Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтыг сурталчлахад хэвлэлийнхэн нэгдэж ажиллана

Ази, Европын бүс нутгийн орнуудын дээд хэмжээний уулзалт буюу “АСЕМ”-ын уулзалтыг ирэх оны  долдугаар сард Монгол Улсад зохион байгуулах болсон. Уг уулзалтын зохион байгуулах Үндэсний зөвлөлийн “АСЕМ”-ын сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, уг хурлын мэдээ мэдээллийг олон улсад хүргэх чиглэлээр хамтран ажиллах болов.

Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх, “АСЕМ”-ын сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ын дарга Э.Дагиймаа, МСНЭ-ын Гүйцэтгэх захирал П.Баярмагнай болон 2014 онд Италийн Милан хотноо болсон “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн баг мэдээлэл хийлээ.

“Өнгөрсөн онд Монгол Улсад урд болон хойд хөршийн төрийн тэргүүн айлчилсан. Ирэх онд болох АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтад Ази, Европын 53 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцоно. Энэ Монгол Улсын нэр хүндэд чухал байр суурь эзэлсэн үйл явдал болох юм. Өнгөрсөн онд Италийн Милан хотноо болсон уулзалтад 5000 гаруй төлөөлөл оролцсон. Ирэх онд мөн тооны төлөөлөгч ирнэ гэж үзэж байгаа. Тэр үед Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байх учраас эх орноо олон улсад сурталчлан таниулах томоохон боломж бүрдэх юм хэмээн АСЕМ”-ын сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар хэллээ.

Тэрбээр, Бидний гаргасан тооцооллоор “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалтын мэдээ мэдээлэл 5 тэрбум гаруй хүнд хүрнэ. Одоо Монгол Улсын тухай  нийтлэл нэвтрүүлэг олон улсад түгээхэд их хэмжээний хөрөнгө шаардагддаг бол ирэх онд ямар ч үнэ төлбөргүйгээр дэлхий нийтэд сурталчлах боломжтой болно гэсэн үг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд “Сайн дураар, нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе” уриан дор уг уулзалтын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх уриалга гаргасныг Үндэсний зөвлөл таатай хүлээн авсан. Энэхүү уриалгад бүх хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэхийг уриалж байна” гэлээ.

МСНЭ-ын Гүйцэтгэх захирал П.Баярмагнай, “АСЕМ”-ын уулзалтыг зохион байгуулах ажлыг манай байгууллага дэмжиж ажиллана. Энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулж чадвал Дэлхийн тавцанд Монголын нэр хүнд өсч, олон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэв

Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ын дарга Э.Дагиймаа, “Энэхүү уулзалтыг зохион байгуулах нь зөвхөн төр болон зарим нэг ТББ-уудын хийх ажил биш. Ард түмэн, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулах хэрэгтэй. Аливаа ажлыг хийхдээ улсаасаа мөнгө гуйх бус хандив цуглуулж хийж бүтээж буй ажлыг нь дэмждэг байх хэрэгтэй. Тиймээс Монголын ард түмнийг энэхүү уулзалтыг зохион байгуулах ажилд гар бие оролцохыг уриалж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан