Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Борис Немцовыг хэн, юуны учир хөнөөв гэх асуултын эргэн тойронд...


Б.СЭВЖИДМАА

Өнгөрсөн бямба гарагт шилжих шөнө  үл таних этгээдэд буудуулан нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцовын үхлийн ард хэн байв гэдэг ОХУ-ын төдийгүй барууны хэвлэлийн анхаарлын төвд хамгийн их яригдаж буй асуулт болоод байна. Баасан гарагийн үдэш  найз бүсгүйтэйгээ хамт зоогийн газарт оройн хоол идчихээд, 11 цаг 40 минутын орчимд гэр рүүгээ алхаж явах замдаа Кремлийн хажууханд, Москва голын гүүрэн дээр  үл мэдэгдэх этгээдэд дөрвөн удаа буудуулан газар дээрээ нас барсан түүний үхлийн тухай барууны хэвлэлүүд “Ойлгомжтой, Борис Немцов В.Путинийг эсэргүүцэгч учраас энэ хэргийн ард Кремль байх нь гарцаагүй” гэсэн өнцгөөс мэдээлж байгаа бол эрх баригчдын зүгээс энэ явдлыг Оросын улс төрд тогтворгүй байдал үүсгэх гэсэн өдөөн хатгалга гэж шууд мэдэгдсэн.


Хувилбар 1

Оросын дотоодын хэвлэлүүд ч янз бүрийн таамаг хувилбаруудын тухай бичиж байна.  Юун түрүүнд Кремлийн дэвшүүлсэн хувилбар шиг Оросын дотоодод эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн дотоодын эсвэл гадаадын этгээдийн захиалгат аллага байж магадгүй гэлцэж буй. Үүн дээр Чечений удирдагч Рамзан Кадыров “Барууны тусгай хүчин Орост дотоодын хямрал зөрчил үүсгэх гэж янз бүрийн арга ашиглаж байгаагийн нэг нь энэ” гэж мэдэгдсэн. Орос дахь Олон улсын улстөрийн хүрээлэнгийн захирал Евгений Минченко энэ хэргийг “Оросын эрх баригчдын эсрэг өдөөн хатгасан үйлдэл” гэж үзэж буйгаа мэдэгдсэн бол улс төрийн шинжээч Дмитрий Орешкин ч “Томоохон улстөрчдийн аллага дандаа өдөөн хатгасан шинжтэй байдаг. Магадгүй хэн нэгнийг айлгах, эсвэл ямар нэг зүйл турхирах гэсэн зорилготой аллага байх” гэж дүгнэжээ. Гэхдээ энэ таамаг үнэн байлаа гэхэд сөрөг хүчний нөлөө бүхий фигуруудээс яагаад заавал Борис Немцовыг сонгов гэдэг дээр энэ хувилбар бага зэрэг үндэслэл муутай гэж ажиглагчид хэлж байна. Учир нь, Б.Немцов сөрөг хүчний удирдагчид дундаа ердийн л дундаж рейтингтэй, нийгэм дэхь байр суурь нь ч тийм өндөр биш.

Хувилбар 2

Дараагийн бас нэг нийтлэг яригдаж буй хувилбар бол Б.Немцов өчигдөр буюу энэ сарын 1-нд томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байснаас гадна Украины дайнд Оросын арми хэрхэн оролцсоныг удахгүй олон нийтэд дэлгэхээр бэлтгэж байсан учир түүнийг дуугүй болгох гэж эртний “дайсан” В.Путин хөнөөлгөсөн байх гэдэг таамаг. Украины Ерөнхийлөгч Петро Порошенко энэ талаар “Украины дайнд Оросын зэвсэгт хүчин оролцсоныг хангалттай нотлох баримт Борист байсан. Тэр баримтыг дэлгэнэ гэдгээ ч мэдэгдэж байсан. Үүнээс айсан хэн нэгэн л түүнийг хөнөөлөө” гэж мэдэгдээд буй. Гэхдээ Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч хэрэг гараад удаагүй байхад нэн даруй мэдэгдэл хийж, энэ явдалд Кремль ямар ч холбоогүй гээд “Энэ балмад аллага хэт өдөөн хатгасан шинжтэй үйлдэл боллоо” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Б.Немцов нас барахынхаа өмнөхөн “Собеседник” сонинд ярилцлага өгөхдөө ээж нь түүнд байнга санаа зовж, утсаар ярих бүртээ “Путиний тухай ингэж ярихаа хэзээ болих хүн бэ. Чамайг алчихвал яана” гэж хэлдэг хэмээн өгүүлж байжээ. Ямартай ч,  хэргийн ард хэн байгаагаас үл хамааран мууг зөгнөсөн дээрх яриа биелж, В.Путин Немцовын гэр бүлд эмгэнэл илэрхийллээ.  В.Путин талийгаачийн ээжид эмгэнэлийн цахилгаан утас илгээхдээ “Хэргийн буруутныг заавал хууль шүүхийн өмнө авчирна” хэмээн амлаад хүү нь “Оросын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн”,  “нээлттэй”, “шударга” нэгэн байсныг онцолжээ.

Мэдээж, Б.Немцов Ерөнхийлөгчийг хамгийн идэвхтэй эсэргүүцэгчдийн нэг, түүний хийсэн бүхнийг буруутган шүүмжилж байдаг, үүнээсээ болж баригдаж хоригдож явсан удаатай ч түүнийг бусдын гарт амь насаа алдсаны дараа хамгийн түрүүнд В.Путинийг сэжиглэх нь тодорхой атал яагаад ийм хэрэгт орооцолдоно гэж... гэдэг асуулт гарч ирнэ. Яг энэ үндэслэл уг таамгийг бүдгэрүүлж байна. Гэвч Б.Немцовын хамтран зүтгэгчид, сөрөг хүчнийхэн энэ хэрэгт В.Путин болоод эрх баригчид, Кремль л буруутай гэж үзэж байгаа. Түүнийгээ ч илэрхийлсээр байна. Б.Немцовын амиа алдсан Москва голын гүүрэн дээр ирж цэцэг өргөн, эмгэнэл илэрхийлж буй олон мянган хүн дунд Ерөнхийлөгч Путинийг энэ хэрэгт буруутгах нь цөөнгүй байгаа тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, сөрөг хүчний идэвхтэн, “Яблоко” намын дарга Григорий Явлинский хэлэхдээ “Энэ хэргийн хариуцлагыг эрх баригчид, ялангуяа Ерөнхийлөгч В.Путин дангаараа үүрэх ёстой” гэж хэлжээ.

Бас бус таамаглалууд

Б.Немцовыг үгүй хийхэд хүргэсэн гэх бас нэг хувилбар байгаа нь улс төртэй огтхон ч холбоогүй, магадгүй түүний хувийн санхүү мөнгөний асуудалтай  ч холбоотой гэсэн таамаг. Мөрдөгчид ч энэ хувилбарыг байж болно хэмээн үзэн шалгаж байгаа тухай “Известия” сонинд бичжээ.  Борис Немцов ядуу эр байгаагүй. Тэрээр 2008-2009 оны үед нэг найздаа 700 мянган ам.доллар зээлүүлээд эргүүлж авч чадалгүй, шүүх дээр очихдоо тулж байж. Шүүхээс түүний талд шийдвэр гарсан ч тэрээр мөнгөө олж авсан эсэх нь тодорхойгүй. Энэ мэт хувийн өглөг авлага, өш хонзонгийн асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Тэрээр 2012 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдахдаа жилийн орлого нь 18 сая рублиэс дээш, гурван орон сууцтай, нэгийг нь охинтойгоо хамтран эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байдаг. Б.Немцов Нижний Новгород хотын захирагчаар 1990-ээд онд ажиллаж байсан. Тэр үеийн ажил төрөл, бизнестэй нь ч энэ хэрэг холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж Думын гишүүн В.Жириновский хэлсэн юм.
В.Путин, Украины дайн, санхүү­гийн асуудал гээд янз бүрийн ху­вил­­ба­руудаас гадна Парист гар­сан “Шарли Эбдо” сэтгүүлийн халд­лагыг шүүмжилснээсээ болж, хэт үзэлт­нүүдийн  заналхийлэлд өртөж байсан нь ч хэрэгт холбоотой байж магадгүй.

Б.Немцовын үе мултарсан найз бүсгүй

Олныг цочирдуулсан улстөрчийн үхлийн цаана хэн, юу байв гэдэг энэ мэт хувилбаруудаас гадна түүнтэй хамт явсан украин эмэгтэй олны сонирхлыг их татаж байна. Хэрэг гарах үед цуг явсан ч эсэн мэнд үлдсэн 24 настай, загвар өмсөгч Анна Дурицкая хэмээх тэр бүсгүйтэй Б.Немцов дотно холбоотой болоод удсан бололтой. А.Дурицкая 2008 онд Киевиийн үндэсний эдийн засгийн сургуульд нягтлан бодох бүртгэлийн ангид элсэн орж, суралцаж байх хугацаандаа загвар өмсдөг байжээ. Тэрээр “Amodels” хэмээх Украины загварын агентлагт ажилладаг байсан нь загвар өмсөгч бүсгүйчүүдийг баян чинээлэг эрчүүдэд зуучилж өгдөг газар байсан бөгөөд магадгүй тэгж яваад Борис Немцовтой танилцсан байх гэлцэж байна. Тэрээр саяхан Швейцарьт очиж, үр хөндүүлсэн гэдэг мэдээллийг ч хэвлэлийнхэн олж авчээ. Үүнээс цаашхи мэдээлэл нь хэрэгт холбогдож болзошгүй учир одоогоор нууц байгаа аж.

Гэмт хэрэгтнүүдийн машиныг олсон уу

Хэргийн мөрдлөгийн явцаас сүүлийн үеийн мэдээллийг хүргэвэл Борис Немцовыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн унаж байсан гэх машиныг цагдаагийнхан хотын төвөөс олжээ. Хэргийн газарт харагдсан цагаан машинтай ижил Форд маркийн тус машиныг Смоленскийн метроны буудлын ойролцоо орхисон байсныг олжээ. Хэрэг гарах үед гүүрээр хэд хэдэн машин явж өнгөрсөн байдаг. Үүнээс гэмт хэрэгтнүүд цагаан машинтай байсан гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан гурван машин хайж буйн нэг нь энэ аж. Гэхдээ эдгээр машины албан ёсны эзэмшигчид нь хэрэгт ямар ч холбоогүй болохыг цагдаагийнхан тогтоосон гэнэ. Хэрэг гарснаас хойш хоёр минутын дараа анхаарал татахгүйн тулд хэргийн газрыг 60 км/цагийн хурдтайгаар яваа орхиж машины дүрс бичлэгийг Оросын телевизүүд дамжуулж байна. Гэхдээ энэ нь чухам гэмт хэрэгтнүүдийн унаж явсан машин мөн эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа юм.

Ямартай ч, улс төрийн бусад захиалгат аллагатай харьцуулбал энэ хэрэгт цөөнгүй гэрч байгаа учраас гэмт хэрэгтнийг олох магадлал өндөр гэж Холбооны аюулгүй байдлын газрын дарга асан, Төрийн Думын орлогч дарга Николай Ковалёв үзэж байна.  Дотоод хэргийн яамнаас ч “Хэргийн гэрчүүд байгаа, гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж буй учраас тэдний тухай, тэднийг өгсөн мэдүүлгийн тухай мэдээлэх боломжгүй” гэж мэдэгдсэн. Ямар ч улсын хувьд захиалгат аллагыг илрүүлэхэд амаргүй байдаг ч Орост энэ төрлийн гэмт хэргийн буруутнуудыг харьцангуй сайн илрүүлдэг гэж Н.Ковалёв хэлээд Б.Немцовын хэрэгт гэрчүүд шийдвэрлэх нөлөөтэй гэж мэдэгдсэн байна.

М.Тэтчерийн илрүүлсэн ирээдүйн удирдагч

55 насандаа хорвоог орхисон Б.Немцов 1990-ээд оны эхээр Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер Нижний Новгород мужид айлчлах үеэр анх олны хараанд өртсөн гэдэг. Залуухан мужийн захирагчийн хэрэгжүүлж буй зах зээлийн нийгмийн шилжилтийг төмөр хатагтай магтан сайшааж, “Оросын ирээдүйн удирдагч” гэж нэрлэж байжээ. Хэдэн жилийн дараа тэрээр Борис Ельциний үед Ерөнхий сайдын орлогч хүртлээ дэвшиж явсан ч хэт барууны үзэл суртлаасаа болж нэг л мэдэхэд сөрөг хүчний тэмцэгч болон хувирчээ.

Чернобылийн гамшгийн дараа орон нутагтаа эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулснаас түүний сөрөг хүчний амьдрал эхэлсэн бөгөөд 2011 оны шинэ жилээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэж хоригдож байв. Гэсэн ч тэр В.Путиний эсрэг шүүмжлэлээ хэзээ ч зогсоож байсангүй, эцсээ хүртэл сөрөг хүчний үүргээ гүйцэтгэсээр байсан юм. Оросын Бүгд найрамдах намыг удирдаж байсан, дөрвөн хүүхдийн эцэг тэрээр улс төрийн их ажлын хажуугаар өөрийн үндсэн мэргэжил болох физикийн шинжлэх ухааны 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж байжээ. 

Б.Немцовыг маргааш сүүлчийн замд нь үдэх бөгөөд түүний амиа алдсан Москва голын гүүрийг зорьж, эмгэнэл илэрхийлэн, цэцэг өргөгчдийн цуваа тасрахгүй байна. Түүний зохион байгуулахаар төлөвлөж байсан гуравдугаар сарын 1-ний жагсаал ч өчигдөр болж, 50 орчим мянган хүн оролцсон гэдэг мэдээ байна.

0 Сэтгэгдэл
uh uh
Хамгийн их уншсан