Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Содномцэрэн: Монголд сонгуулийн ирцийг идэвхжүүлэх зүйл байдаггүй


Парламентын Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо­ны дарга А.Бакей өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо­ны зарим гишүүдийг танга­раг өргүүлж, үнэмлэх олго­лоо. Тодруулбал, СЕХ-ны дар­гаар Ч.Содномцэрэн, на­рийн бичгийн даргаар Ц.Болд­сайханыг улираан томилж, Р.Содхүүг анх удаа гишүүнээр томилж буй аж. УИХ-аар дээрх гишүүдийг хэлэлцэн дэмжсэн тул өчигдөр Төрийн ордонд тангарагаа өргөсөн нь энэ. Ёслолын арга хэмжээг нээж үг хэлэхдээ УИХ-ын гишүүн А.Бакей “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж холбогдох хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүний тангараг өргөх ёслол болж байна” хэмээсэн. Үндсэн хуу­лийн өмнө шударгаар ажилла­хаа тангараглаж, төрийн сүлдэнд мэхийн ёслоод, далбаанаас адис авч, тангарагийн бичигт гарын үсэг зурсан гурван эрхмийг товч танилцуулъя.

Ч.Содномцэрэн: Мон­гол Улсын Шинжлэх ухаа­ны академийн гишүүн, ака­демич, Шинжлэх ухааны доктор, профессор. Бэл­чээр тэжээлийн эрдэм шин­жил­гээний хүрээ­лэнгээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, ректороор ажилласан. 1999 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын гишүүн-ХААҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны дарга, 2009 оноос СЕХ-ны нарийн бичгийн дарга, даргаар тус тус ажиллажээ.

Ц.Болдсайхан: Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын район, Улаанбаатар хотын АДХГЗ-нд, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын алба хашиж байсан.

Р.Содхүү: 1996-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын статистикийн хорооны дэд даргын алба хашиж байсан.

Сонгуулийн тогтолцоо пропорциональ руу шилжиж байна

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар улиран сонгогдож, тангараг өргөсөн хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед УИХ-ын сонгуулийн идэвхи нэлээд суларсан шүү дээ. Үүнд СЕХ ямар арга хэмжээ авч, бэлдэж байгаа вэ?
-Сонгуулийн ирц нэмэг­дүүлэх тухай олон улсын туршлага их бий. Үүнээс СЕХ судалж байгаа. 1992 оноос хойш сонгуульд оролцсон иргэдийн идэвхийг харахад уруудах хандлага ажиглагддаг. Үндсэн хуульд олонхийн санал авсан бол сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө гэж бий. Гэтэл олон улсад ирцээр хязгаарлахаас аль хэдийнэ татгалзчихаж. 10, 20 гаруй хувьтай санал авсан ч тэр нэр дэвшигчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөг байна. Яагаад гэхээр бусад улс хүн ам ихтэй, сонгогч олон учраас дахин сонгууль явуулахаас сэргийлдэг. Тэнд дахин сонгуулийн зардал маш өндөр гардаг байна. Ма­найд ч гэсэн ийм практик хэрэгжүүлье гэх саналыг 2011 оны Сонгуулийн хуулийн өөрч­лөлтийг ярьж байхад манай хороо дээрх саналыг дэв­шүүлсэн. Өгсөн саналаар нь үр дүнг тооцдог болъё оо гэсэн ч дэмжигдээгүй л дээ. Энэ удаад бид уг саналаа да­хин оруулахаар болж бай­гаа. 2012 оны УИХ-ын, орон нутгийн сонгуулийн ирц хү­рээ­гүйгээс зарим тойрогт да­хин зохион байгуулсан шүү дээ. Чухам ирц нэмэх, идэвхжүүлэх тал дээр сонгогчдодоо хандсан ажлууд их хийдэг байна. ОХУ-д гэхэд 18 нас хүрч буй хүмүүстээ сонгуульд оролцох урилга хүргүүлдэг. Ирээд оролцоход нь Үндсэн хуулиа бэлэглэдэг. Тэгээд сонгуулийн талаар ухуулдаг. Австрали улсад гэхэд саналаа өгөөд гарахад нь мөнгөн урамшуулал өгдөг. Мөн торгодог улс ч бий. Харин манайд аль ч арга хэмжээ нь байхгүй.

-Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн нэг орон тоо хоосон байгаа. Түүнийг хэзээ томилох бол?
-Хороо маань есөн гишүүнтэй. Хуулиар бол тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгодог, хоёрыг нь Улсын Дээд шүүхээс, хоёрыг нь Ерөнхийлөгчөөс санал болгож УИХ-аар батлуулдаг юм. Одоогоор хугацаа нь дууссан нэг гишүүн байгаа ч бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй. Хуульд заасныг нь харахаар СЕХ-ны гишүүний бүрэн эрхийн хугацаа дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно гэж бий. Тэгэхээр тэр гишүүний хувьд бүрэн эрх нь хэрэгжиж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Өнөөдөр парламентын түвшинд Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн аж­лын хэсэг ажиллаж байна. Үүнд танай хороо ямар санал, дүгнэлт оруулах вэ?
-Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлт, шинэч­лэлтэй холбоотой саналаа өнгөрсөн жил хүргүүлчихсэн л дээ. Гурван хуулийн нэгдсэн судалгааг манай хорооны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсээс хийсэн. Энэ хэлтэс Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн харьцуулсан судалгааг хийж дуусгасан. Ингэхдээ 800 гаруй зүйл заалтыг хооронд нь харьцуулж үзээд, хооронд нь нэгтгэж болох, болохгүйг ялгаад ажлын хэсэгт хүргүүлсэн юм. Хоёрт, 50 гаруй анхаарах санал хүргүүлээд байгаа. Үүнд, 2012 оны сонгуулиуд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэдээс ирсэн, сонгуулийн хэсгийн хороодоос гарсан, хэвлэл мэдээлэл, ажиглагчдаас ирүүлсэн зүйлийг нэгтгэсэн юм. Одоогийн байдлаар бид 250 гаруй хуульчилсан санал бэлтгээд байгаа. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганаар УИХ хэлэлцэх үед нь зүйл заалтаар авч хэлэлцэх саналын томъёолол бэлдсэн.

-Тухайлбал, ямар заалтууд вэ. Тогтолцоотой холбоотой зүйлс бий юу?
-Тогтолцоотой холбоотой судалгааг СЕХ хийсэн л дээ. Дэлхийн 190 гаруй оронд сонгууль зохион бай­гуулдаг, тэднийг судалж үзсэн. Үүний 60 орчим хувь нь пропорциональ буюу холи­мог байдлаар. Үлдсэн хэсэг нь мажоритараар сонгууль зо­хион байгуулдаг. Ер  нь, дэл­хийн улс орнуудын чиг хандлагыг харахаар мажо­ритар байсан улсууд холимог руу шилжиж байна, холимог байсан орнууд пропорциональ руу орж байгаа нь харагдлаа. Жишээ нь, Орос, Герман зэрэг шилжилтийнхээ завсрын шатанд яваа орнууд байгаа юм. Гэхдээ яг тогтолцоо ямар байх вэ гэдэгт СЕХ-ноос санал өгөхгүй. Энэ бол УИХ-ын өөрийнх нь байгуулсан ажлын хэсэг шийдвэрлээд, парламентаар хэлэлцүүлэх байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан