Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ төмөр замын талаар Ц.Нямдорж гишүүнд дэлгэрэнгүй тайлбарлав

Парламентын гишүүн Ц.Нямдорж өнгөрсөн сарын өдийд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд хандан төмөр замтай холбоотой зарим зүйлийг тодруулах асуулга тавьжээ. Үүний хариуг салбарын сайд Сар шинийн дараа илгээсэн байна. Тэрээр асуулгын хариуд “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор баталсан “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагадах 55 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг. Гэвч санхүүжилтийн асуудал хойшилсоор Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоол гарснаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болсон. Үүний дагуу геодез болон геотехникийн ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн ажлын гүйцэтгэлийг “Монголын төмөр зам” ТӨХК, Зам, тээврийн яам, Хөгжлийн банкаар дамжин хянан баталгаажуулагдсанаар зохих журмын дагуу санхүүжилт олгосон. Харин Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд нь гэрээнд заасан ажлыг зохих хууль, журмын дагуу зохион байгуулан хянан баталгаажуулж, хүлээлгэж өгөөгүйгээс санхүүжилт хийгдээгүй болно” гэжээ.
Ингээд хавсралт материалд санхүүжилтийн задаргааг дэлгэрэнгүй тусгаад, хэзээ хэрхэн олгосныг он сартай нь бичжээ. Тухайлбал, Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор 55 сая ам.долларын санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан авах гэрээг байгуулсан. Үүнд, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яам, Хөгжлийн банк болон “Монголын төмөр зам” ТӨХК оролцсон. Уг мөнгөний хүү жилд 7.38 хувь, эргэн төлөх хугацаа 2017 оны тавдугаар сарын 30-ныг хүртэл хүчинтэй аж. Мөн Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 87 дугаар тогтоолоор төсөл санхүүжилт болох 400 сая ам.доллараас эхний ээлжинд 200 сая ам.долларыг тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан авах Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-нд байгуулсан. Үнсэн хүү нь жилд 6.125 хувь, Эдийн засгийн хөгжлийн 2022 онд Хөгжлийн банкинд эргэн төлөх учиртай. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар уг төслийн хүрээнд 225.5 сая ам.доллар зарцуулаад буй аж.

Шинэ төмөр зам төслийн хэрэгжилт нь хээрийн судалгаа, хөрс хуулах ажил, төмөр замын суурь бүтцийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, археологийн судалгаа хийх гэсэн дөрвөн бүлэгт өрнөж буй. Археологийн судалгаа тайлан боловсруулах ажил нь үргэлжилж байгаа аж. Хээрийн судалгааны тухайд Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын трассын дагуух хээрийн судалгааны дараах ажлыг гүйцэтгэжээ. Үүнд, геодезийн судалгааны ажил дууссан, инженер геологийн нэгдүгээр шатны судалгааны ажил дууссан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ бүрэн дууссан гэдгийг тодотгож. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар 2011 онд “МакКинсэй энд компани”-аар ахлуулсан зөвлөх баг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан нэг, хоёрдугаар шатны төмөр замын суурь бүтцийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх багийн төлбөрийг ТӨХ-ны 107 тоот тогтоол, ТУЗ-ийн 24 тоот тогтоолын дагуу “ХААН” банкнаас жилийн есөн хувийн хүүтэй 5.6 сая ам.долларын зээл авч хийлгэсэн. Улмаар 2013 оны хоёрдугаар сарын 22-нд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг барагдуулжээ. ТЭЗҮ-ийг Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд танилцуулахад дэмжээд, тус өдөртөө 266 тоот тогтоол гаргаж “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг аж.

Уг төмөр замтай холбогдуулж “Энержи Ресурс Рейл” ХХК болон “Самсунг Си энд Ти” компанийн асуудал урган гардаг. Үүнийг ч дэлгэрэнгүй тайлбарлаж. “МТЗ” компанид Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг өгөх “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г 2013 оны тавдугаар сарын 6-нд байгуулжээ. Энэ гэрээнээс 11 хоногийн дараа төмөр замын барилгын ажил эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажлын гүйцэтгэл 86.6 хувь, барилга угсралтын талбайд мянга гаруй техник, машин механизм, 600 гаруй хүн хүч ажиллаж буй гэж. 2013 оны аравдугаар сарын 25-нд Монголын талын Гашуунсухайт өртөөг Ганцмод боомттой холбох хүнд даацын төмөр замын суурь бүтцийн барилгын ажил гүйцэтгэхэд “МТЗ”-тай хамтран ажиллахаар БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа групп корпорац”, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Энержи Ресурс” ХХК, “Таван толгой” ХК-ийн бүрэлдэхүүнтэй консерциум болон дан “Шенхуа групп корпорац”-тай хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус зураад байна. Тус боомтын төмөр замын трассыг Засгийн газрын 2014 оны 81 дүгээр тогтоолоор баталгаажуулсан. Уг төмөр замын трасс нь “Хүннү Коал” компанийн барьж буй авто замын трасстай хэрхэн огтлолцох талаар санал солилцож шийдэлд хүрэхээр ажиллаж буй. Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам нь эргэлтийн хоёр өртөө, ачаа тээх нэвтрүүлэх чадварыг хангах таван зөрлөгтэй байх аж.

Дээрх төсөлд монголын 12 компани оролцож буй. Үүнд, “Эсто”, “Мап роуд”, “Жилин мандал”, “Хүслэнт бүтээмж”, “Билэгт зам”, “Дардан говь”, “Халхын төмөр зам”, “Транскон”, “Арц суварга”, “Поуэр ложистик”, “Нутгийн буянт групп”, “Бидний зам” ХХК багтаж.

Асуулгын хариуны төгсгөлд “Энержи Ресурс” ХХК-ийн төсөлд зарцуулаад байсан хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэснийг дурдсан байв. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийг хянан баталгаажуулах үүрэгтэй ажлын хэсэг дээрх компанийн 2008-2012 онд төсөлдөө оруулсан хөрөнгө оруулалт болох 93.6 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрчээ. Улмаар 2013 оны тавдугаар сарын 5-нд концессын гэрээг цуцалсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэж төсөлд оруулсан 39.3 тэрбум төгрөгийг төрийн өмчид бүртгэж авахаар шийдвэрлэжээ. “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-ний дагуу Ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний /ЕРС/ төлбөрт шилжүүлэн тооцох 21.8 тэрбум төгрөгийн зардал болон төсөл хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан удирдлага, зохион байгуулалт, шууд бус зардалд тооцогдох 22.5 тэрбум төгрөг, нийт 44.3 тэрбум төгрөгийн зарцуулалт нь хөрөнгө оруулалт хийхэд үүсэн зардалд тооцогдох тул төрийн өмчид бүртгээгүй гэнэ. Үүгээр Н.Төмөрхүү сайдын гарын үсгээр баталгаажсан асуулгын хариу өндөрлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан