Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Отгонтуяа: Би дуурь, балетын зарим хэсэгт нь л дуралдаг


 Б.ЦЭДЭВСҮРЭН

УДБЭТ-аас энэ сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан “Балетын үдэш” тоглолт зохион байгуулж буй. Тоглолтыг “Төгөлдөр” сан дэмжин ажиллаж байгаа аж. Тус сангийн тэргүүн Х.Отгонтуяатай ярилцлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------

-“Төгөлдөр” сангийн хувьд олон сонгодог бүтээ­лийг дэмжиж хамтран ажил­ладаг. Энэ удаа “Балетын үдэш” тоглолтыг дэмжжээ. Өөр ямар уран бүтээл дээр хамтран ажиллаж байна вэ?
-УДБЭТ-тай “Балетын үдэш” тоглолтоор хамтарч бай­гаа бол Хөгжим бүжгийн колле­­жийн сургуультай “Зо­лушка” буюу “Үнсгэлжин” бүжгэн жүжиг дээр хамтран ажиллаж байна. УДБЭТ-ын балетмейстер байсан Гэрэлээ эгч тэр бүжгэн жүжигт оролцож байгаа юм. Хамтран ажиллах болсон маань Долгормаа гэх Москвад сурдаг балетмейстер охиныг дэмжих зорилготой. Монголын балетын урлагийн залгамж халаа болохоор бэлтгэгдэж буй түүний хувьд “Үнсгэлжин” балет дипломынх нь ажил юм билээ. Мөн Улаанбаатар чуулгатай хамтран ажиллаж байна.

-“Балетын үдэш” тоглолт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дугарч буйгаараа бусад тоглолтоос ялгарч байна. Энэ хэний санаа байсан юм бол?
-Гуравдугаар сарын 27 бол театрын өдөр байдаг. Би эртнээс энэ өдрийн үзвэрийг зохион байгуулахаар УДБЭТ-ын захиралтай тохиролцсон байсан. Балетын тоглолт зохион байгуулна гэдгээ ч хэлсэн. Гэтэл УДБЭТ-ын захирал Мөнхзул гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй тоглолт болгоё гэж санаачилсан нь их таалагдсан. Яг өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудал яах аргагүй мөн учраас би зөвшөөрсөн хэрэг. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүн бүр дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Нийгмийн давхар бүрт л энэ асуудалтай тэмцэх нь зүйтэй. Энэ удаа сонгодог урла­гаар дамжуулаад харгис, хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийг эсэргүүцэж буй нь тэдэнд нэг зүйлийг бодогдуулах болов уу.

-Тэгвэл “Үнсгэлжин” ба­лет үзэгчдэд хэзээ хүрэх бол?
-Ирэх сарын 10-нд СТӨ-нд тоглогдоно.

-Улаанбаатар чуулгатай хамтран хүргэхээр зэхэж буй уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Стравинскийн хөгжмийг манай үндэсний хөгжимчид тоглож Энхгэрэлийн найруулан тавьсан модерн бүжигтэй хоршсон тоглолт хийхээр болсон юм.

-“Төгөлдөр” сан өөр ямар уран бүтээл үзэгчдэдээ хүргэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Ирэх намар томоохон тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ талаар ярихад одоо арай эрт байна. Зун сайхан наадамлачихаад намрынхаа ажилд орсон нь дээр биз дээ. /инээв/

-Таны хувьд сонгодог тоглолт бүрийг алдахгүй үзэж байгаа харагддаг. Сонирхоод асуухад ямар балет, дуурьт дуртай вэ?
-Би “Жизель”-д дуртай. Ялангуяа хоёрдугаар үзэгдэлд нь. Дуурь гэвэл надад “Чио чио сан” их гоё санагддаг. Ер нь би дуурь, балетын хэсэг хэсэгт нь дурладаг. Тухайлбал, “Кармен” дуурийн Кармены ари, “Чио чио сан” дуурийн Чио Чио Саны ари, “Травиата” дуурийн хэсгээс сонсох дуртай.

-Тэгэхээр дуртай хэсгээ үзэхийн тулд олон тоглолт давтаж үздэг байх нь?
-Дуртай хэсгээ үзэхийн тулд тэвчээртэй суух шаардлага гардаг.
-“Төгөлдөр” сан бай­гуулагдаад багагүй хуга­цаа өнгөрлөө. Олон ч сайхан тог­лолтыг үзэгч түмэнд өр­гөн барилаа. Анх энэ сангаа байгуулсан талаар яриач?
-Өөрийнхөө сэтгэлийн дууд­­лагаар байгуулсан. Зарим хүн бодож л байсан байх. Нөхөр нь Ерөнхий сайд байхад сан байгууллаа гэдэг ч юм уу. Харин би бол өөрийнхөө хийх ажлаа олсон гэж бодож байгаа шүү.

-Ер нь та сонгодог урлаг­тай хэзээнээс холбогд­сон хүн бэ?
-Багаасаа л. “Спартак” балетыг ес, аравдугаар ан­гийн охин байхдаа л үзсэн. Хөгжим нь маш гоё. Хэдийгээр социалист реалист үеийн тавилт ч гэлээ тэр чинь Хачатурян шүү дээ.  Оросын Григорьевичийн тавилтыг Жамъяндагва гуай өөрийн тайзан дээр хөрвүүлэн тавьсан тэр үеийнхээрээ сэтгэлд маш тод үлдсэн байсан. Яагаад гэхээр, тухайн цаг үедээ жинхэнэ тэсрэлт болж гарч ирсэн л дээ. Балет сонирхдог бүх хүн очиж үздэг, тэр хөгжим, бүжигчдийн тавилт хөдөлгөөн, тэр үеийн хувцас хунар гээд ер нь л хачин гоё мэдрэмжийг сэтгэлд зураад үлдээчихсэн. Тэр балет надад гүн сэтгэгдэл үлдээсэн учраас олон жилийн дараа театрын дарга байсан Сэргэлэн, балетмейстер Жамъяндагва гуай, Гэрэлээ эгч нарыг ятгаж, гуйж байгаад “Спартак”-ыг дахин сэргээж тавиулсан. Анх уулзаад энэ талаар ярьсан. Тэгэхэд ямар ч боломж байхгүй, хүн хүч байхгүй, бараг мартаад гучаад жил болсон гэх мэт янз бүрийн шалтгаан хэлсэн л дээ. Дараа нь уулзахдаа “Спартак”-аа дахиад ярилаа. Надад тэр үед “Инээмсэглэл” хамтлагийг дахин нэгдэж тайзан дээр гарах хүртэл ятгасан туршлага байсан. Тийм учраас Жамъяндагва гуайг ятгаж чадсан гэх юм уу даа. Тэгж байж энэ гайхамшигтай хөгжмийн жүжгийг ирээдүйд авч үлдсэндээ баяртай байдаг. Одоо үзээд сууж байхад тэртээ жаахан охин байхдаа үзэж байсан сэтгэгдлээс арай өөр санагддаг. Гэхдээ бүжиг, хувцас хунар, бүх талаараа социализмын үеийнхийг бодвол хамаагүй сайжирсан. Сүүлд бүжигчидтэй уулзаад ярьж байхдаа “Спартак”-ийг сэргээх нь хэр оновчтой сонголт байсан юм бол, хөг-жим нь хичнээн гоё ч гэсэн сэдэв нь хувьсгал учраас арай жаахан хоцрогдсон юм хийчихэв үү дээ гэх ухааны юм бодож байснаа хэлсэн. Гэтэл бүжигчид миний яриаг огт хүлээж аваагүй. “Спартак”-т бүжиглэх гоё. Дэндүү гоё балет гэцгээж байсан. Тэр хүчтэй драм нь ч юм уу, бүжиглэхэд эвтэйхэн байдаг ч юм уу бүү мэд би мэдэхгүй юм. Х.Гэрэлчимэг, Ю.Оюун гуай хоёр энэ балетад бүжиглэдэг байсан юм. Х.Гэрэлчимэг эгч, Б.Жамъяндагва гуай хоёр байсан тулдаа “Спартак” эргэж боссон. 

-Та мөн УДЭТ-т “Орол­маа” эх жүжгийг сэргээн тавихад тусалсан байдаг...
-Тийм. Аравдугаар анги төгсөөд оюутан болох гэж байхдаа Залуучуудын театрт “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийг үзэж байсан. Тиймээс найруулагчдад “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийг тавиач,  их гоё жүжиг гээд л хэлдэг байсан. Гэтэл найруулагч Наранбаатар өмнө нь үзээгүй ч гэсэн тус жүжгийг сэргээн тавьсан. Би мөн л тусалсан.

-Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд хүрч хөгжиж байна. Сонгодог тоглолтыг дээд зэргээр мэд­рэхийн тулд гадаадын аль нэг орныг зорих шаардлагагүй боллоо...
-Тэгэлгүй яахав. Урлаг хөгжихийн хэрээр урлагийг дэмжих сэтгэлтэй хүмүүс ч олон гарч байна. Манай сангийн бас нэг зорилго манай үзэгчдийн тэр бүр очоод үзэж чадахгүй уран бүтээлчдийн тоглолтыг Монголдоо зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Чадвал энэ намар амжихгүй бол ирэх жилээс энэ төслөө хэрэгжүүлнэ.

-Намар хийхээр төлөв­лөсөн тоглолтод ямар ч байсан гадаадын уран бүтээлчид ирэх нь?
-Тийм ээ. Гэхдээ одоохондоо нууцалъя.

0 Сэтгэгдэл
Баярлалаа. Амжилт.Өшөө олон зүйлийг хийгээрэй.
Хамгийн их уншсан