Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Октябрь: Тогооч мэргэжлээр гурав болон түүнээс дээш жил сурсан хүнд ажиллах эрх олгох учиртай

Н.НЯМЖАРГАЛ

ХХААЯ болон мэргэжлийн холбоод их дээд сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ярилцав. Уулзалтын үеэр Монголын тогоочдын холбооны ерөнхийлөгч Ж.Октябрь ийн ярив.  

-Нийтийн хоолны газрууд  чанар стандартад нийцсэн хүний эрүүл мэндэд  зохистой  хоол хүнс  үйлдвэрлэж  чадаж байна уу?
-Манай улс зах зээлд шилжсэнээс хойш энэ салбар хамгийн эрчимтэй,  хурдацтай хөгжиж байна. Хоолны газруудын  тоо болон бүтээгдэхүүний чанарт  ахиц дэвшилт гарлаа.  Тухайлбал, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид  тансаг зэрэглэлийн хоолны газрууд  нээж байна.  Мөн аялал жуучлалын  бааз, үйлдвэрүүд, үйлчилгээний газар  олширсон. Өнөөдөр энэ салбарт  50 гаруй тэрбум төгрөгийн орлоготой 30-аад мянган хүн ажилладаг боллоо.  Гэхдээ монголын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, зөв хооллох асуудлыг онцгойлон авч үзэх нь чухал байна. Хэдийгээр  Хүнсний тухай хууль  батлагдсан ч  хэрэгжихгүй байна гэж хэлж болно.  Энэ салбарын өсөлтийн дагуу тогоочийн мэргэжил ч эрэлттэй  болсон. Гэтэл мэргэжлийн тогооч нарыг бэлтгэхэд хайхрамжгүй хандсаар байгаа юм. Үүнээс гадна  хоолыг  стандартын шаардлага  хангаагүй нөхцөлд   технологийн дагуу  хийдэггүй байдал ч арилаагүй байна. 

-Тэгвэл мэргэжлийн тогооч нарыг  бэлтгэх, ажлуулах талаар  танай холбоо хэрхэн анхаарч  байна вэ?
-Манайх Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн байгууллага учраас олон улсын чиг хандлагыг дагаж мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгсөн сургалт хийдэг.  Дотоод  гадаадын уралдаан тэмцээнд оролцох ажил зохиодог.  Мөн  зөв зохистой хооллолтын тухай  сургалт уулзалт хийж байна.  Нөгөө талаас  мэргэжлийн хяналтын байгууллагын  хяналтыг сайжруулах шаардлага бий.  Учир нь мэргэжлийн бус хүнийг тогтоочоор ажилд авах явдал нэг бус гардаг. Ингэж болохгүй.  Энэ бол хүний эрүүл мэнд болон аюулгүй хооллолтыг хангадаг мэргэжил.  Тогооч нарыг  гурав болон түүнээс дээш жил сургасны  дараа  ажиллах эрх олгох учиртай. Өнөөдөр хоол хүнсний  техник технологи  болон амт оруулагч гээд  бүгд шинэчлэгдсэн.  Иймээс бид үүнтэй холбоотой зөвлөмж зөвлөгөөг  тогооч нарт байнга өгнө. 

-Олон улсад хоол үйлдвэрлэлийн стандарт гэж бий. Тэгвэл манай улсад үүнийг хэр дагаж мөрдөж байна вэ?
-Дэлхийн чиг хандлага манайд орж ирсэн.  Хоолны  гурван  том  чиглэл байгаа.  Үндэсний уламжлалт хоол болон барууны,  дорнын хоолыг ямар харьцаагаар хэрхэн яаж   хэрэглэгчдэд хүргэх вэ гэдгийг голчилдог. Гэтэл өнөөдөр хоолны тухай ойлголт өөр болсон.  Эрүүл хүнсээр зөв зохистой хооллох ёстой. Хоол хүнсний материалаа зөв стандарт нормын дагуу боловсруулах учиртай.  Мөн  хэрэглэгчид зөв хооллолтын дэглэмийг сахих хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл хоорондоо зохицсон  мөн бие махбодид сөрөг нөлөөгүй  хоолны технологийн жорыг боловсруулж  иргэдийн хэрэгцээг хангах нь зүйтэй юм.  Мэргэжлийн байгууллагууд болон  нийтийн хоол, эмнэлэг, сувилал, сургууль, ясли, цэцэрлэг хамтраад төрийн байгууллагын зохицуулалтаар хоолны  шинэ технологи боловсруулах тендер зарлах гэж байна.  Орчин үед ургамлын ба байгалийн гаралтай мах махан бүтээглэхүүнийг үйлдвэрлэлийн газруудад зөв стандартаар боловсруулж хийх хэрэгтэй.  Энэ нь цаашлаад мэргэжлийн байгууллагууд олон нийтийн байгууллагаар хэрэгжвэл зүйтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан