Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

5000 гаруй хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийджээ

Шүүхэд иргэний хэрэг шийдвэрлэхэд дээд тал нь 180 хоног, 194 мянган төгрөг зарцуулдаг бол эвлэрүүлэн зуучлалаар хэрэг, маргаанаа шийдвэрлэхэд дээд тал нь 60 хоног, 30 мянган төгрөг зарцуулдаг байна. Энэ бол эвлэрүүлэн зуучлах тогтолцооны хамгийн энгийн ашигтай гэх жишээ бөгөөд өргөн утгаараа иргэдийн хоорондох харилцаанд сэв суулгадаггүй иргэний маргааныг шийдэх эрхзүйн тогтолцоо юм.

Манай улс 2010 онд эхний 54 эвлэрүүлэн зуучлагчийг бэлдсэн ч дараа оноос нь УИХ Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийг баталснаар дээрх тогтолцоо бүрэн хэрэгжих боломжтой болсон. Ингээд 2014 оны хоёрдугаар сараас Монгол Улсын анхан шатны бүх шүүхэд эвлэрүүлэн зуучлал явагдаж эхэлснээр жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Хөгжингүй болоод хөгжиж байгаа улс орнуудын хувьд ч эвлэрүүлэн зуучлал гэдэг нь шинэ эрхзүйн тогтолцоонд тооцогддог аж. Харин эвлэрүүлэн зуучлалыг Япон улс хамгийн удаан буюу 90 жил хэрэглэж байгаа юм. Тиймээс Монгол Улсын Дээд шүүх “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг Японы талд өргөн барьснаар 2009 оноос тус улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дээрх төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа.

Тэгвэл дээрх төсөл хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарч байгаа талаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөв­лө­лийн дарга Д.Тунгалаг, Япо­ны олон улсын хамтын ажил­лагааны "ЖАЙКА” бай­гууллагын "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайж­руулах” төслийн ахлах зөвлөх Ока Хидео нар мэдээлэл өглөө.

ШҮҮХИЙН АЧААЛАЛ БУУРАХАД НӨЛӨӨЛЖЭЭ

Эвлэрүүлэн зуучлах ажил­лагаа нь иргэдэд цаг зав, мөн­гөө хэмнэх боломж ол­го­дог бол нөгөө талдаа ир­гэний хэргийн шүүхийн ачаа­лал багасахад нөлөөлдөг бай­на. Тухайлбал, сүүлийн гур­ван жилийн шүүхийн мэ­дээ, судалгаанаас харахад ул­сын хэмжээнд нэг жилд 27-35 мянга гаруй иргэний хэ­рэг шийдвэрлэсэн байдаг бай­на. Тэгвэл 2013 оны байд­лаар 35314 иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол өнгөрсөн онд 33996 хэрэг шийдвэрлэж, шүүхээр шийд­вэрлэсэн хэргийн тоо 1318 хэргээр буурсан нь “эвлэрүүлэн зуучлалын жур­маар хэрэг, маргаан шийд­вэр­лэж эхэлсэнтэй хол­боотой” гэж Эвлэрүүлэн зууч­лагч­дын зөвлөлийн дарга Д.Тунгалаг үзэж байна. Тиймээс эв­лэ­рүүлэн зуучлалын ажил­ла­гааны журмаар хэрэг маргаан шийд­вэрлэсэн хэм­жээгээр шүүн таслах ажлын ачаалал буу­рах боломжтой гэж дүгнэжээ.

Түүнчлэн өнгөрсөн онд анхан шатны шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажилласан бөгөөд тэд 6427 өргөдөл хүлээн авч, нийт 5122 хэрэг маргаанд ажиллагаа хийжээ. Үүнээс амжилттай болж, эвлэрийн гэрээ байгуулагдсан 2847 хэрэг байгаа бол 2275 нь амжилтгүй болсон байна. Харин амжилтгүй болсон маргааны 82.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн буюу гэрлэлт цуцлах тухай маргаан байсан аж. Амжилтгүй болсон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 82.2 хувийг гэр бүлийн маргаан эзэлж байгаа нь “Маргалдагч талууд тусдаа он удаан жил амьдарсан байдаг. Зарим нь өөр гэр бүлтэй болсон” зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэнэ. Үүнээс гадна иргэд гэр бүлийн харилцаагүй болоод олон жил болсон ч гэрлэлтийн баталгаагаа салгаж байгаагүй, зөвхөн хэрэг, маргаан болсон үед л гэрлэлтийн баталгаагаа салгахаар шүүхэд ханддаг зэрэг нь нөлөөлдөг аж. Урьд зөвхөн шүүх гэр бүлийн маргааныг шүүн хэлэлцэж байх үеийн статистикаас харвал, гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан иргэдийн 90 гаруй хувийнх нь гэрлэлтийг шууд цуцалдаг байжээ. Тиймээс гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах талаар түлхүү анхаарч ажиллахаар болсон байна.

ТАЛУУД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ҮЛДДЭГ

Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор тухайн маргааныг шийдвэрлэх ёстой байдаг. Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар бол маргааныг 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болдог байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид зөвшөөрөөгүй тохиолдолд давж заалдах, хяналтын шүүхэд гомдол гаргаснаар нэг хэрэг,  маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл 120 хоног шаардаж байгаа юм. Харин эвлэрүүлэн зуучлах амжилттай болсон үгүйгээс үл хамаарч дээрх ажиллагаа зөвхөн 30 хоногтоо багтан дуусгах ёстой байдаг.
Нөгөөтэйгүүр, аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлдөг. Хэрвээ аль нэг тал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол мөн л тэмдэгтийн хураамжийг дахин төлөх ёстой болдог. Ингээд нэг маргааныг гурван шатны шүүхээр хэлэлцүүлсэн бол гурван удаа тэмдэгтийн хураамж төлөх ёстой болж байгаа юм. Жишээ нь, таван сая төгрөг нэхэмжлэхэд тэмдэгтийн хураамжид 94950 төгрөг төлнө гэсэн үг. Харин эвлэрүүлэн зуучлалд хандвал хэдэн төгрөгийн нэхэмжлэлээс үл хамааран 30 мянган төгрөг төлөх юм. Хамгийн гол нь, иргэний хэргийг шүүхийн журмаар шийдвэрлэхэд талуудын хэн нэг нь сэтгэл дундуур үлддэг бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан буулт хийж, асуудлыг аль болох өөрсдийн сэтгэлд хүрсэн шийдэлд хүргэх боломжтой байдаг юм.

Ока Хидео: Энэ тогтолцоог иргэдэд танилцуулах хэрэгтэй

“Эвлэрүүлэн зуучлах тухай хууль 2012 онд батлагдсан. Гэхдээ хэрэгжих хугацаа нь бага зэрэг хойшилж 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Мэдээж, цоо шинээр хэрэгжиж байгаа төсөл гэдэг утгаараа засаж, сайжруулах ёстой зүйл зөндөө байгаа. Жишээлбэл, орон нутагт эвлэрүүлэн зуучлагчийн туслах хүрэлцээгүй байна. Манай улс 2013 онд эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог нэвтрүүлсний 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ хугацаанд иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэж байгаатай адил хэмжээний хэргийг эвлэрүүлэн зууч­лалаар шийдвэрлэдэг болсон үр дүнд хүрээд байна. Мэдээж, Монгол Японы шүүх тогтолцоо өөр учраас манай хоёр улсыг харьцуулах боломжгүй юм. Гэхдээ манай улсын ард иргэд ямар нэг маргаан гарвал шүүхэд хандахаас илүүтэй эвлэрүүлэн зуучлалд ханддаг нь түүний тухай мэдээлэл, мэдлэгтэй байдагтай холбоотой. Тиймээс Монголд ч гэсэн цаашдаа энэ тогтолцоог иргэдэд хүргэхийн тулд сайн ойлгуулж, таниулах шаардлагатай”.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан