Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.БАКЕЙ: ИТХ-д намын жагсаалтаар сонгогдох нь буруу


Парламентын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнгөрсөн чуулганы хугацаанд тус хорооны хийсэн ажлыг танилцуулсан юм. Нийт 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ хуулийн төсөл 124, УИХ-ын тогтоолын төсөл 26, байнгын хорооны тогтоол дөрөв, албан тушаалтан томилох, чөлөөлөх асуудал 13-ыг хэлэлцсэн байна. Дээрх асуудлаар байнгын хорооны 30 санал, дүгнэлт, таван танилцуулга үйлдэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн нийт 20 хууль, УИХ-ын тогтоолын 24 төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг тус тус боловсруулах шаардлага үүссэн, холбогдох ажлын хэсгүүд ажиллаж буй гэж байна. Тэд долоон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль тогтоомжийн шинэчлэл, боловсронгуй болгох талаар иргэд, олон нийт, мэргэжлийн хүмүүсийн саналыг авч. Жишээ нь, Хяналтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулж 400 гаруй санал хүлээн аваад, төсөлд тусгахаар ажиллаж байгаа юм. Намрын чуулганы хугацаанд байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 196 албан бичиг, зургаан өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгсний зэрэгцээ бусад байгууллагад 116 албан бичиг явуулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо чуулган завсарлах хаврын хугацаанд зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж танилцахаар төлөвлөж. Тухайлахад, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, уг хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах гэнэ. Мөн баталсан хууль, УИХ-ын шийдвэрийг иргэдэд танилцуулж сурталчлах, санал авах ажлаа идэвхжүүлнэ гэлээ. А.Бакей дарга сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн юм.

-Өнгөрсөн чуулганаар халаа, сэлгээ, намын тохиролцоонд их цаг зарцууллаа гэдэг. Энэ бүх асуудал танай байнгын хороогоор дамждаг учраас хэдий хугацаа орсныг хэлж болох уу?
-Үүнийг янз бүрийн статистикаар гаргаж болох байх. Тухайн асуудлыг хөндөж эхэлснээс юм уу, өргөн барьснаас шийдвэрлэх хүртэл хугацаагаар тооцвол нэг хэрэг. Яг байнгын хороонд, нэгдсэн чуулганд хэлэлцсэнээр нь авч үзвэл бас өөр дүн гарна. Жишээ нь, өмнөх Засгийн газрын бүтцийн өөрчлөлт гээд дөнгөж чуулган эхлэхэд багагүй хугацаа зарцуулсан. Тэгж байтал Ерөнхий сайдыг огцруулах асуудал залгуулаад явахад бас л багагүй хугацаа орсон шүү дээ. Тодорхой авч үзвэл өмнөх Ерөнхий сайдыг огцруулах асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороо 43 минут зарцуулсан бол нэгдсэн чуулганд гурван цаг есөн минут хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ бол харьцангуй ойлголт. Өргөн мэдүүлчихээд байхад улс төрийн янз бүрийн үйл явц өрнөдөг дөө.

-Сонгуулийн шинэ­чилсэн хуулийн төсөл бараг дуусах гэж буйг хэллээ. Энэ хувилбараар сонгуулийн чухам ямар систем, хэлбэрийг баримтлах бол?
-Ажлын хэсэг Сонгуулийн хуулиа шинэчлэх гэж ажиллаад нэлээд зүйл хийсэн. Гэхдээ ажлын хэсгийн өмнөөс шууд ярих нь илүүц байх. УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл ажлын хэсэгт байгаа. Тийм болохоор санал хураагаад зарчмын хувьд зөрүүтэй саналаас бусдыг нь тохирчихсон гэхэд болно. Сонгуулийн тогтолцооны хувьд ойлголцож чадаагүй цөөхөн зүйл бий. Намуудын байр суурь ялгаатай учраас ийм байдалд хүрсэн. Өмнөх сонгуулийн тогтолцоо буюу 28 нь жагсаалтаар 48 нь тойргоос сонгогдох байдлаар явах нь зүйтэй гэх хүн бий. Ерөөсөө л бүхэлдээ мажоритар системээр явах хэрэгтэй гэх хүн ч байна. Энэ мэтээр цөөн асуудалд маргаан гарсан ч зөвшилцөх л хэрэгтэй. Мэдээж ажлын хэсэг өөрийн гаргасан дүгнэлтээ шууд тулган, батлуулна гэх ойлголт байхгүй.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгэхээр өөрчлөлтийг намын тохиролцооны хувиар хийх үү, олон нийтээс асуух уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий шүү дээ. Түүгээр хуулийн аль хэсгийг өөрчилж болох үгүйг заасан байдаг. Ажлын хэсэг бол эхлээд үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгочихъё, холбогдох улс төрийн нам, олон нийтээс зохих саналыг авах нь зүйтэй гэдэг зарчмаар ажлаа зохион байгуулж байна. Мэдээж, Төрийн байгуулалтын байнгын хороо үүнийг хянаж ажиллах болно.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт чухам аль нам нь мажоритар системийг дэмжинэ, дэмжихгүй гэж үзэж байгааг хэлж болох уу?
-Монгол ардын намын зарим гишүүн зуун хувь мажоритар байх нь зүйтэй гэж байсан. Ардчилсан намаас холимог системийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэвэл сонгуулийн системийг ойр ойрхон өөрчлөх нь зохимжгүй, тогтвортой мөрдөж чадвал төрийн ажилд тустай гэдэг байр суурь илэрхийлсэн. Энэ дашрамд хэлэхэд, өмнө нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг байсан л даа. Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёр хүн нэг тойрогт хоорондоо өрсөлддөг. Үүнийг болиулъя, нэг санал зорилготой намын гишүүд бие биетэйгээ өрсөлдөхгүй байх сонгуультай болъё гэж ихэнх нь санал нийлсэн.

-Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хууль хоорондоо харилцан уялдаатай хуулийн төслүүд. Тэгэхээр шийдвэрлэхэд ч хамтад нь ярихаас аргагүй байх.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг Нямжавын Батбаяр гишүүн ахалж байгаа. Энэ бүрэлдэхүүн бол шинэ Үндсэн хуулийг анх батлалцсан туршлагатай парламентчид. Харин Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг Бурмаа гишүүн ахалж байсан бол одоо Батзандан гишүүн ахалж байна. Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийг Баярцогт гишүүн ахалж байхад нь УИХ-ын даргын захирамжаар Түвдэндорж гишүүнд шилжсэн. Энэ хэсгүүд тус бүртээ төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.
Гурван хууль хоорондоо нягт холбоотой л доо. Тэр утгаараа Үндсэн хуулиа эхэлж батлаад, нөгөө хоёрыг нь үргэлжлүүлье гэхээр хэлэлцэх асуудалд саад болох тал бий. Ийм болохоор зэрэгцүүлээд л явуулъя. Үүнтэй уялдаад Үндсэн хуульд гарцаагүй өөрчлөлт оруулахаар бол тухайн үед нь өргөн барья гэдэг байр суурь бий. Гэхдээ зохион байгуулалтын хувьд аль болох цаг алдахгүй хийх шаардлага тавьж ажиллана.

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилдог. Сая АТГ-т зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам мэдүүлгээ өгөхөөс татгалзсан гэнэ. Та бүхэн ямар хариуцлага ярих бол?
-Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн үү, үгүй юу гэдэгт, өгсөн бол үнэн бодитой эсэхийг Авлигатай тэмцэх газар л хяналт тавьж ажиллах ёстой. Тэд хяналтаа хэрэгжүүлээд албан ёсоор хандсан тохиолдолд тухайн албан тушаалтныг томилсон субьектэд хариуцлага тооцох эрх үүснэ. Мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд түүнийг хөрөнгө орлогоо өргөн мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр л хуульд заасан хариуцлагыг л тооцох юм. Хуулиа харахаар сануулах, цалинг нь бууруулах, ажлаас халах гэхчлэн зааж өгч.

-Сонгуулийн тухай хуульд намын босгыг хэрхэн тусгаж өгөхөөр болсон бэ?
-Намын босго бол одоогийн хуулиар таван хувь гэж бий. Энэ хэвээрээ л байх болов уу. Гэхдээ дээр хэлсэн шиг ажлын хэсэг бүрэн шийдээгүй, эцэслээгүй байхад яримааргүй байгаа юм.

-Орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцох шаардлага бий юу гэдэг асуулт байна л даа?
-Энэ бол аймаг, сумын ИТХ-д намын жагсаалтаар сонгогдох уу, үгүй юу гэдэгтэй холбоотой. Үндсэндээ бол энэ шийдэл буруу л гэж үзэж байгаа юм. Иргэдийн санал ч гэсэн тийм.

0 Сэтгэгдэл
ИТ Хуралд намын жагсаалтаар орох нь буруу гэхийг дэмжинэ. Харин УИ Хуралд намын жагсаалтаар орох нь зөв үү.2016 онд чам шиг горьдсон хүнд бол зөв байх.
Хамгийн их уншсан