Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Хар алт” зочид буудал

 Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Хүмүүс зочид буудалд яах гэж ордог вэ. Хэчнээн сайхан зочид буудал байгаад төрсөн гэр орныг орлож эс чадна. Тиймдээ ч хүмүүс тэнгэр баганадсан тансаг зэрэглэлийн зочид буудалд ч хэсэг хугацаанд хорогдож, хоног төөрүүлчихээд л буцдаг. Товчхондоо, үдлээд буцдаг газар гэвэл зохино. Итали зурагчин Мишел Паллази Монгол орныг ийн тодорхойлжээ. Зочид буудал...

Гэрэл зурагчдын “олимп” хэмээн тодотгож болох “World press photo” уралдааны 2015 оны шилдгүүд тодроод удаагүй байна. Тэрээр эл уралдааны “Өдөр тутмын амьдрал” төрөлд тэргүүн байр эзэлсэн нэгэн. Түүнийг манай оронд авсан “Монгол, “Хар алт” зочид буудал” хэмээх цуврал бүтээл нь эл эрхэм хүндтэй шагналын эзэн болгожээ.

Жил жилийн “World press photo”-т дэлхийн өнцөг булан бүрээс 100 мянга орчим гэрэл зурагчиноролцож хэдэн сая нэгжээр тоологдох бүтээл илгээдэг. Сүүлийн жилүүдэд манай гэрэл зурагчид ч эл уралдаанд идэвхтэй, сайн оролцож байна. Гэвч...

Глобал харъя

“Алтан дээр суусан гуйлагчин” гэдэг үгийг аль үед, хэн гээч нь хэлснийг мэдэхгүй ч монголчууд бидний хувьд нүдээ олсон тодотгол гэлтэй. Мишел Паллазигийн арван зураг бүхий цуврал эрчимтэй даяаршиж буй Монголын эдийн засгийн “гаж” хөгжил, эздэд нь юу ч эс наалдах эмх замбараагүй уул уурхайн салбар, даяаршлын давалгаанд бут ниргүүлж буй нүүдлийн соёл иргэншлийн тухай өгүүлнэ.

Урьд монголчуудын тухай өгүүлсэн гэрэл зураг “World press photo” шиг томоохон тэмцээн уралдаанд байр эзэлж байсан нь ховор. Тиймдээ ч Паллазигийн цуврал Монголын гэрэл зурагчдад ташуур өгсөн болов уу. Манай зурагчид Паллазигийн олж харсан “алт” шиг сэдэв, өнцөг, асуудлын дэргэд өдөр тутам ажиллаж, амьдарч байгаа атал асуудал болгон гаргаж,дэлхий нийтэд хүргэж чадаагүйн учир юу вэ.

Үүнийг алтан дээр сандайлчихаад алс холоос олз хайдаг монгол зангаар тайлбарлаж болохоор.Гэхдээ гэрэл зурагчдаа муулах гэсэнгүй. Гагцхүү аливаа асуудлыг зөв талаас нь олж харж, дүгнэж түүнийгээ бүтээл болгон баримтжуулж бодит үнэнийг нийтэд хүргэдэг мэдрэмж, туршлага дутсаныг сануулахыг хүслээ.
Монголын гэрэл зургийн хөгжил дэлхий дахинтай харьцуулахад хаахна явааг мэдэхгүй ч бидэнд баримтат гэрэл зургийн арвин баялаг, асар их нөөц буйг Паллази нотоллоо. Түүний цуврал зураг сүүлийн арав гаруй жил уул уурхайн уршигаар сүйдэж буй байгаль, нүүдлийн соёл, монголчуудын өнөөгийн үнэн дүр төрхийг дэлхий дахинд дэлгэсэн гэж болно.

Асар их ашигт малтмалтай Азийн жижигхэн орныг уул уурхайн салбарын “аварга загас”-нууд ангуучилж, улмаар ашигтай, ашиггүй хөрөнгө оруулалтаар булж булж эцэст нь ирсэн шигээ буцаж, эзэд нь хоосон хоцордгийг харуулсан. Мэдээж хурдацтай хөгжиж буй Монголын уул уурхайд түшиглэсэн хөгжил цэцэглэлт цаашид хэрхэх нь бусад улс орны хувьд сонирхолтой байгаа. Ийм л эгзэгтэй цаг үед энэ цуврал үүргээ гүйцэтгэв.

Энгийн нэг Итали эр эх оронд нь хэсэгхэн саатаад буцахдаа “World press photo”-аас шагнал өвөртөлнө гэж хэн мэдэхэв. Өнгөрсөн сард дүн нь гарсан уралдаанд танил дотно монгол ахуйтай арван зураг байр эзэлсэн нь манай зурагчдад нэгийг бодогдуулж, хоёрыг эргэцүүлэх сөхөө өгөв үү. Итали эр ердөө л дэлхий нийт юу үзэхийг хүссэн түүнийг нь л соргогоор мэдэрсэн мэт.
Тайлбар 50 хувь

Гэрэл зургийг мэдээллийн хэрэгсэл гэж үзвээс тайлбар нь 50 хувийн үүрэг гүйцэтгэдэг гэж болохоор. Тэр тусмаа баримтат гэрэл зургийн хувьд. Паллазигийн зургийн тайлбарууд маш энгийн. Ердөө л, аливаа бүтээгдэхүүний хайрцган дээр хадаатай байдаг хэрэглэх заавар мэт хэт энгийн үг хэллэгээр бичсэн байх аж. “World press photo”-г шүүн хэлцэж буй олон улсын шүүгчид дан ганц зурагт бус тайлбарт өндөр ач холбогдол өгдөг.  Манай гэрэл зурагчид дэлхийн тавцанд гишгэхийг хүсвэл зургийн тайлбарт анхаарах ёстойг “Монгол, “Хар алт” зочид буудал” цувралаас харж болно. Зурагт юуг харуулж, өгүүлэхийг хүссэн түүнийгээ л цөөн үгээр тайлбарласан байна. Гэтэл манай шинэ, залуу зурагчид тайлбарт тийм ч ач холбогдол өгдөггүй, өглөө ч өнгөц харж, үг сонголтоо ч ядмаг хийдэг. Авсан зурганд нь тусгаагүй, өгүүлээгүй зүйлийг тайлбартаа тусгах нь олон. Зураг, тайлбар хоёр зөрчилдөх аваас баримтат гэрэл зураг болж чадахгүй. Тиймээс, зургийн тайлбарт анхаарч, дэлхий дахины томоохон уралдаанд байр эзэлсэн бүтээлүүд юу өгүүлснийг гүйлгэж хараад өнгөрөх бус бүрэн тайлж, унших чухал. Энэ нь гэрэл зургийн дэлхий нийтийн чиг хандлага, өнгө аяс, шүүлт, шалгуурын зах зухаас таних боломж олгох чухал зүйл болов уу.

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг

Монголд сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөөр 100 жилийн нүүр үзэв. Үүнээс 20 жилийн хойно буюу 1935 онд гэрэл зургийн алба байгуулагдсан нь Монголын гэрэл зургийн салбарын эхлэл байв. Анх алба байгуулагдахдаа сэтгүүлзүйн салбарт түшиглэсэн ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны чиг үүрэгтэй байсан нь гэрэл зургийг сэтгүүлзүйн салбарын нэг хэсэг, “үр төл” гэж хэлж болохоор. Тиймдээ ч эх, үр хоёр мэт энэ салбар хөгжил цэцэглэлт, уналт доройтол  нь хүйн холбоотой. Эрүүл сэтгүүлзүй чин үнэнийг л өгүүлнэ. Гэвч, хэн нэгэн, хэсэг бүлгийн утсан хүүхэлдэй мэт болсон сэтгүүлзүйн салбар хөгжиж дэвжиж, дэлхий дахинд өрсөлдөх чадамжгүй болоод байх шиг. Тулга тойрсон хэрүүлээр өдөр шөнө, өглөө оройгүй бөмбөгдөөд байвал өөр бусад зүйлийг өнгөц хараад л өнгөрнө. Монголын гэрэл зураг сэтгүүлзүйн салбараас ангид, бие даан хөгжих боломжтой ч... Орчин цаг биднээс сайн зураг авахыг хүсвэл сайн хангамжтай байхыг шаардаж байна. Асар үнэтэй техник хэрэгсэл, гадаад, дотоод томилолтыг зурагчин бүр хувийн хөрөнгөөр шийдэж хүчрэхгүй. Тийм ч учраас баримтат гэрэл зураг түлхүү авч буй сонин, сэтгүүлийн зурагчид редакциас шууд хараат хэвээр.

Захиалгат, тушаалын сэтгүүлзүйд тушуулсан зурагчид бие даан хөгжих боломжоор хомс. Паллазигийн хөндсөн уул уурхайн асуудал одоо ч олны анхаарлын төвд байсаар байна. Жишээ нь, Ноён уулын эцэс төгсгөлгүй маргаан. Гэтэл, нэг ч сонины эрхчлэгч, нэг ч редакци, нэг ч хэвлэлийн байгууллага Ноён уулын зургийг аваад ир хэмээн зурагчдадаа томилолт өгсөнгүй. Хэвлэлээр хэдэнтээ бичиж, тайлбарлаж, маргаж мэтгэж буй энэ асуудлыг хэдхэн зураг өгүүлж чадах хүчтэй. Гэвч эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэгчээр сэтгүүлзүйгээс хэт хараат гэрэл зургийн салбар  хэзээ нэг өндийх бол.


Өнгөрсөн 10 жилд монголын эдийн засаг эрчимтэй өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 10 хувиас давсан

Түвшинбаяр оройн саалиндаа гарч байна. Говь нутгийн нүүдэлчид ихэвчлэн тэмээ малладаг

Түвшинбаярын гэр бүл гэртээ

Мөнхдөл тэмээ унан илүү сайн бэлчээр хайж явна

Нүүрсний тортог бужигнасан замаар Энержи Ресурс уурхай Хятад, Монголын хооронд нүүрс тээвэрлэнэ

Улаанбаатар хотын цахилгаан станцын ойролцоох баригдаж буй барилга

Улаанбаатарт байрлах протестант сүм. Социализм задран унаснаас хойш Монголд протестант шашин ихээр дэлгэрсэн

Монголын хүнд металл тоглолт

Нэртэй клубын тайчигч шоунд ороход бэлэн болжээ

Шинэ жилийн үдэш сумын төвийн залуу Хятад салют буудуулж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан