Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“100 айл”-ынхан монгол цементээс илүү хятад цементийг борлуулж байна

Б.МЯГМАРЖАВ

Хаврын урин цаг ирж барилгын салбарын “сезон” эхэллээ. Энэ жилийн хувьд манай улс эдийн засгийн хямралтай байгаа ч авто замын шинэчлэл, аймгуудад 1000 айлын орон сууц, нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлт хөтөлбөрөөр баригдах орон сууц гээд бүтээн байгуулалтын багагүй ажил ундарна. Үүнтэй холбогдуулан бидний нэрлэж заншснаар барилгын материалын хамгийн том зах гэгддэг “100 айл”-аар явж сурвалжиллаа. Томоохон аж ахуйн нэгжүүдийг эс тооцвол ихэнх иргэн аж ахуйн нэгж эндээс барилгын материалаа татдаг. Өдрийн 13:00 цагийн орчим 100 айл руу эргэх зам битүү бөглөө үүсч хөл хөдөлгөөн ихтэй байв. Вакуум цонх, төмөр хаалга, цонх, замаск, цемент гээд барилга барихад юу хэрэгтэй байдаг тэр бүгдийг зам дагуу эгнүүлэн тавьжээ. Барилгын материалын түүхий эдийн үнэ буурахгүй байгаагаас орон сууцны үнэ буух боломжгүй хэмээн холбогдох албаныхан хэлдэг. Тэр тусмаа цементийн үнэ голлох үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг. Иймээс цементний үнэ ямар байгааг сонирхлоо. Шуудай цемент 9000 төгрөгөөр борлуулагдаж байв. Уг цементийг БНХАУ-аас оруулж ирсэн аж. Худалдагч бүсгүй “Энэ цемент өнгөрсөн жилийн татсан бараанаас үлдсэн цемент. Тиймээс арай хямд зарж байна. Бараагаа татаад ирэхээр эрэлт нэмэгдээд үнэ нь ч нэмэгдэнэ байх. Хуучин цементүүд шинэ ирж байгаа бараанд орж холигдоод үнэ нь нэмэгдэж зарагдана.

Эртхэн авч байсан нь дээр шүү” хэмээн сануулж байлаа. Харин манай улсад үйлдвэрлэсэн цемент хаагуур борлуулж байгаа талаар тодруулахад “Энд худалдаалж байгаа цементийг чинь бүгдийг нь урдаас оруулж ирж байгаа. Зарим нэг нь монголд үйлдвэрлэсэн цемент байна уу гэхээр ямар ч бичиг хаяггүй цементээ энэ гээд л зардаг. Манай улсад энд нэг үйлдвэр, тэнд нэг цементний үйлдвэр ашиглалтад орлоо л гэдэг. Тэр нь хаана ч ирдэг юм бүү мэд” хэмээн ярьсан юм.

Хэдийгээр манай улс дотооддоо цемент үйлдвэрлэж байгаа гэдэг ч 100 айл орчмоор Монголд үйлдвэрлэсэн цемент худалдаж байхтай таарсангүй. Саяхан Дорнод аймагт цементийн үйлдвэр ашиглалтад орлоо хэмээн бөөн баяр ёслол болж тууз хайчилж байсан. Мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр  жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан. Түүнчлэн “Монголын алт” ХХК-ийн жилд мөн л  сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай  “Хөх цавын” цементийн үйлдвэр, Монполимет ХХК-ийн жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” төслийг дэмжсэнээр 2016  он гэхэд Монгол Улс цементийн хэрэгцээгээ  дотоодын үйлдвэрлэлээсээ хангана хэмээж буй. Гэсэн ч өнөөдрийн байдлаар иргэдэд хамгийн ойр 100 айл орчмын барилгын материалын захаар Монгол Улсад үйлдвэрлэсэн гэсэн шошготой цемент нэг ч алга. Энэ нь бид өнөө л урд хөрш руу валют зөөсөөр байгаа хэрэг биз ээ. Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхэлнэ. Энэ үед барилгын компаниуд аль үнэ багатайг нь бодож өнөө л сурсан зангаараа БНХАУ-аас цементийг хэдэн вагон вагоноор нь оруулж ирэхгүй гэх баталгаа алга.

Ингээд цемент сонирхсоныхоо дараа хар, цаас, дээврийн төмөр зэргийг харлаа. Хар цаас үнийн хувьд 13 мянган төгрөгөөс эхэлж, 22 мянга хүртэл төгрөгөөр үнэлэгдэж байв. 22 мянган төгрөгийн хар цаас нь чулуутай орос цаас хэмээж байв. Энэ цаас нь 12 метр урттай болохоор зургаан метрийн урттай дээвэрт хоёр явчихна. Үнэ хямдыг нь бодож муу хар цаас авч байхаар нэг мөсөн гайгүй цаас авчихвал хэдэн жилдээ санаа амар байна ш дээ хэмээн худалдагч залуу хэлсэн. Барилгын материалын худалдагч нар хаана хэдэн ам.метр талбайтай байшин барих юм. Тэдэн ам.метр талбайтай байшинд тэдэн төгрөгний тийм материал орно хэмээн ёстой л мэргэжлийн барилгачин шиг заавар зөвлөгөө өгнө. Мөн өөрсдөө хийж чадахгүй бол энэ хүн рүү яриарай хэмээн утасны дугаар өгч бүх ажлыг чинь өмнөөс чинь амжуулаад өгөх гэж хичээх.
 
Ханын цаасны хэдэн зуун сонголт таны гарт

Байшин, орон сууцны ханын өнгө бол таны гэр доторх уур амьсгалыг тодорхойлдог. Интерьер дизайны багийнхан ч ханын өнгөнд ихээхэн ач холбогдол өгдөг. Тэгвэл ханын цаасны хувьд 100 айл орчмын дэлгүүрүүдээр толгой эргэм олон өнгө, хэлбэр дүрс, өргөн нарийн цаас санал болгож байна. Үнийн хувьд 12 метр урттай цаас хамгийн хямд нь 5000 төгрөгөөс эхлэх бөгөөд 100 гаруй мянган төгрөгийнх хүртэл харагдах аж. Хэмжээний хувьд харилцан адилгүй. Ёстой л өөрийн хэтэвчин дэхь мөнгөндөө тааруулан сонголт хийх боломж байна.
ОХУ, ХБНГУ, Турк, БНСУ, БНХАУ, Итали гээд улс орон бүрээс оруулж ирсэн ханын цаас хэмээн тайлбарлаж, шошгыг нарийн үз гэж тулгана. Үүний хажуугаар “Ханын цаасыг чинь асуудалгүй цэвэрхэн өнгө үзэмжтэй наагаад өгье” гэсэн засал чимэглэлчид хажуугаар чихэлдэн зүтгэх аж.
 
Ихэнх иргэд барилгын материалын үнэ судалж байна гэв

Ингээд барилгын материл худалдан авахаар яваа зарим иргэнтэй уулзахад өөрийгөө С.Батдорж хэмээн танилцуулсан хижээл насны эр “Ах нь энэ жил байшин барих санаатай. Тэгээд барилгын материалын үнэ ханш ямар байгаа талаар судалж явна. Үнэ ханш нь өнгөрсөн жилийнхтэй ойролцоо л байх шиг байна. Гэхдээ удахгүй үнэ нь нэмэгдэнэ гэдгийг худалдагч нар хэлж байна. Ортой л үг хэлж байгаа байх.

Манайх шиг бүх л материалаа БНХАУ-аас оруулж ирдэг орны хувьд урд хөршөөс л хамаг бараанынх нь үнэ нэмэгддэг шүү дээ. Яахав блокийг хүний гар харалгүй өөрсдөө хийдэг болж. Гэсэн ч блокоор байшин барихаар хүйтэн оргиод жиндээд байдаг. Ганц хийж байгаа зүйл нь ингээд гологдоод ирэхээр яалтай ч билээ дээ. Байшин барихаар мөнгө урсч өгөх юм байна. Нэг давхар байшин барихад арван сая хэдийнээ гараад туучихлаа. Дээр нь валют, юанийн өсөлт гэдгээр наймаачид далимдуулан хамаг барааныхаа үнийг өсгөдөг бичигдээгүй хуультай шүү дээ” гэв. Ийн сурвалжлага хийж явахад бараа материал ихээр нь худалдан авч байгаа хүн бараг таарсангүй. Ихэнх нь байшин барихаар үнийг нь судалж байгаа талаар хэлж байсан. Ингээд бодохоор сарын дундуур гэхэд барилгын ажлаа эхлүүлэх нь нэг нь эхлүүлж материалын үнэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох нь харагдаж байна. Мөн дээрх худалдагч нарын ярианаас харахад энэ сард барилгын материалын үнэд их багаар ямар нэгэн өөрчлөлт орох нь тодорхой. 2013 онд барилгын материалын үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл гаргаж байсан. Тухайлбал, Төв банкнаас “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Ингээд нийт 70.7 тэрбум төгрөгийг барилгын гол материал гаднаас оруулж ирэх хүмүүст зориулан гаргаж байсан нь тухайн үед үр дүнгээ өгч байсан талаар бизнесийнхэн хэлж байсан. Харин энэ жилийн хувьд төрөөс үнийн талаар ямар нэгэн хамгаалалт байхгүй бөгөөд их бүтээн байгуулалтын үед барилгын бараа материалын үнэ өсөхгүй гэх баталгаа алга.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан