Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэтгэврийн санг мөнгөжүүлэх ёстой хэмээн санал нэгдэв

А.АМГАЛАН

Өчигдөр Монголбанк “Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл ба тэтгэврийн зээл” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад тэтгэврийн зээл олгогч ХААН, Капитал, Төрийн банк, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭ, Монголын ахмадын холбоо, Шударга хүү хөдөлгөөн зэрэг олон талын төлөөллүүд оролцсон юм.

Талууд "Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл"-ийн асуудлыг өргөн хүрээнд харж, олон талаас нь ярилцаж, үндэсний хуримтлалын тогтолцоог шинэ шатанд хүргэх, "орлого нь дутдаг-зарлага нь давдаг" өнөөгийн хоёр хэмжээст хавтгайгаас "олдог-хуримтлуулдаг-хөрөнгө оруулдаг" гурван хэмжээст хавтгай руу шилжих шийдэл, гарцын талаар зөвлөлдсөн юм. Нөгөө талаар, инфляцын түвшин зээлийн хүүтэй шууд хамааралтай талаар Монголбанк болон банкны салбарын эдийн засагчид онцолсон юм.

Уулзалтын зорилго нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан "Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх" ажлын хэрэгжилтийг эхлүүлэх юм.

Монгол Улсын хэмжээнд 340 мянган иргэн тэтгэвэр авдгаас 190 мянга нь тэтгэврийн зээлтэй буюу тэтгэврийн зээлийн хэмжээ 355 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм. Жилийн хүү нь 18 хувь бөгөөд  банкуудын хувьд тэтгэврийн зээл авагчдаас шимтгэл хураамж авдаггүй гэдгийг онцолж байлаа.

Уулзалтад оролцогчид ”Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр дутсаар ирсэн. Засгийн газар өрөө төлж, мөнгөөр дутагдаж ирсэн Тэтгэврийн санг мөнгөжүүлж жил бүр 500 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлдэг болчихвол 10 жилийн дараа 5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн том сан бий болно. Өөрөөр хэлбэл, олсныгоо хуримтлуулдаг, буцаагаад түүнийгээ хөрөнгө оруулалт болгож зах зээлд гаргах нь инфляц тогтвортой түвшинд байж, эдийн засгийн савлагаанаас ангид байх боломж бүрдэнэ. Инфляц тогтвортой байж буурсан нөхцөлд тэтгэврийн зээлийн хүү буурна. Ийм тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна” гэж дүгнэлээ.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайханы тодотгосноор тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр яригдаж буй сэдэв биш, олон жилийн өмнөөс хөндөгдөж, энэ чиглэлээр банкууд ч ажилласан. Тухайлбал, 2008 онд тэтгэврийн зээлийн хүү сарын 2 хувь дээр нэмэх нь шимтгэл болон бусад зардлыг нэмбэл 3.35-3.45 хувийн хүүтэй байсан бол  2011 онд 1.8 хувь болгож бууруулсан байна. Ингэхэд тэтгэврийн зээл өмнөхөөсөө 2.5 дахин буюу 47 тэрбум төгрөгөөс 170 тэрбум болж өсчээ. 2012 онд тэтгэврийн зээлийн хүүг 1.5 хувь болгон, шимтгэлгүй болгосноор зээлийн багц 355 тэрбум төгрөгт хүрч, гурав дахин өссөн байна. Тиймээс эдийн засгийнх нь суурийг  зөв бэлтгэж зах зээлийнх нь жам ёсоор буулгавал гарах сөрөг үр дагавар багатай тусна гэж онцлов.
Харин Монголын Ахмадуудын холбоо, Шударга хүү хөдөлгөөнүүдийн зүгээс ахмадуудын тэтгэврээ авдаг голлох банкуудад Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг түлхүү хэмжээгээр байршуулж, түүнийх нь хариуд тэтгэврийн зээлийн хүүг өнөөгийн түвшнээс нь 3 хувиар бууруулж 15 хувь руу буулгах боломжтой гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан