Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Навчаа: Өөрийгөө амрааж, тархиа сэргээх боломжийг бид оньсогоос авч болно

“Монсудар” хэвлэлийн газраас монгол ардын аман зохиолын цуврал бүтээлийг эрхлэн гаргаж буй билээ. Урьд нь бид энэхүү “Монгол утга соёл” цуврал болон түүний анхны бүтээл “Тууль” номын тухай мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байсан. Харин одоо тус цувралын“Оньсого” хэмээх хоёр дахь бүтээлийн тухай Монсудар ХХК-ийн “Монгол судлал”-ын редакцын редактор Л.Навчаатай ярилцлаа.

-Шинэхэн бүтээлийн та­лаар яриагаа эхэлье. Энэ­хүү номоо манай ун­шигч­­дад танилцуулахгүй юу?
-“Оньсого” ном нь манай цувралын хоёр дахь бүтээл бөгөөд оньсогын судлагдахуун бүхий удиртгал хэсэг, 10,000 шахам оньсогын түүвэр, мөн тэдгээрийн тайлал гэсэн гурван бүлгээс бүтсэн. Бид эрдэмтэн, судлаач Ц.Өлзийхутаг агсны түүвэрлэн цуглуулсан түмэн оньсогыг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр уншигч олонд хүргэхийн сацуу үүн дээр үндэслэн оньсогын онол, судалгааны багц ажлыг хийж хамтатган гаргая гэсэн маань өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Мөн бид удиртгал хэсгийг эрдэм шинжилгээний түвэгтэй үг хэллэгээр бус хэн хүнд ойлгогдохуйц “хөнгөн” хэлбэрээр бичиж, хэрэглээний үүднээс хүмүүст энэ талаарх танин мэдэхүйн мэдээлэл олгохыг илүү чухалчилсан.

-Удиртгал хэсэгт нь оньсогын тухай ямар, ямар мэдээлэл багтсан бэ?
Агуулгын тухайд товч дурдвал...
-Оньсого гэж юу вэ гэдгээс эхлээд хаана, хэзээ үүссэн. Хүмүүс оньсогыг ямар аргаар яаж бүтээсээр ирсэн, мөн нийгэм, цаг үе өөрчлөгдөхөд хэрхэн хувьсаж, хөгжиж байсан, өнгөрсөн болоод одоо цагт оньсогын хэрэглээ ямар байна зэрэг нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл удиртгал хэсэгт багтсан. Бас зарим улс орны оньсогын тухай судалж, тэдгээрийн үүсэл хөгжил, үүрэг зориулалт, бүтэц хэлбэр нь монгол оньсогоос юугаараа ялгаатай болон адил төстэй байгааг харьцуулан дүгнэлт хийсэн. Энэ нь уншигчдад илүү сонирхолтой байх болов уу.

-Зарим улс орны оньсогын талаар жишээ авч сонирхуулаач?
-Жишээ нь, хятад оньсого гүн утга агуулгатай, далд ёгт санаатай, мөр толгой холбон шүлэглэсэн бүтэцтэй байдгаараа монгол оньсоготой адил төстэй. Америк болон герман оньсого нь ихэвчлэн энгийн, үргэлжилсэн үгээр аливааг дүрслэн тайлбарлаж, танин мэдэхүйн асуулт хэлбэрээр таалгадаг нь монгол оньсогоос ихээхэн ялгарч байсан юм. Эндээс Ази болон Европ хүмүүсийн сэтгэлгээний онцлог, соёлын ялгааг мэдэж болно. Түүнчлэн “Оньсого” номд судалж оруулсан долоон орны оньсого нь анх үүссэн хэлбэрээ өөрчилсөөр өдийг хүрсэн байх бөгөөд цаг үеэ дагаж хөгжсөөр байгаа нь ажиглагдсан. Бид бас орчин үе, одоогийн амьдралдаа зо­хицуулж монгол оньсогоо хөг­жүүлэн хэрэглэж яагаад бо­лох­гүй гэж. Оньсого хэлэлцэх ёс, үүх түүх зэргийг мартсан байж болох ч орхигдуулж болохгүй шүү дээ.

-Одоо үед оньсого хэлэлцэх ёс гэж юу байдгийг мэдэх хүн нээрэн их ховор байх. Энэ тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Одоогийнх шиг юм бүхэн хөгжөөгүй, үзэж харах юм цөөн байсан дээхнэ үед оньсого болоод ардын аман зохиолын бусад олон төрөл нь нүүдэлчин ардын амьдрал ахуйд чухал байр суурь эзэлдэг байсан. Өдрийн ажил төрлөө дуусгаад орой нь хамгийн олон оньсого мэддэг нэгнийдээ цуглаж оньсого таалцдаг, өвөл бол шөнө орой болтол оньсого хэлэлцэхийн тулд аргал, түлээгээ аваад очдог байсан байгаа юм. Энэ нь тэдэнд их ажлын дараахь амралт болдог байснаар барахгүй бие биетэйгээ харилцан танилцах, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрөөх боломжийг олгодог байсан нь лавтай. Зарим нутгийн оньсого хэлэлцэх ёс өөр хоорондоо бага зэрэг ялгаатай байх ч ихэнх нутагт хүмүүс нь талцан хуваагдаж, нэг таалгасан оньсогоо дахин хэлэхгүйгээр ээлжилж оньсого хэлдэг. Тэгэхдээ оньсого таалгаад нөгөө тал хариу хэлэхгүй удвал яаруулан шавдуулах үг, зөв тайлбал урмын үг, мөн олон оньсого тааж чадахгүй хожигдсон хүнийг ичээж баалах үг буюу худалдах үгхэлж хөгжилддөг байж. Эдгээр үгс нь ихэвчлэн шүлэглэсэн хэлбэртэй байх бөгөөд илүү дэлгэрэнгүйг энэхүү номоос үзэх боломжтой.

-Урьд нь хүмүүс ингэж оньсого таалцдаг байж. Харин одоо оньсого таалцдаг хүн хэр олон бол. Ер нь оньсого тааж, уншиж судлах нь хэнд, ямар ач холбогдолтой вэ?
-Өнөө үед Монгол гэлтгүй бусад улс оронд ч оньсогын хэрэглээ багасаж, таавар тал руугаа илүү хөгжсөн байдаг юм билээ. Ингэснээр аливааг удаан бодохоос түвэгшээх болсон хүний анхаарлыг татах хөнгөн, хөгжилтэй, сонирхолтой хэрэглээг бий болгож чадаж байгаа юм. Бид ч гэсэн монгол оньсогоо асуулт хариултын карт, үгийн сүлжээ, зурган таавар, гар утасны тоглоом болгох зэргээр хөгжүүлж, одоо ямар зүйл хүмүүст илүү таалагдаж байна түүнд нь тааруулж хувьсан өөрчлөх боломжтой. Тэгвэл энэ их ажил, стрессийн хажуугаар өөрийгөө амрааж, тархиа сэргээх боломжийг оньсогоос бид авч болох юм. Ач холбогдлын хувьд нэмж ярихад бага насны хүүхэд оньсого хэлж сурснаар ой тогтоолт нь сайжрах, үг яриа нь зүгшрэх, мөн оньсогоор дамжуулж тухайн зүйлийг танин мэдэх, түүний утгыг бусдад тайлбарлан ярьж сурах зэрэг олон давуу талтай. Ер нь хүн оньсого сонсоод таалгаж буй зүйлийг дотроо төсөөлдөг, түүгээрээ дамжуулж тархиндаа зурдаг, Ингэснээр хүний бодол тухайн зүйлд илүү анхаарлаа хандуулж, бусад зүйлээс түрхэн ч гэсэн сатаардаг. Энэ л оньсогын хүнд хэрэгтэй хамгийн чухал зүйл юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан