Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн байгууллагууд урсгал зардлыг нийтэд ил болгоно

Б.МЯГМАРЖАВ


Төрийн байгууллагууд бичиг цаас, принтерийн хор зэрэгт төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаа тухай иргэд багагүй шүүмжилдэг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үүнээс гарах гарцыг олоогүй л байна. Хэчнээн цахимжсан ч төрийн албанд цаас хэвлэх машин ашигласан хэвээр байгаа юм. Тэгвэл Худалдан авах ажиллагааны газар цахим дэлгүүр ажиллуулж эхэлснээр энэ бүгдийг цэгцлэх боломжтой гэж үзэж байна. Тус газар нь Европын сэргээн  босголт Хөгжлийн банктай хамтран “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” олон улсын семинар зохион байгууллаа. Гүрж, Австри, Португаль улсын худалдан авах ажиллагааны зөвлөхүүд семинарт хүрэлцэн ирж Монгол Улсын худалдан авах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал болон худалдан авах ажиллагааны ерөнхий гэрээ нэвтрүүлэх эрхзүйн орчны талаар хэлэлцэж туршлага солилцсон юм. Европын сэргээн босголт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа “Цахим дэлгүүр” төсөл эхний ээлжинд төрийн байгууллагуудын хамгийн их хөрөнгө зарцуулдаг шатахуун, бичиг цаас, компьютер, хэвлэх машины хор гэсэн дөрвөн бүтээгдэхүүнийг онцлон авч эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх болсон юм. Судалгаа хийх сонгон шалгаруулалтад “MIRIT consult“ ХХК шалгарч Европын сэргээн босголтын банктай гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байгаагаа дуулгалаа.

Цахим дэлгүүр бий болсноор төрийн байгууллагуудын урсгал зардал ил тод болж, үр ашиг хэмнэлт гарах ач холбогдолтой гэж үзжээ. Харин одоо манай төрийн байгууллагууд нэгдсэн систем болон цахим дэлгүүр байхгүйгээс өөрсдөө дур мэдэн хаанаас ч хамаагүй өөр өөр үнээр дээрх бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа юм. Энэ нь төсөвт сөргөөр нөлөөлсөөр. Цахим дэлгүүр бий болсноор ерөнхий гэрээгээр худалдан авах бараа үйлчилгээний чанар, үнэ өртөг тоо зэргийг тодорхойлдог учир бараа үйлчилгээ худалдан авахад ямар нэг асуудал гарахгүй. Мөн захиалагч бараа хүлээн авсны дараа өөрийн үнэлгээг цахим дэлгүүрт оруулах боломжтой. Ингэснээр төрийн байгууллагуудын бараа үйлчилгээний зардал ил тод болж чанарт нь ч ахиц гарах аж. 

Гэсэн ч Худалдан авах ажиллагааны газар 2014 онд цахим дэлгүүрийн “Ерөнхий гэрээгээр бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргэсэн боловч одоогоор уг жишиг баримт бичиг албажаагүй гэнэ. Иймээс ойрын хугацаанд энэ асуудалд анхаарал хандуулахыг оролцогчид анхааруулав. Цаашид цахим дэлгүүрээр төрийн байгууллагуудын урсгал зардалд багтдаг цэвэр ус, дугтуй зэргээс гадна бага сургуулийн сурагчдын үдийн цай, хичээлийн дүрэмт хувцас зэргийг хамруулах зорилготой аж. Иймээс эдгээр бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийх шаардлагатай байгаа гэнэ.

Дээрх асуудалтай холбогдуулан Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий гэрээ байгуулсан туршлага аль улсад илүү амжилттай богино хугацаанд хэрэгжсэн түүх байдаг вэ. Мөн энэ туршлагыг хэдий хугацаанд дотооддоо хэрэгжүүлэх бо­ломжтой юм бэ. Үүнийг нэвт­рүүлснээр төсвөөс худалдан авалт хийж байгаа зардлыг хэдий хэмжээгээр хэмнэх боломжтой юм бол оо?
-Бид ерөнхий гэрээг хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн жил есдүгээр сард Сангийн яам ерөнхий гэрээ байгуулах журам баталсан. Одоо үүнийг хэрэгжүүлэхийн тулд  бид судалгааны ажил хийж байна. Судалгааг Европын сэргээн босголтын банктай хамтран хийх юм. Одоогоор төрийн байгууллагуудын урсгал зардлаар худалдан авалт хийдэг бараа бүтээгдэхүүнүүдийн гэрээг байгуулах ёстой. Энэ дотор маш олон бараа бүтээгдэхүүн багтдаг. Эхний ээлжинд А4 цаас, хэвлэх машины хор, компьютер, шатахуун орж байна. Энэ дөрвөн барааг худалдан авах үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулна. Ерөнхий гэрээг хэрэгжүүлээд явж байгаа хамгийн туршлагатай улс орноор Гүрж, Португаль, Австри ордог. Өнөөдрийн ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага семинарт дээрх улсын худалдан авах ажиллагааны газрын зөвлөхүүд хүрэлцэн ирж туршлага солилцож байна. Урсгал зардлаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээг цахим дэлгүүрээр явуулснаар төрийн худалдан авалтаас нэлээд мөнгө хэмнэнэ. Тухайлбал, БНСУ жилд 2,5 тэрбум ам.доллар хэмнэсэн байдаг. Харин Гүрж улс шатахуунаас хэмнэлт гаргадаг гэсэн судалгаа бидэнд хэлсэн. Эхний ээлжинд ямар ч байсан Европын сэргээн босголт Хөгжлийн банкны судалгаагаар шалгарсан компани анхныхаа сургалтыг хийх гэж байна.

-Хамгийн гол нь ерөнхий гэрээ байгууллаа гэхэд олон компанийн өрсөлдөөн байхгүй болно гэсэн хардлага бий. Төр өөрийнхөө төсвөөр хэдэн компанийг тэжээж байдаг. Бусад компаниудад боломж олдохгүй нь гэдэг. Төр өөрөө бизнесийн компаниудыг боомилж байгаа хэрэг юм биш биз дээ гэх болгоомжлол ч байна. Энэ тухайд?  
-Ерөнхий гэрээ бол энгийн тендер шиг ганц компани шалгардаг юм биш. Энд гурван жил хүртэлх хугацаанд хэдэн ч компани шалгарч болно. Тэгэхээр энэ нь өрсөлдөөн хязгаарласан ямар нэгэн заалт байхгүй. Тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг компани өөрийнхөө бараа бүтээгдэхүүний саналыг ирүүлээд түгээн тараалтыг хэдэн төгрөгөөр хэрхэн хийх юм гэдгийг цахим катологит оруулаад явах боломжтой. Төрийн компаниуд хэн дуртайгаас нь биш катологит орсон аж ахуйн нэгжээс бараагаа худалдан авах эрхтэй болох юм. Одоо бол дурын компаниасаа авч байгаа учир худалдан авалт янз бүр хийгдэж байгаа. Жишээ нь, А4 цаас л гэхэд хэд хэдэн төрлийн үнээр худалдан авч байх жишээтэй. Тэгэхээр нэгдсэн системтэй болоод ирэхээр төрийн худалдан авалт цэгцтэй болно. Эхний ээлжинд бид дөрөвхөн барааг сонгож байгаа ч цаашдаа жил бүр нэмэгдэж, төрийн урсгал зардлаар авдаг бараа бүтээгдэхүүн олшрох боломж бүрдэнэ.

-Төрийн байгууллагууд ерөн­хий гэрээ байгуулсан газраасаа бараа бүтээгдэхүүн аваагүй тохиолдолд  ямар нэг хариуцлага хүлээх үү. Мөн ерөнхий гэрээ байгуулах туршлага хэзээ манайд бодит ажил болох бол?
-Бид 2016 он гэхэд нэвтрүүлж дуусна гэж төлөвлөж байна. Манай байгууллага төрийн жинхэнэ албан хаагчийн статустай учир Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх ёстой. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэгэнт энэ системд нэгдээд ирвэл заавал хэн нэгэн компанийг дуудаж тэндээс сонгон шалгаруулалт хийж бүтээгдэхүүн авах шаардлагагүй болно.

-Төрийн байгууллагууд мэдээж бичиг цаас, шатахуун, хэвлэх машины хоронд хамгийн их зардал гаргаж байгаа болохоор эхний ээлжинд энэ дөрвыг сонгосон гэж ойлгож байна. Тэгэхээр нэг төрийн байгууллага жилд бичиг цаасанд хэдэн төгрөгийн зардал гаргаж байна гэсэн судалгаа гарсан уу?  
-Энэ талаар судалгаа хийгдэж байна. Судалгааны дүн гарах болоогүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан