Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Машинаа ачуулсан жолооч нарт “МОЛИГО ҮМХҮҮЛЭВ”


-ШӨХТГ НИТХ-ын шийдвэрийг шалгах эрхгүй гэв-

 Б.МЯГМАРЖАВ

ШӨХТГ-аас “машин ачих болон дугуй түгжих шийдвэр нь хууль бус. Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчин өөрсдийн эрх мэдлээс хэтэрсэн шийдвэр гаргасан. Тиймээс  тус журам хүчин төгөлдөр  бус хэрэгжүүлэхгүй байж болно. Ийм шийдвэр гаргасан албан тушаалтанд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу захиргааны хариуцлага тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн буюу 960 мянган төгрөгөөр торгоно” хэмээн мэдээлсэн. Мөн өмнө нь машинаа ачуулсан жолооч нар мөнгөө эргүүлэн  нэхэмжилж авах боломжтой тухай мэдээлэл өгч олон жолоочийг хаанаас хэзээ мөнгөө нэхэмжлэх вэ гэх асуулттай үлдээгээд буй. Тэгвэл энэ мэдээллийг НИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо тайлбарлахдаа “Нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээний актыг батлан гаргах бүрэн эрхтэй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн үндсэн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон байдаг. Эрхийнхээ хүрээнд НИТХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Энэ акт нь Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хуульд үндэслэн гаргасан баримт. Иргэдийн хурлын тогтоол шийдвэр хууль тогтоомжид нийцсэн хэлбэрээр гарч буй учраас хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Нийслэлийн хэмжээнд энэ хууль дүрмийг сахиулах, журмыг биелүүлэх үүрэгтэй. Олонхийн эрх ашгийн төлөө хийсэн үйлдэл” хэмээсэн юм. Мөн дээрх шийдвэрийн зөв бурууг нь хоёр байгууллага хэлэлцэх эрхтэйг хэлсэн. Эхлээд тухайн хурал өөрөө уг асуудлыг эргэн харж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх ёстой.

Хоёрдугаарт, захиргааны хэргийн шүүхэд хандаж гарсан маргаан эцэслэн шийдэгдэж гэмээнэ нь энэ тогтоолыг хүчингүй болгох талаар ярих ёстой гэнэ. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж зарим аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр ШӨХТГ НИТХ-ыг буруутгасан. Үүнд, ямар нэг байгууллагад давуу эрх олгож,  Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн юм байхгүй. Ямар ч аж ахуйн нэгж энэ үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Үүний дагуу өөрийн байгууллагын мэдээллээ өгч, Замын хөдөлгөөний удирдлагын төв түүгээр дамжин нийслэлийн Замын цагдаагийн газар уг асуудлаа шийдвэрлүүлээд гэрээ байгуулсан гэдгийг дурдав.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус гэсэн мэдээллийн тухайд Нийслэлийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл “Нийслэлийн Засаг дарга НИТХ-ын тогтоолын дагуу зориулалтын чирэгч авто машин хэрэглэн тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх хураамж авах тухай 2013 оны А/769 дугаар захирамж гаргасан. Энэ захирамж нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29,9, 39,1 дахь хэсэгт заасан заалтын хүрээнд гарсан байгаа. Дээр нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан захирамж. 15.1-д аймаг,нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах энэ хэр хэмжээнийхээ хүрээнд харьяа байгууллагадаа үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг олгосон. Хууль эрхзүйн үндэслэлтэй журам. ШӨХТГ-аас  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус байна гэж байгаа нь буруу. Үүнийг зөвхөн дээд шатны байгууллага хүчингүй болгох эрхтэй” гэлээ. Тиймээс уг шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд өмнө нь машинаа ачуулсан жолооч нар мөнгөө авах эрхгүй аж.
Одоогоор Монгол улсын хэмжээнд явж байгаа нийт авто машины 60 гаруй хувь нь Улаанбаатарынх бөгөөд сүүлийн гурван жилд нийслэлийн машины тоо хоёр дахин нэмэгдсэн байна. 2005 онд 60 гаруй мянган машинтай байсан бол өнөөдөр 480 мянган машин хөдөлгөөнд оролцож буй. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, осол аваар иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Энэ бүгдэд хэм хэмжээ хэрэгтэй гэдгийг гэдэг үүднээс дээрх журмыг хэрэгжүүлж байгааг ч дурьдсан.

0 Сэтгэгдэл
60*2=480 genee
Хамгийн их уншсан