Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто худалдааны цогцолборын 39 саяар үнэлж дуудсан газрыг 260 саяар авлаа

Замын түгжрэл нийслэл­чүүд бидний толгойн өвчин болоод байгаа. Тэр дундаа зах томоохон худалдааны төвийн эргэн тойронд битүү бөглөрөл үүсдэг. Одоогоор нийслэлд 25 га талбайд автомашин, техник хэрэгслийн худалдаа эрхэлдэг 9 зах ажиллаж байна гэсэн тооцоо бий. Энэ нь ч иргэдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн. Иймээс бөглөрөл, хэт төвлөрлийг бууруулах гарц нь зах болон томоохон худалдааны төвийг хотын төвөөс нүүлгэх, зах руу байршуулах байсан юм. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчим Авто худалдааны цогцолборыг барьж эхэлсэн. Томоохон захыг нүүлгэх тухай яригдаж эхэлсэн өдрөөс л олон асуудал дагуулсан ч өнөөдөр дэд бүтэцтэй, тохилог орчин бүхий Авто худалдааны цогцолбор барих ажил эхлээд байгаа юм. Мөн тус цогцолбор нь өөрийгөө санхүүжүүлэхээр тусгагдсан бөгөөд автомашин техникийн үйлчилгээг нэг доороос авах боломжтой. Харин одоо аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгч иргэдийг тус цогцолбор руу татах нь гол асуудал болоод байна. Иргэд ч авто цогцолборт нэг зогсоол олоод авах юмсан гэсэн бодол тээж буй. Үүнтэй холбогдуулан үйлчилгээ эрхлэгчдэд цогцолборын газрыг нээлттэй байлгах үүднээс өчигдөр Хангарьд ордонд газрын нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан юм. Нийт 12 газрыг дуудлага худалдаанд оруулсан. Эдгээр газарт нь худалдаа үйлчилгээ, зочид буудал, оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Дуудлага худалдааны нэгдүгээр байршил буюу Авто худалдааны цогцолбор байгуулах газрын бүс 1-а, барилга 15-ын орчим 0,3  га газар байсан юм. Уг газрын анхны үнэ 39 сая 126 мянга 874 төгрөг байсан бол дуудлага худалдаанд 15 оролцогч орж, уг газрыг 260 сая төгрөгөөр иргэн н.Эрдэнэбат худалдан авсан. Мөн хоёрдугаар байршил буюу Авто худалдааны цогцолбор байгуулах газрын бүс 1-б Барилга 14-ийн орчим 0,3 га газрыг 530 сая төгрөгөөр иргэн н.Эрдэнэбат худалдан авсан юм. Энэ нь Авто худалдааны цогцолборын газар үр өгөөж  өндөртэй болон эрэлт ч их байгааг харуулж байлаа. Ийнхүү дуудлага худалдаа цааш үргэлжилсэн. Хэдийгээр нийслэлээс анх удаа авто худалдааны газрын дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулж байгаа ч эмх цэгцтэй, сайн зохион байгуулсан гэдгийг оролцогч нар хэлж байсан.

Баянгол дүүргийн иргэн Л.Сүм-Банд хэмээн өөрийгөө танилцуулсан оролцогч “Газрын дуудлага худалдааг иргэдэд нээлттэйгээр зохион байгуулсан нь сайхан санагд­лаа. Өмнө нь би мөнгөтэй танил талтай хүн л авто худалдааны цогцолбороос газар худалдан авна биз. Бараг бидэнд хүртэхгүй байх гэсэн бодолтой байсан. Гэтэл өнөөдөр тун өөр бодол төрлөө. Ер нь, нэгдсэн зохион байгуулалттайгаар авто худалдааны төвийг барих нь зөв шийдвэр байсан. Да хүрээ зах хөл толгой нь мэдэгдэхгүй тэгээд ч бөглөрөл их байдаг байсан. Одоо бол Авто худалдааны цогцолбор руу шууд давхиад очих боллоо” хэмээн ярьсан юм. Тус цогцолборыг 130 га газарт байгуулахаар шийд­вэрлэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан. “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павильон, 11 мянга 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 автомашины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, болон авто машины туршилтын талбай гээд иж бүрнээр нь тохижуулахаар төлөвлөсөн байна.

Мөн хөдөө орон нутгаас орж ирж байгаа авто замын сүлжээ нь  Авто худалдааны цогцолборт шууд хүрэх учраас хотын төвийн замын ачаалал буурна гэж тооцжээ. Харин Авто худалдааны төв орчим нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэл одоогоор байхгүй бөгөөд 22-ын товчооноос 1,3 км зайд нийтийн тээврийн эцсийн зогсоол байршуулах боломж­той. Цогцол­бороор үйлчлүүлэх иргэдэд зориулан Улсын дугаарын тоо бүртгэлийн газрыг Авто худалдааны төвд барих оффисын барилгад байршуулахаар төлөвлөсөн байна. Таван жилийн хугацаанд цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг албаныхан хэлсэн. Зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх юм. Үүнээс олсон орлогоороо Авто худалдааны цогцолборын бусад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх аж. Авто худалдааны чиглэлээр зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинэ цогцолборт давуу эрхээр зогсоол эзэмшүүлэхээр төлөвлөж. Үүнтэй холбогдуулан Авто худалдааны цогцолборын хамт олон “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага хамтран ажиллахаар гэрээ хийсэн юм. Ингэхдээ иргэдэд аль болох уян хатан нөхцөлөөр зогсоолтой болох боломж олгох үүднээс 1649 ширхэг авто зогсоолыг “А”, “Б” хоёр хэсэгтэйгээр гарган өгч, банкны зээлээр болон төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр худалдан авах боломж олгож байгаа гэсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан