Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ганболд: Үйлдвэрлэсэн цэвэр зэсийнхээ 10 хувиар эцсийн бүтээгдэхүүн хийдэг


Монголд анх удаа катодын зэс, зэс утас үйлдвэрлэгч бол Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” үйлдвэр юм. Энэ үйлдвэр “Эрдэнэт” үйлдвэрийн технологид таардаггүй агуулга бага хүдрийн овоолгыг ашиглаж цэвэр зэс ялган авч буй. Энэ үйлдвэрийг  1994 онд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУ-ын “RCM” компани бага агуулгатай хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмал ашиглан катодын зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр хамтарч  байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Үүнээс хойш 1997 оны хоёрдугаар сарын 13-нд анхны бүтээгдэхүүнээ гаргасан байна.  “Эрдмин” компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

“Эрдмин” тус компанийн оператор Б.Ганболдоос зэсийн үйлдвэрлэлийн талаар тодруулсан юм.

-Цэвэр зэс үйлдвэрлэлээр танай компани Монголдоо анхдагч. Одоогоор жилд хэдэн тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна вэ?
-Манай үйлдвэр “Эрдэнэт”-ийн агуулга багатай исэлдсэн хүдрийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна. Тэгээд  үйлдвэрлэсэн цэвэр зэсээ Лондонгийн биржийн үнээр экспортолдог. Бид жилд 3000 тонн катодын зэс  үйлдвэрлэж байгаа. Манай компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн 99.99 хувийн буюу Лондоны металлийн биржийн “А” зэрэглэлийн цэвэр зэс юм.

-Энэ үйлдвэрлэсэн зэсээр ямар ямар бүтээгдэхүүн хийж байна. Мөн хэдэн хувийг нь экспортод гаргадаг вэ?
-Бид гарган авсан цэвэр зэсээ хайлуулж 8 мм-ийн голчтой цувимал утас хийдэг. Үүнийгээ нарийсгаад цахилгааны бүрээстэй утас үйлдвэрлэж байна. Нийт 46 төрлийн утас үйлдвэрлэж байгаа юм. Мөн ахуйн хэрэглээнд зориулсан цахилгааны уртасгагч залгуур хийдэг. Ингээд жилд үйлдвэрлэсэн цэвэр зэсийнхээ 10 гаруй хувиар эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Үлдсэнийг нь Солонгос, Японд экспортолдог.

-Танай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангаж чадах вэ. Үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээл байна вэ?
 -Бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын цахилгааны утасны хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Төр засаг дэмжээд өгвөл бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бололцоо бий. Учир нь импортын бүтээгдэхүүн их орж ирдэг тул хямд үнэтэй, чанарын үзүүлэлт доогуур бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд хэцүү. Төр засгийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого үр дүнгээ төдийлөн өгч чадахгүй байгаа юм.

-Тухайлбал, цахилгааны уртасгагч залгуур ямар үнэтэй вэ?
-Үнэ өртгийн хувьд манай бүтээгдэхүүн хямд, бас чанартай. Жишээ нь гурван метр уртасгагч залгуур 10, таван метр нь 11 мянган төгрөгийн үнэтэй.

-Танайхтай адил үйлдвэр саяхан нээгдлээ. Өрсөлдөөн нэмэгдэх л байх даа?
-Одоохондоо ширүүн өрсөлдөөн алга. Манай үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь бидний давуу тал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан