Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Баярцэцэг: Монгол Улс буруугүй гэдэг байр суурь хэвээрээ

Хууль зүйн яамны  Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг өчигдөр “Монгол Улс арбитрын шүүхэд “Хан ресурс” компанид ялагдлаа” гэх мэдээллийн мөрөөр тайлбар өгч, Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

-Монгол Улсын Засгийн газар, “Мон-Атом” компани хариуцагчаар татагдаж, дөрвөн жилийн өмнө эхэлсэн арбитрын хэргийн маргааны шийдвэр өчигдөр Парис дахь Арбитрын олон улсын шүүхэд гарлаа. Нэхэмжлэгч тал бол Канадын “Хан Ресурс”, “Төв Азийн уран холдинг” гэдэг компани юм. Тэдний нэхэмжлэлийн шалтгаан нь ашигт малтмалын ордын ашиглалтын лицензийг хууль бусаар хурааж авлаа гэдэг агуулгатай. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн хуралдаан болсон. 2011 онд манай Засгийн газрын хүсэлтээр хэргийг хоёр хуваан хэлэлцэж шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Ингэхдээ харьяаллын маргаан буюу үнэхээр арбитрын хэрэг мөн эсэхийг тогтоох, түүний дараа нөхөн төлбөрийн маргааныг шийдвэрлэх. Үүний дагуу харьяаллын маргааны шүүх хурал 2012 оны тавдугаар сард эхэлсэн. Үр дүнд нь арбитрын маргаан мөн юм гэж тогтоосон юм. Харин дараагийнх нь 2013 оны арваннэгдүгээр сард Парис хотод боллоо. Анх нэхэмжлэл гаргагч тал 358 сая ам.долларын хохиролтой гэж мэдэгдсэн. Гэвч нөхөн төлбөрийн маргааны шүүхэд манай Засгийн газар үүнийг үндэслэлгүй гэж үзээд, тайлбарласан. Энэ бүгдийн эцэст өчигдөр шийдвэр гарахдаа хохирлын 80 сая ам.доллар, шүүх ажиллагааны зардлыг төлүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Маргааны гол сэдэв бол Дорнод аймагт байгаа ураны олборлолттой холбоотой. 2005-2006 онд үйл ажиллагаа явуулсан ашиглалт, хайгуулын лицензтэй ийм орд байсан.

Цаашид авах арга хэмжээний хувьд шүүх хурал дөнгөж өчигдөр дууссан тул 116 хуудастай танилцуулгыг хүлээж аваад удаагүй байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын хувьд дараагийн шатанд давж заалдах боломжтой. Эсвэл нэхэмжлэгч талтай зөвшилцлийн ширээний ард суух эрх ч нээлттэй юм. Тийм болохоор дараагийн шатанд аль замаар нь явах вэ гэдгээ Засгийн газар хэлэлцээд шийдвэрээ гаргаад явах болно. Манай Засгийн газар дараагийн шатны арга хэмжээнд шилжих эсэхэд урт, богино гэж заасан хугацаа байхгүй. Гэхдээ энэ маргаан дээр Монголын Засгийн газрын зүгээс баримталж буй байр суурь хэвээрээ. Юу гэхээр, мэргэжлийн, хяналтын байгууллагууд тэгэхэд тухайн  үеийнхээ хууль, журам, тогтолцоонд нийцүүлж, хууль биелүүлэхийг шаарддаг. Тэр үүргээ л биелүүлсэн.

Ер нь, арбитрын маргаан манай улсын Засгийн газрын хувьд анхных биш. Алтан дорнодын хэрэг, Аустин пауэрийн хэрэг, Дарханы Төмөртэйн хэрэг гээд Засгийн газыг хариуцагчаар татсан хэргүүд бий. Ер нь, бусад улс орныг харахад янз бүрийн асуудлаар байнга л арбитрын маргаанд холбогдогчоор татагддаг. Ердийн үйл ажил­лагаа. Уг шүүхийн шийдвэртэй холбогдуулж ордын лицензийг хурааж аваагүй. Монгол Улсын төрийн эзэмшилд хадгалагдаж байгаа учраас Засгийн газар түүнийг аливаа хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, олборлох эрх бий гэсэн үг. Магадгүй арбитртай холбоотой гарсан зардлыг гаргуулах замаар хөрөнгө оруулах боломж нээлттэй бий.

Дашрамд, энэ маргаан нь 2006-2009 онд болсон үйл явдалтай холбоотой юм билээ. Тухайн үеийн Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байдаг. Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, журмыг зөрчжээ гэж. Үүний дараа 2008 онд Цөмийн энергийн тухай хууль өөрчлөгдсөн юм. Ингээд цөмийн энергитэй холбоотой ажилладаг бүх компани хамрагдсан. Тэгэхэд “Хан ресурс” бүртгэлд тэмдэглэгдээгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан