Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Гантөмөр: Байцаагчийн ажлыг зөрчил илрүүлж, торгууль тавьснаар үнэлэхгүй

МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Ж.ГАНТӨМӨРТЭЙ ярилцлаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд дарамтгүй, ил тод хяналтын механизмыг бүрдүүллээ гэсэн. Энэ дээр “Хяналтын хуудас” гэж ойлголт ороод ирлээ. Хяналтын хуудас гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Хяналтын хуудсанд бизнесийн дагаж мөрдөх ёстой норм, норматив, хууль дүрмийн хэрэгжилтийн төвшинг тогтоосон байдаг. Та зоогийн газар ажиллуулахаар бол ямар норм, стандартыг хангасан байх ёстой вэ гэдгийг нарийн заасан хууль ёсны баримт бичиг юм. Нэг талаасаа байгууллагын үйл ажиллагаандаа мөрдүүлэх стандарт. Нөгөө талаасаа мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалтын хүрээг стандартчилан тогтоож өгсөн  хамгийн гол хэрэглүүр юм. “Check list  буюу хяналтын хуудсыг мөрдөх нь манай улсад хожуу хийгдэж байгаа ч үр дүнтэй өгөөжтэй гэдэг нь батлагдсан, нөгөөтэйгүүр олон улсын хяналт шалгалтын байгууллагын “сайн туршлагын сан”-д орчихсон ийм зүйл шүү дээ.

-Хяналтын хуудсыг нэвтрүүлсний ач холбогдол юу юм бэ?
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагч бизнесийн байгууллагад шалгалт хийхдээ өөрийн болон дээрээ байгаа даргын үзэмжээрээ хандахгүй болсон. Үүнд хязгаарлалт тавьсан алхам нь хяналтын хуудас. Өнөөдөр бол мэргэжлийн хяналтын байцаагч аль нэг байгууллагыг шалгахдаа зөвхөн энэ хяналтын хуудсанд багтсан асуултын хүрээнд шалгалтаа явуулна. Хяналтын хуудсанд байхгүй зүйлээр шалгах эрх байцаагчид байхгүй.

-Мэргэжлийн хяналтын байгууллага өмнө нь хяналтын хуудас ашигладаггүй байсан юм уу?
-Энэ хяналтын хуудсыг Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд тодорхой үе шаттай боловсруулаад, олон нийт болон бизнес эрхлэгчдээр хэлэлцүүлж сайжруулаад өнөөдрийн байдлаар хяналт шалгалтын бүхий л чиглэлд ашиглагдах 174 хяналтын хуудсыг бэлэн болгоод байна. Нийтдээ 24 чиглэлээр эдгээр хяналтын хуудсыг бэлэн болгосон юм. Улсын байцаагч өмнө нь нэг ижил байгууллагыг шалгалаа гэхэд нэг байцаагч нь 10 заалт бүхий удирдамжаар шалгаж байхад нөгөө нь 25 заалттай удирдамжаар шалгадаг байсан. Төрийн хяналт шалгалт ийм тэгш бус, харилцан адилгүй, ойлгомжгүй, ил тод бус явагддаг байсан учир хяналтын хуудсыг нэвтрүүлж байна л даа.

-Мэргэжлийн хяналтынхан мөнгөтэй байгууллагыг шантаажилдаг. Мөнгөгүйг нь дээрэлхдэг. Гэнэт орж ирж ялихгүй зүйлээр дарамталдаг гэсэн яриа нийгэмд бий. Аль байгууллагыг хэзээ шалгах вэ гэдгээ ил тод, нээлттэй мэдээлж болохгүй юу?
-Шилэн хяналтын цахим санг шинээр байгуулж байгаа. Ганц мэргэжлийн хяналт бус хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага үүнд хамрагдах юм. Манай байгууллага бол гуравдугаар сараас эхлээд улсын хэмжээнд хэдийд, ямар шалгалтыг явуулах вэ, ямар объектууд дээр явуулах вэ гэдгээ бүгдийг нь цахим санд ил тод болгоод явж байна. Хоёрдугаарт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бид 2015 онд хийх бүх хяналт шалгалтын хуваариа арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд зарлаад, бүгдийг нь цахим сандаа байршуулчихсан. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын ажил өөрөө ил тод, нээлттэй болсон гэж ойлгох хэрэгтэй.

-Бизнес эрхлэгчдийг дарамтанд оруулахгүй. Эдийн засгийг сайжруулахын тулд торгох, актлахыг урьтал болгохгүй. Харин ч зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлнэ гэсэн бодлогыг мэргэжлийн хяналтын байгууллага баримталж байгаа. Энэ чиглэлээр явуулж буй ажлын үр дүн нь бас хяналтын хуудас уу?
-Хуучин бол бид хяналтын байцаагчийн ажлыг хэчнээн зөрчил илрүүлснээр нь, хэдэн төгрөгөөр торгосноор нь, хэдэн байгууллага шалгаснаар нь үнэлдэг байж. 2010 оноос өнөөдрийг хүртэл үүнийг багасгах, сайжруулах чиглэл рүү алхмуудыг хийж ирсэн. Тэр алхам нь эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалтын шинэ тогтолцоо, ил болгох асуудлыг журамласан хяналтын хуудас, мэдээллийн сан зэрэг юм. Бид улсын хэмжээнд шалгалтад хамрагдах объектуудаа эрсдлээр нь үнэлээд эрсдэл өндөртэй, дунд, бага гэж гурав ангилж байгаа. Эрсдэл бага аж ахуйн нэгжид гурван жилд л нэг удаа, дунд зэрэгт хоёр жилд нэг удаа эсвэл жил зургаан сарын дараа, эрсдэл өндөрт нь зургаан сард нэг удаа шалгалт оруулдаг байя гэх зэргээр давтамжаа өөрчилсөн. Ингэснээр байцаагчийн ажлыг үнэлж, дүгнэх асуудал нь нэлээд өөрчлөгдсөн. Байцаагч олон торгууль тавьж, зөрчил илрүүлснээрээ биш зөрчлийг бууруулснаараа, хүн амд учруулах эрсдэлийг цөөлснөөрөө, хариуцсан аж ахуйн нэгж нь хяналтын хуудсыг мөрдөж, зөрчил гаргахгүй байвал байцаагчийн ажил үнэлэгдэнэ. Өмнө нь мэргэжлийн хяналтын байцаагч 100 хувь хяналт шалгалтын үйл ажиллагааны чиглэлээр ажлаа явуулдаг байсан. Одоо хяналт шалгалт тэр хүний ажлын 40-50 хувь нь. Үлдсэн 40-50 хувьд нь зөвлөн туслах үйл ажиллагаа, сургалт, тандалт судалгаа, мониторингийн ажил болох юм.

-Бизнес эрхлэгчид хяналтын хуудсыг үйл ажиллагаандаа хэвшүүлж, хэрэглэдэг боллоо гэж тооцъё. Та бүхэн дарамтгүй, чирэгдэлгүй, хүндрэлгүй ажиллах боломжийг нь бүрдүүлээд өгч байна. Хэрвээ хяналтын хуудсаа баримтлахгүй бол тэдэнд илүү торгууль тавих уу?
-Хяналтын хуудсыг аль болох хүртээмжтэй, нээлттэй байлгах нь манай байгууллагын хамгийн том бодлого. Хяналтын хуудас нээлттэй байж, үүнийг мөрддөг байгууллага олшрох тусам цаад үр дагавар нь нэмэгдэнэ. Хуулийн хэрэгжилт сайжрах, байгууллагууд өөрийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх өргөн боломж байгаа. Дөнгөж үйл ажиллагаа эхэлж байгаа хүмүүс татварын байгууллагаас гэрчилгээгээ авахад нь хяналтын хуудас дагалдаж хүрдэг зүйлийг хийх гээд ажиллаж байна. Иймээс бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа дөнгөж эхлэхдээ л “Улсаас тавьдаг стандарт, шаардлага нь энэ юм байна шүү. Олон нийтийн эрх ашгийн үүднээс миний бизнес эдгээр шаардлагыг хангасан байх ёстой юм байна” гэдэг мэдээллийг авна. Хэрвээ үүнийг мөрдөж ажиллахгүй, удаа дараа зөвлөмж, анхааруулга, шаардлага хүргүүлээд байхад даамжруулаад байвал хуульд заасан арга хэмжээ авах нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан