Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Дандар: Япон эмч нараар шинжилгээний дүгнэлт гаргуулна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан “Эрдэнэт медикал” оншлогоо, эмчилгээний төвийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах гэж байна. Уг төслийн ажил 2008 оноос эхэлжээ. Тэгэхдээ Орхон болон Хангай, төвийн бүсийн аймгуудын хүн амын дунд судалгаа хийсний үндсэн дээр уг эмнэлгийг байгуулах болсон. Энэ бүс нутгийн хүн амын дунд зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, элэгний өвчлөл их байгаа нь судалгаанаас ажиглагдсан. Ингээд эдгээр өвчний нарийн мэргэжлийн шинжилгээ хийх, эмчлэх төв байгуулахаар шийдсэн байна. "Эрдэнэт медикал" эмнэлэг дүрс оношлогоо, үйл оношлогоо, зайн оношлогоо, лабораторын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг энэ төв төрөлжсөн нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээг ч бас хийнэ. Тухайлбал, дүрс оношлогооны тасаг нь Японы "Хитачи медикал корпорэшн"-ий техник, тоног төхөөрөмжтэй бөгөөд хүний биеийг 0.35 секунд хурдтайгаар шинжлэх боломжтой. Мөн эмнэлгийн цахим бүртгэлийн PACS, DICOM, RIS, HIS зэрэг программ хангамжийн цогц системийг нэвтрүүлнэ. Тус эмнэлгийг байгуулахад  50 сая ам.доллар зарцуулжээ. Зардлаа 7-8 жилийн дараа нөхнө гэж тооцоолж байна.  

Ингээд “Эрдэнэт медикал” төслийн тэргүүлэх менежер С.Дандараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ эмнэлгийг  байгуулах гол шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-Уул уурхайн салбар ард түмэнд үр өгөөжөө өгсөн бодит ажил боллоо гэж би бодож байна. Улаанбаатарт “Интермед”, “Грандмед” гээд хувийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн тоног төхөөрөмжтэй томоохон эмнэлэг ашиглалтад орж байгаа. Манай эмнэлгийн тэднээс ялгарах нь гадаад улстай хамтарсан төрийн өмчит уул уурхайн компани эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж буй явдал юм. Өөрөөр хэлбэл Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон уурхай кемпийн тохижилттой үйл ажиллагаа явуулж ашигаа аваад гарах шинжтэй байгаа. Иймд  Монголын ард түмэнд ашигтай хэрэгтэй зүйл үлдээгээсэй гэсэн үлгэр дууриал болж байна.

-Хэдэн хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм бол. Хэчнээн эмч, сувилагч ажиллах вэ?
-Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 230 орчим эмч, мэргэжилтэн ажиллана. Эхний ээлжинд 130 орчим ажилтантай үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа. Энэ төслийн ажил эхлэх үед Японы “Мерикс” групп, дотоодын ЭМШУИС-тай хамтран ажиллаж ирсэн. Ингэснээр манай эмнэлэг эмч мэргэжилтэн боловсон хүчний асуудлаа бүрэн шийдэж буй юм. Ашиглалтад орсноос хойш ЭМШУИС-ийн профессорын баг байнгын холбоотой ажиллана. Манай эмнэлэг эхний ээлжинд өдөрт 200 хүн хүлээн авна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 500 өвчтөн хүлээж авах чадалтай.

-Та Японы талтай хамтран ажиллана гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-“Эрдэнэт медикал” эмнэлгийн барилгыг Японы стандартад нийцүүлэн барьсан. Япон эмч нар ирж ажиллана. Үүнээс гадна Шейга их сургуулийн эмнэлэгтэй өдөр тутам холбоо харилцаатай байх юм. Манайхан сүүлийн үед цахим эмнэлэг гэж ярих болсон. Үйлчлүүлэгчдийн бүртгэлээс эхлээд л онош тодруулсан шинжилгээний бүх материал цахим хэлбэртэй байна. Мөн алсын зайд дамжуулах юм. Өөрөөр хэлбэл манай эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд Японы эмч, профессорууд дүгнэлт гаргах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Тэгэхээр оношлогоо, эмчилгээний төлбөр нь ямар байх вэ?
-Монголд өнөөдөр мөрдөж буй дундаж жишгээр төлбөрөө тогтоох байх гэж тооцож байна. Манай эмнэлгийн ТЭЗҮ-д нарийвчлан судалгаа хийж буй баг бий. Одоогоор үйл ажиллагаа эхлээгүй тул тийм шинжилгээ өгөхөд тэдэн төгрөг гэж хэлэх боломжгүй юм.  

-Эрхтэн шилжүүлэх мэс засал нэлээд үнэтэй. Ихэвчлэн гадаадад өндөр үнээр хийлгэж байна. Ийм мэс засал хийх бололцоо бий юу?
-Энэ мэс заслыг ирээдүйд хийнэ гэж бодож байна. Учир нь олон улсын стандартад нийцсэн мэс заслын тусгай тасаг бий. Иймд бөөр, элэг, чөмөг шилжүүлэн суулгах боломжтой. Эмч мэргэжилтнээ бэлдээд дотоод, гадаадын эрдэмтэн профессоруудтай хамтарч мэс засал хийж болно. 

-Эрдэнэт үйлдвэр ажилчдын эрүүл мэнд байгаа вэ. Мэргэжлээс шалтгаалах өвчинд хэр өртдөг вэ?
-Ер нь, уул уурхайн салбарт ажиллагсад тоосжилт, химийн бодисын хордлого зэрэг мэргэжлийн өвчин их байдаг. Иймд үйлдвэрийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Эрдэнэт төдийгүй, Дархан, Сэлэнгийн бүс нутагт аж үйлдвэр нэлээд хөгжиж байна. Тэгэхээр манай эмнэлэг энэ бүс нутгийн ард иргэд, үйлдвэрийн ажилчдад бид үйлчилнэ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан