Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөрчлийн тухай хууль мэдээллийн хэрэгслүүдийг “чангалах” нь


Б.ШИРНЭН

Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав Шийдлийн Засгийн газрын Хууль зүйн сайдаар томилогдоод гурван сарын нүүр үзлээ. Тэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэд хэдэн хуулийн төслийг энэ хугацаанд буцаан татаж, шинэчлэн боловсруулахаар болсон. Үүнд нь, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай, Зөрчлийн тухай зэрэг олон чухал хуулийн төслүүд багтсан. Ингээд ажлын хэсэг гаргаж нэг улирал хүрэхгүй хугацаанд дахин боловсруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьж, анхны хэлэлцүүлэгт ороод буй. Гэхдээ дээрх хуулийн зарим хэсгүүд хэвлэл мэдээллийн болон бизнесийн салбарынханд хаалттай болсон гэх шүүмжлэл гарч эхлэв. Тухайлбал, хуулийн төслийн “9.4 дүгээр зүйл. Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчих” хэсэг нь бизнесийн ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагад хүндээр тусч байгааг онцолж байна. Тэгвэл дээрх хэсэгт ямар заалт агуулагдаж, хэрхэн үйлчлэх вэ.

Зар сурталчилгааны тухай хууль хэрэгждэггүй учраас...

“Социалист нийгмийн харилцаанд нэн түрүүнд хамгаалж байсан тухайн үеийн үнэт зүйл болох социалист өмч, нийгмийн дэг журам, хамтын аж төрөх ёс гэх мэт нэн түрүүнд эрэмбэлэн хамгаалж байсан харилцаа өөрчлөгдөж, шинэ Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, хувийн өмч зэрэг ардчилсан нийгмийн харилцаанд үнэт зүйл гэж үзэж байгаа ойлголтуудыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх болсон” гэдэг үг, өгүүлбэр бараг шинээр өргөн барьж байгаа бүх хуулийн төслийн өмнө бичигдэж. Цааш үргэлжлүүлбэл, Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь өнөөгийн нийгэмд зохицохоо больсон талаар ч олон зүйлийг дурдсан байгаа. Тиймээс Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалах, хариуцлага тооцох арга хэлбэрийг өөрчлөх хуулийн төсөл боловсруулсны нэг нь Зөрчлийн тухай хууль юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр дагалдах 200 орчим хуулийн зарим зүйл хэсэгт ямар нэг байдлаар өөрчлөлт орж байгаагийн дотор Зар сурталчилгааны тухай хууль багтаж байна.

Дээрх хуулийг 2002 онд УИХ-аар баталж байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь хуульд “Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлж болно”, “Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” зэрэг заалт байдаг.

Мэдээж, телевизүүдийн мэдээний дундуур зар сурталчилгаа цацагдах нь, хүүхдийн нэвтрүүлгийн дундуур өөр төрлийн сурталчилгаа нэвтрүүлэх нь энгийн үзэгдэл мэт болчихсон учраас хуулиар хориглосон үйлдэл гэдгийг сонсоод зарим нэгнийх нь инээд хүрч магадгүй. Эсвэл эгдүүцэл нь төрнө. Гэхдээ аль нь ч байсан Зар сурталчилгааны тухай хууль амьдралд хэрэгжилгүй 10 гаруй жил болчихсон байгааг бүрэн илтгэнэ. Тиймээс дээрх хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Зөрчлийн тухай хуулийн төсөлд Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчих гэснийг оруулж өгсөн байна.

Энэ хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамааралтай хэсгийг нь таслан хүргэвэл “9.4.3-т Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч зар сурталчилгаа материал болон тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш зургаан сараас доошгүй хугацаагаар хадгалаагүй, мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэсэн байгаа. Энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн “18.1.Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авахыг хориглоно” гэж заасан болон “Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч зар сурталчилгаатай холбоотой баримт болон тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш зургаан сараас доошгүй хугацаагаар хадгална” гэсэн хоёр заалтыг нэгтгэсэн явдал юм.
Өөрөөр хэлбэл, Зар сурталчилгааны хууль гэж байдаг ч хяналт тавих хүнгүйгээс шалтгаалан хэрэгжиж байгаагүй заалтуудыг энэ удаад шинэ хуульд тусган хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Гэхдээ байнга зөрчигддөг Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа, мэдээний дундуур сурталчилгаа цацахгүй байх зэрэг заалтыг энэ удаад “чангалахгүйгээр” өнгөрөөж зөвхөн сэтгүүлчдэд хамааралтай хэсгийг Зөрчлийн хуульд тусгаж, ногдуулах төлбөрийг ихэсгэжээ. Тиймээс аль 2002 онд баталсан ч хэрэгжиж байгаагүй хуулиас яагаад зөвхөн сонин, сэтгүүлд хамааралтайг Зөрчлийн тухай хуулийн төсөлд багтааж байгааг хуулийн санаачлагч тайлбарлах болов уу.


Г.Оюунболд: Хуулийн төслүүдэд нэмж, хассан зүйл байхгүй

Харин бид дээрх хуулийн төслийн зарим нэг зүйл заалт, нэр томъёоны талаар Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболдоос тодрууллаа.

-Зөрчлийн тухай хуулийн төслийг сайд асан Х.Тэмүүжин өргөн барьсан ч Д.Дорлигжав сайд буцаан татаад шинэчлэн найруулсан. Хуулийн төсөлд ямар нэг өөрчлөлт орсон уу?
-Бусад хуулиудаа дахин нягталж, ганц хоёр томъёолол нэмж оруулснаас өөрөөр өөрчлөлт оруулаагүй. Тусгай ан­ гийн хувьд үг үсэг найруулгын тухайд л янзалсан. Юм нэмж хассан зүйл байхгүй.

-Зөрчлийн тухай хуулийн төслийг шүүмжилсэн хэд, хэдэн нийтлэл гарлаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн төслийн “9.4 дүгээр зүйл. Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчих” гэсэн нь сэтгүүлчдэд халгаатай гэгдэж байна?
-Зөрчлийн тухай хуулийн төсөл 2010 оноос хойш буюу Ц.Нямдорж сайдын үед Захиргааны зөрчлийн төрөлжсөн хуулийн төсөл нэртэй эхэлсэн байдаг. Ингээд Монгол Улсад үйлчилж байгаа 400 орчим хуулийн бүх зөрчлийг ялгаж эхэлсэн юм. Харин 2010 онд Шинэчлэлийн Засгийн газрын буюу Х.Тэмүүжин сайдын үед Зөрчлийн тухай хуулийн төсөл нэртэйгээр дээрх ажил эрчимжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл дөрвөн удаа энэ хуулийн төслийг боловсруулсан. Энэ хугацаанд зарчмын хувьд хазайсан, зүйл заалт нэмж, хассан зүйл огт байхгүй. Түүнээс сэтгүүлчдийг юм уу, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халдсан заалт бодлогоор нэмсэн зүйл байхгүй шүү. Чиний асуугаад байгаа заалт бол одоогийн Зар сурталчилгааны хуульд байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хэрэгжиж байгаагүй учраас л хүмүүс мэдэхгүй байгаа юм.  

-Тэгвэл шинэ хуулиараа дээрх хуулийн заалт хэрэгжиж байгаа эсэхэд хэн хяналт тавих юм бэ?
-Одоогийн мөрдөгдөж байгаа Зар сурталчилгааны тухай хуульд хэн хяналт тавихыг нь нарийн заачихсан. Оюуны өмчийн улсын байцаагч, ШӨХТГ, аймаг нийслэлийн Засаг дарга, нутгийн захиргааны байгууллага зэрэг дурдагдсан байдаг. Гэхдээ хяналт тавих ёстой хүмүүс нь хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг торгож байгаагүй учраас энэ хуулийн хэрэгжилт сул байгаа юм. Харин Зөрчлийн тухай хуулийн төсөлд зөрчил гаргасан тохиолдолд ямар албан тушаалтан хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг Засгийн газар тогтоохоор тусгасан. Өнөөдрийн байдлаар 10-аад төрлийн улсын байцаагч байна. Мэргэжлийн хяналт, гааль, татвар, байгаль орчин, оюуны өмч… гээд. Эдгээр байцаагч нарт бүгдэд нь хуульд заасан үндэслэлийн дагуу хүнийг торгох эрх бий.

-Өмнө нь хувь хүн албан байгууллагыг торгох бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн хэмжээний гэдэг байсан бол Зөрчлийн хуульд тооцооны нэгж гэдэг нэр томъёог ашиглаж байна. Тооцооны нэгж гэдгийг яг юу гэж ойлгох вэ?
-Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль байдаг. Иргэд гүйлгээг гадаад валютаар хийж, төгрөгийн ханш унаж байсан учраас энэ хуулийг гаргасан байдаг. Харин энэ хуульд тооцооны нэгж гэдгийг “бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн саналыг” хэлнэ гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, евро, ам.доллар, алт мөнгө зэргийн тухайн өдрийн ханшийг дундажлаад Монголбанк зарлаж байдаг. Хэрвээ Зөрчлийн хууль дээр торгуулийн хэмжээг жишээлээд 20 мянган төгрөг гээд тавьчихвал хэдэн сарын дараа эсвэл хэдэн жилийн дараа энэ мөнгөн дүн цаас болох магадлалтай. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичих хувилбар байж болно. Үүнийг УИХ хэлэлцэх байх. Гэхдээ яваандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар боддог болчихвол хүндрэлтэй болно. Тэгэхээр байж болох хамгийн сайн хувилбар нь тооцооны нэгж гэж сонгосон юм.

-Давтан гэдэг үгийг байнга гэж өөрчилсөн байна лээ?
-Нэг удаагийн зөрчилд 5000 төгрөгийн торгууль тавина. Дараагийн удаа дахиад зөрчил гарвал мөн л 5000 төгрөгөөр торгоно. Гурав дахь, дөрөв дэх ялгаагүй 5000 л байна. Энэ бол давтах юм. Харин байнга буюу хоёр түүнээс дээш зөрчил гаргавал торгуулийг тэр хэмжээгээр нь үржүүлж ногдуулах юм. Ингэхээр шийтгэл гарцаагүй болдог. Одоо Монгол Улсын нутаг дэвсгэрт 30 удаагийн захиргааны зөрчил гаргаад танхайраад явдаг хүн байна шүү дээ. Тэгэхээр торгуулийг өндөрсгөж эдийн засагт нь нөлөөлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан