Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захирал, эрхлэгчийн сонгон шалгаруулалтын сүүдэрт хүүхдүүд жиндэх учиргүй


-62 дугаар сургуулийн 2800 хүүхэд тодорхойгүй хугацаагаар “амарчээ”-

 Б.СОНОР

Нийслэлийн Сонгино­хайр­хан дүүргийн 62 дугаар сургуулийн багш нар өчигдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялаа гэж мэдэгдэв. Тэд өнгөрсөн сард ажлаа хийхийн хажуугаар тайван суулт зарлаж байсан удаатай. Тус сургууль 2800 хүүхэд, 160 гаруй багш ажилчинтай. Сургуулийн багш, ажилчид олны хүүхдийг ялгалгүй, эрдэм номын ариун цагаан замаар алхуулах үйлсээ ийн умартах болсон нь сургуулийн захирлаа эсэргүүцсэнтэй холбоотой гэнэ. 2800 гаруй сурагчаа “Хичээл хэзээ орохыг чинь утсаар хэлнэ” хэмээн тараачихсан багш нар албаны хүмүүсээс бодит хариу хүлээсээр суугаа аж.

УИХ-аас 2003 онд гаргасан төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчийг сонгон шалгаруулалтаар сонгох нь зүйтэй гэсэн тогтоол гарсан ч 2013 онд төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор л  хэрэгжиж эхэлсэн. Үүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж 2007 оноос хойш захирлаар томилогдсон хүмүүсийг сонгон шалгаруулалтад оруулахаар захирамжилж Нийслэлийн боловсролын газарт энэ ажлыг даалгасан.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 79 сургууль, цэцэрлэгт халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн албан бус тоо байна. Шалтгаан нь янз бүр. Тэтгэвэртээ гарсан, өөр ажилд томилогдсон, саналаараа ажлаа өгсөн, сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэх мэт. Гэтэл энэ 79 халаа, сэлгээний сүүдэр нь нас нь болоогүй байхад тэтгэвэрт шахан гаргасан, өөр ажил тулган өгсөн, сонгон шалгаруулалтаар шахаж гаргах гэлээ гэх зэрэг гомдол дагуулах болж. Бүр нэг сургууль, цэцэрлэгт хоёр захирал, хоёр эрхлэгчийн цалин олгохдоо тулсан асуудал ч байна. Учир юу гэвээс Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж буй сонгон шалгаруулалтаар сонгогдож гарсан эрхэм ажлаа хийж цалингаа авч байхад, тус албан тушаалыг нь өмнө хашиж байсан этгээд шүүх байгууллагуудаар явж, өөрийнх нь ажлын байранд заавал сонгон шалгаруулалт явуулах учиргүй байсныг тогтоолгосноор ажиллаагүй хугацааныхаа цалинг нэхэмжилдэг асуудал ч гарав.

62 дугаар сургууль дээр үүссэн нөхцөл байдал

Тэгвэл эдгээр 79 халаа, сэлгээний сүүдэр нийслэлийн 62 дугаар сургууль дээр нэлээн томоор тусчээ. Өнгөрсөн онд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ш.Сарантуяа нь 2007 оноос хойш энэ албанд томилогдсон учир түүний ажлын байран дээр дахин сонгон шалгаруулалт явуулахаар болж. Сонгон шалгаруулалтад 40 хүн оролцож, сүүлийн шатанд найман хүн тунан үлдсэнээс А.Батжаргал 0.8 онооны зөрүүгээр ялж, сургуулийн захирлын албанд тэнцэж, харин түүний араас удаалсан Ш.Сарантуяа Нийслэлийн боловсролын газрын нөөцөнд үлдсэн байдаг.

Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард өөрийн албаа хүлээлгэн өгсөн ч сонгон шалгаруулалтын дүн алдаатай хэмээн үзсэн учраас Иргэний хэргийн шүүхэд хандаж, гурван шатны шүүхийн шийдвэрийг гаргуулсан. Шүүхээс Ш.Сарантуяаг 62 дугаар сургуулийн захирлын албанд буцаан томилж, ажиллаагүй хугацааных нь цалинг нь нөхөн олгох шийдвэр гаргасан байдаг. 

Шүүхийн шийдвэр ёсоор 62 дугаар сургуулийн захирлын албан тушаал дээр сонгон шалгаруулалт хийх шаардлагагүй байсан төдийгүй тус сонгон шалгаруулалт нь хүчингүй хэмээн тогтоосон. Учир нь, А.Батжаргал нь таван үетэй шалгалтын нэг болох ярилцлагын шалгалтад хүрэлцэн ирээгүй ч шалгалтын комиссынхон зохиомол дүн тавьсан гэдэг нь ярилцлагын шалгалтад орсныг батлах дуу хураагуурын бичлэг байхгүй байснаар нотлогджээ. А.Батжаргал нь захирлын сонгон шалгаруулалтаас өмнө 62 дугаар сургуульд сургалтын менежерээр ажиллах хүсэлт гаргаж байсан аж. Түүний боловсролын материалыг судалж үзэхэд Булган аймагт долоон жил бага ангийн багшаар ажилласан, мөн удирдах алба хашихаар мэргэшээгүй гэх шалтгаанаар буцаасан байдаг.
Шүүхийн шийдвэр танилцуулагдсан цаг мөчөөсөө эхлээд хүчин төгөлдөр болдог ч Ш.Сарантуяа ажлаа хүлээж аваагүй л байна. Сургуулийн багш нарын эсэргүүцлээс үүдэн сунжирсан нь энэ. Гэ­тэл өчигдөр шинэ, хуучин захирлууд ажлаа хүлээлцэх сургаар сургуулийн багш, ажилчид ажил хаяж, хүүхдүү­дээ тодорхойгүй хугацаагаар хичээллэхгүй гээд явуулжээ.

Уг асуудлын талаар Ш.Сарантуяатай холбогдоход тэрээр “Ажил хүлээж авах хугацаагаа мэддэг бол хэлчихмээр л байна. Уг нь дүүргийн Засаг даргын тогтоол шийдвэр бүгд гарсан байхад ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулагдахгүй байна. Нийслэлийн боловсролын газраас энэ талаар асууна уу” гэсэн юм. Харин Нийслэлийн боловс­ролын газрын ший­двэрийн биелэлт хариуц­сан мэргэжилтэн Ц.Ууганбаяр “Энэ талаарх мэдээллийг одоогоор өгөх боломжгүй” хэмээн утсаа тасаллаа.

Сургуулийн багш, ажилчид “хуучирсан” шинэ захирлаа эсэргүүцэх болсон шалтгаан

Тус сургуулийн математи­кийн багш Ж.Сэржмядагтай хол­богдож асуухад “Бид  хуучин захирал байсан Ш.Саран­­туяатай хамтран ажил­­лах боломжгүй гэдгээ илэрхийлж ажил хаяж байна. Хүүхдүүдээ тараасан. Хэрэв хол­богдох байгууллага нь бидний санал гомдлыг хүлээж авахгүй бол ажил хаялт үргэлжилнэ” гээд утсаар олон зүйл ярих боломжгүй гэсэн юм. Уг нь, төрийн албан хаагч ажил хаяхаар бол долоо хоногийн өмнө ажил олгогч анхан шатны нэгжид өргөдөл өгөх ёстой талаар Хөдөлмөрийн хуульд заасан байдаг аж. Мөн өмнө нь ажил хаяж байсан сургуулиудын жишгээс харахад эцэг, эхчүүдэд энэ талаар урьдчилан мэдэгдэж, хүүхдээ харж хандахыг анхааруулдаг байна. Гэтэл тус сургуулийнхан хоёр захи­рал ажлаа хүлээлцэх гэж байгаа сургаар л хичээлдээ өглөө ирсэн хүүхдүү­дээ та­раагаад явуулчихсан байх юм. Сургуу­лийн багш нар өнгөрсөн сард зарласан хэвлэ­лийн хурлын үеэрээ “Бид Сарантуяа захирлын нэр хүндэд халдсан үйлдэл хийгээ­гүй. Гэтэл худал мэдээлэл өгч, зарим багшийг маань цагдаад өгсөн. 2010 оны зургадугаар сард манай сургуульд томилогдож ирсэн даруйдаа 20 багшийг ажлаас нь халсан. Багш нарын дипломыг алга болгосон, багш нарыг жил дараалж хүүхэд гаргалаа гэж хурал дээр ярьсан, сургуулийг камержуулсан, өөр сургуульд кабинет байгуулах нэрийдлээр багш нараас мөнгө татсан. Энэ бүгдийг нь баримтаар нотолж, холбогдох байгууллагад нь өгсөн. Ш.Сарантуяа бол дарангуйлагч учраас түүнтэй хамтарч ажиллах боломжгүй” гэсэн юм.

Тодорхойгүй ажил хаялтыг тодорхой болгооч та минь ээ

Уг асуудлыг гардаж шийдвэрлэх ёстой Нийслэлийн боловсролын газраас ямар ч арга хэмжээ авахгүй байгаа учир БСШУЯ-наас ямар нэг арга хэмжээ авах болов уу гэж хүмүүс харж, найдаж байна. Уг нь, Үндсэн хуульдаа захирагдаж, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг талаар ярьж, сурагчдадаа заадаг багш нар маань өөрсдийн эрх ашгийн төлөө сурагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ умартаж, тэдний эрх ашгийг золимооргүй. Гэтэл “тодорхойгүй” хугацаагаар  хэмээн ажлаа хаяж суугаа багш нарын өмнөөс даанч харамсмаар.
Бусад сургуулийн багш нар ажил хаяхгүй л байгаа болохоос удирдах ажилтныг тойрсон асуудал гарахгүй байгаа юм биш. 62 дугаар сургууль дээр болсон шиг үйл явдал цөөнгүй сургууль дээр давтагдаж байна. Гэтэл тэдгээр сургуулийн багш нар хүртэл ажил хаяад эхэлбэл тэр тоолонд нь сурагчдын эрх ашиг хөндөгдсөөр байх нь.

Төрийн өмнө үүрэг хүлээж, тангараг өргөдөг албан хаагчид маань шалдар булдар шалтгаанаар ам таглаж, ажил хаялтаар далайлгах байдал нэг бус удаа гарч байгаа нь эмгэнэл гэлтэй.

Дугаар шилжих мөчид: Оройн 19:00 цагийн үед 62 дугаар сургуулийн багш нар хүүхдүүд рүүгээ залгаж маргааш /өнөөдөр/ хичээл орно гэж хэлсэн байна. Тиймээс тус сургуулийн математикийн багш Ж.Сэржмядаг руу дахин холбогдож лавлав. Тэрээр “Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Түвшинбат, мэргэжилтэн Ууганбаяр, Мягмар нарын таван хүн ирж бидэнд Шүүхээс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой учраас Сарантуяа ажлаа хүлээн авах учиртай гэдгийг тайлбар­лаж өгсөн. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг хүлээн авахаар боллоо. Гэхдээ ажил хаялтын комиссоос Сарантуяа захиралд шаардлага хүргүүлнэ. Энэ удаагийн ажил хаялтаа бүр зогсоосон юм биш. Түр хугацаагаар түтгэлзүүлээд байна. Бидний шаардлагыг хэрхэн хүлээн авахаас бүх зүйл шалтгаална” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан