Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бенау Кампарг: Тедди Ринерийн амжилт Монголд л эвдэгдэж магадгүй


 Б.ЦЭДЭВСҮРЭН

Олимпын алт, хүрэл медальтай, зургаан удаагийн дэлхийн аварга, дөрвөн удаагийн Европын аварга, бүх цаг үеийн шилдэг жүдоч Тедди Ринерийн амжилт бүртэй нь хамт байсан дасгалжуулагч Бенау Кампаргтай ярилцлаа. Тэрээр Францын шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өгсөн ч Монголын шигшээ багийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн билээ. Мөн өөрийн “Спорт менежмент систем” компаниа байгуулан бүх төрлийн элит тамирчдад амжилт гаргахад нь туслах үйл ажиллагааг явуулж буй аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Монголын шигшээ багт зөвлөхийн үүрэг гүйцэтгэхээр болжээ. Танд жүдод элэгтэй хүн бүрийн өмнөөс талархсанаа илэрхийлж байна...
-Баярлалаа. Монголын шигшээ багт тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарсан учраас хамтран ажиллахаар болсон хэрэг. Мөн Жүдо бөхийн ордны барилгын ажилд өөрийн боломжоор тусална. Энд ажиллах гурав дахь зорилт маань Тедди Ринерийг төлөөлж түүний нэрэмжит сангийн үйл ажиллагааг Монголд явуулах юм. Дөрөвт, Монголын спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна. Спорт өөрөө эрүүл мэнд учраас тогтолцоог нь зайлшгүй өөрчилж, шинэчлэх ёстой байдаг.

-Жүдогийн хөгжлийг сайжруулах үүднээс манай шигшээ багтай хамтран ажиллахаар болсон гэлээ. Таны хувьд юун дээр илүү анхаарах вэ?
-Хамгийн гол нь 2016 оны Риогийн олимпод амжилттай оролцох. Үүн дээр л анхаарч ажиллана. Миний хувьд техникийн болон биеийн хүч, эрүүл мэндийн чиглэл дээр илүү анхаарал тавьж байна.

-Тамирчны эрүүл мэнд гэснээс та энэ удаа эмчтэй хамт ирсэн гэсэн?
-Монгол өндөр зэрэглэлийн тамирчиддаа эрүүл мэндийн хувьд анхаарал төдийлэн сайн тавихгүй байна. Тиймээс би энэ удаа өөрийн компанийн нарийн мэргэжлийн эмч, массажист Масанбаг авч ирсэн. Тэр бэртэл гэмтэл авсан тамирчдын эрүүл мэндэд илүү анхаарч ажиллаж байгаа. Би Тедди Ринерийг дасгалжуулж байхдаа л  түүнтэй хамт ажиллаж байсан.

-Би таны байгуулсан “Спорт менежмент систем” компанийн талаар багагүй судалсан. Ганцхан жүдо гэлтгүй бүх төрлийн спортын тамирчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Компанийхаа тухай яриач?  
-Манай компани зөвхөн өндөр зэрэглэлийн тамирчдад зориулсан, тэдний амжилтыг ахиулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор “Формула-1” уралдааны багтай хамтарч ажиллаж байна. Мөн жүдо, уран гулгалтын шилдэг тамирчид, хөл бөмбөгийн багтай ажиллаж байгаа.

-Таны компаниа байгуулах болсон учир шалтгааны талаар сонирхмоор байна. Олон төрөл рүү орж ажиллах юм...
-2012 оны олимпын дараа өөрийн саналаар Францын шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өгсөн. Францын жүдо бөхийн холбоог өөрчлөгдөөсэй гэсэн хүслээр ажлаа өгсөн. Түүний дараа өөрийн компаниа байгуулаад “Формула-1” уралдааны тамирчин Роман Грожан гэдэг нисгэгчтэй гэрээ байгуулж компанийхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. “Спорт менежмент систем” нэрээр мэргэжлийн тамирчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй боловч нөгөө талаар спортын системийг сонирхогчдод ойлгуулах, спортоор дамжуулан эрүүлжиж болдог юм шүү гэдгийг мэдрүүлэхээр ажиллаж байна. Надаас гадна мэргэжлийн өндөр түвшний мэргэжилтнүүд манай компанид ажилладаг. Хагалгааны нарийн мэргэжлийн эмч нар, массажист гээд олон төрлийн мэргэжилтэй хүмүүс манай багт бий. Би энэ удаа компанийхаа менежер хатагтай Лидиа Бушардоны хамт ирсэн. Тэр бүх үйл явц, ажлыг маань зохион байгуулж байна.

-Монголд жүдогийн ордон баригдвал мэдээж бидний амжилт өснө. Таныг энэ ажил дээр тусална гэж сонсоод маш их баярлаж байна...
-Монголын жүдо бөхийн холбоо дэлхийн бусад орны жишгээр ажиллаж байна. Дэлхийн ихэнх орон жүдогийн бүхий л хэрэгцээг хангасан ордонтой. Энэ төсөл яг өнөөгийн нөхцөлд маш их шаардлагатай. Үүнийг дагаад мэдээж жүдочдын амжилт өснө. Тиймээс энэ төслийн талаар сонсоод л дэмжихээр шийдсэн. Ордон байгуулагдсанаар Монголын төдийгүй дэлхийн жүдо бөхийн хөгжилд том хувь нэмэр болно.

-Францын шигшээ багийн 2006-2012 оны хоорон дахь амжилт таны хөдөлмөртэй салшгүй холбоотой. Манай шигшээ баг дэлхийн шилдэг шигшээ багаас юугаараа ялгаатай байна вэ?
-Орчин үед жүдогийн өндөр зэрэглэлийн тамирчид маш их бэлтгэл сургуулилт хийж, байнга тэмцээн уралдаанд орж байна. Тиймээс бие бялдрын хувьд ачаалал даах чадвартай байх нь чухал. Жүдо тулааны спорт учраас маш их бэртэл гэмтэл авдаг. Эрсдэлтэй. Монголын хувьд тамирчдын эрүүл мэндэд түшиглэсэн үйл ажиллагаа муу явуулдаг юм билээ. Эмч нарын хүрэлцээ ч тааруу. Тиймээс эхний ээлжинд мэргэшсэн эмч, массажист нарыг авч ирсэн. Жүдогийн спортын нэг хэсэг нь эмчилгээ байдаг. Гэмтэл бэртэл авсан тамирчинд найдвартай эмчилгээ хийж түүнийг түргэн хугацаанд эдгээх шаардлага тулгардаг.

Франц бол 60 сая хүн амтай. Монгол гурван сая хүн амтай. Хоёр улсын жүдочдын үзүүлсэн амжилтыг хүн амд нь харьцуулж үзвэл Монгол илүү гарна. Гэхдээ хамгийн гол нь сайн тамирчин бэлтгэж тэмцээнд оролцуулах нь хүндрэлтэй асуудал болж. Монголд сайн тамирчин олон байна. Тэдний эрүүл мэндийн асуудал дээр анхаарал тавих нь дутмаг юм. Францад жүдо бөхийн гишүүнчлэл гэхэд л 600 мянга гаруй. Монголд бол 20 мянган хүн л хичээллэж байна. Монголчуудын хувьд одоогийн амжилтаасаа илүүг үзүүлэх боломж байна. Тэр боломжийг гаргахын тулд амбицтай бодлого хэрэгтэй. Одоо Монголын жүдо бөхийн холбооноос амбиц харагдаж байна. Жүдо бөхийн ордон барихаар төсөл санаачилсныг харахад үнэхээр том амжилт гаргахыг хүсч байгаа нь мэдрэгдэж байна. Амбиц байснаар амжилт гардаг гэдгийг харуулах л хэрэгтэй.

-Таны хувьд хэзээнээс Монголын жүдо бөхийн шигшээ багийг мэддэг болсон бэ?
-Барилдаж байх үеэсээ буюу 1980 оноос хойш мэднэ. Миний найз Жосеф Мунетта 1972 оны олимпод Монголын тамирчинд ялагдаж хүрэл медаль хүртсэн. Түүнээс хойш Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга Бөхбаттай тэмцээн уралдаан дээр таарч ярилцдаг л байсан. Харин дараа нь сонсох нь ээ Мунеттатай барилдсан бөхийн дасгалжуулагч нь Бөхбатын аав байсан юм билээ. Түүнийг сонсоод илүү дотно болсон. Монгол миний сэтгэлзүйн хувьд ч хүмүүсийн хувьд ч дотно санагддаг. Ирэх бүрт сайхан сэтгэгдэлтэй буцдаг. Мөн өөрсдийн гэсэн бахархал, агуу түүхтэй орон.

-Удахгүй буцах гэж байгаа гэсэн. Хэзээ эргэж ирэх вэ?
-Энэ бол нууц. /инээв/ Тоглосон юм аа. Тавдугаар сард эсвэл долдугаар сард болох Гран при тэмцээний үеэр ирнэ. Бүх зүйл миний санаснаар болбол тавдугаар сард ирэх төлөвлөгөөтэй байгаа.

-Жүдогоор барилддаг байсан. Дараа нь дасгал­жуулагч хийж байсан гэж бодохоор би таны бүхий л амьдралыг жүдогоор тө­сөөлж байлаа. Та одоо жү­дод хэр их цаг зав зарцуулж байна вэ?
-Монголд байх хугацаанд миний гол ажил жүдо байх болно. Тиймээс үүнд л анхаарлаа хандуулж байна. Францад бол цагаа бусад спортод зарцуулдаг. Бусад оронд ч мөн адил. Монголд ирэхдээ л зөвхөн жүдод бүх цагаа зарцуулж байна.
Ер нь аль ч орон руу явсан ажлаа хэр зохион байгуулж байгаа нь чухал. Би Франц болон бусад орны спортын системийг мэднэ. Тэдэнтэй Монголын системийг харьцуулаад харахад Монгол өөрийн гэсэн өвөрмөц системтэй. Тиймээс Монгол, Франц, бусад орны сайн талыг нь багтаасан хамгийн сайн системийг бий болгохоор судалгаа хийж байна. Швед, Денмарк зэрэг оронд ажиллахаар төлөвлөсөн байгаа. Дасгалжуулагчийн ажил бол өөрөө маш олон зүйлээс суралцах эрэл, хайгуул хийхийг шаарддаг. Тиймээс маш их туршлага олж аваад түүгээрээ хамгийн шилдэг тамирчныг бий болгох нь чухал гэж санагдсан.

-Таны барилдаж байсан үеийн тухай ярья. Хэдэн настайдаа энэ спортод хөл тавьсан бэ?
-Анх найман настай байхдаа гэртэйгээ хамгийн ойр жүдогийн клубд явж эхэлсэн. Анх хөлбөмбөг сонирхож байсан ч жүдог сонгосныхоо дараа их харамсч билээ. Харин тэмцээнд ороод ялалт байгуулж эхэлснээсээ хойш жүдод татагдсан.

-Ихэвчлэн Европын тэмцээнүүдэд оролцдог байсан юм билээ. Хэзээнээс жүдогийн багш болохоор шийдсэн бэ?
-Би жүдогоор барилдахаас гадна мотоспортоор хичээллэж мэргэжлийн тэмцээнд ч оролцож байлаа. Жүдогийн карьер маань дуусаад мотоспорт руу оръё гэж бодсон ч дасгалжуулагч хийж жүдодоо үлдвэл зүгээр юм уу гэж санагдсан. Тэгээд дасгалжуулагчийн олон сургалтад хамрагдаж билээ. Францын жүдо бөхийн холбоо санал болгосны дагуу 1997 онд залуучуудын шигшээ багт ажиллаж эхэлсэн.

-Дасгалжуулагчийн аж­лын тань оргил бол мэдээж Тедди Ринер. Түүний бүх ам­­жилттай хамт байсны хувьд танаас сонирхоод нэг зүй­лийг асуумаар байна.  Тэр их түүхэн амжилтыг эв­дэх хэн нэгэн төрөх болов уу?
-Монголд л эвдэгдэж магадгүй. Түүнээс түүний амжилтыг эвдэнэ гэдэг бусад улсын тамирчдад хэцүү зүйл. /инээв/ Бололцоо боломж хаана ч, ямар ч нөхцөлд байдаг. Сайн тамирчин бэлтгэн гаргахын тулд залуу насан дээр нь их анхаарах хэрэгтэй. Суурийг нь зөв тавьж чадвал үр шим нь гардаг. Францын шигшээ багийн дийлэнх нь миний бэлтгэж байсан тамирчин. Тедди Ринерийн араас гурав, дөрвөн сайн жүдоч гарч ирж байна.
Дасгалжуулагч хүн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид хэзээ ч тооны араас хөөцөлдөж болохгүй. Харин тамирчныхаа амжилтын төлөө явах нь чухал. Амжилт тамирчны баяр баясгалан, мөрөөдөл болдог. Тоо, статистик хэзээд тамирчинд чухал байдаг.  Ер нь, жүдогийн карьер маш  богино хугацаанд үргэлжлээд дараа нь өөр карьер хөөдгөөрөө онцлог.

-Таны хувьд Францын жүдо бөхийн холбоо шинэчлэгдэх ёстой гэж үзсэн учраас ажлаа өгсөн гэж ярьсан. Хувийн компаниа байгуулах ажил чухал байгаагүй гэж үү?
-Би өөрийн хувийн компани байгуулаад ажиллах сонголтоо аль эрт хийсэн. Яагаад гэхээр Тедди Ринертэй ажиллах хугацаандаа би ганцхан дасгалжуулагчийн ажил хийгээгүй. Надад оролцохгүй зүйл гэж байгаагүй. Бэлтгэл хийх заал, эмч, сэтгүүлч гээд л бүгдэд оролцож байлаа. Харин эргээд холбоогоо харахад маш дутмаг ажиллаж байсан. Би 15 жил холбоондоо ажиллаад өөрөө компани байгуулж өндөр зэрэглэлийн тамирчинд юу хэрэгтэй вэ гэсэн өөрийн туршлага дээрээ үндэслээд ажиллахаар болсон. Тухайн тамирчинд юу дутагдаж байна вэ гэдэг дээр л багтайгаа нийлж ажиллахаар компаниа байгуулсан. Францын жүдо бөхийн холбоотой одоо дажгүй харьцаатай ч жүдо бөхийн тал дээр хамтын ажиллагаа байхгүй. Монголын жүдо бөхийн холбоотой л хамтран ажиллаж байна.
Францын жүдо бөхийн холбоо бахархалтай байдаг болов уу. Учир нь, ОХУ, Швед, Монголын шигшээ багтай Францын дасгалжуулагчид ажиллаж байна.

-Сүүлийн асуулт. Ирэх жил олимп болно. Манай шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол. Дасгалжуулагч хүний хувьд үүнийг тооцоолсон байх гэж бодож байна...
-Шигшээ багийнхан одоо байгаагаасаа илүү сайжрах хэрэгтэй. Техник, тактик, биеийн хүчний хувьд шүү дээ. Тамирчид угаасаа амжилт л хүсч байгаа. Амжилт гаргахын төлөө гэж хүн болгон зүтгэж, хичээж байна. Гэхдээ үүнийгээ бэлтгэл сургуулилтдаа зориулах шаардлагатай. Тамирчдын амжилт бэлтгэлээс бэлтгэлийн хооронд буюу бэлтгэлийн үр дүнд гардаг. Тиймээс тамирчид ганцаарчилсан бэлтгэл хийж өөр дээрээ ажиллах чадвараа сайжруулах шаардлагатай. Эрчүүд маань хэдэн жилийн өмнөхөөсөө сайжирсан. Түүнээс ч илүү сайн байж чадна. Үүний тулд хамгийн чухал нь бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Охидын амжилт ч мөн сайжирч байгааг хэлмээр байна. Өмнө нь ийм түвшинд байгаагүй. Өнгөрсөн жил багаараа дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Энэ бол зөвхөн эхний үр дүн. Эрэгтэй баг дээр 81, 90 болон хүнд жингүүдэд анхаарал тавих зайлшгүй шаардлагатай байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан