Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Батаа: Зам засварын ажилд 84 тэрбум төгрөг зарцуулна


Нийслэлийн санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаатай 2015 оны төсвийн тодотгол болон санхүү хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

-Цаг дулаарч бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ. Нийслэлд авто замын ажил хамгийн чухал нь байдаг. Энэ жил авто замын салбар хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна вэ?
-Нийслэлийн төсвөөс авто замын салбарт 53 тэрбум төгрөг, замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум гээд нийт 84 тэрбум гаруй төгрөг зарцуулна. Ингэхдээ өргөтгөл шинэчлэлт хийх авто зам 30,65 километр, шинээр барих авто зам 20,7 километр, авто замын нүхэн гарц 22 метрийг барихаар төлөвлөсөн. Мөн замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио 15 цэгт, замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх хяналтын камер 10 цэгт байршуулна. Шинээр тавих авто зам дотор Долоон буудлаас Хандгайт хүртэл 16 километр зам тавина. Мөн Гачуурт руу 16 километр зам шинээр тавихаар төлөвлөсөн.

-Сургууль, цэцэрлэг болон нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын тухайд?
-Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүй удаашруулахгүй гэж байгаа. Энэ дотроо нийгмийн салбар руу чиглэсэн цэцэрлэг, сургууль барихад ач холбогдол өгч байна. Энэ онд 45 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. 45 гэдэг бол том тоо. Энэ дотор 16 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, долоон сургууль, 20 цэцэрлэг бий.

-Бүтээн байгуулалтын салбарт гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн том төсөл хэрэгжиж байгаа. Төслийн хөрөнгө оруулалт тасрах вий гэсэн хардлага байгаа?
-Дахин төлөвлөлтийн ажил бидний төлөвлөж байсан хурдад арай хүрэхгүй байна. Гэхдээ жил бүр хотын төсвөөс нэлээд хөрөнгө гаргаж, инженерийн шугам сүлжээ дэд бүцтийг нь шийдэж, ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор 24 төсөл дээр гэрээ байгуулсан. 2015 оны төсвийн тодотгол төсөвдөө 57 тэрбум гаруй төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулсан. Түүнээс гадна Орон сууцны санд төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэхээр 15 тэрбум төгрөг суулгасан. Энэ мөнгийг дахин төлөвлөлтөд оролцож байгаа байгууллагуудаас сонгон шалгаруулж санхүүгийн дэмжлэг болгон хувиарлаад оронд нь орон сууц авахаар ажиллаж байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа зарим аж ахуйн нэгжүүдийн барилгын ажил зогссон гэсэн мэдээлэл байгаа. Тухайлбал, 100 айл орчимд баригдаж байгаа “Хангай” хотхны асуудал байна. Энэ тухайд?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдтэй тохиролцох асуудлыг тухайн компани хэрэгжүүлээд дэд бүтцийн асуудлыг хотоос шийдэж өгч байгаа. Үүнийг бол хотоос ямар ч асуудалгүй хийнэ. Энэ жил зөвхөн дэд бүтцийн асуудалд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ төслийн онцлог бол тухайн компани төсөл хэрэгжүүлэх талбай дээр оршин суугчидтай ямар нөхцөлөөр гэрээ хийж газрыг нь аваад орон сууц өгөх вэ гэдгийг хоорондоо тохирч байгаа. Хэрэв тохирохгүй бол тухайн компанийн гэрээ цуцлагдана. Ийм тохиолдол хэд хэд гарсан. Иймээс талбай дээр нь дахин тендер зарлагдаж, шинэ компани шалгаруулаад ажиллаж байна. Оршин суугч болон дахин төлөвлөлт хийж байгаа компаниуд хоорондоо ойлголцоод хамтран ашигтай ажилладаг. Энэ жишээ ч дахин төлөвлөлтөөр хамгийн түрүүнд ашиглалтад орсон Ханын материал орчмын 186 айлаас харж болно. Оршин суугчид нь сэтгэл хангалуун байгаа.

-Засгийн газраас тэвчиж болох зардлуудыг танаж байгаа талаар мэдээлж байсан. Нийслэлийн хувьд тэвчиж болох зардлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-2015 оны нийслэлийн төсвийг зохиохдоо бид нийслэлийн харьяа байгуул­лагуудын тэвчиж болох зард­лыг арав гаруй хувиар хэмнэсэн. Тэгэхээр хотын төсвийг 27 тэрбум төгрөгөөр хэмнэсэн гэсэн үг. Одоо төсвийн тодотгол дээр урсгал зардлыг нэмж буруулаагүй. Учир нь боломжтой хэмжээнд нь хүртэл бууруулсан. Харин хөрөнгө босгох эх үүсвэрүүдийг хайж байгаа.  Жи­шээ нь,татварын бус орло­гын эх үүсвэрээр хөрөнгө босгох. Ингэхдээ газрын дуудлага худалдаа, сонгон шал­гаруулалтыг тодорхой байрш­луудад зохион бай­гуулах, нийслэлийн өмчийн зарим барилга байгууламж, эд хөрөнгийг хувьчлах замаар бүрдүүлнэ.

-Нийслэлд 2014 оны дөрөвдүгээр улирлын байд­лаар ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн гэсэн. Мөн ядуурлын түвшний хэмжээ буураагүй гэх судалгаа гарсан байсан. Иргэдээ ажилтай орлоготой болгох талаар хотоос ямар бодлого барьж байна вэ?
-Энэ нөхцөл байдалтай уялдуулан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэг­дүү­лэх замаар ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэм­жинэ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл бичил бизнесийг дэмжих үйл ажиллагааг нь цаашид хэвийн тогтвортой явуулах санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгасан. 2015 онд бичил зээлийн сангаас 15,2 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зургаан тэрбум төгрөгийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан