Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн “Африк” 2-р хэсэг


3. Operation and Maintenance agreement (Үйл Ажил­лагаа, Засвар Үйлчилгээний Гэрээ) – Багц гэрээ
Төслийн компанид төслийн үйл ажиллагааг хэрхэн удирдан явуулах талаар хоёр сонголт байдаг: 1. Төслийн үйл ажиллагааг өөрөө удирдан явуулах; 2. Оператор хөлслөн авч, “Үйл Ажиллагаа, Засвар Үйлчилгээний Гэрээ” байгуулан төслийн үйл ажиллагааг хөтлөн явуулуулах; “Оюу толгой” төслийн хувьд хоёр дахь хувилбараар хэрэгжиж байгаа бололтой.

Төслийн байгууламжийн найд­вартай ажиллагаа, бү­рэн бүтэн байдлыг ханган ажил­лахын зэрэгцээ үйлдвэр­лэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанарыг  харилцан тохиролцсон түвшинд байлгахаар тохи­рол­цож, оператор компани, төслийн компани хоёр хоо­рондоо “Үйл Ажиллагаа, Зас­вар Үйлчилгээний Гэрээ”-г бай­гуулдаг. Төслийн аль нэг эзэмшигч төслийн үйл ажил­лагааг удирдан явуу­лах үед ч төслийн бусад эзэм­шиг­чид болон санхүүгийн байгуул­лагууд, төслийн компани болон төслийн үйл ажиллагааг удирдан явуулах талын хооронд гэрээ байгуулан ажиллахыг шаардах нь зүйн хэрэг.

Төслийн энэ үе шатанд “үйл ажиллагааны зардал төсвөөс хэтрэх”, “төслийн үйл ажиллагаа тавьсан шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байх”, “давагдашгүй хүчин зүйлс тохиолдох” гэсэн ноцтой эрсдэлүүд гардаг ба гэрээгээр эдгээр эрсдэлүүдийг оролцогч талуудад зохистой хуваарилж, тэдгээрийн хоорондын харил­цааг зохицуулдаг.

Энэхүү гэрээнд түгээмэл тусгагддаг чухал заалт, нөхцөлүүдийг дурдвал:
-Оператор, төслийн компани тус бүрийн хүлээх үүргийн нарийвчилсан жагсаалт (a detailed listing of each of the operator’s and owner’s responsibilities);
-Ажлын хөлс болон төлбөрийн нөхцөлүүд (compensation and payment terms);
-Туслан гүйцэтгэх гэрээнүүд (subcontracts);
-Гүйцэтгэлийн хяналт (Performance testing);
-Гүйцэтгэх ажилд орох өөрчлөлтүүд (changes in the work);
-Баталгаа (warranties);
-Гэрээний нөхцөл зөрчигдвөл авах арга хэмжээнүүд (remedies for breach);
-Даатгал (insurance);
-Маргаан шийдвэрлэх (dispute resolution);
Нөхөн төлбөр (indemnification);
-Үйл ажиллагаа эрхлэн явуу­лах эрх шилжих (аssignment);
-Үйл ажиллагааг түдгэл­зүүлэх болон зогсоох (suspension of work and termination);
-Давагдашгүй хүчин зүйлс (force majeure) гэх зэрэг болно.
Оператор үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний төсвөө төслийн компанид тогтмол давтамжтай танил­цуулж, батлуулахын зэрэгцээ санхүү болон үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаар төслийн компанийг мөн тогтмол дав­тамжтайгаар хангаж ажиллах үүрэгтэй.

Энэ гэрээ бидэнд тодор­хой­гүй байгаа нь “түнш”-д “толгойдоо орсон мөнгө”-ийг манай талд мэдүүлэн төслийн ашгийг зохиомлоор бууруулж, манайд ирэх мөнгөнөөс “саах” бас нэг хэрэгсэл болж байгаа юм.  
 
4. Input Contracts (Орцын Гэрээнүүд) – Багц гэрээ

Энэхүү гэрээнүүд нь төслийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны үе шатанд шаардлагатай түүхий эд, материал төдийгүй цахилгаан эрчим хүч, дулаан, ус гэх мэт. дэд бүтцийн үйлчилгээгээр төслийг тогтмол эсвэл “таамаглахуйц” үнээр, найдвартай хангах зорилгоор талуудын хооронд байгуулагддаг. “Оюу толгой” төслийн хувьд ийм хэдэн зуу, магадгүй хэдэн мянган гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай.

Эдгээр гэрээнүүд бидэнд то­дорхойгүй байгаа нь “түнш”-д “толгойдоо орсон мөнгө”-ийг манай талд мэ­дүү­лэн төслийн ашгийг зохиомлоор бууруулж, ма­найд ирэх мөнгөнөөс “саах” бас нэг хэрэгсэл (гэрээ тус бүр нь) болж байгаа юм.   

5. Off-take Sales Contracts (Бүтээгдхүүн Борлуулах Гэрээ) – Багц гэрээ

Энэхүү гэрээ нь төслийн компанийг найдвартай мөнгөн орлогоор хангаж, төслийн санхүүжилтийн гол эх үүсвэр болдог. Энэ гэрээ нь төслийн бүтээгдэхүүний зах зээлийн эрсдэлийг (бүтээгдхүүний үнийн хэлбэлзэл, бүтээгдэхүүний хоцрогдол, зах зээлийн өрсөлдөөн зэрэг) бууруулж, төслийн компанийг найдвартай мөнгөн орлогоор хангах зорилготойгоор худалдан авагч буюу худалдан авагчид, төслийн компанийн хооронд байгуулагддаг. Төслийн үйл ажиллагаа явуулж салбар, төслийн бүтээгдэхүүн, төсөл эзэмшигчид, зах зээл гэх мэт олон хүчин зүйлсээс хамааран энэхүү гэрээг хийх олон төрөл, хэлбэр байдаг.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах үед хоёр талд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн лаборатор ажиллаж, жин хэмжээ, агуулага зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт тус бүрийн талаар бие даасан үнэлэлт, дүгнэлт гаргаж хоёр талд тайлагнаж байхаар тус гэрээнд заасан байдаг.  

Энэ гэрээ (эсвэл гэрээ­нүүд) бидэнд тодорхойгүй байгаа нь “түнш”-д: 1. Зэсийн баяжмал дах элемент, орцуудын агууламж; 2. Зэсийн баяжмалын тоо хэмжээ; 3. Тухайн борлуулж буй бүтээгдэхүүний нэгжийн үнэ; 4. Хэрэв гуравдагч, дөрөвдөгч, ... этгээдээр бо­ловс­руулуулсаны эцэст борлуулж зах зээл дээр зарах бол эдгээр боловс­руулалтын зардал зэргийг “тааллаараа” мэдүүлэн төслийн ашгийг зохиомлоор бууруулж, манайд ирэх мөнгөнөөс “саах” бас нэг хэрэгсэл болж байгаа юм. 
 
6. Construction Loan Agreement (Бүтээн Бай­гуулалтын Үе Шатны Зээ­лийн Гэрээ) – Багц гэрээ
Төслийн санхүүжилт (project financing) нэг онцлог нь тухайн төслийн зардлын ихэнх (60~95%) хэсгийг гуравдагч санхүүгийн байгууллагаас авсан зээлээр санхүүжүүлснээр төсөл санаачлагч, эзэмшигчдэд  санхүүгийн чадавхиасаа хол давсан төслийг хэрэгжүүлэх боломж  олгодогт оршино. Төслийн хөгжүүлэлт, бүтээн байгуулалт болон хэрэгжүүлэлтийн үе шатны онцлог, үүрэх эрсдэл, хугацаа зэрэг хүчин зүйлсээс хамааран төслийг гол төлөв хоёр үе шаттайгаар санхүүжүүлдэг.  Төслийн санхүүжилтийн эхний үе шатыг “Бүтээн Байгуулалтын Үе Шатны Зээлийн Гэрээ”-ний тусламжтай зохион байгуулдаг. Дээр дурдсанчлан энэхүү зээлийн барьцаанд тухайн төслийнхөө бүхий л өмч, хөрөнгө, өмчлөл, төслийн компанид талуудын эзэмших хувь, гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл, лиценз, эрхийг өгдөг. 
 
Тэгэхээр,  “түнш” бүтээн бай­гуулалтын зардал болох 4,4 тэрбум ам. дол­ларын (дээр дурдсан ху­вийн тусламжтай бодвол $4,4 тэрбум * 0,6:0,95 = $2,64:4,18 тэрбум) ихэнхи буюу 3-4 тэрбум долларыг төс­лийн компанийн нэр дээр гуравдагч санхүүгийн бай­гууллагуудаас манай өмч, хөрөнгө, өмчлөл, төслийн компанийн эзэмших хувийг барьцаалж зээлээр авчихаад биднээс ($4,4 тэрбум * 34% = $1,496 тэрбум) 1,496 тэрбум долларыг нэхээд байгаа нь бас нэг тохуурхал болох нь. (жич: бүтээн байгуулалтын зардлыг олон хувилбараар ярьдаг. Энд $4,4 тэрбум гэж үзлээ)
Тэгвэл бид хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийх нь шударга бизнесийн зарчимд нийцэх вэ? Бяцхан тооцоо хийгээд үзье л дээ: $4,4 тэрбум - $2,64:4,18 тэрбум = $0,22÷1,76 тэрбумыг төсөл эзэмшигчид гаргаж таарах нь. Харин манайх ? Үүний 34% болох ($0,22:1,76 тэрбум * 0,34=$0.0748:0,5984 тэрбум) ердөө л $74,8:598,4 саяыг гаргаж таарах нь ээ.
Энэ нь тэгээд бидэнд ямар нөлөөтэй юм бэ ? гэж та асуух байх. Эндээс харахад бидний гаргах ёстой, биднээс шаардаад байгаа мөнгө хоёрын хоорондын зөрүү $898сая~$1,4212 тэрбум болж байна. 1-рт: ийм хэмжээний мөнгөний өрөнд биднийг зохиомлоор унагаагаад байна. 2-рт: ийм хэмжээний мөнгөний зохиомол хүүгийн дарамт, төлбөрт оруулаад байна (дашрамд хэлэхэд хүү болох LIBOR+6% гэдэг асар өндөр юм). 3-рт: Ийм хэмжээний мөнгийг хүүтэй нь хамт бидэнд ноогдох ноогдол ашгаас давхар авах гээд байна (төслийн санхүүжилтийн хувьд санхүүжилтийн (зээлийн эргэн төлөлтийн) зардлыг төслийн мөнгөн орлогоос үйл ажиллагааны зардлыг хасаад үлдсэн дүнгээс шууд суутгаж авдаг ба үүнээс гэрээнд заасан зохих нөөц сангуудыг сэлбэсний дараа үлдсэн хэсгийг төсөл эзэмшигчдэд хувь хэмжээ тэнцүүлэн хуваарилдаг).  Өөрөөр хэлбэл, төслийн ашгийг хувь эзэмшигчдэд хуваарилагдахаас өмнө зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлдөг ба үлэгдлийг хувь эзэмшигчдэд хуваарилдаг байх нь.   
Энэхүү гэрээ бидэнд тодорхойгүй байгаа нь “түнш”-д зээлийн хэм­жээ, хүүг зохиомлоор нэмэг­дүүлэх замаар төслийн ашгийг зохиомлоор бууруулж, мөнгө “саах” бас нэгэн хэрэгсэлтэй  болох боломж олгож байна.

Энд бас нэг ноцтой зүйлийг дурдахгүй өнгөрч боломгүй. Зөвхөн дээр дурьдсан зүйлсээс харахад эргэлзээтэй, төөрөлдүүлсэн, нууж хаасан маш олон зүйлтэй энэхүү төсөлд хөрөнгө оруулах нь асар эрсдэлтэй (энэ төслийн үйл ажиллагааг зогсоох, хүчингүй болгох түмэн шалтгаан байна) болохыг бид харлаа. Ийм нөхцөлд Дэлхийн Банкны салбар болох бизнесийн үйл ажиллагааг улс төрийн эрсдэлээс хамгаалдаг MIGA буюу Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Баталгаа, Даатгалын Агентлаг (Multilateral Investment Guarantee Agency) улс төрийн даатгал, Дэлхийн Банкны хувийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг салбар болох IFC буюу Олон Улсын Санхүүгийн Корпораци өөрийн толгой группын нөмөр нөөлөгдөө дулдуйдан Зээлийн Б Хөтөлбөрөөрөө дамжуулан бусад санхүүгийн байгууллагуудыг манлайлан энэхүү санхүүжилтэнд гардан оролцсон (ийм эрсдэлтэй (үнэндээ луйварын) хөрөнгө оруулалтанд тэдэнгүйгээр орох “бүдүүн зүрхтэй” хөрөнгө оруулагч олдохгүй нь тодорхой) байх магадлал өндөр. Эндээс  “ариун зорилго, явдлаа” тунхагладаг Дэлхийн Банкны Группын үнэн нүүр царай харагдаж байгаа ба нэг талаар гишүүн нь мөн хувь эзэмшигч нь болох бидний хувьд “барьцтай” луйварчид гарч ирж байна гэсэн үг.
Энэхүү зээлийг төслийн Бүтээн Байгуулалтын үе шат дуусаж, туршилтын үе шатанд  хэвийн үйл ажиллагааг баталгаажуулж зарим нэгэн нэмэлт шаардлага хангагдсаны дараа “зөөлөн нөхцөлтэй” Term Loan буюу Урт Хугацааны Зээлийн эх үүсвэрээр Бүтээн байгуулалтын үеийн зээлийг эргэн төлөх журмаар төслийн санхүүжүүлтийн нөхцөлийг “зөөллөх” нь түгээмэл үзэгдэл юм.

Үргэлжлэл бий...

Л.Сансараа
/Lsansara@yahoo.com/

0 Сэтгэгдэл
Бүгдийг нь нэг мөр гаргаж болдоггүй юм уу? Хэсэг хэсгээр тасдаад байхаар ойлгоход төвөгтэй юм. Нэлээд их материал юм шиг бна л даа
Хамгийн их уншсан