Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Батсайхан: Ийм боломж хүн бүрт олдохгүй…

“Улс  төрд шинэ манлайлагч” телевизийн зорилтот төслийн шилдэг 30 оролцогч АНУ-ын Вашингтон хотноо манлайллын хөтөлбөрт хамрагдаж буй.  Төслийн шилдэг оролцогч,  Шинэ цагийн удирдлагын академийн захирал О.Батсайханы сэтгэгдлийг сонссон юм.

-       Манлайлагч залуусын Америк дахь өдрүүд хэрхэн үргэлжилж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-       Төслийн зохион байгуулагчид бидэнд хөгжих боломж олгож байна. Хөгжсөн Америк орноос туршлага судлаж, аливаа зүйлийг харьцуулж ойлгосноор бусадтай харилцах чадвар нэмэгдэх, улс орондоо нэвтрүүлэх туршлага юу байна гэдгийг олж хараасай гэж хүсэн хүлээж байгаа. Та намайг сэтгэгдлээсээ хуваалцаач гэлээ. Тэгэхээр энд нэг зүйлийг зайлшгүй хэлмээр санагдаж байна. Манай төр засгийн удирдлагууд төсвийн мөнгөөр гадны улс орнуудад ажил хэргийн айлчлал зөндөө хийж өчнөөн зардал гардаг. Гэтэл яагаад гарсан зардлын хэмжээний мэдлэг, хөрөнгө оруулалтыг улс орондоо оруулж чадахгүй байна вэ гэдэг асуултад хариулт байдаггүй. Би бол тэдэнд эх орноо гэх сэтгэл л дутагддаг юм байна гэж ойлголоо.

-       1700 залуусаас энэ хүртэл явна гэдэг тодорхой хэмжээний үзүүлэлт, хичээл зүтгэл чадвар юм. Аялал хөтөлбөрт шилдэг залуусын сэтгэгдэл  ямархуу байна?

-        Тэмцээн, уралдаан тухайн хүний мэдлэг, туршлагын шалгуурнь байдаг. Аялал гэхээсээ илүүтэйгээр бид алхам тутамдаа сурч, туршлага солилцож, мэдээлэл цуглуулж, мэдлэг, мэдээлэл авхаас гадна тухайн орны хөгжлийн гарц, иргэдийн амьдралын хэв маяг, хандлага, үзэл санаа гэх зүйлийг өөр өөрийн өнцгөөс харж хөрөнгөтний нийгмийг монголынхоо нийгэмтэй харьцуулах жишээтэй. Монголын өнөөгийн байдал 1930-1940 оны үеийн Америкт тулгарч байсан асуудлуудтай адил байна.

  Хууль хяналтын байгууллагад эрх мэдлийг нь тодорхой зааж өгснөөр нийгмийн эрүүл харилцааг зохицуулж байх жишээтэй. Тэгвэл иргэний эрх бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдэг шүү дээ. Эрх чөлөөний оронд нийгмийнхээ асуудлыг нээлттэй хэлэлцэж хуулийн зохицуулалтын механизмыг сайн зааж өгснөөр хүний амьдралын харилцаа бараг л бүрэн зохицуулагдсан гэхэд үгүйсгэхгүй байх. Ер нь хөгжихийн тулд нийгмийн зохицуулагдаагүй харилцааг нарийн зохицуулж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн хөгжлийг тодорхойлох нь зүйн асуудал.

Төсөлд оролцогчдын хувьд бид бүхий л талаар сэтгэгдэл маш өндөр байгаа ийм боломж хүн бүрт олдохгүй шүү дээ.

-        АНУ-д зохион байгуулагдаж буй сургалтын үндэс суурь Монголд байхад нь тавигдсан гэж зохион байгуулагчид хэлсэн. Төслийн онцлог давуу тал нь энэ мөн үү?

-Мөн  байлгүй яахав бид алхам тутамдаа улс төрч хүний арга барилаас суралцаж, хөгжиж, ур чадваруудыг нь эзэмшсээр л байна.

-Батсайхан гэдэг хувь хүн АНУ-д ирээд юуг хамгийн ихээр мэдрэв?

- Ердөө шууд утгаараа бол энэ бүх зүйл мөнгөөр хэмжигдэнэ, мөнгөтэй бол та сайхан амьдарна үгүй бол та нийгмийн харилцаанаас тусгаарлагдана гэсэн өрсөлдөөний хууль үйлчлэх бөгөөд хэн ч танд туслахгүй ба амьдралын тэмцлээр та оршин тогтноно, өөрийн гэсэн орон зайд амьдрал ахуйгаа авч явна. Манай орныг бодвол Америк улс төр, эдийн засгийн хямралаа даван туулсан бөгөөд эдийн засгийн тогтвортой байдлаар хөгжлийн төлөө илүү ихээр урагшилж байгаа гэж хэлж болохоор байна.

Сөрөг талаас нь харвал манайх шиг хөгжих гэж байгаа орны хувьд хэтэрхий хөрөнгө мөнгө, хэлбэр хөөж амьдрах асуудал нь улсын болон хүний мөн чанар, ёс заншилыг үгүйсгэж байгаа юм болов уу. Европын орнууд болоод Америкийн хөгжлийг гадаад, дотоод талаас нь харвал материаллаг хөгжлөөсөө техник, технологийн болоод хүний дээд оюуны хөгжил руу явж байгаа хэв маяг харагдаж байх жишээтэй. Бид материаллаг хөгжлөөсөө салаагүй буюу эд материал, өнгө, мөнгийг тахин шүтэх үзэл нь салахгүй байсаар одоогийн бидний амьдралын нүүр царай болоод байхыг үгүйсгэхгүй.

-       Залуусын нэг өдрийн хөтөлбөрийг танилцуулаач. Цаг барих асуудал их чухал болов уу, энд?

-Бид их ачаалалтай байгаа. Хичээл 09.30-12.30 хүртэл лекц, асуулт, хариулт хэлбэрээр явагдаад 14.00 цаг хүртэл хэлэлцүүлэг хэлбэртэй, үдээс хойш хичээлтэй холбогдуулан төр, захиргааны байгууллагууд болоод түүхийн үйл ажиллагаатай танилцаж байна. Монголд байдгийг бодвол энд цаг барихгүй байх нь тухайн хүнийг хүндлэхгүй байгаа асуудал бөгөөд хөтөлбөрт төрийн өндөр албан тушаалтнууд, судлаачид гэсэн туршлагатай хүмүүс хичээл зааж, ажил хэргийн уулзалт хийж байна. – Эндээс залуус маань олон шинэ санаа,  шийдэл, том зорилготой буцах болов уу гэж харж байгаа. Таны хувьд?

-Мэдээж хэрэг. Бид өмнө Монголынхоо хүрээнд асуудлыг нэг өнцгөөс нь харж, ярьдаг байсан бол одоо олон талаас нь харахыг хичээж, монголд хэрэгжүүлэх боломж нь ямар юм бол, нийгэмд зөв үзэл санаа, хандлага төрүүлэх юу байна гэж өлөн чоно шиг л асуудалд хандах төлөвтэй.

Өөр дээрээ жишээ авахад л миний судалгааны ажил “Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хуваарилалт”. Энд  Төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарим асуудал сэдвээр төрийн өндөр албан тушаалтан, судлаачид хичээл орж байна. Тэгэхээр миний  зорилго бага багаар биелэж байна шүү дээ.

-       Та бүхнийг хэрхэн хүлээн авч байна вэ Америкчууд?

-Барууны орны нэг онцлог нь гадны улс орны төлөөлөгчдийг хүндэтгэх, зочлох, хүлээн авалтын ёс заншилыг бид суралцмаар байдаг. Ер нь хүнийг хүндэлж байж хүний хүндлэлийг авдаг гэдэг энд харагдаж байна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?                                                                                            

- Юуны түрүүнд энэхүү төслийг санаачлан зохион байгуулж залууст өөрсдийгөө нээх боломжийг олгосон Liberal House, EBI бодлогын судалгааны хүрээлэн, UBS телевизийн уран бүтээлчид, зохион байгуулагчдын баг, Монголын элчин сайдын яамны хамт олон, АНУ-ын иргэн Майк Мич, бусад хамтран ажиллаж, туслаж дэмжиж байгаа бүх хүмүүст оролцогч бидний зүгээс үнэхээр гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.  Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэдэг шиг бид эндээс өөр өөрийн мэдлэг оюуны хэмжээгээр мэдлэг мэдээлэл, шинэ санаа, санаачилга өвөрлөн буцаж залуусын оролцоог улам бүр дээшлүүлэх болно.

-Баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан