Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батгэрэл: Хүнд ээлтэй ажил гэж байдаг юм

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж гэмээнэ, түүний үрээр олон хүний амьдрал өөдлөн дэвжинэ гэдэг. Энэ удаагийнхаа буланд төрөл бүрийн материалаар цүнх, түрийвч урлаж багахан хэмжээний үйлдвэрлэл эрхэлж яваа С.Батгэрэл бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр “Хүн бүр үндэсний брэндийн эрэлд мордож буй энэ үед жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн чанартай байх ёстой. Тэгэхгүй бол монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэе гэсэн иргэдийнхээ сэтгэлийг үгүй хийх болно” хэмээн намайг угтсан юм.

-Хоёулаа ярилцлагаа оёх арга техникийг хэзээ хаана сурсан үеэс эхэлье. Энэ ажлыг хэдэн жил хийж байна?
-Би уг нь гоо сайханч мэргэжилтэй. Салонуудад гоо сайханчид сард 600-700 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Гэхдээ хийснээрээ, тогтмол биш. Дээр нь төрөл бүрийн татаас авдаг. Ер нь сар болгон цалин гэж хэдэн төгрөг харж суух  хэцүү юм билээ. Тэгээд жирэмснийхээ амралтыг авч гэртээ суусан. Энэ үедээ хорооныхоо оёдлын сургалтад сууж оёдол хийж сурсан. Цүнх, түрийвч оёж зарах зах зээл байгааг олж харчихсан байсан юм. Гоо сайхны салонд ажиллаж байхад бүсгүйчүүд брэндийн цүнх түрийвч өндөр үнээр авснаа их ярьдаг. Интернэт сайтуудаас цүнх түрийвчний эсгүүр харж эхний ээлжинд ээж, дүү, найзууддаа оёж өгч байсан. Материалуудыг нь өөрсдөөр нь авахуулаад би оёж өгдөг байсан юм. Зургаан сар гаруй энэ маягаар явсан. Хүн ер нь өөрөө хүсээд хичээвэл юуг ч хурдан сурах юм билээ. Гоо сайханч хийж байхдаа ч юм оёх дуртай байсан л даа.

-Үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн том бэрхшээл бол борлуулалт. Оёод үйлдвэрлээд байдаг, борлуулалт байхгүй бол ямар ч урамгүй байх. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ, дээр нь худалдах аргаа хайна гэдэг хэцүү?
-Миний хувьд эхний ээлжинд салоноор үйлчлүүлдэг байсан бүсгүйчүүдэд санал болгосон. Хувиараа жижиг үйлдвэрлэл эхэлж байгаа гээд оёсон цонх, түрийв­чээ үзүүлсэн. Үзсэн хүн бүр л худалдаж авсан. Өөрөөр хэлбэл өөрт байсан давуу талаа ашигласан гэсэн үг. Бүтээгдэ­хүүнээ борлуулаад өөрийн гэсэн мөнгө олоод ирэхээр хүмүүстээ илүү гоё юм хийе, яавал бусдаас өвөрмөц байх вэ гэсэн бодол төрдөг юм билээ. Дээр нь үйлдвэрлэгчид хамгийн гол нь худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээг мэдрэх нь чухал санагдсан. Мөн загвар, чанар сайн байх хэрэгтэй. 

-Танайх зээл авсан уу. “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгө гэж дүүрэг сум бүрт очиж байгаа. Ер нь төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл хэр байна?
-Одоогоор зээл хөөцөлдсөн юмгүй л байна. Хороон дээр үйлдвэрлэгчид нэгдээд хадгаламж зээлийн хоршоо байгуулсан. Гишүүн болохын тулд 20 мянган төгрөгөөр элсдэг. Ингээд 500 гишүүн элсээд 10 сая төгрөг бүрдсэн. Энэ мөнгийг үйлдвэрлэгчдээр төсөл бичүүлээд шалгарсан төсөлд нь хоёроос гурван сая төгрөг гэх мэтээр олгох юм билээ. Харин бусад төрлийн хөнгөлөлттэй зээлийг сайн мэдэхгүй байна. Өмнө нь зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлье гэж бодож байсангүй. Гэр бүлийнхээ хэрэгцээгээ хангахуйц мөнгө олоход л хангалттай гэж боддог байлаа. Тэгсэн хүн бүр л үйлдвэрлэлээ өргөжүүл, зээл ав гэж зөвлөх болсон шүү.

-Эдийн засгийн хямрал гээд гадуур бараа бүтээгдэхүүний борлуулалт жаахан тааруу байх шиг. Таны хувьд?
-Нэг их мэдрэгдсэн юм алга. Энэ ажлаа эхлээд жил л болж байна. Тэгэхээр хаврын сар дундаа ороод ирэхээр л өнгөрсөн жилийнхээс ямар байх нь мэдрэгдэх байх.

-Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?
-“Бөмбөгөр” худалдааны төвд байдаг дэлгүүртэй л хамтарч ажиллаж байна. Хүссэн материал минь байхгүй бол захиална. Бүтээгдэхүүний чанар материалаас шалтгаалдаг. Бүтээгдэхүүнээ аль болох сайн материалаар хийхийг боддог. Гэхдээ материал үнэтэй туссан гээд бүтээгдэхүүнээ үнэтэй болгож болохгүй. Ер нь давс хужрыг нь тааруулна гэдэг шиг л аль алиныг нь зохицуулж сурч байна. Хүнд чинь хийхэд ээлтэй ажил гэж байдаг юм билээ. Би гоо сайханч хийж байхдаа сарын 500-600 мянган төгрөгийн цалин аваад амьдралд минь арай л гэж хүрэлцдэг байсан. Харин энэ үйлдвэрлэлээ явуулс­наар цаанаас бүх зүйл бүтээд байх шиг.
 
-Үнээ яаж тогтоодог вэ. Цэвэр арьсан цүнх гэхээр нэлээн үнэтэй болоод явчихдаг?
-Одоо бүсгүйчүүд голдуу цүнхээ түрийвчтэйгээ хослуулах сонирхолтой болсон байна. Хосоор нь материал, орж байгаа бусад хэрэглэлүүдээс нь хамаараад 55 мянган төгрөгөөс дээш хийдэг. Захиалбал хоёр хоногийн дотор гарна. Одоо цүнх, түрийвчинд хэрэглэх төрөл бүрийн гинж, гоёл чимэглэлийн сонголт их болсон. Юм олдохгүй гэх зовлон алга. Гагцхүү тухайн бүтээгдэхүүнийг урлах хүний сэтгэл, сэтгэн бодох чадвар л чухал байна. Үнэтэй брэндийн ямар ч цүнхнээс дутахгүй бүтээгдэхүүн үйлчлүүлэгчийн хүссэнээр нь сайн материалаар оёх бүрэн бололцоотой.

 Б.МЯГМАРЖАВ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан