Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

24 ертөнцийн 88 өнгө

 Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Гэрэл зургаар амьдарч, гэрэл зургаар амьсгалж, гэрэл зурагт чин зүрхнээс дурласан 24 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр үзэгч олны хүртээл боллоо. “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн-2015” нэрээр дэлгэгдсэн тус үзэсгэлэнг гэрэл зурагчин Н.Гансүх санаачлан “Canon” брэндтэй хамтран зохион байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд “Canon Mongolia” төвөөс 13 сэдвээр цуврал уралдаан зарлаж улмаар уралдаан бүрт байр эзэлсэн 12 уран бүтээлч мөн 12 мэргэжлийн гэрэл зурагчныг нэгтгэж нийт 24 уран бүтээлчийн 88 гэрэл зургаар тус үзэсгэлэнг чимжээ. Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөн түүхт 80 жилийн ой тохиож буй энэ онд олон улсын жишигт нийцсэн, цогц үзэсгэлэн гаргасан нь гэрэл зурагчид, сонирхогчид, гэрэл зургийг урлаг хэмээн таашаагч хэн бүхэнд гэнэтийн бэлэг болж чадсаныг онцлох нь зүйтэй. Гэрэл зурагчин Ч.Батдорж, Ч.Батзаяа, Б.Баяр, Г.Баясгалантөгс, Р.Бямбадорж, Н.Гансүх, Л.Жаргалсайхан, Д.Октябрь, Д.Отгонтуяа, Ц.Тэнгис, Н.Цолмон, Н.Энхбат нар үзэсгэлэнд урилгаар оролцсон. Харин зурагчин Д.Адъяа, Ц.Болдбаатар, Ш.Бэжид, Х.Дайчинбаатар, О.Дэлгэрхүү, Б.Мөнхбат, О.Мөнхнасан, Ц.Наранбат, Б.Рэнцэндорж, Б.Сүхбаатар, Б.Шижирболд, Ц.Эрхбаяр нар цуврал уралдаанд байр эзэлж өөрийн бүтээлээр үзэсгэлэнгийн ханыг чимэх эрхтэй болсон юм.
Ийнхүү 24 уран бүтээлч, 24 өөр ертөнцийн 88 өнгө сүлэлдсэн үзэсгэлэнд саатахдаа тэдний төлөөлөлтэй уулзаж ярилцсанаа  хүргэе.

“Хүндэт Канончин”

“Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн-2015”-ыг санаачлан, “Canon Mongolia” төвтэй хамтран зохион байгуулахад ачааны хүндийг үүрсэн хүн бол Н.Гансүх. Цөмийн физикч, электроникийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрээр 1978 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн байна. Ан амьтан, байгаль, бараа бүтээгдэхүүн, макро, өндөр хурдны зураг буюу мэдрэгч ашиглан зураг авдаг түүнийг “Canon” брэндийн үнэнч хэрэглэгч гэж хэлж болно. “Canon 7D” аппаратыг “зэр зэвсэг”-ээ болгосон тэрээр Ц.Батзориг агсны нэрэмжит уралдааны 2006 оны байгалийн сэдэвт шилдэг зурагчин болж байсан юм. Мөн “Монголын 108 өнгө”, “Монгол урлагийн үнэт бүтээлүүд” зэрэг гэрэл зургийн ном гаргаж байсан туршлагатай.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүнийг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт “Хүндэт канончин” хэмээн өргөмжилж холбооны хүндэт өргөмжлөл гардуулсан юм.

Гэрэл зурагчин Намгарын ГАНСҮХ

-Юуны өмнө танд баяр хүргэе. Анх удаа 24 уран бүтээлч хамтарч үзэсгэлэн гаргалаа. Түүнчлэн гэрэл зурагтай холбоотой мэргэж­лийн байгууллага хамтран зохион байгуулснаараа онцлог байж чадлаа?
-Баярлалаа. Бид гадаадын томоохон үзэсгэлэнгүүдэд байдаг бүх л зүйлийг эл үзэсгэлэнд оруулахыг хүссэн, хичээсэн. Урилга, каталогоос аваад бүх л зүйлийг цогц байдлаар хийхийг зорьсон. Зүгээр л хэдэн зураг хэвлэж нэг газар өлгөчихөөд сууж байдаг хэвшил болсон байдлыг эвдэхийг эрхэмлэсэн хэрэг. Ер нь,  орчин үеийн үзэсгэлэн ямар байх ёстой тэр түвшинд л хүргэхийг хүссэн юм. Үзэсгэлэн гаргана гэдэг нь хэд хэдэн зорилготой байх ёстой. Жишээ нь, надад ийм юм байдаг гээд гайхуулах гэж гаргаж болно.
Эсвэл хөрөнгө мөнгө босгох; зурагчин өөрийгөө таниулах ч байж болно шүү дээ. Харин энэ үзэсгэлэнгийн зорилго бол зурагчдыг хооронд нь уулзуулж, мэдлэг туршлага солилцоход чиглэсэн. Тиймдээ ч бид үзэсгэлэнгээ тав хоног гаргаж, өдөр бүр өөр өөр төрөл, чиглэлээр зураг авдаг зурагчдыг урьж чөлөөт уулзалт хийх юм. Энэ нь зураг үзээд өнгөрөхөөс илүү ач холбогдолтой, үр дүнтэй байх болов уу.

-Ямартай ч, та бүхэн чадлаа. Энэ удаагийн үзэсгэлэн Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөн түүхт 80 жилийн ойг мялаасан бэлэг боллоо?
-Анхны юм гэдэг алдаа, оноотой байдаг. Цаашид үзэсгэлэн цуврал хэлбэрээр гарах учир бид илүү чанаржуулахыг эрхэмлэж байна. Дараа дараагийн үзэсгэлэнд цуврал уралдаанд зөвхөн тэргүүн байр эзэлсэн бүтээлийг тавьж үзэгч олны нүдийг хужирлана.

“ХОТЫН ИРГЭН”

Гэрэл зурагчид болоод цахим ертөнцөд нэгдсэн гэрэл зураг сонирхогчдын дунд “Хотын иргэн” нэрээр эчнээ танил болсон эрхэм бол Р.Бямбадорж.
“Гэрэл зураг сонирхогчдын фэйсбүүк групп”-ийг үүсгэн байгуулж, гэрэл зурагт дурлагсдыг нэтгэж чадсан тэрээр 2013 оноос зураг авч эхэлжээ. Шөнийн болоод байгалийн зураг түлхүү сонирхдог тэрээр “Canon Mongolia”-аас зарласан цуврал уралдааны “Зэрлэг амьтан” төрөлд дэд байр эзэлж, үзэсгэлэнд урилгаар оролцож байгаа юм.

Гэрэл зурагчин  Рашцэрэнгийн БЯМБАДОРЖ

-Их ажлын ард гарлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. 24 хүн хамтарч том хэмжээний үзэсгэлэн гаргалаа. Шинэлэг, өвөрмөц байж үзэгчдэд хүрч чадах байх гэж найдаж байна. Дөнгөж нээлтээ хийж байхад л заал дүүрэн хүн цуглачихсан байгаа нь үнэхээр сайхан санагдлаа.

-Таныг олон нийтийн сүлжээнд буй гэрэл зурагчид, сонирхогчид “Хотын иргэн” Бямбаа гэх нэрээр тань анддаггүй?
-Тийм ээ. Олон нийтийн сүлжээнд аль болох идэвх үзүүлэхийг хичээдэг. Фэйсбүүкийн хоёр ч группийг удирдан ажиллуулж байна. Миний зорилго бол өөрөө сайн зурагчин болохдоо биш гэрэл зураг дөнгөж сонирхож буй залуусыг нэгтгэж, тодорхой хэмжээнд мэдлэг, мэдээлэл олгох, харилцаа холбоог нь сайжруулахыг чухалчилдаг.
Үүгээрээ Монголын гэрэл зургийн хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулахыг хичээдэг дээ.

“ШУВУУНЫ” ЖАРГАЛ

“Шувууны” Жаргал гэвэл гэрэл зурагчид андахгүй. Л.Жаргалсайхан гэх энэ хүн ан амьтан тэр дундаа шувууны зураг дагнан авдаг нэгэн. 2011 оноос камер барьж, Монгол орны ховор, нэн ховор жигүүртний зургийг авч эхэлсэн тэрээр “Миний харсан шувууд 2012-2013” гэрэл зургийн цомог гаргасан юм.

Гэрэл зурагчин  Ламжавын ЖАРГАЛСАЙХАН

-Үзэсгэлэнд хэдэн бүтээ­лээр оролцож байна вэ?
-Манай Гансүх шувууны төрлийн хэдэн зургаар орол­цооч гэж урилга ирүүлс­ний дагуу гурван зургаараа оролцож байна.

-Таныг “Фликр” сай­тад зургаа идэвхтэй нийтэлд­гийг мэднэ. Гэвч өдийг хүртэл гэрэл зурагчин эсвэл шувуу судлаач, биоло­гичийн аль нь болохыг мэдэхгүй л байна?
-/инээв/ Аргагүй ээ. Би 2011 оноос шувууны зураг сонирхон авч эхэлсэн. Би өөрөө уурхайд ажилладаг юм л даа. Тэр үед уурхайн нөхөн сэргээлтийн ажлаар эрдэмтэд ирж ажилласан юм. Тэр явцад нэг шувуу сонирхогч, судлаачтай танилцаж надад ном хийж байгаа тухайгаа хэлж, авсан зургуудаа үзүүлсэн. Тэрнээс хойш л гэрэл зураг тэр дундаа шувууны зураг сонирхож эхэлсэн дээ. Түүнээс хойш дөрвөн жил авч байна.

-Гэрэл зургийн хувьд дөрвөн жил гэдэг ахар богино хугацаа шүү дээ. Таны зургуудыг хараад байхад мэргэжлийн төв­шинд авсан, чанарын хувьд өөлөх юмгүй санагддаг?
-Яахав, дөрвөн жил гэдэг хангалттай хугацаа эсэхийг мэдэхгүй ч миний хувьд өөрийгөө их голдог. 14 хоногийн турш Цэвдэгийн ууль ч юм уу нэг л шувууг хайж хайж олчихоод хэдэн кадр дартал авах юмгүй бол устгаж орхино. 200 кадраас ганц, хоёрхон зураг гарах нь бий. Тиймээс чанарыг илүүд үзэж, уйгагүй явж байж хэдэн зурагтай ирдэг дээ. Бас гэрэл зургийг онол талаас нь багахан судалсан ухаантай. Түүнээс өөр туршлага гэх юмгүй ээ.

“МАКРО” ЦОЛМОН

“Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн”-д ихэвчлэн байгаль, ахуйн сэдэвт зураг дэлгэгдсэн. Эдгээрээс ихэд онцгойрч байсан нь мэдээж макро гэрэл зураг. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй энэ төрлийн зургаар дагнадаг цөөн уран бүтээлчийн нэг бол Н.Цолмон. “Mongolian macro photography” бүлгийг үүсгэн байгуулж, гадаад дотоодын 1700 гаруй макрочийг эгнээндээ элсүүлсэн тэрээр сүүлийн таван жил зураг авч байгаа юм. Мөн макро гэрэл зургаас гадна харьцуулсан зураг авдаг.

Гэрэл зурагчин  Найдандоржийн ЦОЛМОН

-24 зурагчнаас ганц макро зурагчин эрхгүй ялгарч байна. Сэтгэгдлээ хуваалцвал?
-Хараад байхад Монголын гэрэл зургийн том том мастерууд хүртэл бидний үзэсгэлэнг үзэж сонирхож явна. Ингээд бодохоор их далайцтай, өргөн хүрээг хамарсан үзэсгэлэн болсон юм болов уу гэж бодож сууна даа.

-Гэрэл зураг сонирхог­чийн хувьд таныг бие даасан, макро зургийн үзэсгэлэн гаргах болов уу гэсэн хүлээлт байна?
-Уг нь, өнгөрсөн зунжингаа ажиллаж ажиллаж намар нь шавжны хөргөөр дагнасан макро зургийн үзэсгэлэн гаргая гэж бодсон ч хараахан амжаагүй юм. Ер нь бол бодол байгаа. Ирэх жилдээ багтаад ч юм уу макро зургийн дагнасан үзэсгэлэн гаргачих байх шүү.

-Таны макро зурагчдын группт гадаадын зурагчид цөөнгүй байдаг. Монголд хөгжиж эхэлж буй болохоор энэ төрлийн зурагт гадаад харилцаа чухал байдаг биз?
-Тэгэлгүй яахав. Манай группт гадаадын макрочид цөөнгүй. Тэдний дотор ихэвчлэн халуун оронд ажиллаж амьдардаг нь их. Халуун орон учир зургийг нь авах обьект, биет болсон шавж хорхой нь байнга байж байдаг. Тиймдээ ч гадаад зурагчдын ур чадвар хурдан ахидаг байх. Бид тэдгээр хүнтэй боломжоороо холбоо тогтоож, туршлага солилцон хамтран ажиллахыг хичээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан