Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Хишигсүрэн: Ээж хүн чадахгүй гэдэг үгийг ганц удаа ч хэлэх эрхгүй

 Б.ЦЭДЭВСҮРЭН

Нөгөөдөр эмэгтэйчүүд, эхчүүдийн баяр. Хайр урссан өдөр. Эмэгтэй хүн амьдралдаа хоёр удаа хамгийн ихээр баярладаг гэдэг. Хүний эхнэр болж нэг баярлаад үрээ төрүүлж хоёр дахиа баярладаг аж. Тэгвэл сайн ханьтай учирч нэг баярлаад, 12 хүүхэд төрүүлж тэр тоогоор баярласан нэгэн сайхан эмэгтэйтэй уулзаж ярилцлаа.

Наснаасаа залуухан, хөнгөн шингэн харагдах түүнийг Мансангийн Хишигсүрэн гэдэг. “Ардчилал” сонины сурвалжлагч гэдгээ хэлтэл бидний яриа түүний ардчилсан хувьсгалд оролцож явсан үеэс эхэлсэн юм. Тэрээр Ардчилсан хувьсгалд өөрөө оролцохоос гадна гэр бүлийн хүн Д.Цэгмэдийгээ үр хүүхэдтэйгээ хамт татан оролцуулсан гэдгээ бахархан ярив. “Би хүүхдүүдийнхээ сонголтыг өөрийн дураар өөрчлөх эрхгүй. Гэхдээ л утсаар ярина. Манай намаас тийм хүн нэр дэвшиж байна гэж ярьчихаад миний хүүхдүүд хэнд саналаа өгөхөө өөрсдөө сонгоно биз дээ гэчихээр ээжийгээ л дагадаг даа” хэмээн инээв.

Энгэр дээр нь гялалзах олон медаль дундаас Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон нүднээ тод тусна. Мөн ардчиллын бэлгэдэл болсон тэмдгүүд ч байх. Тэр дунд танктай тэмдэг бас л содон. Энэ талаар нь асуувал “Ардын армийн 90 жилийн ойгоор өгсөн юм” гэв.

Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь болж улсынхаа нийслэлд мэн­дэлсэн тэрээр Толгойтын 19 дүгээр сургуулийг төгсөөд Төмөр замын техникумд сурчээ. Амьдралд хөл тавьж, хөдөлмөрийн амт шимийг олон улсын вагоны үйлчлэгчийн ажлаас эхлэн амсч явахдаа тэрээр эцэс үгүй олон маргаашийг хамтдаа туулах ханиа олжээ. “Бид хоёр 1973 онд танилцсан. Би олон улсын суудалд проводник хийдэг байсан. Манай хүн хойно Одесст суралцаж байсан юм. Тэгээд л вагонд танилцсан даа. Анхны охиноо төрүүлэхэд нөхөр маань хойно сургуульд байсан болохоор амжилгүй гурван сарын дараа ирсэн. Хоёулаа охинтой болсон шүү гэж хэлээд л маш их баярлаж байснаа дурсахаар одоо ч гэсэн сайхан байна. Залуухан байсан учраас охиндоо хөөрөөд л Алтанцэцэг гэдэг нэр өгчихсөн. Дараа нь хоёулаа охиндоо буруу нэр өгчээ. Хөгшрөөд Алтанцэцэг эмээ болох юм уу гээд л инээлдэж билээ. Том охин маань одоо 44 хүрч байна. Хамгийн бага хүү маань 32-той” хэмээн ярив.

Амьдралынхаа ханьтай учирсан тэрээр анхны охиноо өлгийдсөний дараа МУИС-д элсэн суралцаж, эрхзүйч мэргэжилтэй болжээ. Удалгүй хань нь ч сургуулиа төгсч ирээд дөнгөж шинээр байгуулагдсан Зүүнбаянгийн цэргийн ангид хуваарилагдах нь тэр. Ингээд л тэрээр нөхрөө даган цэргийн хүн болжээ. Номын сангийн эрхлэгчээс эхлээд штабын бичээч, салаан дарга, тасгийн дарга хүртэл хийж явсан талаараа тэрээр дурсан ярьсан. “Хүн амьдралдаа юу эсийг хийх билээ дээ. Нийгэмдээ үр бүтээлтэй ажиллах сайхан. Надад ажил хийх л маш чухал. Эрүүл байгаа маань ч залуу насандаа хийж байсан хөдөлмөр бүтээлийн үр шим байх. Би хүүхдүүддээ нэг зүйл захидаг. Нэг газраа тууштай ажиллаж байгаад тэтгэвэртээ гараарай гэж. Одоогийн хүүхдүүд ганц, хоёр хүүхэд гаргаад л гэрийнхээ ажилд дарагдчих юм. Уг нь тэр ажлыг хүсэх л юм бол зохицуулж болдог. Ажилгүй гэртээ хүүхдээ хараад суух бас хүнд л дээ. Миний үед хүүхдээ гаргаад 45 хономогц ажилд нь оруулчихдаг байсан” гэв.

“Зовлон жаргал, үхэл хагацал бүх л үед хамт байсан ханьдаа одоо ч хайртай. Хамтдаа олон жилийг үдэхээр нэг нэгэнгүйгээр юу ч хийж чадахаа больчихдог юм билээ. Нэг юм худалдаж авах гэсэн ч нөхрөөсөө л асуухгүй бол болохгүй ч юм шиг санагддаг” хэмээн ярьсан түүнээс гал голомтоо хэрхэн бадраасан талаар сонирхоход “Одоогийн хүүхдүүд анхнаасаа л мөнгөтэй, байр машинтай хүнтэй суух гэж улайрах юм. Харж байхад охид их шуналтай болж. Эмэгтэй хүүхдийг шуналтай болгож өсгөж хэрхэвч болохгүй. Тэд чинь ээж болох хүмүүс” хэмээн нэгэн эмзэглэлээ ярив. 

Зүүнбаянгийн 149 дү­гээр ангид нөхөр маань хуваарилагдаж очиход анги нь дөнгөж байгуулагдаж байсан учраас гэр өгсөн юм. Ээж ааваасаа хол анхандаа бол хэцүү л дээ. Гэр бүлтэй, ганц бие олон офицер оччихсон гэрээ буруу харуулж бариад салхинд нураалгачихаад л бөөн инээдэм болдог байлаа. Цэргийн ангиасаа 200 төгрөгийн цагаан ор авчихаад мөн ч их баярлаж байсан даа. Тэр үед 200 төгрөг гэдэг их мөнгө. Орон дээрээ багтахгүй хана, ор хоёрынхоо завсар банз тавьж өргөсгөдөг байлаа. Залуу нас чинь байхгүйгээс л эхэлдэг юм. Хүн хэзээ ч ээжээсээ төрөхдөө мөнгө төгрөг, байр, машинаа аваад төрдөггүй. Хоёулаа сэтгэлтэй байхад архины шилээр гурилаа элдээд л хоол хийгээд иддэг. Бид ч тэгж л амьдралаа эхлүүлсэн. Хүүхдүүддээ хэцүү үед нь ч гэсэн “Аав, ээж хоёр чинь тэгж л амьдарч байлаа. Сэтгэл байвал амьдардаг л юм” гээд хэлээд суух сайхан. Энэ олон хүүхэд төрүүлж өсгөснөөрөө би баян болохоос, хурааж хуримтлуулсан юмгүйгээрээ би ядуу болчихгүй” хэмээн ярив. Тэр бол баатар эмэгтэй. Амьдралыг ялж чадсан. Тэр хэзээ ч өвдөг сөхөрч байгаагүй нэгэн аж. 19-хөн настайдаа анхны үрээ тэвэрсэн тэрээр ч зургаан хүү, зургаан охин төрүүлжээ. “Үр хүүхдийнхээ сайхан муухай хоёрыг ээж л үүрч явдаг юм. Хүүхдүүдийнхээ зовлон, жаргалыг хуваалцдаг. Заримдаа би өөрөө нөхөрт гарах гэж байгаа юм шиг догдолчихсон явдаг. Аав хүн ноён нурууг нь л даадаг юм. Ээж байх амьдралд маш их үүрэгтэй оролцохыг шаарддаг. Зав л байвал ашиглах хэрэгтэй гэдэг. Чадахгүй гэдэг үг ганц ч хэлэх эрхгүй байдаг юм. Ээж хүн тэгж л хэлэх юм бол амьдрал нь нурчихна. Эх эцэг ямар байна үр хүүхдүүд яг л тэгж хүмүүжиж амьдралаа авч явдаг. Нэгэнт л хүүхэд гаргасан бол тэднийхээ өмнө хариуцлага хүлээж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх нь эцэг, эхийн үүрэг. Хүүхдүүддээ захидаг юм. Эмэгтэй хүн болж л өгвөл өөрөө амьдралаа зохицуулж байх хэрэгтэй. Амьдрал хайраар эхэлж, хайраар цэцэглэж, хайран дээр тогтдог. Гэхдээ хөдөлмөр чухал. Хөдөлмөрийг дагаад амьдрал хангалуун байх эсэх нь шийдэгддэг. Цэл залуугаараа олон хүүхэд гаргасан болохоор зав тааруу байлаа. Гэхдээ л яаж ийгээд зав гаргадаг байсан юм. Хүүхдээсээ болж алив юмнаас хоцорч байсангүй. Энэ бол гэр бүлийн хүний маань л гавьяа. Хүн амьдралын ханиа л зөв сонгох хэрэгтэй. Би чинь өөрөө их догшин хүн. Гэхдээ бурхан гэр бүлийн хүмүүсийн ааш аягийг тааруулчихдаг юм билээ” гэх түүний үг бүрээс авах зүйл байх аж. Үнэхээр 12 хүүхэд төрүүлж, өсгөөд амьдралд хөл алдаагүй яваа сайхан буурайгийн үгнээс гээх зүйл үгүй ажээ.

Тэрээр жаахан байхдаа дүү нараа авах их дургүй байсан учраас ээж нь “Чи хүүхдэд дургүй хэрээрээ олон хүүхэдтэй болох байх даа” гэдэг байж. Залуу насныхаа аагаар ээжийнхээ үгийг тэрхэн үедээ тоогоогүй ч 12 хүүхэд төрүүлсэн хойноо л сая нэг ухаарсан гэдэг. “Охид хөөрхөн шүү. Эрвээхий шиг. Хүүхдүүдээс минь хүү их гарах юм. Аман дээрээ эрүүл саруул төрж л байвал ямар ч байсан яах вэ гэдэг ч дотроо охин гараасай л гэж боддог юм” хэмээн ярих түүний том охин нь дөрвөн хүү төрүүлсэн бол бусад нь нэг нэг хүүхэдтэй аж.

Өөрөө хөдөлмөрийн үр шимийг амьдралынхаа турш мэдэрсэн учраас ч тэр үү хүүхдүүддээ хөдөлмөр хүнийг амьдралд сургадаг талаар хэлж захих дуртай гэсэн. Хэдийгээр улсдаа 46 жил хөдөлмөрлөж, гавьяандаа суусан ч тэрээр 2000 оноос хойш гэр бүлийн хүнтэйгээ хамтдаа хоёр га газарт хүнсний ногоо тарьж, 30 гаруй тонн ургац авдаг болжээ. Энэ хөдөлмөр нь ч түүнд олон удаагийн шагнал дагуулсан бөгөөд хамгийн сүүлд дүүргийнхээ аварга тариа­ланчаар шалгарсан талаараа хөөрч догдлон хуучилсан юм.

Түүний зургаан хүүхэд БНСУ-д ажиллаж, хөдөл­мөр­лөдөг бол бусад нь эндээ хүний дайтай хүн, айлын дайтай айл болж эцэг эхээ жаргааж явна. Эцэг эхийнхээ сургааль, үлгэр дууриалын ачаар шүү дээ...

“Шөнийн хоёр цагт охин маань Солонгосоос утсаар ярилаа. Харь оронд бай­гаа болохоор санаа зовоод утсаа автал охин “Ээжээ та сандрав уу” гэж байна. Тэгэлгүй яадаг юм бэ гэсэн охин маань “Тандаа баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Надад ажил сургасанд” гэдэг байгаа. Баярламаар ч юм шиг уйлмаар ч юм шиг болсон мөртлөө охиноо тэгээд өдөр хэлж болдоггүй юм уу гээд аашилсан чинь “Өдөржин бодоод хэлэх зав одоо л гарч байна” гэсэн” хэмээн тэрээр яриад “Амьдралыг тэмцэж л олдог. Нас өндөр гарсан гээд хүүхдүүд, ах дүүсээ хараад суух утгагүй. Тэд чинь өөрсдийн гэсэн амьдралтай. Тэгээд ч хэнээс дутахгүй гар, хөл, бие хаа байхад хүнээс гуйж амьдарч болохгүй” түүний яриагаар бидний яриа өндөрлөв.

Хамгийн хүчтэй зэвсэг бол үг гэж ярьдаг. Тэгвэл улс орон бүр өөр өөрийн гэсэн санал асуулга явуулж эх хэлнийхээ хамгийн сайхан үгийг шалгаруулдаг байна. Энэ жишгээр манайхан өнгөрсөн онд онлайн санал асуулга явуулахад нэгдүгээр байрт “ээж” гэдэг үг хол илүү хувиар түрүүлсэн билээ. Ээж гэдэг өөр бусад орны ч хамгийн сайхан үгээр шалгарсан нь бий. Нөгөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. 100 гаруй жилийн турш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ л өдрийг албан ёсны хэллэгээр нь биш “Эх үрсийн баяр” хэмээн нэрлэж, тэмдэглэсэн өдөртэй бид дахиад л учрах гэж байна. Ээж хүнийг баярлуулах хайр дахиад л хамгийн халуунаар ундрах өдрийг угтаж ийм нэг сайхан ижийтэй уулзаж ярилцсан маань энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан