Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмрийн хүдрийн экспортоор “туг тахихаас” аврав

Т.ЖАНЦАН

Төмрийн хүдэр манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Учир нь экспортын хэмжээ нь зэс, нүүрсний дараа ордог билээ. Уг ашигт малтмал уул уурхайн салбарын нийт экспортын 15 хувийг эзэлдэг. Мөн тус салбарын орлогын 10, улсын төсвийн орлогын хоёр хувийг тус тус бүрдүүлж буй юм.

Иймд экспортод гарч буй төмрийн хүдэрт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын гангийн үйлдвэрүүдэд нийлүүлж буй  Dampeir Hedland боомтын үнийг үндэслэн жишиг үнэ тогтоон тооцдог. Гэвч сүүлийн хоёр жилд уг ашигт малтмалын үнэ буурсан. Энэ нь төмрийн хүдэр олборлогчдод хүнд цохилт болж уурхайгаа хаахад хүрээд байгаагаа Засгийн газарт танилцуулж Борлуулалтын гэрээний үнийг үндэслэн татвар ногдуулах хүсэлт гаргаж байв. Засгийн газар энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжийн мэдүүлсэн Борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар шийдвэрлэжээ. Тэгэхдээ экспортолсон төмрийн хүдэр, баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал боловсруулсан байна. Урд нь нүүрсний үнэ шалдаа бууж компаниуд хаалгаа хааж эхлэх үед бас ийм арга хэмжээ авч байсан. Өөрөөр хэлбэл экспортын нүүрсэнд ногдуулах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын гэрээний үнээр тооцох болсон. Гэвч энэ шийдвэр нь хэтэрхий оройтсон тул өнөөдөр нүүрсний экспорт зогсоход хүрээд байна гэж тус салбарынхан хэлдэг.  Тэгвэл төмрийн хүдрийн экспортыг дэмжихээр авч буй энэ арга хэмжээ үр дүнгээ хэр өгөхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Уул уурхайн яамны мэргэжилтнүүд  төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний дүнд үндэслэн төлбөр ногдуулах нь улсын төсөвт орох орлого багасахаар харагдаж буй. Гэвч Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзлээ.  Үүнээс гадна эдийн засагт хямрал нүүрлэсэн өнөө үед төмрийн хүдрийн уурхай, түүнийг дагасан үйлчилгээ, ханган нийлүүлэлтэд олон тооны ажлын байр хадгалагдан үлдэнэ.  Мөн төмөр замын тээвэр ч ашиг орлогтой байх юм. Хэрэв аж ахуйн нэгжүүд Борлуулалтын гэрээний үнэ, орлогоо буруу мэдээлсэн тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарладаг жишиг үнээр урьдын адил ногдуулах ажээ.

Сангийн яамнаас энэ сард гаргасан жишиг үнэ нь 58 хувийн агуулгатай нэг тонн нунтаг төмрийн хүдэр 50, бүхэллэг хүдэр нь 65 ам.доллар байна. Тэгвэл 2013 онд нэг тонн нь 125 ам.долларын үнэтэй байсан төмрийн хүдэр өнгөрсөн жил дунджаар 93 ам.доллар болж буурсан. Эдийн засгийн судлаачдын хэлж буйгаар  энэ онд төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын үнэ төдийлөн өсөхгүй гэсэн төсөөлөл хийж буй юм.

Хоёр жилийн өмнө манай улсад 13 компани төмрийн хүдэр олборлож байсан. Тухайн үед “Жинтайхэ” компани нэг тонн төмрийн хүдрийг  100 ам.доллараар борлуулж байсан нь хамгийн өндөр ханш байв. Бусад компаниуд нь 90 гаруй ам.доллараар бүтээгдэхүүнээ худалдаалсан билээ. Өөрөөр хэлбэл, манай улсаас экспортолж буй төмрийн хүдэр Хятадын зах зээлийн үнээс 40-50 орчим хувиар доогуур байдаг аж. Үүнээс гадна Гаалийн ерөнхий газар нүүрснээс бусад бүх төрлийн ашигт малтмалд тонн тутамд нь 1500 төгрөгийн гаалийн бүрдүүлэлтийн хураамж авдаг. Тус газрын статистикаас үзвэл хоёр жилийн өмнө 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 7.4 тэрбум төгрөгийн хураамж ногдуулж байв. Харин өнгөрсөн онд   6.3 сая тонныг экспортолж 9.4 тэрбум төгрөгийн хураамж авч улсын төсөвт төвлөрүүлсэн тооцоо бий. Уул уурхайн яамны мэдээллээр өнгөрсөн сарын байдлаар манай улс 790 мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ.  Цаашид Борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах болсон тул экспорт нэмэгдэх хүлээлт байгаа юм.

Манай улсад нөөц нь батлагдсан төмрийн хүдрийн орд 71 бий. Одоогоор 1.6 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц баталгаажуулаад байгаа билээ. Геологичид цаашид төмрийн хүдрийн нөөц нэмэгдэх боломжтой хэмээн үздэг.  Учир нь 500 гаруй илрэл тогтоогдсон аж. Тухайлбал,  2013 онд 114.5, өнгөрсөн жил 136 мянган тонн төмрийн хүдрийн нөөц тогтоож улсын Эрдэнэсийн санд бүртгүүлсэн байна.
Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар манай улсад төмрийн хүдрийн 36 баяжуулах үйлдвэр бий. Эдгээрийн 13 нь нойтон аргаар баяжуулдаг бол үлд­сэн нь хуурай соронзон аргын технологи ашиглаж буй юм.

Дэлхийн хэмжээнд төмрийн хүдэр олборлолтоор Австрали, Бразил, Хятад, Энэтхэг улс тэргүүлдэг. Тэгвэл уг металлын томоохон импортлогчид нь Хятад Энэтхэг, Орос, Япон зэрэг улсууд. Одоогоор дэлхийн хэмжээнд жилд 440 сая тонн төмөр хэрэглэж буй аж. Цаашид  хэрэглээ өснө гэсэн төсөөлөл судлаачид дэвшүүлж байна. Иймд манай улс жилд олборлож буй төмрийн хүдрийнхээ 20 гаруй хувийг дотооддоо боловсруулж гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэг­тэй гэж эдийн засагчид зөвлөдөг. Манай улс жилд 500 гаруй мянган тонн төмөр бэлдэц, материал хэрэглэдэг судалгаа бий. Хэрэв өөрсдөө гангийн үйлдвэрлэл хөгжүүлж чадвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна өндөр үнээр экспортлох боломж бүрдэх юм. Мөн жилийн хэрэгцээгээ хангах гэж гадаад руу урсгадаг валютаа хэмнэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан