Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлээд өгөөч хэн нэг нь, шар тос гээд

“Саусгоби сэндс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплаг нутаг буцсан талаарх мэдээлэл гарч. Тэгвэл түүнд уучлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг сая жуулчин дагуулж ирнэ гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 18 тур компани, олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй М.Даваажаргал, Э.Амартүвшин гээд бас бус албаны хүмүүсийг хамаад Герман руу нисчихэж. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш “уяа сойлго” нь таарсан мэт явдал нь гүйцэгдэхээ больсон төрийн тэргүүнийг эзгүй хооронд хоймор эзгүйрээд нэг л биш. Гаднынхан хүртэл уучлаач гэж өршөөл хүсчихээд учруулсан хохирлоо өгөхгүй гээд тас гэдийчихлээ. Хариуд нь “харж хамгаалах хүнгүй гэж бодоо юу гээд” зад заргалдмаар байгаа ч үнэхээр өмгөөлж, хамгаалах хүн үгүйлэгдэж эхлэв. Уг нь Ж.Капла нар нь Монгол Улсын эдийн засгийг өсөж, өндийхөд нь тусалж дэмжинэ, хар алтыг нь олборлож гаргаад ихээхэн валют болгож оруулж ирнэ гээд Монголд хөл тавьсан хөрөнгө оруулагчдын нэг.

Гэвч тэр итгэл алдаж, 35 тэрбумын төгрөгийн татварыг монголын ард түмнээс нуусан. Гэхдээ баригдаж, үйлдэлдээ тохирсон ял сонссон. Үүнийг нь гаднын хөрөнгө оруулагчид жигшин зэвүүцэж, Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлгүй, эдийн засаг нь хүндэрсэн үед татварын дарамт үзүүллээ хэмээн буруушааж л байсан. Харин хэл амнаас айсан төрийн тэргүүн тэднийг уучилж, гаднын хөрөнгө оруулагчдад зарлан тунхагласан үйлдлээрээ Монголд тавтай морил гэж найр тавихын зэрэгцээ өөрийн нэр хүндийг ч олон улсын тавцанд өсгөх замыг сонголоо. Одоо Ж.Капла гараад явчихсан учраас оронд нь тэр нэг сая жуулчин авч ирээд “өшөөгөө авч” Ж.Каплагийн өгөх байснаас илүү мөнгө олох юм байх. Цаашдаа ч ганцхан уул уурхай гэлтгүй улс орныхоо онгон байгалиар бахархан гадныхны халаасыг уудлах алхмын эхлэл л гэнэ. Гэхдээ үүнээс урьтаж ард түмэн өрөө авчихмаар байна. Гурван тэрбум, 30 тэрбум байна уу, хамаагүй. Зүгээр л Монгол Улсын хуулийг жаалж, “хулгай” хийснийхээ төлөө тэд шийтгэгдээгүй юм чинь алдсан мөнгөө л аваад үлдчихмээр байгаа юм. Бас энэ улсад хууль цааз байдаг, дур зоргоороо авирлаж болохгүй гэдгийг мэдрүүлмээр. Эс бөгөөс уул усаа хамгаалсан нэг нь шорондоо үлдэж, ухаж төнхсөн гаднынхан өршөөгдөөд, улс дамнан сураг алдрах нь.

Юу гэвэл, эрхэм Ерөнхийлөгч АНУ-ын иргэн Ж.Капла, Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, Кристобэл Ж.Дэвид нарт Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу уучлал үзүүлсэн. Хэн хүнд олдоод байдаггүй энэ уучлалыг тэд ял сонссоноос хойш сар хүрэхгүйн хугацаанд хүртэж, гэм буруугаа ч тэр дороо хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг Ерөнхийлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд л уучлал үзүүлдэг” гээд ганцхан “жиргээд” л орхичихсон. Энэ талаар нэмж тайлбар хийгээгүй ч ард түмэн ойлгохдоо авсан мөнгөө өгөх л юм байна гэж бодсон. Хүн алж, хүрээ талаагүй, авснаа буцаагаад өгчих юм чинь заавал айлын хүүхдийг шоронд хатаах шаардлагагүй гэж уужуу сэтгэлээ ч уудалсан, ард түмэн. Гэвч тэд өгөхгүй гэнэ. Арай үгүй байлгүй дээ гэж бодсон ч “шүүх”-ээр эргэлдэж, давж заалдах гомдлоо хэдийнэ гаргаад өгчихөж. Бодвол их л гомдож дээ…

Гэхдээ Ж.Капла нар гомдоогүй байж...

“Саусгоби сэндс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар гэм буруутай. Гэм буруутайн улмаас ч Сангийн яаманд 35.2 тэрбум төгрөг төлөх хэрэгтэй болсон. Гэхдээ мөнгө төлөх ялд “Саусгоби Сэндс” компани унасан юм. Өөрөөр хэлбэл, Ж.Капла нар ялаа эдэлж, компани нь нуун дарагдуулсан мөнгөө төлөх ёстой болсон хэрэг. Тиймээс тус компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Т.Алтантуяа, Б.Батболор, Г.Ганбаатар нарын гаргасан шийтгэх тогтоолд гомдол гарган Эрүүгийн хэргийн завж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан юм байна.

Энэ хэрэгт “Саусгоби сэндс” иргэний хариуцагчаар оролцож байгаа учраас ийн “гомдоллох” бүрэн эрхтэй. Харин иргэний хариуцагч гэдгийг “…Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагч, шүүгдэгчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг (эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус) хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулна” гэж ойлгох нь. Тэгэхээр иргэний хариуцагчийн хувьд “Саусгоби сэндс” энэ мөнгийг төлөхгүй гэж эрүүгийн хэргээр давж заалдахаас гадна иргэний хэргээр энэхүү хохирлыг учруулсан этгээдүүдээс мөнгөө нэхэмжлэх эрхтэй. Энэ тухай Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолд “…иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компаниас 35.252.394.670 төгрөгийг гаргуулж улсын орлогод (Сангийн яам)-нд оруулсугай”, “Иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компани нь гэм буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно” гэж тус тус дурджээ. Гэвч “Саусгоби сэндс” компанийн захирлаар томилж, энэ хэмжээний хохирол амссан толгой компани болох “Саусгоби Ресурс Лимитед” компани Ж.Каплагаас мөнгөө нэхэх замыг сонголгүй, манай улсын шүүхийн шийдвэрийг бүрэн эсэргүүцэхээр болж байгаа юм. Энэ тохиолдолд уучлалаар суллагдсан иргэд шүүх хуралд ямар байдлаар оролцох мэдээлэл тун хомс байгаа ч хэргийн үйл баримт нь тэр чигтээ Ж.Капла нартай салшгүй холбоотой. Удахгүй энэ процесс хэрхэн явагдаж, шүүх бүрэлдэхүүн ямар шийдвэр гаргасан нь тодорхой болно. Түүнээс өмнө бол Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх ямар нэг байдлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

Бас нэг компанийг баллаад хаячихсан юм биш биз

“Саусгоби сэндс” компани “Овоот толгой” нүүрсний ил уурхайд олборлолт явуулдаг. Энэ нь 35.2 тэрбум төгрөгийг хувхай хоосондоо өгөхгүй гээд дахин, дахин заргалдаад байгаа хэрэг биш гэдгийг гэрчилнэ. Дээрээс нь, анхан шатны шүүхийн шийдвэр гарах үеэр тус компани “ХААН” банкны төгрөгийн дансандаа 152.4 сая, ам.долларын дансандаа 2.6 сая ам.доллар, “Худалдаа хөгжлийн банк”-д 15 сая, “Голомт” банканд 1.1 сая ам.доллартай байсан. Үүнээс гадна, Өмнөговь аймаг дахь хувийн онгоцны буудлын барилга, техник хэрэгсэл гээд өр барагдуулахад хангалттай хүрэлцэхүйц хөрөнгө тэдэнд бий. Энэ бол зөвхөн шийтгэх тогтоолд дурдсанаар л өр барагдуулах хэмжээний хөрөнгө. Гэхдээ тэд орлогод ногдох татвараас зайлсхийсэн гэдгийг нь шүүхээр тогтоосон байхад яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гээд шалтгаанаа хэд, хэдэн үндэслэлээр тайлбарласан байна лээ. Тухайлбал, “татвараас зайлсхийсэн” гэж дүгнэсэн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ талаар тэд “Шинжээчид компанийн 683.2 сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт.  371.6 сая төгрөгийг “Саусгоби сэндс”-ийн 2009 оны дөрөвдүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн “албан татвар ногдох бусад орлого”-д оруулан тайлагнасан байдаг. Үүнийг шинжээчид шалгаж үзээгүй аж. Мөн 311.6 сая төгрөг нь тайлагнасан орлого бөгөөд шинжээчид компаниас гаргасан  тайлбар, нотлох баримтыг үл ойшоосон зэргээр заргалдаж байгаа. Үүнээс гадна, 290.8 сая төгрөгийн хувьд шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг боловч одоог хүртэл нотлох баримтаа үзүүлээгүй нь ямар “но”-той дүгнэлт болохыг баталж байна гэж үзэж буй юм. Гэхдээ тэд үүнийгээ шүүхийн өмнө мэтгэлцээний зарчмаар баталж чадаагүй учраас шүүх бүрэлдэхүүн “...шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт зөрчлийн төрөл, тэдгээрийн үндэслэлийн талаар тодорхой тайлбарласан нь нотлох баримтын эх сурвалжтай байх тул шүүх тухайн баримтуудыг үнэн зөв, ач холбогдолтой гэж үнэлсэн болно” гэж “Саусгоби сэндс” компанийг няцаасаар байсан юм.

Харин шүүх хурал үргэлжилж, асуудал хурцдах үеэр Ж.Каплагийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар нь ажиллаж байсан “Засаг Чандмань Майнз” компани ч “өвдөг шорооджээ”. Тус компани нь Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төмрийн хүдрийн ашиглалтын лиценз эзэмшдэг бөгөөд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай гэгдэж байсан. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа ч өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ажилчдынхаа цалинг тавиагүй байгаа юм байна. Энэ мэт гаднын хөрөнгө оруулагчдын балгаас болж, хэсэг нь шууд хөдөлмөрөө шулуулж, улс нь үзэл бодлоороо хоёр хэсэгт хуваагдав. Уг нь, улсын Ерөнхийлөгчийн хэлж байсанчлан “Заавал шоронд бариад хийдэг биш, гадна дотно хамаагүй. Таныг бид шоронд барьж хийхгүй, хоёр жилийн хугацаанд багтаж төл гэдэг. Үнэхээр төлөхгүй зугтаад яваад байгаа бол дараагийн арга хэмжээ, хариуцлагыг авах л ёстой байхгүй юу” гэдэг нь зөв ч байж болох юм. Гэвч ийм уужуу сэтгэлээр хандсан нь эргээд улс оронд хохиролтой байж болох нөхцөл байдал үүсгэчихлээ. Бүр талцаж, уралцсан энэ маргаанаас болоод сайхан сэтгэлийн үзүүрт юу байдгийг ч мартчихаж. Тиймээс хэн нэг нь хэлээд өгөөч. Сайхан сэтгэлийн үзүүрт юу байдгийг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан