Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар

Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолд заасан “Алтны олборлолтыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд “Алтны олборлолтыг нэмэгдүүлж эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 94 дүгээр тогтоолыг батлуулаад байна.

Уг  тогтоолын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй, хайгуул хийж нөөц тогтоосон, олборлолт явуулахад бэлтгэгдсэн хөрөнгө оруулалтаа шийдээгүй аж ахуйн нэгжүүд болон санхүүгийн хүндрэлээс шалтгаалан олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байгаа алтны ордуудын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг алтыг худалдан авах нөхцөлтэйгээр урьдчилгаа олгох, урьдчилан худалдан авах замаар шийдвэрлэх юм. Түүнчлэн "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн дагуу журам, гэрээний загварыг Засгийн газар батлана. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг үйл ажиллагаа нь сэргэсэн, олборлолт явуулах тусгай зөвшөөрлүүдийн хэмжээнд тогтоох, нөөцийн тодотголыг хийж, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцэж бүртгэх ажлуудыг яаралтай зохион байгуулж гэрээ байгуулна. Ийнхүү гэрээ байгуулсан алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа сэргээх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг дээрхтэй ижил нөхцөлөөр зохион байгуулах юм.

Мөн алт олборлолт нэмэгдэж байгаагаас  Сорьцын хяналтын албаны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий болсныг шийдвэрлэх, улсын хилийн зурвас болон тусгай хэрэгцээний газар нутгуудад байрлах хууль бус олборлолтод /нинжа/ удаа дараа өртөж буй алтны орд, илрэлүүдийг хүчний байгууллагын хамгаалалтанд авах, шаардлагатай гэж үзвэл зарим нэгийг нь төрийн өмчит хуулийн этгээдээр ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.

УУЯ-ны зүгээс энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулаад байгаа бөгөөд Монгол банк, “Алт олборлогчдын холбоо”-той хамтран зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч судалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан