Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өгөөжгүй атлаа өртөг ихтэй улстөр-Популизм

Төрийн ордон дахь Иргэний танхимд “Улс төр ба популизм” нэртэй хэлэлцүүлэг боллоо. Ардчилсан нам, “Либерал хаус” клубээс зохион байгуулсан арга хэмжээнд улс төрийн шинжлэх ухааны хүндтэй төлөөлөгчид оролцсон нь хэлэлцүүлгийн үр өгөөжийг нэмэгдүүлж байв. Тэр тусмаа Монголын улс төрд харьцангуй сүүлд танигдаж, ярианы сэдэв, улстөрчид бие биеэ чичлэх шалтгаан болсон популизмын талаарх ойлголтыг учир мэдэх хүмүүс тайлбарлаж өгсөн нь хамгийн чухал байсан болов уу. Ингээд зургаан илтгэгчийн гол санааг тоймлон хүргэе.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ц.Батболд:

-Нийтийг хамар­сан өргөн гишүүнч­лэлтэй, байнгын ажиллагаатай том  нам бол үйл ажил­лагаандаа маш их зардал гаргах шаард­лагатай болдог. Ард­чиллын нөхцөлд бүх нам олонх болж, эрх барихыг хүсэх боловч нөөц бололцоо нь түүнийг үгүйсгэнэ. Яагаад гэвэл бүх ард түмэн хуваагдаад дуусах юм. Энэ бол ардчиллын зарчимд тохирдоггүй зүйл л дээ. Хоёрт, ардчиллын үндсэн зарчим юу гэхээр улс төрийн намууд тодорхой хэмжээгээр бодлого боловсруулж, түүгээр нь олон түмэн үнэлж, сонгодог. Түүнээс биш гишүүнчлэлээр хатуу байр сууринаас хандаж, буруу бодлогыг хүртэл гишүүн нь юм чинь сонгоно гэж болдоггүйг ойлгох хэрэгтэй. Гишүүнчлэл хатуу, хаалттай байхаар удирдлага нь олигархиждаг, доод шатнаас гарсан санал хаагддаг учраас дотоод ардчилал алдагддаг. Намын дотоодод босоо шатлалт ийм удирдлага их байхаар хүнд суртал, үр ашиггүй зардал ихэсч, асуудал шийдэхэд бэрх болдог.
Дараагийн асуудал бол намын удирдлага. Фракц гэдэг бол үзэл бодол, улс төрийн зорилгоороо ялгардаг сөрөг юм уу ондоо байр суурьтай нам доторх сонирхлын бүлэг юм. Нам доторх үзэл баримтлал, үйл ажиллагааг эрүүлжүүлдэг боловч тодорхой хэмжээнд институцжуулан, хэм хэмжээ тогтоохгүй бол намыг ч задалж, унагах эрсдэлтэй ноцтой үр дагавартай. Өнөөдөр хоёр хөршийн төрийн тэргүүнтэй өндөр хэмжээний айлчлал, хэлэлцээ хийчихээд удаагүй байтал Засгаа сольчихоор ямар олиг байх вэ.

МУБИС-ийн Улс төр судлалын багш, доктор Ц.Мөнхцэцэг:

-Улс төрийн намын санхүүжилт гэдэг сэдэвтэй холбогдуулж саяхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хийсэн судалгааны үр дүнгийн талаар ярилцъя. Намын санхүүжилтийг аваад үзэхэд улс орны засаглалын хэлбэрээс хамаарч хоёр үндсэн хэв маяг байдаг. Парламентын засаглалтай улсад намын санхүүжилтийг төрөөс хүчтэй дэмждэг. Харин Америк тэргүүтэй Ерөнхийлөгчийн засаглалтай, нам гэхээс лидер, бие хүний нөлөө түлхүү оронд хувийн дэмжлэг их байгаа юм. Манай улс парламентын засаглалтай гэдэг утгаараа улс төрийн нам амин чухалд тооцогддог. Энэ судалгаа 180 гаруй орныг хамруулсан.
Төрийн санхүүжилт анх Германаас эхлэлтэй. Дэлхийн хоёрдугаар дайн улс төрийн популизм, нэг хүний харизматик байдлаас үүссэн тул герман хүн бүр намын татвар, сүмийн татвараа заавал төлдөг юм. Тэр утгаараа Европ тивийн орнуудад тархаж, ихэнх улсад төрөөс намаа дэмжээд байгаа юм. Ихэнх оронд төр намыг санхүүжүүлэхийн хэрээр хувийн санхүүжилтийг бууруулдаг байхад Герман тэгдэггүй. Учир нь, хувь хүн намыг дэмжиж татвар өгөх нь нийгмээ эрүүлжүүлж, хадгалах оролцоо гэж ойлгодог юм. Намын санхүүжилтийг төр дэмжихийн хэрээр тухайн орны авлигын индекс буурдаг нь батлагдсан.
Өнөөдөр манай улсад шууд санхүүжилт буюу УИХ-д эзэлсэн суудлын тоогоор мөнгө олгодог. Гэвч түүнийг хэрхэн зарцуулах, жагсаалтаар сонгогдсон гишүүдийн мөнгийг хэрхэх тухай хуулийн заалт хоосон байгаа. Мөн жижиг намуудыг идэвхжүүлэхийн тулд санхүүжилтийн хуулийг өөрчлөх хэд хэдэн янзын шийдэл бий.

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр:

-Сайн байцгаана уу, популизмын тухай жишээнээс эхэлье. Дэлхийн хоёрдугаар дайн зургаан жил үргэлжлээд дуусах үед Ази, Европын орнууд их сүйрэлд орсон. Гэвч дайны буянаар хэсэг орон баяжиж, хөгжиж, хөлжсөний нэг бол Аргентин. Тэд хүнс нийлүүлж хормын зуурт улсаараа баяжсан хэрэг. Тэр үед ядуурал байхгүй болж, нэлээд өндөр цалинтай байж. Хуан Перон гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох гээд, өрсөлдөгчдөө давж гарахын тулд ард түмнээ харж үзэхийг үзүүлж өгсөн. Цалинг нь шууд нэмж, амралтын хугацааг сунгаад, Үйлдвэрчний эвлэлээр дамжуулж хийсэн “ивээл” маш их. Тэр хүн 1946-1950 оны хооронд Аргентин улсыг бүх ард түмэндээ тараагаад л өгчихсөн дөө. Ингээд өгөх юмгүй хоцорсон. Хүмүүс нь аваад сурчихсан болохоор жагсаал, эсэргүүцэл өрнөлөө. Тэгэхээр нь Хуан Перон чинь эргээд буруутан хайгаад эхэлдэг л дээ. Католик сүмээс болсон юм,  баруун зүүний намуудаас боллоо ч гэх шиг. Нэг харахнээ Гитлер шиг болж хувирахаар цэргийн эргэлт болж, мань хүн Испанид орогносон. Түүнээс хойш улс нь хоосорчихсон болохоор ямар ч засаг гарч ирсэн “Пероны үед сайхан байж ээ” гэдэг зүйл л хэлдэг. Нийгэмд ч тийм ухамсар үүсч, Перон л ирж хуучны сайхан цаг бүтээнэ гээд итгэчихсэн, хүлээлт үүссэн. 70-аад онд өвгөн Перон эргэж ирээд хүлээлтэн дээр шууд сонгогдож, 80 настай Ерөнхийлөгч болсон. Гэвч хойтон нь нас барсан. Ингэхдээ миний сайхан ажлыг үргэлжлүүлнэ гээд эхнэрээ үлдээчихэж. Тэр нь тараах мөнгөгүй, хийх ажилгүй байж байгаад Аргентины ойролцоох Английн харьяаны нэг арал байсныг эзэлж авъя, эх оронч сэтгэлийг нь хөдөлгөе гэсэн. Дайнд бараагүй л дээ. Одоо Аргентин “дефольт” буюу төлбөрийн чадваргүй гэдгээ зарлаж байна. 70-аад жил явахад огт сэхсэнгүй, ганц удаа л сайхан мөнгөтэй байж үзэж. Цэргийнхэн, шинэ засаг, Ерөнхийлөгчөөр хэн ч гараад нэмэр алга. Энэ нь улсын сангийн ёроолыг шавхчихсанд учир байгаа юм биш. Иргэдийн ухамсар, ойлголтод л гол учир бий. Пероны үед жаргасан шигээ л болох хэрэгтэй гэдэг нийтийн хүсэл. Үүнийг хожим улс төрийн шинжлэх ухаанд Латин Америкийн популизм гэж тэмдэглэсэн. Хамгийн сүүлд үргэлжилж буй Латин Америкийн популизмын жишээ бол нефтиэс бүрэн хараат Венесуэль юм.

Үндэсний стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат:

-Сүүлийн 10 гаруй жил Азийн барометр судалгаанд тулгуурлаж танилцуулга хийе гэж бодсон юм. Үндсэн сэдэв маань улс төрийн намд итгэх итгэлийг судалгааны тоон хэлээр илэрхийлэх. Энэ судалгаанд ашигласан ойлголт бол тухайн улс төрийн институцийн нэр хүндийг, рейтингийг судалсан үзүүлэлт биш шүү гэдгийг хэлье. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн нам ч гэх юм уу тухайн институц нь хувь иргэн хүний эрх ашгийг төлөөлж, түүний төлөө ажиллаж чадаж байна уу үгүй юу гэдгийг л илэрхийлнэ гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, итгэлийн үзүүлэлт доогуур байна гэдэг нэг хэрэг боловч тэр нь сайн ч үр дүнтэй байгааг анхааруулъя. Ерөнхий утгаараа, энэ итгэл нь улс төрийн соёлтой холбоотой гэж үздэг л дээ.
Азийн барометр одоогоор 15 улсыг хамардаг. Тэр дундаас эхний 11 улсыг түүж жишээндээ дурдсан. Эхлээд улс төрийн дэглэмтэй холбогдуулж төрдөө хэр итгэж буйг харъя. Либерал ардчилсан дэглэмтэй гурван улсын итгэл 35 хувь, сонгуульт ардчилсан буюу Монгол шиг орнуудынх дундаж 52 хувь, ардчилсан бус Хятад, Вьетнам зэрэгт 78 хувь. Үүнээс харахад коммунист тал руу улсад төрөө тахин шүтэх үзэл давамгай учраас өндөр итгэлтэй, харин ардчилсан болох тусам итгэл нь суларч, харьцангуй шүүмжлэгч нийгэм гэдгийг илтгэнэ. Зөвхөн намыг нь сугалаад үзвэл байдал арай өөр харагдах юм. Зөвхөн Монгол Улсын дүнг харж болно. Бид 2003 оноос эхэлж дөрвөн жил тутамд итгэлийн судалгааг явуулсан. Тэгэхэд анхандаа 40 хувь итгэж, 60 хувь итгэдэггүй байсан бол сүүл рүүгээ уруудсан байгаа. Эндээс ганц л зүйлийг олж, баталгаатай дүгнэж чадна. Манай улс улам л ардчилсан орон болж байгаа гэдгийг. Яагаад гэхээр Японд төрд итгэх үнэлгээ есөн хувь байхад манайх 17 хувь байгаа юм. Тэдний араас л яваа гэсэн үг.

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн багш Х.Амантай:

-Популизмын тухай Мадде гэж хүн хамгийн үнэмшилтэй тодорхойлж. “Нийгмийг ард түмэн ба ард түмнээс өөр нэг хэсэг гэж хуваана. Тэр хэсгийг нь ямар нэг авлигажсан элит хэмээн тайлбарлаад, улс төр бол цөөн элитэд үйлчлэх бус бүх ард түмний нийтлэг хүсэл зоригийг шууд илэрхийлэх ёстой гэж номлодог улс төрийн үзэл” гэж хэлсэн. Тэгэхээр гол сэдэв “ард түмэн” гэдэг ойлголт тодорхойгүй байдаг. Яг хэн юм гэхээр ерөнхий болоод бөөрөнхий. Тэр утгаараа хийсвэр ойлголтод тулгуурлаад улс төр хийгээд явахыг популизм гээд байгаа хэрэг. Ардчилсан засаглалтай аль ч улсад популизм байдаг л даа. Ингэхдээ аль нэг бүлэг, нийгмийн нэг хэсгийн төлөө буулт хийдэггүй, ерөөсөө л “ард түмэн” л гээд дайрчихдаг. Гэвч популизм их байх тусам тэнд ардчилал муу хөгжжээ, улс төр эрүүл биш байна аа гэдгийг давхар илтгэдэг юм.
Нөгөөтэйгүүр популизм нь талаар болсон зүйлд, хүлээлтэд тулгуурлаж цэцэглэдэг. Хуурмаг хүлээлтээр, иргэд өөрөө мэдэхгүй байдлыг далимдуулж уг асуудлыг нь шийдэж өгнө өө гэж ярьдаг байна. Ер нь, аливаа зүйлийг үгүй хийе гэвэл шалтгааныг нь олж довтлох хэрэгтэй. Тэгэхээр популизмын шалтгаан гэхээр нийгэм, эдийн засгийн хямрал, зохион байгуулалтын алдаа дутагдал, улс төрийн системийн гажуудал, нийгмийн анги давхаргын хэт их ялгаа, байгалийн гамшигт үзэгдэл зэргийг нэрлэж болно. Энэ шалтгаанууд өөрөө бий болохоос гадна зохиомол байх нь ч бий.

“Либерал хаус” бодлогын хүрээлэнгийн улс төр судлаач О.Чулуунбилэг:

-Сүүлийн үед дэлхий дээр залуучуудын дунд хурдтай тархаад байгаа “К-Поп” буюу “Korean pop” хөгжмийн эсрэг Төрийн соёрхолт дуучин Болд “Монгол поп” хэмээх нэгэн урсгал үндэслэж байгаагаа зарласан нь саяхан. Даяаршиж буй дэлхий ертөнцөд улс орн бүр өөрийн онцлог шинжээрээ нэгддэг гэдгийг зөвхөн урлагт төдийгүй улс төрд ч бид нотлох болсон нь сүүлийн хэдэн жил М-Поп буюу Монгол популизм гэдэг өвөрмөц улс төрийн “философийг” ихэд хөгжүүлэх боллоо. Хэдийгээр улс төрийн философи гэдэг үгийг хашилтад хэрэглэж буй боловч Монгол популизм нь өөрийн онолын эхтэй, логик дэс дараалалтай, баатруудтай, тодорхой зорилготой улс төрийн хүчирхэг хөдөлгөөн юм. М-Попыг үндсэн гурван том шинж чанарыг тодорхойлох гэж оролдъё.
Нэгдүгээрт, баялгийн үндэсний үзэл буюу “ресурс национализм”-ын тухай. 2006 оны үеэс байгалийн хий болон газрын тос, алт зэрэг метал, нүүрс мэтийн байгалийн нөөцөө экспортолдог улсуудын улс төрд “Resource nationalism” бюу баялгийн үндэсний үзэл голлох үзэл суртлаар тодорч Болив, Эквадор, Чад, Венесуэль, Орос, Казахстан, Азербайжан зэрэг 37 орчим улсад төрийн бодлогод нөлөөлж эхэлсэн байна. Энэ бол газар нутаг дээрээ байрлах байгалийн баялгийг бүхэлд нь хянахаа батлах гэсэн төр юм уу хэсэг хүний хандлага юм. Чухам энэ л манай Монгол популизмын онолын үндэс болсон. Өнөөдөр АН, МАН гэх хоёр намын рейтинг нийлээд сонгогчдын 50 хувьд хүрэхгүй байгаа нь Монгол популизмын өртөг юм. Хоёрт, бодлогын хомсдол. Америк маягийн социализм хэмээх эх орныхоо татвар төлөгч дадлуудыг Аляскаас ирсэн оюутан хичээл дээрээ тоочиж байна. Түүнийхээр бол сүүлийн 10 гаруй жил аль ч намаас, ямар ч мундаг улстөрч гараад ард түмэнд огт таалагдахаа больсон. Байгалийн асар их баялагтай учраас иргэдэд хишиг түгээдэг, түүнийг өсгөхийн төлөө улстөрчид уралдаж амлаад сонгуульд ялдаг боловч сонгогчид нь мөнхөд хариу муулсаар байдаг. Шалтгаан нь, баялгаараа баяжна гэсэн ард түмний хүлээлт, түүнийг гүйцэлдүүлж эс чадах улстөрчдийн бодит байдлын хоорондын зөрүүнээс үүсэлтэй сэтгэл зүйн хямрал юм. Энэхүү түгээлтийн менежментийн улс төрөөс татгалзахыг экспертүүд зөвлөсөн байдаг. Сайхан санаа бүр өөрийн өртөгтэй. Тэр өртгийг манай нийгмийн баялаг бүтээгч-дундаж давхарга л нуруундаа үүрч гардаг юм. Гуравт, нүүрсний бүгд найрамдах улс буюу бодлогын нам. Өнөөдөр массын намыг бодлогын нам болгох ёстой. Олон асуудлын шийдэл олохын төлөө үр ашигтай уралдаж, бодлого үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Дарга нарын хувийн бодлоор биш тодорхой судалгаа, дүгнэлтэд үндэслэдэг байя. Мөн намууд боловсон хүчний бодлогоос хүний нөөцийн бодлогод шилжих хэрэгтэй. Намын дарга өөрийг нь тойрон хүрээлэгчдээс хэн таалагдсаныг албан тушаалд томилдогийг больж хүний нөөцийн зарчмаар хэн хамгийн сайн мэргэшсэн, ур чадвараар таарсныг томилдог болъё. Ингэж гэмээнэ ард түмний хүлээлтийг хангасан шийдвэр гаргаж чадна. Үүний тулд намын бүртгэл, хүний нөөцийг сайжруулмаар байна. Бүртгэл сайтай намыг сайшаадаг болжээ. Түүнчлэн намууд ёс зүйн дүрэмтэй болж, сахин биелүүлдэг, сайжруулдаг байх ёстой. Ингэвэл улстөрчдийн тоглолтын хүрээг тогтоож, намын лидерүүд нийгмээс итгэл хүлээж чадна. Үр дүнд нь намын тэргүүлэгчид хувийн болон шашны үзэл бодлоо тулгадаг байдлаас сэргийлнэ.

0 Сэтгэгдэл
удирдагчдыг номоор бий болгодоггүй. Ном урагшлахад тус болохоос биш удирдагчдыг бий болгохгүй.ажил хэрэгч удирдагчд зөвхөн ажлын явцад өсөж бойждог И.Сталин
Хамгийн их уншсан