Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАЛСАНСҮХТЭЙ ХАМТ БУРХНЫГ ЗҮХМЭЭР...

Заримдаа цаазын ял байсан бол гэж аргагүй бодоход хүрэх юм. Хэдийгээр “Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг за тэгээд олон улсын конвенц энэ тэрд гарын үсэг зурсан, цаазын ялыг үгүй хийхийг дэмждэг улс орон. Ингэснээр дэлхийд нэр хүндтэй” энэ тэр гэж тайлбар тавих хүн олон ч би хувьдаа цаазын ял байхыг хүлээн зөвшөөрөх үү гэвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Жигшүүрт хэрэг үйлдсэн хүнд цаазын ял онооно гэдэг харин ч зөөлдөх юм биш үү гэж хэлж байсан хүнтэй таарч л байлаа. Гэвч амьдрах л гэж энэ орчлонд хүн болж мэндэлсэн, тэр тусмаа эмэгтэй хүн болсныхоо төлөө түмэн зовлонг амсч төлөөсөнд нь амиа өргөж байгаа бяцхан охидыг бодохоор хоолойд юм тээглээд нүднээс нулимс асгардаг юм. Би өөрөө эмэгтэй хүн бас хоёр охинтой. Охин хүүхдийн тус дэмийг хамгаас илүүтэй мэдэрсээр өнөөдрийг хүрч байна.
Охин үрдээ амьтнаас дор араншин үзүүлж, эрхэлж туниад бас мөрөөдөж байх тэр л цагт нь нөгөө ертөнц рүү хорвоогийн бүхий л зовлонг үүрүүлээд илгээчихэж байгаа тэр араатнуудтай хөрст дэлхий дээр хамт гишгэмээргүй байна.
Дэлхий бузартчихна. Тэр хүний гишгэж байгаа хөрсөнд, тэр хүний амьсгалж байгаа агаараас хумхийн тоосын чинээг ч охин үрдээ хүргэмээргүй байна.
Муу муухан аав, ээжийг бишгүйдээ л мэднэ. Сэтгүүлчийн дэвтэр үзэг хоёроос өөр юу ч үгүй шинэхэн байхдаа хүүхдийн тухай л бичдэг сэтгүүлч болно доо гэж мөрөөдөж байлаа. Зах дээр тэрэг түрдэг, явж байгаа галт тэрэгнээс нүүрс буулгадаг гээд л олон хүүхэдтэй уулзаж, бие нь тамирдсан ч нүдэнд нь гал, сэтгэлд нь мөрөөдөл байгааг ухаарч байсан учраас би тэдний тухай бичдэг байлаа. Гэхдээ аль болох нэрийг дурдаж, зургийг нь гаргахгүйг хичээдэг байлаа. Энэ бол мэдээж манай сэтгүүлзүйн алтан дүрэмтэй холбоотой. Чиний уулзсан хүүхэд ирээдүйд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн бас мундаг бизнесмэн болно. Тиймээс ирээдүйд нь чи хар толбо үлдээх ёсгүй гэдэг үгийг ухамсарладаг учраас тэр.
“Архичин аавтай, аавыг дагаад ээж архи уудаг болчихсон. Ээж орхиод явчихсан. Хойт эцэг зодоод” гээд л өөрийн ертөнцөө илэн далангүй дэлгэж ярихыг би зөндөө сонссон. Гуравхан настай охин “Атар өргөө” компанийн хаягдал дээрээс болсон болоогүй гурилан бүтээгдэхүүн түүгээд эцэг эхээ, хөхнөөсөө гараагүй дүүгээ тэжээгээд явахыг ч үзсэн. Гэрт нь очиход эв эрүүл мөртлөө сэгсийж халтайчихаад хүүхдийнхээ олж ирсэн жаахан гурилыг хайраад идэж суугаа залуухан эцэг эхийг хараад ой гутаж байсан. “Ажил хийгээч ээ, арай ч дээ” гэхэд тэд бичиг баримттай болчихвол ажил хиймээр л байна. Малгүй болоод хотод ирээд гээд түмэн зовлон тоочсон ч элдвээр харааж, хөөгөөгүй юм даг. Тэднийг хамгийн муу эцэг эх гэж бодож л байлаа. Улаан чулуутад овоохой барьчихаад жил дараалан хүүхэд төрүүлсэн гэр бүлийг ч харсан. Орцонд шатны хонгилд хоног төөрүүлж хүүхдүүдээ төрүүлж бас сургуульд оруулж, нөхөр нь архи ууж, эхнэр нь цагдаад барьж өгч... Ийм амьдрал нүдний өмнө хэвийн үзэгдэл мэт өрнөх болсныг мэдрэх тусам муу эцэг эхийн зовлонг энэ л бяцхан амьтад үүрч байгаад үнэхээр харамсч байлаа. Гэвч тэд бол өчигдрийн олон нийтийн сүлжээгээр тархсан охиноо хэрцгийгээр хөнөөсөн мунхаг эцгийн дэргэд дэндүү сайн эцэг эх.
Тэд хүүхдээ гудамжинд хаяагүй, бас зодож нүдээгүй... Гэхдээ тэднийг хараад нүд хальтарч, үзэн ядаж байлаа. Энэ бүхний ард эмтэрч, халирч байлаа. Харамсалтай нь...
Дөрөвхөн настай охиноо хойт эхтэй нь нийлж зодож гэмтээчихээд эмнэлгээс би гомдолгүй ээ гээд хүүхдээ аваад гарсан, гол нь тасрахыг хараад сууж байсан гэх эцгийн тухай сонсоод “Шууд л цаазлах хэрэгтэй” гэж өөрийн эрхгүй дуу алдлаа.
“Бурхан заримдаа дэндүү тэнэг юм”.  Хүний амьдралыг зураад өгдөг л юм бол муу хүнд үр хүүхэд заяаж, хүүхдийн буян заяаг үгүй хийх зөвшөөрөл олгоод байдгийг хэрхэн тайлбарлах вэ. Хэчнээн сайхан залуус үр хүүхэдтэй болохын хүсэлд живээд бэтгэрч шаналж яваа билээ дээ. Гэтэл алуурчны гарт халуухан амийг атгуулчихаж байгаа бурхныг алдарт Галсансүхтэй хамт зүхмээр үе байх.
Олон нийтийн сүлжээгээр алуурчдыг зарласан ч мөн биш гэх янз бүрийн л сэтгэгдэл ард нь үлдээжээ. Гэхдээ яаж ч бодсон анхны хүүхэд нь дөрөвхөн настай гээд бодохоор залуухан л хүмүүс байж таараа. Дөнгөж саяхан л ээжийнхээ өврөөс гарч, аавынхаа гэрээс сугарсан ёстой монголчуудын хэлдгээр борвиныхоо баасыг арилгаж чадаагүй байж бухын баасаар бааж суугаа ийм араатнууд орчлонгийн тоосыг хөдөлгөөд яадаг юм. Ийм хүн болсон, болж байгаа гэж аав ээж нь тэднийг хэзээ ч өсгөөгүй. Аав, ээжийгээ ардаа хэрхэн эмтэрч байгааг тэд хэзээ ч ойлгохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Дөрвөн настай хүүхдийг юм ойлгох цаг нь болоогүй ээ гээд монголчууд чанга дуугарч ч загнадаггүй. Гэтэл тэд гар хүрээд зогсохгүй, хуруун чинээхэн зүрхийг нь базчихаад яаж бусдын нүүрийг харж чадаж байна аа.
Өнөөх Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн төсөл хаа явна вэ эрхэм хүндэт УИХ-ын гишүүд минь ээ. Ашигт малтмалаа олборлох гэж яардаг шигээ Монгол гэр бүлээ, монгол хүнээ хуулиар бүрэн хамгаалахын тулд бас яаръя.
Мөнгө албан тушаалын хэнээрхэл, улстөржсөн тоглоомоо түр хойш тавиад Монгол гэр бүл хэрхэн төлөвшиж байгааг тойргийнхоо таван өрхийг давхарга бүрээс сонгоод зочил л доо.

Н.Бат

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан