Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

85 жилийн өмнө Төгсбуянтын хүрээний бослогыг Ардын засаг цус урсган даржээ


1928 оны аравдугаар сард МАХН-ын /өнөөгийн МАН/ YII их хурал хуралдаж “Хувьсгалын цаашдын гүнзгийрэлтэд саад учруулж байгаа хөрөнгөтний элементийн эсрэг тэмцэж тэдний хөрөнгөжих замыг хязгаарлах.....ардын эрх чөлөөний явдалд тэрслэн эсэргүүцэгсэд буюу санхүү ба ард олны хөрөнгийг сүйтгэж баяжигсдыг хөрөнгийг бүрмөсөн буюу заримыг хураах” гэсэн шийдвэр гаргалаа.
Үүний дараа 1929 оны зунаас намд цэвэрлэгээ хийж феодал, түшмэд, худалдаачин, лам зэрэг 5306 хүнийг намаас хөөн зайлууллаа.
МАХН-ын феодал гэж хнэрлэсэн хөрөнгө чинээтэй хүмүүсийн хөрөнгө хураах ажил 1929 оны  зунаас эхэлж комисс байгуулан эсэргүүцэл, ард олны санаа сэтгэлийг үймүүлэн төөрөгдүүлэх явдлыг тухай бүр няцаахыг нам улсын бүх байгууллагад даалгав.

Ингээд 1929-1930 онд 427 хутагт хувилгаад, 302 түшмэлээс тухайн үеийн хамгийн бага үнээр тооцож 4,8 сая төгрөгийн мал, 400 гаруй төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураажээ.
ҮҮнийг МАХН-ын түүхийн номд “...нам засаг удирдан явуулсан улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолто хувьсгалт арга хэмжээ байлаа” хэмээн тэмдэглэжээ. / Монгол Ардын хувьсгалт намын түүх. 1985 он. 146 дугаар тал /

Ард түмнээ ялгаварлан гадуурхаж, өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон эд хөрөнгийг нь хураан, иргэний эрхийг нь зөрчиж, хүрээ хийд, жасуудад хэт өндөр татвар оногдуулсан зэрэг нь олон түмний дургүйцлийг төрүүлж эхэлсэн ч коммунизмын хий үзэгдэлд итгэсэн хэт хувьсгалчид, МАХН-ынхан түүнийг цэрэг зэвсгийн хүчээр дарж байсан юм.
Үүний анхных нь буюу Төгсбуянтын хүрээний бослогыг МАХН ардын арми, цэргийн хүчээр цус урсган дарж, үүнийг лам нарын бослого гэж нэрлэсэн юм.
Төгсбуянтын хүрээ нь тэр үеийн Төгсбуянтын хошууны Байнхайрхан сумын нутагт 1745 онд байгуулагдсан, Цогчин, Чойр, Жуд, Дуйнхар, Мамба гэдэг 5 дацантай тухайн үеийнхээ соёл, нийгэм, эдийн засгийн төв байсан байна.
Феодалын хөрөнгө хураах ажил 1928 оноос эхэлж баруун аймагт эхэлж, Чандмань уулын аймагт 49 хүн "феодал" хэмээн бүртгэгдэж Төгсбуянтын хошууны 5 феодалаас 4368 хувь хөрөнгө, Баянмандал хошууны 9 феодалаас 832 хувь хөрөнгө, Баянчандмань хошууны 6 феодалаас 1910 хувь хөрөнгө хурааж, Төгсбуянтын 1203 ламаас 360 ламыг албадан хар болгож, жасын хөрөнгийг нь битүүмжилж, Төгсбуянтын хүрээнд байсан хятадын Буян, Даашинхүүгийн салбар пүүсүүдийг хөөн зайлуулжээ.

Энэ бүхэнд дургүйцэж эгдүүцсэн олон түмэн  1930-аад оны үеэс эхлэн зохион байгуулалттай хэлбэрт шилжиж, хуучин түшмэл явсан хүмүүс, лам нар хоорондоо холбоо тогтоон, Ардын засгийг эсэргүүцэн 4 дүгээр сарын эхээр бослого гаргахаар хэлэлцэн тохирчээ. 1930 оны 3-р сарын 20-доор Төгсбуянтын хүрээний хамба лам Лувсанчүлтэм нас барж, түүнийг оршуулахад  олон хүн оролцжээ. Оршуулгын үеэр Ардын засагт алба хааж байсан Төгсбуянт уулын хошууны Тамгын газрын эрх баригч, хошууны дарга О.Марайзан, хошуу тамгын түшмэл Б.Хандсүрэн, Тамгын мээрэн Б.Цэрэнжав, Тамгын байцаагч Гочоосүрэн, Танхимийн багш Даржаа нар ирснийг Бөхмөрөн сумын харъяат Давад, Лүндэн гэдэг хоёр лам, мөн Түсэрвээний Хатуу тэргүүтэй хэдэн лам нар нөгөө албаны хүмүүсийг барьж хүлжээ.

Ингээд байдал улам төвөгтэй болж, сэтгэл санаа хөөрсөн хүмүүс, зарим ухвар мөчид, холын хараагүй хүмүүсийн ятгалгаас үүдэн оршуулга нь үймээн болж, улмаар үймээнээсээ хэтэрч улс төрийн шинж чанартай, Ардын засгийн эсрэг бослого болж хувирчээ.
Босогчид  3-р сарын 26-нд тус "засгаас" Чандмань уулын аймгийн яаманд мэдэгдэл гаргажээ.

Энэ мэдэгдэлд: "..... манай хошууны эрх баригчдаас үргэлж албаны нэр сүрийг далайлган лам хар биднийг занаж, элдвээр хавчих буюу биднийг барих, хорих мэтээр доромжилсоор ирсэнийг цаасан дээр бичих аргагүй. Үүний улмаас хүн бүрийн дотор гомдол төрж, цаашид хэвээр хүлээж болохгүй болмогц бид өөрсдийн үзэл санааны чигийг өөрчлөн, олноор урваж, дээр дурьдсан эрх баригчдыг барин хорив. Эдүгээ бид олноор хэлэлцэж, ардын намыг устгаж, адил тэгш эрхтэй нам байгуулахаар дурьдсан учрыг зохих Чандмань уулын аймгийн яамнаа мэдэгдэж улмаар гүйцэтгүүлсүгэй" гэжээ.

Ингээд байдал яах ийхийн зуургүй өрнөөж зогсоох аргагүй болжээ. Монголын төр, Ардын засгийн газраас Чандмань уулын аймагт гарсан ард олны тэмцэл хөдөлгөөнийг судлах, бослогыг дарахаар Байлдааны эрхт хувьсгалын түр хороог Ховдын хязгаарын IV морьт хорооны дарга, сургагч нар, хошуу аймгийн яамны дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Чандмань уулын аймаг руу илгээжээ. Мөн засгийн газрын Бүрэн эрхт комиссыг байгуулж, Комиссын даргад Дотоодыг Хамгаалах газрын дарга Б.Элдэв-Очир, гишүүнд Л .Дарьжав, О.Дашчирэв, Эрдэнэ нарыг томилж, тэд 3-р сарын 30-аас урьд ирж ажилдаа оржээ.

Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт комиссоос юуны өмнө Төгсбуянтын хүрээнд гарсан бослогыг дарахаар шийдвэрлэж, Б.Элдэв-Очир машинаар Төгсбуянтын хүрээнд очиж, хүрээний ар талаар урсдаг Дэлгэрмөрний дэнж дээр ирж зогсоод цагаан дарцаг барин буух үед Сагилын Боршоон шар Жана гэдэг хүн хүрээнд Майдар хурах үеэр ёс болгож, муу зүйлийг хөөж байна гэж бууддаг байсан "Баали цагаан" гэдэг буугаар Б.Элдэв-Очирыг буудаж, хөнгөн шархдуулжээ.

Ингээд бослогыг даруулахаар  Улаангомд ирээд байсан Ховдын IV морьт хороог дуудуулжээ. Энэ хороог комиссар Буяндэлгэр командалж 3-р сарын 20-ны өглөө
Засгийн газрын цэргүүдийг хүрээ рүү дөхөж ирэх үед Түсэрвээний Хатуу гэдэг хүн хамгийн түрүүнд явж байсан комиссар Буяндэлгэрийг буудаж хүнд шархдуулжээ.

Тэр даруй цэргүүд хүрээний өмнө байх Таван Дэнхэрвээ уулын давааг эзлэн авч пулёмотоор гал нээжээ. Бууж өгөхгүй бол бүгдийг нь буудан хороож хийдийг шатаана гэхэд айж ичсэн, гартаа зэвсэггүй  хүмүүс орон тэр, байшингийнхаа доор ухаж бэлдсэн зоориндоо орж хоргодсон боловч тэднийг бүгдийг хөөн гаргаж, хүрээний баруун талын уулын хормойд цуглуулан цэргээр харгалзуулан суулгажээ. Нийт 400-500 гаруй хүн байсан гэдэг. Цэргийн дарга тэр хүмүүст яриа хийж, "...нам төрийн эсрэг бослого гаргасан та нарыг хуулиар хатуу цээрлүүлэх ёстой” гэсэн байна. 

Сумын дарга, албан тушаалтнуудаас асуухад хошуу дарга О Марайзан "Бүх лам нар эсэргүү биш ээ. Учир мэдэхгүй дагалдагсдыг бүгдийг буудаж болохгүй. Хэрэв цөмийг нь буудах юм бол би дунд нь сууж буудуулъя" гэхэд Б.Элдэв-Очир "Тэгвэл бослогын толгойлогчдын нэрийг гаргаж өг" гэснээр тэднийг хэдхэн цагийн дотор "ялтай, ялгүйгээр нь ялгаж" 38 хүнийг баривчилж шууд хүлжээ. Баривчлагдсан хүмүүсийг хүрээний хойт захад байсан сангийн хэрмийн дотор манаж хоноод  маргааш нь хүрээнээс 7-8 км орчим зайд байх Ногооны хавчуу хэмээх газар аваачиж бүгдийг нь буудан хороосон байна. Цаазлуулсан 38 хүний 20 нь ард гаралтай хүмүүс, 18 нь лам нар байжээ.
Төгсбуянтын хүрээний энэ эмгэнэл З8 хүнийг буудсанаар бас дууссангүй 247 хүнийг баривчилж их бага хэмжээгээр хорихоор шийтгэжээ. Ер нь  1930-1938 он хүртэл Төгсбуянтын хошуу, одоогийн Түргэн сумаас нийт 133 хүн цаазлуулж, олон арван хүн 10-1 жил хүртэл хорих, хөрөнгийг нь хураах, тэнсэн харгалзах, хорих ял зэргээр 200 гаруй хүн шийтгүүлсэн гэдэг.  Дараа нь Улаангом, Бодончийн хүрээний бослогыг дарах нэрийн доор бас л өдий төдий хүнийг хядсан билээ.

МАХН-ын тэргүүлсэн Ардын засгийн газрын үйлдсэн их хэлмэгдүүлэлт хэдийгээр 1923 онд Ерөнхий сайд асан Бодоог буудан хороосноор эхэлж 1937 оны есдүгээр сараас ид эрч хүчээ авч бөөнөөр нь хядсан боловч энэ төр, энэ намын буруу бодлогыг эсэргүүцсэн лам хар, түшмэд, намын гишүүд, сум, залуучуудын эвлэлийн ажилтан, багш зэрэг олон хүнийг “Лам нарын эсэргүү бослого” нэрийн дор 1930-1932 онд хоморголон баривчилж, бөөнөөр нь буудан хороож байсны эхлэл нь Төгсбуянтын хүрээний “бослого” гэгч байсан юм.
МАХН /өнөөгийн МАН/ -ын түүхэнд тэмдэглэсэн Лам нарын эсэргүү бослого гэдэгт чинь нам эвлэлийн гишүүн, сонгуультан, цэргийн дарга нар, сумын дарга сургуулийн багш гээд нийгмийн бүхий л давхарга, ангийн хүмүүс байсан нь тухай үеийн нам, төрийн бодлого үнэхээр буруу байсныг гэрчилдэг.
Бослого хөдөлгөөн гаргасан хүмүүс ч ардын засгийн төлөөний хүмүүсийг тамлан зовоож хэрцгий хандсан байдаг.
Төгсбуянтын хүрээний бослого, Архангайн Тариат, Улаангом, Бодончийн хүрээний бослого, 1932 онд дүрвэж урагшаа гарах гэсэн  Өмнөговь зэрэг аймгийн ард иргэдийн хөдөлгөөнд дургүйцсэн МАХН 1937 он хүртэл “Лам нарын эсэргүү бослого” гэдгийн хариуд 1932-1956 онд нийт 31597 хүнийг улс төрийн хэргээр шитгэсний 17612 нь лам байсан байна. Мөн лам нарын үүрийг устгах нэрийн дор монголын түүх соёлын үнэт өв болсон 700 гаруй сүм хийдийг шатаан сүйтгэсэн юм.

1 Сэтгэгдэл
Манай өвөг эцгийн ах лам нь хийдийн гэлэн хэргэм цотой хүн байсан одоогоор эм найруулагч хүн юм уу ? Хэрэгт холбогдуулаад авч сураггүй болсон . Нэлээд хэдэн ламыг Оросруу авч явсан гэдэг яриа байдаг бодвол хүнд хүчир ажил хийж байгаад үхсэн байх.
odoo idsen bolgoniig adil shiitgeh estoi
японтой холбоо тогтоож эх орноосоо урвасан хүмүүсийг толгойг нь илээд байх байсан юм уу тэгээд харин тэр үед ардчилсан нам байсан бол монгол улс одоо газрын зураг дээр байхгүй бах байлаа
японтой холбоо тогтоож эх орноосоо урвасан хүмүүсийг толгойг нь илээд байх байсан юм уу тэгээд харин тэр үед ардчилсан нам байсан бол монгол улс одоо газрын зураг дээр байхгүй бах байлаа
японтой холбоо тогтоож эх орноосоо урвасан хүмүүсийг толгойг нь илээд байх байсан юм уу тэгээд харин тэр үед ардчилсан нам байсан бол монгол улс одоо газрын зураг дээр байхгүй бах байлаа
yamar aimshigtai tuuh ve. Ene MAN-iig taraaval taarna.
Хамгийн их уншсан