг томилж судалгаа хийхэд 81 дурсгал нэмж илрүүлсэн. 2005 онд “Сентерра Гоулд Монголиа” компани МУИС-ийн Архео­логи, антропологийн тэнхимд хан­даж хайгуул, судалгааны ажил хийлгэсэн байгаа. Ин­гэх­дээ “Бороо гоулд”-ын үйлд­вэрээс энэ орд хүртэлх авто замын дагуух судалгаа хийсэн байдаг юм. Тэгэхэд 63 дурсгал илрүүлсэн. Яг Гацууртын ордын талбай дотор дурсгал илрээгүй гэсэн тайлан байдаг. Ингээд Ноён уулын бүс нутагт нийтдээ 374 дурсгал бий.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын
Эрдэс баялгийн татварын хэлтсийн ахлах байцаагч Д.Батчимэг:


-“Бороо гоулд” компанийн татвар төлөлтийг 2002 оноос хойш бид нэгтгэсэн судалгаа хийж яваа. Манай хэлтэс сүүлд шинээр байгуулагдсанаас хойш уул уурхайн компаниудын татварын тооцоолол хийж байгаа. Энэ явцад уул уурхайн гэрээн дээр дүгнэлт судалгаа хийдэг юм. Тэр дүнгээсээ бид танилцуулъя. Гэхдээ 2014 оны тайлан, дүнг оруулж чадаагүй, хамгийн сүүлч нь 2013 оноор таслагдсан байгаа юм шүү.
“Бороо гоулд” компани 2002-2013 оны хооронд нийт 11 төрлөөр 263 тэрбум 490.5 сая төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татваруудыг ярихад 150 тэрбум 420 сая төгрөг, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 73 тэрбум 773.8 сая төгрөг, өсөн нэмэгдэх амнатаар бол 2626.4 сая төгрөг, алтны үнийн өсөлтийн албан татвараар 5376.5 сая төгрөгийн голлох үндсэн татварууд төлсөн байна. Мөн ус рашаан ашигласны төлбөр, газрын төлбөр, бусдаас суутгасан албан татвар, автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын албан татвар, бууны татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлжээ. Энэ аж ахуйн нэгж маань өөрөө тогтвортой байдлын гэрээтэй учраас гэрээгээр тогтворжуулсан татвараар 91 тэрбум 167.7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн юм байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд тогтвортой байдлын гэрээнд зөвхөн бусдаас худалдаж авсан, суутгасан 51 тэрбум 242 сая төгрөг буцаан авсан юм байна. Нарийн мэдээллүүд тусдаа бий.

“Сентерра гоулд Монголиа” компанийн захирал Д.Сандаг:

р хамтарч ажилладаг. Ялангуяа Сэлэнгэ аймагтай, Баянгол, Мандал сумтай, Түнхэл тосгонтой маш ойр ажилладаг юм. Үүний нэг хэлбэр бол хамтын ажиллагааны, сум хөгжлийн хэд хэдэн ажлын хэсэг. Тэд сар бүр цуглаж уулзаад, гол гол асуудлаа хэлэлцдэг. Сумдад хэрэгжүүлж буй төслийн гол үр дүн, цаашдын төлөвлөгөөг тогтмол ярьдаг. Үүнийг Эрдэнэхүү дарга мэднэ, бусад нь ч мэднэ. Яг одоо ярьж буй орон нутагт хэрхэн хандах нь ойлгомжгүй гэдэг дээр хэлэхэд Гацууртын төсөл маань их эрт эхэлсэн. Анхны нөөцийг 2007 онд тогтоож, ТЭЗҮ-г 2008 онд боловсруулж байсан. Ашиглалтад бэлдэх шатандаа явж байтал 2009 онд “урт нэртэй” хууль гарч ирээд төсөл зогссон. Тэр бүү хэл Засгийн газраас ажлын хэсэг гараад хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийж байсан юм шүү дээ. Ингээд хуулиар хязгаарлагдсан учир зогсоод яг олборлолтын талбай нь тэр хуульд хамрагдах уу үгүй юу гэдгийг тодорхойлох ажил бүтэн хоёр жил үргэлжилсэн. Улсын хэмжээнд өрнөсөн юм шүү. Нэгэнт энэ талбай маань ойн сав газарт орчих магадлалтай учраас төслөө түр зогсоосон. Гэтэл 2012 онд УИХ-ын тогтоол гарч усны эх бүрдэх юм уу ойн сан газар нь аль вэ гэдгийг илтгэх хил хязгаар тодорхой болсон. Хуулиар хориотой болчихсон учраас төслөө хэрэгжүүлэх гэж байгаа мэтээр хамаагүй ярьж, орон нутгийнханд хэлж, төслөө сурталчилж болохгүй гэж бид ойлгосон юм. Энэ маань эхлээд хуультай холбоотой. Нөгөө талаас төслийн ТЭЗҮ, нөөцийн тооцоог дахин боловсруулах шаардлага гарсан. Явсаар 2013 онд дахин судлаад, 2014 оны эцсээр ТЭЗҮ-гийн шинэчилсэн хувилбараа батлуулсан юм. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас УИХ-д Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах асуудал оруулсан. Тэгэхээр эхний ээлжинд төрөөс зарчмын шийдвэр нь гарч ашиглах, үгүйгээ тодорхой болгож байж компани хэдий хэр ашиг олох, түүнээс хэрхэн зарцуулах гэх зэрэг тооцоогоо гаргана шүү дээ. Ингэж орон нутгийнхантай ярилцах бололцоо дөнгөж одоо л бий болж байна. Эрдэнэхүү дарга, сум, аймгийн удирдлагад олон удаа хэлсэн. Та бүгд хүлээж бай, бид иргэддээ танилцуулна гэж байсан юм шүү. Ийм учиртай.

“Босоо хөх Монгол бүлгэм”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин:

-2005 оны арван­хоёрдугаар сард сумын ИТХ-аар Ноён уул орчмын 31.5 мянган га газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч зөрчих эрхгүй. Үүнээс хойш хайгуул хийснээс өгсүүлээд одоог хүртэл бүх үйл ажиллагаа хууль бус юм шүү. Мөн 2009 онд авсан зураг бий. Энд битүү модтой байсан бол сая авсан зурган дээр нэг ч мод байхгүй. Үүнийг ашиглахын тулд “урт нэртэй” хууль гарчихсанаас хойш яасан их мод устгаж, хууль зөрчсөн бэ гэдгийг харуулж байгаа юм. Битүү торон хашаа барьчихаад, дотор нь яаж дураараа авирладаг нь үүгээр нотлогдоно. Алттай чулуулаг буюу хүдрийг олон сая тонноор олборлож, хаягдал гаргана, тэр нь сульфиттай гэж компанийн захирал өөрөө хэллээ шүү дээ. Тэрийг овоолго болгоод орхихоор бороо орж норно. Овоолгыг угаагаад урссан ус нь Хараа, Ерөө гол руу орж, цаашлаад Орхон, Сэлэнгээр дамжаад Байгаль нуурт хүрнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай улс ганц ордоос болж дэлхийн цэнгэг усны том нөөц рүү хорт бодис нийлүүлж “Ногоон терроризм” үйлдэх гэж байгаа юм. Энэ цөөхөн баримтад л үндэслээд Гацууртын ордыг ухахаа болих хэрэгтэй. Засгийн газарт танилцуулсан гээд байгаа албан бичиг, хөтөлбөр бол үлгэр шүү.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга:

-Уржигдар/24-ний өдөр/ Ерөнхий сайдын захирамжаар Гацууртын ордыг ашиглаад эхэлбэл тэр хавийн соёлын дурсгалд яаж нөлөөлөх вэ гэдгийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан. Түүний ахлагчаар намайг томилсон юм. Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу компанийн захиалгаар археологийн судалгаа, тандалт хийдэг. Өнөөг хүртэл юу ч илрээгүй боловч ухаад эхлэхэд булш, дурсгал гарч ирэх үү гэж хүмүүс асууж байна. Тэгэхээр түүнийг олж мэдье гэвэл ухах л хэрэгтэй юм. түүнээс өөр аргаар мэдэх бололцоогүй. Өөрөөр хэлбэл, уурхайг ухах явцад соёлын дурсгал гарахыг үгүйсгэхгүй, гарч ирвэл хяналтаа тавьж, хариуцлагатай ажиллах л үүрэгтэй гэсэн үг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан:

-Ноён уулын тухай хэлэлцүүлэг зохион байгуулъя гэж бодсон ч Сар шинийн баяр болчихсон. Мөн холбогдох талуудыг цуглуулахад цаг хугацаа шаардагдсан гэдгийг хэлье. Оройтсон байж болох ч зохион байгуулсан нь хэрэгтэй боллоо. Энэ хэлэлцүүлгээс би өөртөө л гэхэд хэдэн баттай ойлголт авсан. Юун түрүүнд, энэ газарт шороон ордыг 10 шахам жил олборлож байжээ. Нэг талдаа уул уурхай, нөгөө талдаа соёлын өв байгаа. Үүнд хэд хэдэн судалгаа хийхэд ашиглалтын талбайд булш, бунхан байхгүй боловч ухах явцад гараад ирэх магадлалтай юм байна.
Манайд хариуцлагагүй уул уурхай байсан. Лицензүүдийг зогсоож, хэлэлцүүлэг хийж байгаад шинэ бодлого боловсруулж өнгөрсөн 2014 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн. Саяхнаас лиценз өгч эхэлсэн. Монголд шинээр лиценз олгосноос хойш хариуцлагатай уул уурхайн эрин эхлэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гурван зүйлээс бүрдэнэ. Нэгдүгээрт, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, хоёрдугаарт, байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашигладаг, гуравт, нийгмийн зөвшилцөл дээр суурилсан байх ёстой. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Ил тод бай” гэж хэлж байгаа. Бид энэ оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансан дээр 5 саяас дээш төгрөгийн гүйлгээг тавьдаг болсон. Өнөөдрийн хэлэлцүүлэг бол ганц компанийн тухай биш, хариуцлагатай уул уурхайн эрин эхэлж байгаа энэ үед нийт уул уурхайн компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ил тод, ойлгомжтой, хэмжүүртэй, хэмжигдэхүүнтэй хэлээр ярих ёстой.

Б.Ганбилэг 

0 Сэтгэгдэл
Юу гэсэн үг вэ? Урьд нь МАН -г төр барьж байхад хаиуцлагагүй уул уурхай байж дээ . Ямартаа л Сү.Батболд бороо гоүлдийн хувь эзэмшиж 40-н тонн алтаа зүгээр гаргасан гэх ! Сү.Батболд гэж нэг урвагч ч юм уу ? хятадын хүүхэд ч юм уу?
Uhsen hatsanii hariuzlagatai uul uurhai zugeer l bolij uz,zaaval gazar uhaj yah geed baidag bna,tariagaa tarij,hunsee beldej chadahgui baij olon teneg zuil yarih aa boli,Jigjid mash muu hun jum bna,mongoliin baylagiig yagaad gadniihan uhah gej ,yadaj or ihtei 1000 bayar ni uhaj baival deer,buur hol deer
hariutslagatai uul uurhai gene ee,salaavch
Яг л хариуцлагатай байж харагдаач, үндэстэн дамнасан луйварчдыг оруулж байж өөр юм яриад яахав. харах царайны хөгийн луйварчид л байна
Хамгийн их уншсан