Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламентын гаднах намууд Ерөнхийлөгчийг огцруулж, УИХ-ыг тараая гэв

Т.ЦЭЛМЭГ

Парламентад суудалгүй намууд УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэдний хүсэлтийг Л.Цог дарга хүлээн авч, өчигдөр Төрийн ордны албан өрөөндөө уулзалдсан юм. Удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх учраас парламентын гаднах намуудын байр суурийг сонсоод УИХ-ын дарга, удирдлагуудад уламжлахаа дэд дарга Л.Цог хэллээ. Тэрээр Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч маргаантай зүйлүүд бий гэв. Мөн тэрээр “Үндсэн хуульд нэмэлт оруулъя гэж УИХ-ын удирдлагууд үзээд ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа ерөнхий зүйл ярьсан. Зарим асуудалд ойлголтын зөрүү их байна. Эрх мэдлийн хуваарилалтыг бүхэлд нь харъя гэсэн. УИХ-ыг сонгодог парламентын чиглэлд аваачих хэрэгтэй. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохгүй, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмье гэдэг зүйл яригдаж байгаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100 гаруй болгох эсвэл хоёр танхимтай парламенттай болох санал гарсан” гэлээ.

Үндсэн хуульд оруулсан “дордуулсан долоон” өөрчлөл­төөр нам нь төрийн дээр гарсан гэж үзэж байгаа учир Улс тө­рийн намын хуулиар шийдэ­хээр ярилцсан аж. Мөн намыг хатуу гишүүнчлэлтэй байлгах эсэх, бүтцийн асуудалд маргаантай байгааг хэлэв. УИХ-д суудалтай намуудыг төрөөс санхүүжүүлэхээр багц асуудал тусгажээ. Сонгуулийн тухай хуулиар бол холимог тог­толцоог авч үлдэх, санал тоо­лох машины тухай илүү нарийвчлан тусгах гэнэ. Ингээд мэдээлэл өгсний дараа дээрх хуулийн төслүүдэд парламентад суудалгүй намуудын байр суурь ийм байна.

Ш.Төмөрсүх: Үндсэн хууль, бусад хуулийг өөрчлөхөд эргэлзэж байна

/Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга/
Сонгуулийн ерөнхий хо­роо­ны бүрэлдэхүүнд улс төрийн намуудын төлөөллийг оруу­лахыг хуульд тусгах. Улсын дээд шүүхийн намуу­дын бүртгэлийг иргэдэд ойл­гомж­той, ил харагддаг болгох, санал тоолох автомат ма­шинтай зэрэгцүүлэн гараар тоолох тухай саналуудаа Сонгуулийн хуульд тусгуулах хүсэлтээ хүргүүлж байна. Нам, фракцаа дээрээ тавь­сан парламентын үед өөрс­дийнхөө амбийцаар хуульд ханддаг болохоор эдгээр хуу­лийг өөрчлөх эсэхийг анхаа­рах хэрэгтэй. Энэ парла­мент ёс зүйгүй болохоор Үнд­сэн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулахад эргэлзэж байгаа. Дордохын долоон өөрч­лөлтийг цэгцлэх нь зүйтэй. Ерөн­хийлөгчийг ард түмнээс сонгогдох ёстой гэдэг байр суурьтай байна.

Ц.Шинэбаяр: Сонгуулийн хууль нууцаар батлаад сурталчилгаагаа эхэлчихэж

/Хамуг Монгол хөдөлмөрийн намын дарга/
Одоогийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж найдаж хүлээх боломжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж хуурсаар байгаад сон­гуультай золгуулах башир аргатай. Сонгуулийн хууль нууцаар батлагдаад суртал­чилгаагаа хийгээд эхэлчихэж. Үүнийг нь нотлох хэд хэдэн баримт бий. МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэв­­шүүл­сэн, өвлийн урал­дааны тухай дуугаа нийтэлсэн сэтгүүл, цаг тооны бичиг хэвлүүлээд тарааж байна. С.Баярцогт хаана хэвлүүлсэн нь тодорхойгүй, хийсэн ажлын тайлангаа тарааж. Өвөрхангайн хоёр гишүүн бас цаг тооны бичиг хэвлүүлсэн байна. 2012 онд бас ингэж сурталчилгаа хийсэн. С.Баярцогт гэхэд нэг нь 200 ам.долларын үнэтэй 40 мянган ширхэг алтан бурхан тарааж байсан. Энэ луйвраа давтах гэж байна шүү дээ. Тиймээс Сонгуулийн хуулийн талаар ярих бололцоогүй. Улс төрийн намын хуулийг өмнө нь ярьсан, одоо ч ярьж байна. Нэг их сайхан хууль гэж ярьчихаад хуурдаг. Хувь хүн нэг сая, аж ахуйн нэгж 10 сая төгрөг өгөхийг хуульд заасан байхад тэрбум төгрөгийн хандив өргөөд байсан. Тэрийг нь хэн ч шалгаагүй. Тийм учраас УИХ-ыг яаралтай тарааж, ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй. Үгүй гэвэл дараагийн арга нь бүх ард түмний их хуралдай зарлаад бид өөрсдөө сонгодог Үндсэн хуулиа батлаад явахгүй бол болохгүй.

О.Бум-Ялагч: Ерөнхийлөгч огцорч, УИХ тарах хэрэгтэй

/Монголын ногоон намын дарга/
Парламентад суудалгүй намууд нийтдээ 17 удаа уулзалт хийгээд нэг ойлголтод хүрсэн. Өнгөрсөн даваа гарагт парламентыг тараахыг манай нам мэдэгдсэн. Ерөнхийлөгч огцорч, УИХ тарах хэрэгтэй. Ерөнхийлөгч болон УИХ Монгол Улсын эрх ашгийг илэрхийлж чадахаа больжээ гэж үзээд шийдэлд хүрсэн юм. Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийг цэгцлэх ёстой. Б.Чимид гуай өнөөдрийн улс төрд, УИХ-д суугаа хүмүүст итгэхэд хэцүү болсон гэж хэлж байсан шүү дээ. Монгол Улсын Их хурлын гишүүн Швейцарьт данс нээгээд, өөрийгөө Хятадын иргэн гэж биччихээд Үндсэн хуулийг өөрчлөх гээд байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга, Ж.Батзандан, Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, бие даагч гишүүд УИХ-аас гарах хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал доройтоод дууслаа. Та нарын батлаад, томилоод байгаа Засгийн газар иргэдийн амьдралыг сайжруулж чадах­гүй байна. Улс орон нь 2,3 тэрбум ам.долларын албан ёсны, хувийн компаниудад нь 16 тэрбум ам.долларын өрөнд орчихлоо.

Г.Ганбат: Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрлээ

/Эх орончдын нэгдсэн нам/
25 жилийн дараа харахад ардчилалгүй Ардчилсан нам, ардгүй Ардын нам, хувьсгалчгүй Хувьсгалт нам, Зориггүй Иргэний зориг нам, үндэсний үзэлгүй Үндэсний ардчилсан намтай болж. Ард түмийнхээ цөөнх болсон 200 гэр бүлийн төлөө цаашдаа яваад байх юм уу. Эсвэл ард түмнийхээ талд гарах юм уу. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Ард түмэн эрхээ мэдэх цаг болсон учраас парламентын гадна байгаа улс төрийн хүчнүүд, тэргүүний үзэл бодолтой, эх оронч хүмүүс нь нэгдэж, ард түмэндээ боломж олгох хэрэгтэй байна. Энэ парламентад байгаа намууд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийг өөрчлөх ёс зүйн хувьд эрх байхгүй.

Б.Амгаланбаатар: Ээлжит бус сонгууль зарла

/Монголын либерал намын дарга/
Эх орноо гэдэг хүмүүсийг шахаж, үгүй хийдэг, бухимдсан хүн үгээ хэлэхээр нь үнэгүйдүүлдэг нийгэмд бид амьдарч байна. Амгаланбаатар гудамжинд гарч үгээ хэлэхээр төрийн цагдаа нь ирж дарамталдаг болчихсон. Тэгэхээр ээлжит бус сонгуулиа зарлаж, шудар­гаар сонгох боломж, тэгш эрхийг олгооч гэж хүсч байна.      

0 Сэтгэгдэл
Төр,засгийг унагах гэж хэлэх амархан. Харин жаахан ажлыг нь хийлгэмээр байна ш дээ. Шүүмжлэх амархан. Харин энэ парламентын гаднах намууд өөрсдөө улс орны төлөө юу хийсэн бэ? Жишээ нь, байгаль орчныхоо төлөө тэмцэж байх чётой Ногоон нам юу хийж, юу дуугарсан бэ? Лав л ойр хавийнхаа болон голын дагуух хогыг түүдэг хүү шиг ажил хийгээгүй, 7-р ангийн хүүхдээс дор байгаа. За, тэгээд тэр Төрмөнх бил үү, "Эрх чөлөөний нам"-ын дарга гэгч нөхөр 4 жилд нэг удаа, сонгуулийн өмнө харагдах юм. За, тэгээд Шинэбаяр гээд УИХ-аас хөөгдсөн, энэ мэт гомдогчдын арми байна шүү дээ...Ийм нэр хүндгүй намуудаар яах юм?
Хамгийн их уншсан