Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт хэвлэлийг туших чөдрийн тоо нэмэгдсээр байна

“Өдрийн сонин”-ы өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригийн дугаарт доктор Г.Өнөрбаяр чөлөөт хэвлэлд маш харгисаар нөлөөлж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхэнд ноцтойгоор халдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалтуудын талаар яриа дэлгэсэн. Эрүүгийн болон Зөрчлийн тухайн хуулиуд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Уг хоёр хуулинд чөлөөт хэвлэлийг тас багалзуурдсан, сэтгүүлчдийг боомилсон, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ор үндсээр нь, сууриар нь байхгүй болгох гэсэн харгис заалтууд тусгагдсан юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийнтөслийн 10.4.3-т “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заажээ.

Мөн тухайн хуулийн 10.4.1-д “Сэрэмжлүүлэг, зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан байна. “Тооцооны нэгж” гэж ам.доллараар торгоно гэдгээ хэлж буй хэрэг юм. Өмнө нь хуулинд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн дүнгээр торгодог байсан. Тэгвэл “шийдлийн” гэх тодотголтой Засгийн газраас өргөн баригдсан дээрх хоёр хуулинд зөрчил гаргагчийг доллараар торгоно гэх заалтыг оруулсан нь, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох хуулинд ийм заалт оруулсан нь зэвүүцэл төрүүлж байгаа юм. Ардчилсан засгийн чөлөөт хэвлэлдээ үзүүлж буй тод илэрхийлэл, үнэн нүүр царайнь энэ л дээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн өмч. Хувийн өмчийн үйл ажиллагаанд төр шууд хутгалдан орж буй нь байж боломгүй зүйл. Дуртай шийдвэрээ гаргуулчихаад түүнийгээ сэрэмжлүүлэх зар сурталчилгаа нэрээр хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна” хэмээн олон нийт санал бодлоо илэрхийлж байна.
Ардчилсан засаг сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын чөлөөт хэвлэлд ямар гээчийн хор уршиг тарьж,сэтгүүлч, нийлэлчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхэнд хэрхэн балмад бүдүүлгээр халдсаныг судлаачдын баримтаар харуулъя. “Улс орны эдийн засгийн хямралын гол буруутан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж Алтанхуягийн Засгийн газар дүгнэсэн. “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ байгуулахыг хориглосон. Телевизүүдийг дампууруулах зорилгоор эфирийн 50 хувь нь монгол контент байна гэсэн хууль санаачилсан.Facebook, twitter, youtube гэх мэт сошиал сүлжээг эрх баригчид өөрсдийн үйл ажиллагаанд нийцүүлэх зорилгоор “Цахим сүлжээг журамлах тухай” хуулийн төсөл санаачилсан. Эдийн засгийн өршөөлийн хуульд авлигачдыг бичсэн сэтгүүлчдийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэж заалт оруулсан. Багагүй олон сайтын үйл ажиллагааг шууд хаасан. Сүүлийн хоёр жил сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэх үйл явц огцом нэмэгдсэн”. Энэ мэтээр чөлөөт хэвлэлийн хоолойг огтолж, хоншоорыг нь тас цохисон тоо баримтууд үргэлжилнэ.

Ингэж эрх баригч Ардчилсан засаг, өөрийнхөө амин сүнс нь болсон чөлөөт хэвлэлийг туших чөдрөө шөнө бүр зангидан, нойр хоолоо умартан зүтгэж байна. Яавал сэтгүүлчдийг шоронд явуулах уу, яавал хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих уу, хаалга үүдийг нь янгинатал түгжих вэ. Эдийн засгийн хувьд элгээр нь мөлхүүлж, энэ салбарыг үхдэл болгох уу гэдгээ тэд бодож боловсруулан, суман чагттай суран чөдөр зангидаж сууцгаана. Монголын ардчиллыг цагаан морьтой гэдэг. Ардчиллыг манлайлж, Азийн Монголд хөгжүүлэн батжуулсан эрхмүүд хийгээд бүх л партизанууд нь цагаан мориныхоо тухай ярьдаг. “Цагаан морин жилийн...” гээд хэн хүнгүй яриагаа эхэлдгийг бид мэднэ.

Тэгтэл өнөөгийн ардчилагчид тэрхүү “цагаан морь”-оо гурван хөлийг нь гурамсан суран чөдрөөр чөдөрлөж, үлдсэн нэг хөлийг нь богочилж сарвайтал нь газар унагаад, уруулыг нь нарийн цагаан мяндсаар тасартал нь цорводож, толгой, сүүл, дөрвөн мөчөөс нь тал тал тийш тэлтэл татаад огт хөдөлгөөнгүй болгочихлоо. Одоо тэдэнд “цагаан морь”-оо маш шаналгаатайгаар, эмгэнэлтэйгээр, аажуухнаар амьсгал хураахыг нь харах л үлдэж байна даа, хөөрхий. Ийн өгүүлж буйн учир гэвэл ардчиллын амин сүнс, эх сурвалж, уг гарвал нь чөлөөт хэвлэл юм. Чөлөөт хэвлэлгүй, иргэд нь үзэл бодлоо хэн нэгнээс хараат бусаар чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлгүй улс оронд ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж хичнээн мянган удаа орилоод ч нэмэргүй.

Энэ олон чөдөр тушаанаас эр үхрийн ар зооны ширээр хийж гурамсаж зангидсан, ямар ч эмнэг хангал адуу тасчих нь бүү хэл, морины туурайн сагагийг тас авах гөрмөл суран чөдрийг Ардчилсан намаас Их хуралд сонгогдон төр барьж буй М.Батчимэг гишүүн зангидаж, чөдөрлөхөө хүлээгээд бэлдэж сууна. Тэр нь өнөө алдарт Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Уг хуулинд хэвлэл мэдээллийг эх сууриар нь байхгүй болгох арай дэндсэн заалтууд зүйлчлэгдсэн байгаа.Тухайлбал, 8 дугаар зүйлийн 8.1-д “Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчийн зүгээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улс төрийн цензур тавих, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн бол8.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчтэй сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж, байгууллагын дотоод дүрэм, журамд тусгах үүрэг хүлээнэ”, 10.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн захиалгаар төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг түгээх бол төлбөртэй гэсэн ялгах тэмдэглэгээ хэрэглэж, ивээн тэтгэсэн төлбөр төлсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг дурьдана”, 12.3-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээний хөтөлбөрт төлбөртэй, захиалгатай мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг оруулахыг хориглоно”, 12.4-т “Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч аливаа этгээдийг тодорхой мэдээлэл нийтэлж нэвтрүүлэхээр дарамтлах, шахалт үзүүлэх, нийтэлсэн болон нийтлээгүйн төлөө төлбөр, шан харамж авах, авах оролдлого хийхийг хориглоно” гэсэн нарийн нягт, бууны гол төмөр шиг хонгиносон, сэтгүүлчдийн хоншоорыг тас цохисон заалтуудтай. Ингэж Батчимэг хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн редакцийнхаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй, редакци нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг, төлбөртэй материал хийх эрхгүй, рекламны байгууллагаас тусдаа байхыг хуульчилжээ. Тэгээд зогсохгүй“Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн эзэмшиж буй хувь хэмжээний талаарх мэдээллийг жил бүр, өөрчлөлт орсон тохиолдол бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр, эсхүл цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ” гэж хувь хүний өмчид халдсан байж боломгүй бүдүүлэг заалтуудыг толгой дараалан тусгасан байна.

Ардчилсан засаг амин сүнс нь болсон чөлөөт хэвлэл сонин, сэтгүүл, телевиз, радио, интэрнэт сайт, сошиал ертөнц рүүгээ ингэж аймшиггүйгээр хөмхийгөө зуун улайран дайрч буй нь улс орны тусгаар тогтнолын баталгаа алдагдах вий гэсэн айдас төрөх боллоо. Өмнө нь чөлөөт хэвлэлийн судсыг ханасан ямар ямар хуулиуд ар араасаа хэлэлцэгдэж ирснийг бид мэднэ. Их хурлын гишүүн Ц.Оюунбаатар “Төсвийн мөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоно” гээд бас л ханцуй шамлаж дайрсан удаатай. Өнөө л сэтгүүл зүйг эдийн засгийн хувьд элгээр нь хэвтүүлж, нэг мөр нүд аниулах гэсэн эрх баригчдын бодлого л доо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад бас л сонин хэвлэл, цахим сайтыг ад шоо үзсэн заалтууд орсон байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34.1.1-д “Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин”, 34.1.2-т “Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сэтгүүл” гэснээс өөрөөр зүйлчилсэн нь үгүй.33.5.4-т ганц заалт байгаа нь “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно” гэх боомилсон заалт л даа. Сүүлийн үеийн хуулиудад ийм л зүйл заалтууд орж байна. Одоо эрх баригчид Сонгуулийн тухай хууль гээд хэд хэдэн ноцтой хуулийг Их хурлаар хэлэлцэнэ. Түүнд нь чөлөөт хэвлэлийн орон зай хэрхэн багтахыг таашгүй. Энэ өнгөөрөө бол тэд нэг мөсөн багалзуурдаж, нүд аниулахыг л бодож байгаа байх.

Хэвлэл мэдээллийн энэ олон хууль батлагдаад, хэрэгжээд явсны дараа Монголд юу болох вэ. Чөлөөт хэвлэл хэдэн давхар чөдөр тушаатай, урагшаа ганц ч алхах боломжгүй нам зогсч, элгээр харуулдаад уначихсан байна. Сэтгүүлчид зуданд уруудаж, арай чүү онд мэнд орж байгаа хаврын туранхай янхигар хөхүүл үнээ шиг хэрзийсэн амьтад болно. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын эздэд хууль дүрэм огтоос хүртээлгүй. Тэд сониныхоо редакцийг, телевизийнхээ эфирийг хаагаад, үндсэндээ эзэмшил газрынхаа хаалгыг түгжчихээд л яваад өгнө. Хор хохирлыг нь сэтгүүлчид яс махаараа амсах нь дамжиггүй. Тэгэхээр энэ бол сэтгүүлчдийг нухчин дарах гэсэн, салбараас нь өөрийн эрхгүй дайжин зугтаалгах гэсэн зорилго агуулагдаж буй нь илэрхий.

Монголын сэтгүүл зүй эзэнгүй, хуульгүй байгаа юм биш. Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль гэгддэг Э.Бат-Үүл баатрын ерэн найман онд Их хурлаар батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байна. Чөлөөт хэвлэлийн Библи судар болсон уг хууль ердөө дөрөвхөн заалттай. Гэвч чөлөөт хэвлэлийн үндсэн мөн чанар, үнэт зүйл тэрхүү хуулинд бүрэн агуулагддаг. Уг хуулийн хоёрдугаар зүйлийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах” хэсэгт “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасан. Гуравдугаар зүйлийн “Мэдээлэлд хяналт тавихыг хориглох” хэсгийн 3.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй”, 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”,дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж товч бөгөөд тодорхой заасан. Бид ардчиллын цагаан морины нуруун дээр анх мордож, эрх чөлөөг тунхагласан Үүл баатрынхаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-аа ягштал баримталж, дагаж мөрдөж сэтгүүл зүйн салбарынхан нэгдэн тэмцэх цаг нь болжээ. Тэгэхгүй бол ардчилсан засгийн үед амтай бүхэн л чөлөөт хэвлэлийг боомилох, устгах тухай ярьж, ээлж дараалан чөдөр тушаа зангидсаар байх нь.

Н.ГАНТУЛГА
www.DNN.MN

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан