Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь

Ирэх даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга баталжээ. Дарааллын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай авч хэлэлцэх юм байна. Дараа нь эдийн засаг, нийгмийг 2016 оны хөгжүүлэх тухай үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолын төсөл, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийг төсөөлөл зэрэг төсвийн асуудлуудыг дараалалд оруулжээ. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, Төрөөс ойн талаар баримтлах бодлого зэргийг шийдэх юм байна.

Түүнчлэн хүлээлт дагуулсан хуулийн төслүүд хаврын чуулганы хэлэлцэх асуудал болж багтжээ. Тухайлбал, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл, Казиногийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хэлэлцүүлэгт орж эхлэх нь. Сонгуулийн хуулийн төсөл бол ажлын хэсгийн түвшиндээ маш их хэл ам дагуулж, намууд байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа. Тойргоо жижигрүүлэх үү, холимог, мажоритар системийн харьцаа ямар байх, санал хураалтыг машинаар тоолохоос гадна гараар баталгаажуулж тоолох гэхчлэн асуудлыг ойлголцож чадаагүй гэж буй. Улс төрийн намын тухай болох Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль ч мөн энэ парламентаар багагүй хугацаанд дарагдаж, хэлэлцүүлэгт орох ээлжээ хүлээж байгаа. Эдийн засгийн хямарлаас гарах хөтөлбөрийн хүрээнд өргөн барьж буй Казиногийн хуулийн төсөл УИХ-ын түвшинд яригдаж эхлэх нь.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл жилийн дараа дахин хэлэлцүүлэгт орох нь. Анх өргөн барьсны дараа уг төсөлд талуудын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг явуулсан ч шүүмжлэлд нэлээд өртөж, төслөө татан авсан билээ. Хэвлэлийн мэдээллийнхний анхаарлын төвд байгаа энэхүү төслийг юутай ч ярилцах ёстой гэж үзсэн бололтой. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл, Хяналтын тухай, Эрүүгийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл, хуримтлалтай болохыг тусгасан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслүүд энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүдийн гарт хүрч, хэлэлцүүлэгт орох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан