Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Банди: Хиймэл дагуул ашиглан сансраас тарвагаа тоолдог болсон

Хустайн нурууны энгэрт сүрэг тахь бэлчиж, уулын оройгоор буга идээшлэн, тарвага дошныхоо аман дээр суугаад шоолох мэт хошгирч байгаа нь энгийн л нэг үзэгдэл. Цаанаа л нэг амар амгалан тайван орчин учраас “Амьтдын диваажин” гэж нэрийдсэн нь оноосон юм шиг ээ. Буга согоо, дорго, бор гөрөөс, аргаль, үгүй болох дөхсөн цагаан зээр, тарвага зэрэг амьтад, хар өрөвтас, тоодог, хун, тас, ёл, бүргэд, тогоруу мэтийн жигүүртэн шувуу энэхүү амьтдын диваажинд айх аюулгүй амьдарч байна. Харин энэ бүгдийг хариуцдаг “Хустайн цогцолборт газар” төрийн бус байгууллагын захирал Н.Банди гуайтай ярилцлаа.
   
-Хустайн нуруунд нутагшсан тахийн тоо 260 хүрчээ. Харин буганы тоо толгой хэд хүрч байгаа бол?  
-Бид сард нэг удаа тооллого хийдэг. Өнгөрсөн сарын мэдээллээр 700 гаруй буга тоологдсон.

-Амьтад өөрсдөө ирээд нутагшдаг болчихсон гэж байсан?
-Тийм ээ. Өмнө нь бараг эзгүй байсан 50 мянган га энэхүү газар нутаг өнгөрсөн хугацаанд бүрэн хамгаалттай болж чадсан. Цагаан зээр, аргал, янгир ирж нутагшсан. Мөн тарвага зурам нь хүртэл өсч байгаа. Колумб улсаас амьтан судлаач оюутан ирж, тарвагыг хиймэл дагуул ашиглан тоолох ажил хийсэн. Цаашдаа тэр залуу тарвагыг тогтмол тоолж байна гэсэн үг. Хустайн нуруунд олон орноос судлаач ирж ажилладаг учраас олон улсын сургалт судалгааны төв байгуулахаар зорьж байна. Манай нутагт нийтдээ 46 төрлийн хөхтөн амьтан, 20 зүйл шоргоолж, 380 гаруй төрлийн хөрсний шавьж байна. Дэлхийд бүртгэгдээгүй шавьж хүртэл шинээр илэрсэн.

-Тийм үү. Холбогдох газар нь бүртгүүлчихсэн үү?
-Тэгэлгүй яахав. Хөрсний шинэ шавьжаа Epidamaeus Khustaiensis хэмээн нэрлэж дэлхий дахинаа тэмдэглүүлсэн.

-Цэнхэр яргуй ид нүдлэж байна. Ховор зүйлийн ургамлуудаасаа сонирхуулаач?
-Гайхуулах зүйл зөндөө бий дээ. Согоосуман башир, уруулт гэзгэнэ, цагаан уул, холтсон цэцэг, хөвөн оройт, эмт сөд гээд ховор ургамлаар ч баян даа.

-Танай цогцолборт боохой сайн дураараа морилж суурьшсан гэсэн. Амьтдадаа ямар нэг халгаа байхгүй юу?
-Манай газар нутагт идээшсэн боохойнууд бий. Байгаль хамгаалаг­чид бид гадуурхаж байгаагүй. Дохиололтой хүзүүвч зүүж чононуудын байршлыг нь хянаж, хаана ямар хэрэг тарьж явааг нь төвөггүй мэдчихнэ. Гэхдээ өөрсдөө  цогцолборын нутаг дэвсгэрээс гарч тэнэж яваад анчдын суманд өртчихдөг талтай. Өмнөх жилүүдэд Төв аймгийн нутагт, цаашлаад Булганы Дашинчилэн сумын нутагт тэнэж яваад хэдэн чоно алуулсан. Саяхан гэхэд Батсүмбэр тусгай хүзүүвчтэй чоноо алдчихсан. Дохиолол нь мэдрэгдэхээ болихоор тэр орчмын нутагт амьгүй боллоо л гэсэн үг. Шувууд бол улс дамнаад хол явчихдаг.

-Тийм үү. Холдоо хаа хүрэх вэ?
-Дохиолол нүүсэн тас шувуу нүүдэллэж явсаар БНСУ хүрсэн. Далайн хавцалтай газарт ойртож очоод дохиолол нь мэдрэхээ больчихсон.  Үүргэвчин дохиололтой хар өрөвтас маш өндөр уулсыг давж явсаар Балба орсон нь тогтоогдсон.
-Хулгайн анчидтай яаж тэмцдэг вэ. Тарвага агнах, загас барих, бугын эвэр авах гээд л ангийн хорхойтнууд зүгээр байлгадаггүй байх?
-Янз бүрээр л тэмцэнэ дээ. Буга хулгайгаар агнах тохиолдол бий. Зөвхөн буганы чив, засаа, согооны сүүлийг авахын тулд хороодог нь харамсалтай. Монголчууд харин тахь руу ёстой буу шагайдаггүй. Хулантай андуурч хэдэн жилийн өмнө нэг удаа тахь буудаж амийг нь хороосон. Цаг агаарын нөхцөл байдал, хааяа нэг боохой унагыг нь идчих гээд байдгаас өөр хүндрэл байхгүй. Бид сүүлийн үед хулгайн анчидтай тэмцэх өөр арга олсон.

-Ямар арга вэ?
-За байз. Нууцаа хэлчихээр хулгайн анчид олоод уншчих болов уу. /бодлогошров/ Юутай ч хулгай гарч болзошгүй газруудад нууц камер байрлуулж эхэлсэн. Хулгайн анчид амьтан алчихаад зугтаах тохиолдол их гарна. Том том жийп, хурдан хөлгүүдийн араас мотоциклиор бид хэд гүйцэж чадах биш дээ. Тэгэхээр хөөгөөд гүйцэхгүй нь ойлгомжтой. Хулгайн анчдыг нууц камераараа илрүүлээд замыг нь амдаж машиных нь дугуйг хагалах зорилгоор жижиг шовх үзүүртэй хадаас замыг нь дагуулж асгахаар бэлтгэсэн. Дугуй нь хагарсан машин хол явж чадахгүй шүү дээ. Иймэрхүү аргаар тэмцэж байна даа.

-Жуулчидтай нэлээд их таарлаа. Ер нь, олны хөл тасардаггүй бололтой?
-Гадаад, дотоодын олон жуулчин ирж байгальд зэрлэгээрээ байгаа амьтдыг үзэж сонирхдог. Өнгөрсөн жил гэхэд гадаадын 9000 орчим, дотоодын таван мянга жуулчин ирж 400 орчим сая төгрөг олсон. Олсон орлогоо 100 хувь буцаагаад байгаль дэлхий, ан амьтандаа зарцуулдаг. Энэ бол бидний болон нутгийн ард түмний хорин жилд олсон амжилт юм. Жуулчид ирээд амрах байр хэрэгтэй байсан учраас бид байгальд ээлтэй эко байшин барьсан. Дээвэр нь тэр чигтэй нарны туяаг өөртөө шингээгээд цахилгаан, дулаан гаргадаг.

0 Сэтгэгдэл
mash sain bn iim baidlaar baigalaa hamgaalaad baival uy shig baihuu
Хамгийн их уншсан