Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усны салбарыг улстөржүүлэхийн цаана

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбартаа хийсэн халаа, сэлгээ маш их хэл ам дагуулж буй. Бүтцийн өөрчлөлт нэрээр цомхотгол хийсэн боловч 17 хүнийг халах сайдын хоёрдугаар сарын 27-нд гарсан тушаалд үндэслэл байхгүй гэнэ. Гэхдээ дээрх 17 хүнээс 12 нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа бол үлдсэн хүмүүсийн заримыг албан тушаал бууруулж, ахлах мэргэжилтэн болгож өөр ажилд томилсон байна. Тэд бол усны сав газрын дарга нар. Улсын хэмжээнд усны сав газрын 29 захиргаа үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн жил гэхэд улсын төсөвт 33 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин одоо энэ усны сав газрууд хөл толгой нь олдохгүй бужигнаж байна. Нэг сав газрын захиргаанд хамгийн багадаа зургаа түүнээс дээш 24 ажилтан зүтгэдэг байгаль орчны чухал салбарын нэг.

Засгийн газар солигдоод сайд өөрчлөгдөх төдийд халаа сэлгээ хүчээ авч яамнаасаа 50, зөвхөн нэг харьяа газраас 12 хүнийг халж, өөрчлөн бусдыгаа хошуучилж эхэллээ. Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны дарга н.Энхсүрэнг амаржсаны дараах амралттай байхад нь халжээ. Гэхдээ энэ нь хууль бус учраас эргүүлэн ажилд нь авсан гэнэ. Онон голын сав газрын дарга н.Дэлгэрмааг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр чөлөөлсөн ч бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаагаа явуулсан хэвээрээ байгаа гэнэ. Түүний оронд Батширээт сумын МАН-ын хорооны дарга н.Мөнхбат гэгчийг даргаар томилж, дэд даргаар намын хорооны нягтлан бодогчийг томилсон аж. Түүгээр ч барахгүй Онон голын сав газрын байранд МАН-ын хорооны хуралдаан 2-3 удаа болсныг зураг, дүрсээр баримтжуулсан гэлээ. Одоогийн байдлаар сав газрын 12 дарга хууль бусаар ажлаас халсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Тэднээс хамгийн ойрхон нь гэхэд 100-аад км-ээс ирсэн бол хол нь мянга орчим км-ийг туулан Улаанбаатарт ирээд сар гаруй хонож байна. Иймээс тэдний төлөөлөлтэй уулзаж, учир байдлыг тодрууллаа.

Хяргас, Завхан голын сав газрын захиргааны дарга асан Т.Болдбаяр “29 сав газрын захиргааны 17 даргыг чөлөөлөхдөө бүтэц орон тоо гэсэн шалтгаан хэлж байгаа ч үндэслэлгүй халсан юм. Хэрвээ үнэхээр шаардлагагүй бол зарим сав газрын захиргааг нэгтгэж болох байсан. Зөвхөн сав газрын захиргааны дарга нарыг халж, солиод зогсохгүй нягтлан бодогчид, ахлах мэргэжилтэн, мэргэжилт­нүүдийг өөрч­лөөд эхэлсэн байна. Усны сав газрын захиргаа байгуулагдсанаар Монгол Улсын төсөвт сүүлийн хоёр жилд чамгүй хөрөнгө мөнгө оруулсан. Өнгөрсөн жил 33 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрт хурааж төсөвт орууллаа. Үйл ажиллагаа нь жигдрээд явж байтал огт мэдэхгүй хүн орж ирээд төрийн ажлыг алдагдуулаад явах нь. Усны сав газарт мэргэшсэн хүмүүс ажилладаг гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай” гэлээ. Түүний оронд дуу хөгжмийн багш мэргэжилтэй, ИТХ-ын төлөөлөгч МАН-ын гишүүн хүнийг сав газрын даргаар томилсон мэдээлэл байгаа юм.

Энэ оны төсөвтөө багтааж орон тооны цомхотгол хийлээ хэмээн цөөнгүй хүн ажлаас нь чөлөөлсөн ч халаа сэлгээ үргэлжилсээр байгааг хэлэв.  Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын дарга асан Н.Болд-Эрдэнэ “29 сав газрын нийт ажилчдын тоог 2015 оны төсөв батлахдаа 209 хүн үлдээгээд ажиллана гэж БОНХАЖ-ын сайдын зөвлөх Шийрэвдамба удирдах ажилтны зөвлөлгөөн дээр ярьсан. 2015 оны төсөвтөө тааруулж нэг сав газар гэхэд л 2-4 хүн цомхотгосон. 24-29 хүн цомхотгоод бүтцийн өөрчлөлт хийгээд дууссан юм. Харин сав газрын дарга нарын оронд томилогдсон хүмүүс Монгол Ардын намын улс төрийн ажилтнууд голдуу байгаа. Бид үндэслэлгүй халлаа гэж үзэж буйгаа хэлэ­хээр Оюунхорол сайд “Та нар улстөржүүллээ” гээд байна. Оюунхорол сайд биднийг боловсролгүй хүмүүс гэж доромжилсон байгаа юм. Миний хувьд монгол төрд 38 жил ажилласан, гурван дээд сургууль төгссөн. Дээр нь бид энэ ажилд томилогдохдоо төрийн албан хаагчдын шалгалт өгч, тангараг өргөн, Авлигатай тэмцэх газарт шал­гуулж байсан. Бид ч бас ар гэртэй, амьдрал ахуйтай, зээлтэй адилхан хүмүүс шүү дээ” хэмээн учирлаж байв.

Зүүн гар талаас: Н.Болд-Эрдэнэ, Т.Болдбаяр, Э.Пүрэвжав

Сав газрын захиргаа байгуулахад анх сайдын ганц тушаалтай өөрсдийн мөнгөөр тамга тэмдэг, бланкаа хэвлүүлээд, ажлаа болгоё бүтээе гэсэн эрмэлзлээр хийж ирж. Гэтэл салбарын сайд нь зөвхөн БОНХАЖЯ-наас халагдсан 50 хүнд 90 орчим сая төгрөг, усын сав газрын захиргааны 17 даргын гэнэт халагдсаны тэтгэмжинд 120 сая төгрөг өгнө гээд сууж бай­­гааг гайхаж суухаас ч яахав.

Хөвсгөл нуурын орчимд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжихээр болжээ. Энэ төсөл Хөвсгөл нуур, Эгийн голын сав газартай холбоотой ажиллах учраас мэргэжлийн хүн гэхээсээ илүү бусдын үгээр хөдлөх хэн нэгнийг томилох гэж халаа сэлгээ явуулсан байхыг ч үгүйсгэхгүй. Аль ч сайдын үед хөдлөлгүй олон жил ажилласан хүмүүсийг гэнэт солих өөр шалтгаанууд байсан бололтой.

Монгол Улсын усны нөө­цийн 20 хувь нь гүнийх, 80 хувь нь гадаргынх. Үүнээс гадаргын усыг 50 хувь, гүний усыг 50 хувь ашиглах тухай эрдэмтэд судлан “Ус” үндэсний хөтөлбөрт тусга­жээ. Гэтэл одоо уул уур­хай нөлөөгөөр буюу алт олборлолт, нүүрсний угаал­таар гүний усны 90 хувь, гадаргын усны 10 хувийг ашиглаж байгаа судалгаа бий. Тиймээс энэ бүхэнд хяналт тавьж, иргэдэд ухуулан сурталчилж, уул уурхайн зориулалтаар ус ашиглаж буй аж ахуйн нэгжүүдээс төлбөр авч, түүнийгээ хамгаалах ажилдаа зарцуулан ажилладаг төрөөс тохоон томилсон хүмүүс бол усны сав газрынхан. 2014 онд гэхэд энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулсан 24 орчим сур­галт явуулж, хүмүүсээ бэлт­гэж, мэргэшүүлжээ. Гэвч харамсалтай нь, усны сав газрын дарга, мэргэжилт­нүүдийг хоморголон халж сольсноор хөрөнгө мөнгө, цаг хугацаа, эхлүүлсэн, хийж хэрэгжүүлж байсан ажлуу­дад асуудал ундран гарах нь тодорхой. “Урт нэртэй” хуу­лийн дагаж мөрдөх жур­мыг өөрчилж, алт олборлох зөвшөөрөл олгох тухай яригдаж буй энэ үед усны сав газрын даргаас нь эх­лээд мэргэжилтнүүдийг өөр­чилж байгаа нь бас л нэг хардаж болох өнцөг. Мөн усан цахилгаан станцуудын төс­лийг хөдөлгөх сураг гараад байгааг ч орхигдуулж болохгүй.   
Хараа голын сав газрын дарга асан Э.Пүрэвжав “Сав газрын захиргаанууд нэг, хоёрдугаар сард багтаан орон тооны цомхотгол хийгээд дуусчихсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд дууссан байхад сав газрын захиргааны дарга нарыг олноор нь хална гэдэг цаашлаад мэргэжилтнүүдийг өөрчлөх зорилготой байж. Жишээ нь, манай Хараа голын сав газар Дархан-Уул аймагт байрладаг. Ус ашиглагч нар, Гачууртын орд болон алтны орд ашигладаг жижиг уул уурхайн компаниуд олон бий. Ашиглалтынхаа хувьд Туул голын дараа орохоор хэмжээний сав газар бол Хараа голынх. Гэтэл Ерөө голын сав газартай нийлүүлээд нэг болгочихсон. Ерөө голын орчимд хууль бусаар алт олборлох нь газар авчихсан зүйл. Тэгэхээр тэнд очиж байгаа дарга Хараа, Ерөө голын сав газрыг нэгтгэхээр хяналт нь суларч, улмаар уул уурхайн компаниудтай ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж хараад байгаа юм. Дарга болох хүндээ зориулж бүтэц өөрчилсөн гэсэн үг. Дарга болох хүндээ зориулж сав газрын захиргааг нүүлгэн аваачдаг болж. Төв суурин газар байсан усны сав газрын захиргааг суманд аваачиж нүүлгэсэн жишээ ч байна. Ер нь усны салбарыг улстөржүүлнэ гэдэг утгагүй зүйл. Сав газруудын зардал орон нутгийн болон улсын төсөвт оруулж байгаа төсвийн 4-5 хувийг л эзэлдэг. Хараа голын сав газар гэхэд Гачууртын ордоос ус ашигласны төлбөрт тэрбум гаруй төгрөг, өөр бусад жижиг газруудтай нийлүүлээд нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөг авсан. Тэгтэл манай сав газрын төсөв бол 80 гаруй сая төгрөг” гэлээ. 

Усны сав газрын дарга нарыг ажлаас нь халж оронд нь МАН-ын хорооны хүмүүсээр сольсон жишээг эхэнд дурдсан. Зарим сав газрын захиргаа 50 гаруй сумын нутгийг хамран үйл ажиллагаагаа явуулдаг аж. Ажилд томилогдоод удалгүй намынхаа хурлыг хуралдуулж байгаа гэхээр цаашлаад төрийн албаны унаа тэрэг, ажилтнуудыг сонгуулийн ажилд дайчлахгүй гэх баталгаа байхгүй. 12 хүн нэгдээд шүүхэд хандсан учир “өөр ажил өгье, мэргэжилтэн болгоё, тэр сав газрын дарга өөр ажилд очсон” гэх мэтээр хооронд нь ч хагаралдуулах гэж оролдож эхэлжээ. Төрийн албыг өөрийн дураар өөрчилж, тоглож болохгүй хэмээн нэгдсэн болохоор тэд салбарын яамныхаа үүдэнд жагсаал цуглаан, өлсгөлөн зарлахаасаа илүүтэй үнэн мөнөө тогтоолгохоор шүүхэд хандсан гэлээ. Усны салбарыг улстөржүүлэхгүй байхыг тэд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролоос хүссэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан