Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн төсөл “шийдэгдсэн” бас “шийдэгдээгүй”


Н.БАТ

Тавантолгойн төсөл яагаад гацсан бэ?
Монгол Улсын сайд М.Энхсайхан:
Хэлэлцээ завсарлага ав­чих­сан байна. Эрдэнэс Таван­толгой компани Чалькотой гэрээ байгуулаад  эргэж төлөх ёстой өрөөс 150 сая ам.доллар үлдчихсэн. Тэр мөнгийг төлөх асуудал нь хэлэлцээг завсарлуулах үндсэн шалтгаан болчихсон.

 “Урагшаа Тавантолгой” иргэдийн санаачлага төс­лийн эдийн засагч, судлаач Х.Батсуурь:
Нэгдүгээрт, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль тогтоомжинд нийцээгүй, хоёрдугаарт нь 1072 хувьцааг төсөлд тусгаагүй. Шийдэгдээгүй, шийдэгдэх шинжгүй байгаа. Нөгөө талаас төмөр замын асуудлыг хууль тогтоомжид нийцүүлж, шийдвэрлээгүй. Төмөр зам төрийн өмчид байх ёстой гэдгийг хуульд маш нарийн заачихаад байхад хувийн компаниар бариулаад, тэр нь эзэмшээд 30 жилийн дараа төрд шилжүүлнэ гэдэг нь шууд утгаараа хууль тогтоомжоо зөрчиж байгаа хэрэг юм. Гуравдугаарт, УИХ-аар төс­лийг заавал хэлэлцүүлэх ёстой. Хууль тогтоомжиндоо Та­ван­толгойг стратегийн орд гээд заачихсан учраас Засгийн газар, бүүр нэг сайд толгой мэдээд шийдээд явна гэдэг байж боломгүй асуудал. Түүнээс Чалькогийн гэрээний үлдэгдлийг шийдэж чадаагүй байгаа, гэрээ нь тодорхой биш зэрэг нь дараачийн асуудал. Хамгийн түрүүнд дээрх асуудлыг шийдэх хэрэгтэй.

Хоёр өөр хариулт. Сай­дын хэлснээр эдийн засагч Х.Батсуурийн хэлээд байгаа үндэслэл  хэлэлцээнд төдийлэн нөлөөлөөгүй гэнэ. Энэ бол мэдлэг ойлголтын зөрүү төдий зүйл аж.

Иргэд хувьцааг нь эзэмших эрх эдэлж байгаа Тавантолгой төсөлдөө хуруу хошуу дүрэхийг хүсч байгаа боловч төрийн зүгээс галт тэрэг хөдөлсөн эцсийн зогсоолдоо дөхөж байна хэмээн тэрээр ярьж байгаа юм.

 Харамсалтай нь сайдын хэлснээр бүх зүйл тийм тодорхой сайхан болчихсон гэж үү. 150 сая ам.долларын өрийг дарахын тулд 150 сая ам.долларын зардал гаргах зүрх  хөрөнгө оруулагчаас гарна гэдэг нь төсөл ямар их ашигтай, ирээдүйтэйг илтгэх томоохон үзүүлэлт. Консерциум урдчилгаанд 150 сая ам.доллар өгөхөд бэлэн гэж амласан төдийгүй, Чалькогийн өрийг ч өөр дээрээ авахдаа тулбал гэрээтэй нь нарийн танилцаж, мөн уулзалдаж байгаа сурагтай. Түүгээр зогсохгүй Гашуун сухайтын төмөр замд  төрийн зүгээс оруулаад байгаа 280-аад сая долларыг ч тэдний зүгээс төлөх тухай яригдаж байна. Ямартаа ч  Энержи ресурс, Шиньхуа, Сүмитомогийн хамтарсан консерциумд Тавантолгой төсөл дээр хөрөнгө оруулах, хувь эзэмших асар их сонир­хол байгаа нь илт.

Тэгвэл энэ их өр төлбөр дээ­рээс иргэн бүрийн эзэм­шиж байгаа 1072 хувьцаа гээд хө­­рөнгө оруулагчдын толгой дээр асар их үүрэг хариуцлага, өр төлбөр нэмэгдэж байгаа юм.

Гэхдээ М.Энхсайхан сайд болоод түүний хэлснээр дэл­хийн хэмжээний компа­ниу­даас бүрдсэн консерциум хоё­рын бизнесийн хэл нэг байгаа гэнэ.
Тэгвэл өчигдөр хэв­лэлийн­хэнд хандсан “Урагшаа Тавантолгой” иргэдийн санаачлагын баг Тавантолгойн төслийг урагшлуулах өөр гарц шийдлийг төрд санал болгов.

Тэд уул уурхайн томоохон төслүүд Монголын хуулийг зөрчсөн, үндэсний эрх ашигт нийцээгүй байвал хөдөлгөх аргагүй, бүүр зогсоох нь зөв  гэж бид үзэж байна гэв. Өмнөх хөрөнгө оруулалтын төслүүдэд орхигдсон ашиггүй хэлбэрээр тусгагдаж байсан гол асуудлуудыг хууль тогтоомжинд  заасны дагуу үндэсний эрх ашигт нийцүүлэн тусгаж оруулснаараа бид­ний төсөл онцлог хэмээн тодорхойлж байна. Салбар бүрийн шинжээч судлаачид нэгдэж боловсруулсан энэ төслөөр 1072 хувьцаа нь иргэн бүрт буй учраас нийт төслийн 26 хувь, Эрдэнэс Тавантолгой компанийн 51 хувь хэлбэрээр байхаар тусгасан гэнэ. Улсын өмчийн Эрдэнэс тавантолгой компани нь нийт төслийнхөө 51 хувийг эзэмших нь стратегийн орд нь төрийн өмчид байх гэсэн хуулийн заалттай нийцэж буй гэв. Хамгийн гол зүйл бол иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцаанд ногдол ашиг  өгөх төрийн бодлого хэрэгжих үндэслэл тавигдаж буй аж.

Төмөр зам нь Төмөр замын тээврийн тухай хуу­лийн 6,2-т заасан “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүт­цийг төрийн өмчийн буюу тө­рийн өмч давамгайлсан хуу­лийн этгээдийн өмчлөлд байх...”, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 6,3,1 Улсын эдийн засаг нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө гэсэн заалтуудын дагуу Тавантолгой төсөлд ашиглагдах төмөр замыг анхнаасаа Монголын төмөр зам болоод улсын өмч давамгайлсан Тавантолгой төслийн компанийн мэдэлд байхаар тусгасан  аж.

УИХ-аар хэлэлцүүлэх нь 500-700 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөц бүхий стратегийн ордыг  УИХ-ын 39 дүгээр тогтоол Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолд заасны дагуу  заавал УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой гэжээ.
Урагшаа Тавантолгой ир­гэдийн санаачлагын зүгээс Хятадын Шиньхуа, Японы Сүмитомо корпорацтай хамт­ран  ажиллах нь зөв гэж үзээд төслийн компанийн 49 хувийг эзэмших эдгээр корпорац нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших хувийн борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдана гэв. Гол нь энэ санаачлага нь үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, Монголын хууль тогтоомжийн хүрээнд боловсруулагдсан төсөл гэж санаачлагчид үзэж буй аж.

Ингээд төслийг санаачлагчдын нэг болох эдийн засаг судлаач Х.Батсууриас зарим зүйлийг тодруулав.

-Та бүхний энэ яриад байгаа асуудал ахиад л популизм гэдэг үгийг дагуулах байх л даа. Та популизм хийж байна гэвэл ямар хариулт өгөх вэ?
-Популизм гэдэг нь юу вэ гэдгээ эхлээд сонгодог утгаар нь ойлгох хэрэгтэй. Энэ талаар өргөн фронтын давшилт явж байгааг би ажиглаж, харж байгаа. Би харин үүнээс огт ойхгүй байна. Би популизм гэдгийг маш сайн ойлгож байгаа учраас энэ талаар тодорхой тайлбар хэнд ч өгч чадна. Популизм гэдэг чинь ард түмэн гэдэг үгээс гаралтай.Тэгэхээр ард түмэн хүн амын эрх ашгийг хамгаалж явж байгаа хүмүүсийг популистууд гэдэг. Манайд үүнийг сөрөг утгаар нь оруулж ирж тайлбарлаад байгаа юм.

-Төсөл үр дүнд хүрнэ гэдэгт хэр итгэлтэй байна. Та төсөл үр дүнд хүрэх хүртэл хэдий хэмжээний хугацаа зарцуулна гэж бодож байна?
-Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид төслөө маш сайн судалсан. Эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдлын ач холбогдол талаас нь энэ хоёр үзлээ тулгуурлаж төслөө боловсруулсан учраас цаашид найдвартай явах боломжтой. Тэгээд тодорхой төвшинд байгаа зарим хүмүүс бидний ярьж байгаа зүйлтэй үзэл бод­лын хувьд ижил байгаа юм.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл дээр төрийг төлөөлж байгаа сайдын хэлснээр төсөл үндсэндээ дуусах шатандаа яваа гэсэн. Гэтэл та төслийг шинээр санал болгож байдаг?
-Хэн ч юу ч гэж ярьж болно. Гэтэл яаж үндсэн гол асуудлуудаа шийдээгүй байж, шийдэх боломжгүй байж төслийг дуус байна гэж ярих юм бэ. Энэ бол ямар ч боломжгүй асуудал.

-Засгийн газрыг төлөөлж байгаа сайд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төслийг баталгаажуулчихвал та бүхний зүгээс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ. Хуулиар олгогдсон эрх нь байгаа гэж буй шүү дээ?
-Зөвшөөрөхгүй. Олон улсын жишгээс харахад уул уурхайн томоохон төслүүд хувийн хэвшлээс төрийн мэдэлд шилжсэн тохиолдол олон. Тод жишээ нь, Чилийн төрийн 100 хувийн өмчит зэс боловсруулах “Codelco” компани байна.  Хувийн өмчит байхдаа ашиггүй ажлаад төр эргүүлээд мэдэлдээ авсан тус компани өнөөдөр улсынхаа төсвийн 15 хувийг бүрдүүлж байна. Ганцхан уурхай шүү дээ.  Тэгэхээр үндэсний эрх ашгаа огоорох замаар Тавантолгойн асуудлыг шийдэхийн бол асуудал цаашид явахгүй шүү дээ. Энд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс аль болох болгоомжтой байх ёстой.

-Монголын хувьд хам­гийн эмзэг байгаа асууд­­лын нэг бол хөрөнгө оруу­лагч­дыг үргээх байдал. Ма­гад­гүй таны энэ ярианаас үү­дээд Тавантолгойд хө­рөнгө оруулахаар зэхэж байс­ны га­даадын томоохон ком­па­ниуд эргэлзээнд ор­чихвол?
-Хөрөнгө оруулагчдыг харин ч татаж байгаа.

-Чухам яаж татаж байгаа гэж?
-Хөрөнгө оруулагч бол найд­­вартай л эх үүсвэртэй хамт­­рахыг хичээнэ. Тэр нь хэн байх нь хамаагүй шүү дээ. Тэгэхээр ард олноо­роо хэлэл­цээд хамгийн найд­вар­­тай эргэж буцахгүй төс­лийг бидний зүгээс санал бол­­гож байгаа учраас ха­рин ч га­даадын хөрөнгө оруу­лагч­дыг татаж байгаа гэж үзэж байна.

-Та бүхний үндсэн зорилго нь Тавантолгойн 51 хувийг төрийн мэдэлд үлдээх гэж ойлголоо?
-Төрөөр дамжуулж ард иргэд хувь эзэмших л ёстой гэдэг нь бидний үндсэн зорилго. Ард олны төлөөлөл илүү давамгай эрхтэй л байх ёстой гэж хэлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан