Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Японы харилцаа хөгжлийн оргил үедээ орж байна

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

УИХ-ын даргын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр амжилттай өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна.

2015 оны 2 дугаар сарын 24. Мягмар гараг.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.02.24-ний өдөр 10 цаг 10 минутад/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр уулзах завшаан олдсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр хоёр орны Ерөнхий сайд нарын зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглээд энэ жилийн хувьд Япон, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тун сайхан эхэлж байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын парламент улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэлээ.

Хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы харилцаанд  итгэлцэл бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа УИХ-ын дарга уулзалтын үеэр хэлж байв.

Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзав

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.02.24-ний өдөр 11.00 цагт/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ. Ноён М.Ямазаки манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй гээд хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрээр "Миний бие найрамдлын бүлэгт багтдаг бөгөөд өнөөдөр хүрсэн парламент хоорондын харилцааг идэвхтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гуравдагч орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс ихээхэн анхаарч байгаад баяртай байна" гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд "Монгол, Японы харилцааны хөгжилд  Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна" гэдгийг тэмдэглээд цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлэв.

УИХ-ын даргад Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда мөн өдөр бараалхав.

Ноён С.Эда өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын даргатай уулзах боломж тохиож байсан бөгөөд өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Японы парламентын Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын зүгээс Япон, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэдгийг онцлов.

УИХ-ын дарга З.Энхболд Монгол, Японы парламентын харилцааг хөгжүүлэхэд Зөвлөхүүдийн танхимын гишүүд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэдгийг онцлоод "Өнгөрсөн зун Улаанбаатарт гарсан ”Тэнгэр, нар, түншлэл” каллиграфын  хамтарсан үзэсгэлэнг Токиод гаргах гэж байгаад баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон тус бүлгийн дэд дарга Сундуйн Батболд нар оролцоно" гэдгийг мэдэгдэв.

З.Энхболд: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол, Японы харилцааны шинэ үеийг эхлүүлж байна

УИХ-ын дарга З.Энхболд /2015.02.24/ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай Ерөнхий сайдын өргөөнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ "Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд таныг Япон Улсад айлчлал хийж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд маш чухал айлчлал болж байна" хэмээн хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд элэгсэг дотно хүлээн авч буйд нь Япон Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд "Японы ард түмэн, Засгийн газар Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжин тусалж ирснийг Монголын ард түмэн, төр, засаг өндөр үнэлж, чин сэтгэлээсээ талархаж хүндэтгэж байдгийг илэрхийлье. Ерөнхий сайд Ш.Абэ Таны дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачлагуудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр гэж үнэлдэг. Энэ нь Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй. Хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. Танай улсын парламент ч ойрын хугацаанд батална гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

2015 оны 2 дугаар сарын 25.Лхагва гараг.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихитод бараалхав

УИХ-ын дарга З.Энхболд болон түүний гэргий Т.Бат-Өлзий нар /2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14.30 цагт/ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичико нарт бараалхав.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито Япон, Монгол хоёр орны харилцаа ойр дотно байдагт туйлын баяртай явдаг гээд саяхан хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн чухал хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага яаралтай ажил хэрэг болгож баталсанд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийллээ.

Хоёр орны хооронд байгуулан Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан энэхүү хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжих болно гэдэгт итгэж буйгаа Цог Жавхлант Эзэн Хаан онцлов.

УИХ-ын дарга З.Энхболд бараалхах үеэр хэлсэн үгэндээ, “Цог Жавхлант Эзэн Хаан Танд бараалхах завшаан тохиосонд баяртай байна. Монголын ард түмэн 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал өрнүүлж, улс төр, нийгмийн тогтолцоогоо шинэчилж, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлж, шинэ хөгжлийн суурийг тавьж чадлаа. Япон Улс Монголын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг идэвхтэй дэмжин тусалж ирснийг манай төр, засаг өндөр үнэлж, талархан хүндэтгэж байдаг" гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр хоёр орны харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэхэд Цог Жавхлант Эзэн Хааны гэр бүлийнхний оруулж ирсэн хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

УИХ-ын даргад Японы Эдийн засгийн байгууллагуудын Холбооны удирдлагууд бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод Японы Эдийн засгийн байгууллагуудын Холбоо /КЭЙДАНРЕН/-ны Ази, Номхон далайн хорооны дарга Т.Эгашира мөн өдөр бараалхав.

Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт Японы компаниуд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Түүнчлэн Японы хувийн хэвшлийн хувьд Монголд зөвхөн бизнесийн түншлэлийг тогтоохоос гадна удирдлагын болон менежментийн, “Ноу-Хау” нэвтрүүлэх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ноён Т.Эгашира энэ үеэр хэллээ.

Харин УИХ-ын дарга З.Энхболд КЭЙДАНРЕН байгууллага Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ямар хувь нэмэр үзүүлж болох талаар судалгааны хэсэг илгээж, Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад зах зээлд гаргах, маркетингийн  дэмжлэг үзүүлэхэд  чиглэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааны мега төсөл хэрэгжүүлэх зэрэг бодит санал санаачилга гаргаж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов.

З.Энхболд: Манай улстай зөвхөн уул уурхайн төдийгүй хөдөө аж ахуйн салбарт ч хамтран ажиллах боломж их

УИХ-ын дарга З.Энхболдод Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Ватанабэ мөн өдөр бараалхав.

Ноён Х.Ватанабэ Япон, Монгол хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсанд баяртай байгаагаа дурдаад УИХ-ын даргын хэлсэн ажил хэрэгч саналуудыг судлан үзэж, хоёр талын бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахдаа баяртай байх болно гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, өнөөг хүртэл Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж олгох хэлбэрээр, нэг урсгалтай явж ирлээ. Цаашид энэхүү харилцааг шинэ түвшинд гаргаж бизнесийн салбарт хамтран харилцан ашигтай ажиллахад хоёр орны хувийн хэвшлийн оролцоо нэн чухал гэдгийг онцлов.

2015 оны 2 дугаар сарын 26.Пүрэв гараг.

Хүнсний ногооны гидропоник тариалангийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Чиба мужийг шинжлэх ухааны загвар хот болгон хөгжүүлж байгаа агаад тус мужид зөвхөн хүнсний ногоо, ургамлын үйлдвэрээс гадна зөгийн аж ахуйн үйл ажиллагаа ихээхэн хөгжиж байгаа аж. Энэхүү Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан нь гэрэлтүүлэг, усалгаа, бордоо, чийгшил зэрэг орчныг нь автоматаар бүрэн хянаж, тасалгааны нөхцөлд хүнсний ногоо тариалах аж ахуй юм.

УИХ-ын дарга энэ төрлийн технологийг ашиглан ургуулсан нарийн ногоо амт, чанарын хувьд хөрсөнд ургасан ногооноос онцлогтой эсэхийг сонирхоход Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай "Хэдэн жилийн өмнө Японы иргэдэд яг ийм ойлголт байсан. Гэхдээ чанар болон амтны хувьд ямар ч өөрчлөлт байхгүй" гэлээ. Мөн энэхүү технологитой танилцах үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Тоёотогийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, устөрөгчөөр ажилладаг "Мираи" автомашинтай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, устөрөгчөөр ажилладаг "Мираи" машин болон уг машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцав.

Тоёото компанийн гүйцэтгэх захирал К.Исэ УИХ-ын даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд устөрөгчөөр ажилладаг “Мираи” машиныг танилцууллаа. “Мираи” буюу “Ирээдүй” нэртэй устөрөгчөөр ажилладаг машиныг Тоёота корпораци 2015 оны 12 дугаар сараас эхлэн нийтэд зориулсан хэлбэрээр зах зээлд борлуулж эхэлжээ.

"Мираи" машин нь устөрөгчийн түлшний элемент гэж нэрлэгдэх цахилгаан генераторт устөрөгчийн түлш болон хүчилтөрөгчийг урвалд оруулан цахилгаан эрчим хүч үүсгэж, хөдөлгүүрийг ажилд оруулах зарчмаар ажилладаг бөгөөд нүүрсхүчлийн хий болон бусад хорт утааг огт ялгаруулдаггүй, яндангаас нь зөвхөн усны уур гардаг, жинхэнэ эко автомашин болж чадсан байна.

"Мираи" автомашин нь цахилгаан автомашины нэгэн адил чимээ багатай, механик эд анги нь хялбар, тогтвортой зэрэг олон давуу талтай аж. Цахилгаан автомашинаас илүүтэй тал нь нэг удаа цэнэглээд 600 орчим километр зам туулах боломжтой, шатахуун цэнэглэхэд 3 минут зарцуулдаг болохыг УИХ-ын даргад танилцуулав.

УИХ-ын дарга З.Энхболд Японы “Шинжлэх ухааны ирээдүй” ордонтой танилцав.

УИХ-ын дарга З.Энхболд Японы Шинжлэх ухааны ордонд зочилж, “Шинжлэх ухааны ирээдүй” ордон музейг үзэж сонирхов.

“Олон улсын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний тосгон” хэмээх нэртэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний цогцолбор хотхоныг 1998 онд Токио хотын дэргэдэх "Одайба" хиймэл арал дээр байгуулж, улмаар уг хотхонд нийтэд зориулсан музей байгуулах шийдвэр гарсны дагуу “Шинжлэх ухааны ирээдүй” нэртэй энэ музейг 2001 оны 3 дугаар сард ашиглалтад оруулжээ.

Энэхүү музей нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн гол гол нээлтүүд, ирээдүйн дүр зураг, төсөөллийг харуулсан сэдэвчилсэн үзмэрүүдтэй бөгөөд музей тайлбарлагч болох эрдэм шинжилгээний залуу ажилтнууд үзмэрийг тайлбарлах, үзэгчидтэй хамт туршилт хийх, тоглож наадах зэргээр үзэгчдэд шинжлэх ухаан, технологийг илүү ойлгомжтой, хялбаршуулсан аргаар тайлбарлаж ойлгуулах, биеэр мэдрэх боломж олгодог аж.

Японы анхны сансрын нисгэгч Dr. Мамору Мори өөрийн нисч байсан сансрын хөлгийг үзүүлсний зэрэгцээ тухайн хөлгийг ирж үзэж сонирхон гарын үсгээ зурж байсан Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд үзүүлж сонирхуулав.

"Мираи" буюу "Ирээдүй" гэсэн үг орсон гурван байгууллагын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга З.Энхболдод мөн өдрийн үдээс хойш Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагууд бараалхав.

Монгол, Япон Улсуудын хооронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй долоон нийгэмлэг /бүлэг, хороо/-ийн удирдлага УИХ-ын дарга З.Энхболдыг Япон Улсад албан ёсны айлчлал хийх хугацаандаа найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж буйд талархаж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр "Та бүхэн хоёр орны  харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлдэг. Найрамдлын нийгэмлэгүүдийн хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа өргөжин бэхжиж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмын дагуу хөгжиж байгаад баяртай байна" гэдгийг онцлов.

Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэлэв

УИХ-ын дарга З.Энхболд Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсаны дараа тус нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэлэв.

Монгол оронд ардчиллыг хөгжүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад  Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэснийг Монголын төр, ард түмэн өндөр үнэлж, гүнээ талархаж байдаг гэдгийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцлов.

Тэрээр  Монгол орны дотны түнш,  манай гуравдагч хөрш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлов. Түүнчлэн  Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны олон нийтийн байгууллагуудын үүрэг санал санаачилга, иргэд хоорондын нөхөрлөл чухал хөшүүрэг болж ирснийг тэмдэглээд цаашид хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бүр нэмэгдүүлж, итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхэд Та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно гэлээ.

УИХ-ын даргад Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын ерөнхийлөгч бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын ерөнхийлөгч А.Танака бараалхав. Тэрээр  УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд "Таны энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байгаа. Манай байгууллага олон жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний хамтын ажиллагааны түүх их юм" хэмээн хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд Монгол орны эдийн засгийн хөгжилд сүүлийн 20 гаруй жил дорвитой хувь нэмэр оруулж буй тус байгууллагын удирдлагатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газрын зээл, тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Монгол Улсын Засгийн газар, ард түмэн өндөр үнэлж, талархаж байдгийг тэмдэглээд Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж ирсэн зээл, тусламжийг хэрэгжүүлэхэд JICA байгууллагын гүйцэтгэж ирсэн үүрэг, роль, хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

З.Энхболд: "Улаанбаатарын олон улсын нисэх буудал"-ыг чанартай, хугацаанд нь ашиглалтад оруулах хэрэгтэй

УИХ-ын даргад З.Энхболдод "Мицубиши" компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Металлын группийн Ашигт малтмалын хөрөнгө оруулалтын газрын захирал  Канжи Нишиүра өнөөдөр бараалхав. Тэрээр УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлээд "Мицубиши" компани “Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал”-ын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаагаа дуулгав.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд Японы хөрөнгө оруулагчид, компаниудын үүрэг их болохыг онцлоод шинэ “Улаанбаатарын олон улсын нисэх буудал” барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байгаатай холбоотой асуудлаар  зарим зүйлийг тодруулан асууж, санал солилцов.

“Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ын төслийг зохих журмын дагуу, цаг хугацаандаа чанартай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэдгийг тэрээр онцлоод "Мицубиши" корпораци цаашид ч олон мега төсөлд оролцож бусад худалдааны корпорацууд, Монголд хөрөнгө оруулахыг сонирхогч хувийн хэвшлийн бусад аж ахуйн нэгжийг манлайлан ажиллахыг хүсч буйгаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Монгол, Японы харилцаа хөгжлийн оргил үедээ орж байна
Хамгийн их уншсан